Бүтэн нэр: Синтия Энн Кроуфорд

Төрсөн өдөр: 1966.02.20

Төрсөн газар: Декабль. Иллинойс. АНУ

Мэргэжил: загвар өмсөгч

Нөхөр: Ричард Гир /1991-1995/, Ранд Гебер /1998/

...Холливудын нэртэй эрчүүд Синди Кроуфордын хойноос үхэн хатан гүйлддэг нь үнэн. Ингээд зогсохгүй тэрээр дэлхийн олон сая хүүхнүүдийн атаархлыг төрүүлмээр амьдарч, өөрийн сайхнаа ч гайхуулсаар ирсэн. Харин одоогоос хэдэн жилийн өмнө тэрээр нэгэн сэтгүүлд насан туршийн хайраа оллоо хэмээн мэдэгдсэн юм. Тэрээр энэ хайраа 10 гаруй жил хүлээсэн гэх боловч үнэн хэрэгтээ энэ нь ердөө л хоёрхон долоо хоногт болсон явдал билээ. Түүний хоёр дахь хайрын ханхүү нь хуучны анд, томоохон рестораны эзэн, саятан Ренд Гербер байв. Синди түүнийг хэрхэн “уургалав”, эсвэл Ренд түүнийг үү …

Дэлхийн Топ-5 загвар өмсөгчийн нэг Синди Кроуфордын хоёр дахь гэрлэлт. Энэ талаар анх сонссон түүний шүтэн бишрэгчид, танил найз нөхөд нь төдийгүй Синдигийн анхны нөхөр Ричард Гир хүртэл тухайн үед хүнд байдалд орж байсан аж. Тэдний хурим товлосон өдрөө болж, сүйт бүсгүй шинэ амрагтаа хөл нүцгэн, онгон охиныг санагдуулам цагаан богино даашинзтай “иржээ”.  Энэ бол түүний хуримандаа сонгон өмссөн 250 мянган долларын үнэтэй хувцас. Тэрээр ийм хувцас сонгосон тухайгаа “Би өмнө нь олон сайхан эрчүүдэд дурлаж, тэднийг хайрлахын төлөө бүхнээ зориулахад бэлэн байсан. Зарим нэгэнд нь зориулж ч байсан. Харин эцэст нь би нэг ч эрд итгэхээ больчихсон байсан. Одоо тэр бүхнийг мартаад яг энэ мөчөөс бүгдийг шинээр эхлэхийг хүсэж байна” гэжээ. Үнэхээр ч хуримынхаа өдөр Синди яг л 18-т шиг харагдаж, хүн бүхэнтэй их л эелдэг, найрсаг харьцаж байлаа. Мөн түүний харцнаас хайр гэрэлтэж, үнэхээр хүний эхнэр, хүүхдийн эх болох хүсэлдээ автсан байсныг уригдаж ирсэн сэтгүүлчид бичиж байсан юм. Синди Америкт дээгүүр бичигддэг энэ саятан эрхэмтэй Бахамагийн “Paradise Island” хэмээх үзэсгэлэнт арлын “Ocean Resort” клубт гэрлэлтээ батлуулжээ. Тэдний хуримын ёслолд Синдигээс гоо сайхнаараа дутахааргүй эгч Женни болон дүү нар нь болох Крис, Даниелла нар ирж оролцжээ. Төрөлх хязгаар нутгаасаа ирсэн тэднийг зочид гайхан шагшиж байлаа. Гэхдээ нүд унагаагсдын дийлэнх нь эрчүүд байсан юм шүү… 

