ТЕГ-ын газрын дарга асан Б.Хурц БНСУ-д Монгол Улсын Элчин сайдаар суухаар зүтгэв. Эндээс асуудал эхэлсэн юм. Яг үнэндээ эндээс ч биш юм. Учрыг ухвал үүнд холбогдох бие биеэ дагаж сунжирсан олон асуудал байгааг сүүлийн үед дэгдээд байгаа олон мэдээллээс харж болно.

 

Гэхдээ тэдгээр мэдээлэл, асуудал энд сонин биш. Нэг л зүйл байна. Тэр нь Б.Хурц гэдэг хүн БНСУ-д Монгол Улсыг төлөөлсөн Элчин сайдаар суувал яах вэ гэдэг үр дүн чухал байгаа юм. Б.Хурц бол Монгол Улсын тусгай албыг толгойлж байсан хүн. Энэ тодорхойлолт түүний Элчин сайд болоход харшлахгүй.Б.Хурц Элчин сайд болж болно гэсэн үг.

 

Харин Монголд Тагнуулын дарга асан Б.Хурцын Элчин сайд болохоор УИХ-аар хэлэлцэгдэх үе өөрийнх нь ярьсан зүйл анхаарал татаж байгаа юм. 2017 оны арваннэгдүгээр сарын 15-ны УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дээр Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурц “…УИХ-ын гишүүн Л.Болд та өмнө нь Батлан хамгаалах яамны сайдаар ажиллаж байхдаа АТГ-т хэд хэдэн асуудлаар шалгагдсан. Та Хойд Солонгост зэвсэг нийлүүлэх гэж байгаад баригдсан.

 

Тэр шахаанаас болж хоёр хүн Хойд Солонгост цаазлуулсан, 300 мянган ам.доллар Хойд Солонгосоос нэхэмжилсэн тухай бичиг ирсэн. Танаас болж Хойд Солонгост хоёр хүн амиа алдсан, нэг генерал шоронд хоригдсон. Өөр зүйлс ч байна. Би ярих уу, яах уу…?” гэж мэдэгдсэн юм. Энэ нь хэдийнэ гадаад ертөнцийн анхаарлыг татсан байж таарна. Ялангуяа очиж суух гэж байгаа БНСУ нь үүнийг маш сайн мэдэж байгаа нь ойлгомжтой. Өнөөдөр дэлхий нийтэд БНСУ болон БНАСАУ-ын харилцааг мэдэхгүй жирийн иргэн ч ховор. Гэтэл Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшигч нь “…БНАСАУ-д Монголын улстөрчид зэвсэг нийлүүлдэг” гэж мэдэгдсэн. Энэ бол гадаад харилцаа, олон улсын төвшинд маш ноцтой юм.

 

Дараагийнх нь Б.Хурцын өөрийнх нь хэлдгээр тушаал гүйцэтгэж Францаас Д.Энхбат агсаныг “авчирсан” явдал. УИХ-ын гишүүн Ж.Батзандан одоогоос сарын өмнө “…Д.Энхбат гэдэг залууг С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан Франц, Германаас унтуулдаг тариа хийж хулгайлж, хууль бусаар авчирсан хүн бол Б.Хурц юм. Үүнийг дэлхий нийтээрээ мэдэж байгаа. Талийгаач залуу бүтэн нэг жил Монголын шоронд хууль бусаар хоригдоод, хилс хэрэгт баривчлагдсан нь тогтоогдож суллагдсанаас хойш зургаан сарын дараа амь насаа алдсан. Гэр бүлийн хүмүүс нь бидэнд өргөдөл явуулдаг. Үүнийг зохион байгуулсан, хууль бусаар хүн хулгайлсан гэмт хэрэгт Б.Хурц гэдэг хүнийг Европын Холбоо, Английн шүүх, Германы шүүх, хууль хяналтын байгууллагууд шалгадаг. Одоо ч энэ хэрэг дуусаагүй байна. Үүнийхээ төлөө Европын Холбоо руу орох эрхгүй, Persona non grata болсон хүн. Энэ хэргийг шалгах ёстой гэж би боддог. УИХ-ын нээлттэй сонсголын хүрээнд энэ асуудлыг ярих ёстой” гэж мэдэгдсэн.

 

Б.Хурц энэ мэдэгдлийг үгүйсгээгүй. Тэрээр саяхан нэгэн телевизийн нэвтрүүлэгт орохдоо “…Таныг Европ руу явбал баривчилна гэдэг үнэн үү” гэсэн сэтгүүлчийн асуултад “…Надад тийм мэдээлэл байхгүй. Миний хэргийг түдгэлзүүлсэн гэж би ойлгосон” гэж хариулсан юм.

 

Эндээс үзэхэд Европын Холбоо ба Монголын тагнуулч Б.Хурцын хооронд асуудал байна. Тэрийг Б.Хурц ч өөрөө мэдэж байна.

 

Чухам эндээс л ноцтой асуудал үүсч магадгүй харагдаад байгаа юм. Юу гэвэл БНСУ бол Европын Холбооны Ази дахь хамгийн ойр, том, стратегийн түншүүд юм. Харин БНСУ болон БНАСАУ-ын харилцаа маш хүнд байгаа. Гэтэл манайхаас БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурц Монгол Улсаас БНАСАУ-д зэвсэг нийлүүлдэг байсан гээд мэдэгдчихлээ. Ийм байхад Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилогдоход Европын Холбоо яаж хүлээж авах бол оо.

 

Ингээд харахаар нэг тийм, хоорондоо эсрэгцсэн тойрог үүсээд байгаа юм.

 

Ер нь бол Б.Хурцыг Монгол Улс Элчин сайдаар томилох эсэх асуудал чөлөөтэй. БНСУ хүлээж авахгүй ч гэсэн Монгол Улс томилж болно. Гэвч дээрх эсрэгцсэн тойргийг энд ярих ёстой.

 

Хамгийн гол нь хэн нэгэн Б.Хурцад дургүйдээ биш.  Б.Хурц Монголын улстөрчдийг “бөлдөгдсөн” үү, улс төр бизнесийн бүлэглэлд хамааралтай юу, Францаас хүн хулгайлсан уу,  үгүй юу гэдэг энд огт хамааралгүй. Харин Монгол Улсаас гадаадад суух, ялангуяа БНСУ-д суух Элчин сайд нь БНАСАУ-д Монгол Улс зэвсэг нийлүүлсэн гэдэг мэдээлэл түгээсэн “гэрч”, Европын Холбоо руу орох эрхгүй, Persona non grata болсон хүн байх боломж хэр байдаг бол. Гадаад харилцаа, олон улсын харилцаа, геополитик гадарладаг хүмүүс бол үүнийг ор тас эсэргүүцэж байгаа юм. Шулуухан хэлэхэд, Б.Хурцыг Элчин сайдаар томилбол Монгол Улсын гадаад харилцаа, дипломат бодлогод харшилж болзошгүй гэж байгаа юм. Эцэст нь хэлэхэд, энэ бүхний учир нь Б.Хурцдаа биш, Монгол Улсын гадаад нэр хүндтэй холбоотой ажээ.

 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин