П.Орхон, А.Батцэцэг нар бүх өрсөлдөгчөө яллаа
2017/12/04
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 1-2-нд ОХУ-ын Чебоксар хотод болж өнгөрлөө. 16 дахь удаагийн тэмцээнд Монгол, Япон, ОХУ, БНХАУ, Швед, АНУ, Украин, Азербайжан гэсэн найман улсын баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдсөнөөс манай эмэгтэй бөхчүүд хүрэл медаль хүртэв.
Манай эмэгтэй бөхчүүд энэ жилийн тэмцээнд БНХАУ, Азербайжан, Украинтай “В” хэсэгт өрсөлдсөн. Эхний өдөр нэгдүгээр тойрогт Азербайжаныг, хоёрдугаар тойрогт Украиныг тус бүр 6:2-оор ялсан ч хэсгээ тэргүүлэх шийдвэрлэх барилдаанд Дэлхийн цомын зургаан түрүүтэй БНХАУ-ын багт 3:5-аар дийлдсэн юм. Ингэснээр Монголын эмэгтэй бөхчүүд АНУ-ын шигшээ багтай хүрэл медалийн төлөө барилдлаа.
Хоёр жилийн өмнө Санкт Петербургт болсон Дэлхийн цомд тэдэнтэй мөн хүрэл медалийн төлөө барилдаж 5:3-аар ялж шагналын тавцанд зогсч байсан түүхтэй. Тэгвэл Чебоксарын дэвжээнд медальтай үлдэх үгүйгээ шийдэх хариуцлагатай барилдаанд бүсгүйчүүд маань үүргээ амжилттай биелүүлж, дэлхийн гурван удаагийн аварга Аделин Грей тэргүүтэй АНУ-ын багийг 5:3-гаар сөхрүүлэв.
Сэм авгынхны эсрэг манайхаас хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Э.Сумъяа, А.Батцэцэг, Г.Отгонжаргал нар ялалт байгуулснаар Монголын эмэгтэй бөхчүүд Дэлхийн цомын тэмцээнээс гурав дахь ("Улаанбаатар-2013"-д мөнгө, "Санкт-Петербург-2015"-д хүрэл) медалийг эх орондоо авчирлаа.
Энэ удаагийн Дэлхийн цомын тэмцээнд чөлөөт бөхийн отгон дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ А.Батцэцэг нар дөрөв барилдахдаа бүгдэд нь ялалт байгуулсан. Харин олимпийн наадмын хүрэл медаль медальт, дэлхийн хошой аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг бэлтгэл дутуу байгаа харагдсан. Гэхдээ тэрбээр шийдвэрлэх барилдаанд АНУ-ын өсч яваа бүсгүй Тамыра Мынсаг туршлага заан 8:7-гоор ялж, дэлхийн энтэй бөх гэдгээ нотоллоо.
16 дахь удаагийн Дэлхийн цомын тэмцээнд дан залуу тамирчдаа Чебоксарт илгээсэн, эмэгтэй чөлөөт бөхөөр дэлхийд тэргүүлэгч гүрэн Японы шигшээ баг БНХАУ-ын багийг 4:4-өөр (онооны чанараар) буулган авснаар ес дэх түрүүгээ хүртэв. Тавдугаар байрын төлөөх барилдаанд зохион байгуулагч орон Оросууд Украиныг 5:3-аар, долдугаар байрын төлөөх барилдаанд Азербайжаны Шведийг 6:2-оор хожсон юм.
ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨХ БАРИЛДААНЫ ДҮН:
МОНГОЛ - АНУ 5:3
48 кг: Буяндалайн Чимгээ - Виктория Энтони цэвэр ялагдсан
53 кг: Ганбаатарын Отгонжаргал - Хейли Аугелло 11:6
55 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа - Сара Хильдебрант цэвэр ялсан
58 кг: Алтанцэцэгийн Батцэцэг - Кайла Миракле 6:1
60 кг: Энхбатын Гантуяа - Алли Рэган 4:4
63 кг: Пүрэвдоржийн Орхон - Маллори Велт цэвэр ялсан
69 кг: Соронзонболдын Батцэцэг - Тамыра Менса 8:7
75 кг: Ган-Очирын Уртнасан - Аделин Грей цэвэр ялагдсан.