Синди нөхрийнхөө тэвчээртэй занг хамгаас түрүүнд үнэлсэн гэдэг. Үнэхээр ч Рендийн эргэн тойрныхон түүнийг маш тэвчээртэй, юманд их ухаалаг ханддаг. Ер нь эмэгтэй хүнийг татах төрөлхийн увдистай нэгэн хэмээн дүгнэдэг байна. “Бид тансаг, бас тохилог байшин хайсаар тавин саяын үнэтэй нэгэн харшийг очиж үзлээ. Мэдээж би хамгийн түрүүнд гал тогоо, унтлагын өрөөг үзсэн” хэмээн Рендийг хэлэхэд Синди, “Харин Ричард байсан бол хамгийн түрүүнд тансаг буйдан, байгалийн сайхныг нь харах байсан” хэмээн хэлж орхив. Юу ч бодолгүй хэлсэн үгэндээ санаа зовж байсан ч Ренд энэ талаар юу ч бодоогүй бөгөөд эхнэрээ тэврэн шууд л унтлагын өрөөний өргөн орыг “шалгахаар” яаравчилсан гэдэг. Үнэндээ бол Ренд Синдигийн өмнөх амьдралын талаар ихийг мэднэ. Учир нь Ричард Гир түүний найз байсан. Нэгэн удаа Ренд Синдиг “Шинэхэн амрагаа хүүхэдтэй болохыг туйлаас хүсдэг” болохыг найзаас нь мэджээ. Ингээд тэрээр Синдигийн амьдралын мөрөөдөл болсон тэрхүү хүслийг хэрэгжүүлэх “ажилдаа” яаравчилан орсон гэдэг. Өмнө нь нэг удаа гэрлээд бүтэлгүйтсэн Ренд ч бас хүүхэдтэй, бүүр хоёр хөөрхөн хүүтэй болох хүсэлтэй аж. Тэр хоёрын харьцаа үнэхээр үлгэр жишээ хосын адил маш энгийн бөгөөд хайраар дэндүү халуун гэлтэй. Рендийн хувьд тийм их нээлттэй задгай биш ч гэсэн ихэнх тохиолдолд Синдийг байнга баярлуулах зүйл хийж байдаг. Танилцаад удаагүй байхдаа тэд хамтдаа нэгэн дээдсийн хүлээн авалтанд очжээ. Тэнд зочид бүгд л халамцаж эхнээсээ явах нь явсаар бараг тэр хоёроос өөр хүн тус ресторанд үлдээгүй гэнэ. Тэднийг дээд өрөөнд дээд зэрэглэлийн буудал хүлээж байлаа. Түүнийг Ренд хоногийн 3500 доллараар хөлслөн өрөө бүрд нь Синдигийн дуртай амттан, тансаг үнэртэн, бүр өргөн унтлагын орон дээр маш үнэтэй дотуур хувцсыг нь хүртэл бэлдсэн байлаа. Харин энэ тухайгаа Ренд Синдид хэлж чадалгүй ресторанд багагүй уджээ. Ингээд хэсэг хугацааны дараа Ренд Синдийг дагуулан дээш гарчээ. Тэнд жинхэнэ гайхамшгийг харсан Синди өөрийн эрхгүй дуу алдан анх удаа Рендид хайртай гэдгээ хэлсэн гэдэг. Ингээд л оргилуун дарс, үнэтэй дотуур хувцас, дуусашгүй таашаал, бас эцэс төгсгөлгүй мэт урт удаан шөнө…

Анхны энэ учирлынхаа талаар Ренд хожим нэгэн найздаа “Би үнэхээр галзуурсан мэт байсан. Би өмнө нь хэзээ ч тийм байдалтай байгаагүй. Бид хааяа эрчүүдийн үдэшлэг хийдэг л дээ. Гэхдээ тэр болгоноос тийм өндөр сэтгэгдэлтэй гарч ирснээ би санахгүй байна” хэмээн дурсчээ. Үнэхээр ч түүний найз нар Синдигийн гоо сайхан бие хаа, инээмсэглэл, ялдам ааш, нэр хүнд, хөрөнгө мөнгө гээд бүгдэд нь “шүүрс алддаг” байна.

Синди 1966 оны хоёрдугаар сарын 20-нд төрж Синтиа Энн Кроуфорд гэдэг нэрийг нагацаасаа авчээ. Багадаа тэрээр химийн инженер болохыг хүсдэг байлаа. Тиймдээ ч бусад охидын адил гоо сайхан гэхээсээ тооны хичээлдээ анхаарч, мужийнхаа хэд хэдэн тэмцээнд амжилттай оролцдог байв. Гэтэл нэг нартай өдөр найз охинтойгоо паркаар зугаалан явж байтал нэгэн гэрэл зурагчин анзааран түүнд сэтгүүлд зургаа авахуулах санал тавьж. Түүний санал Синдийг хэдэн шөнө нойргүй хонуулжээ. Ингээд шалгалтынхаа завсарлагаанаар Синди зургаа авахуулж, хэдхэн долоо хоногийн дараа буюу 1986 оны наймдугаар сарын “Vogue” сэтгүүлийн эхний нүүрэнд Синди охины хагас нүцгэн зураг нийтлэгджээ. Энэ бол жинхэнэ атомын бөмбөгийн дэлбэрэлтийг загварын ертөнцөд авчирсан гэдэг. Клаудиа Шиффер, Наоми Кемпбелл, Кэйт Мосс нар бүгд л тэр үед жинхэнэ алдрын оргилд хүрэх зорилготой загварын ертөнцөд эргэж буцалтгүй ороод байсан үе. Зөвхөн загвар өмсөгчдөөс гадна нэртэй дизайнерууд, загварын томоохон агентлагууд Синдиг сонирхож эхэлжээ. Мэдээж хөрөнгөтэй мөнгөтэй, эрх мэдэлтэй харчууд ч гэсэн түүнийг судалсаар… Гэхдээ Синди бусад шиг ямар нэгэн сэтгэлийн хөөрөл, мөнгө төгрөгөнд автахыг хүсэхгүй байлаа. Холливуд түүнийг сонирхож, бүр хэд хэдэн кинонд тоглох санал тавьж эхэллээ. Ялангуяа хайр дурлал, боевик кинонд тоглуулах санал ирсээр байв. Гэвч тухайн үеийн загварын ертөнц тэр чигтээ атаа хорсол, хов жив, тулааны үүр болоод байсан тул Синдид зарим нэгэн гаж гэмээр зүйлийг хийхээс өөр зам олдоогүй гэдэг. Хамгийн эхлээд тэрээр ижил хүйстэн, баян залуустай найзлах болж, тэдний тусламжтайгаар өөрийн имиж болон зан аашийнхаа сөрөг талыг гаргаж ирэхийг хүсчээ. Үнэхээр ч гомочууд түүнд хэрхэн аальгүйтэх, эрчүүдийн сонирхлыг яаж татах, тэдэнд хүссэнийг нь өгөхөд яах хэрэгтэй гээд олон “хичээл” зааж өгчээ. Ингэсний дараагаар Синди ижил хүйстэн загвар зохион бүтээгч Жованни Версаче, дуучин Элтон Жон, Жорж Майкл, бүр Майкл Жексоны ч хараанд өртөж зарим нэгэнтэй нь уран бүтээл хийж, нэр холбогдоод эгээтэй л олон нийтэд өөрөө ижил хүйстэн хэмээн ойлголт өгчихөөгүй байна. Энэ бүх сенсааци намжсаны дараа Синди энгийн амьдралдаа эргэн орохоор шийдэж, өөрийн анхны хайртай хүнтэйгээ учирчээ. Тэр нь Холливудын нэрт жүжигчин, алдартай буддист Ричард Гир байлаа. Тэд Энэтхэгт нэгэн загварын шоуны үеэр танилцсан аж. Далай ламтай хувийн онгоцоороо ирж уулзан мөргөл хийж байсан Ричард уг шоуны дараа Синдид болзохыг тулгажээ. Өөртөө тийм их итгэлтэй, бардам, тэгээд бас ихэмсэг од залуу өөрийн эрхгүй Синдигийн анхаарлыг татлаа. Уулзалт санаанд оромгүй сайхан болж өнгөрчээ. Мөргөл ч дууслаа…

Шинэ танилууд ч Лос Анжелосыг зорилоо. Гэтэл очсоныхоо маргааш зураг авалттай байсан буддист од маань Paramount студид ирсэнгүй. Мөн Синди ч Revlon дээр очсонгүй. Сонирхолтой нь тэд аль хэдийн Канадын Квебекээс цахилгаан ирүүлсэн байлаа. “Та бүхэн санаа бүү зов. Бид байгалийн сайханд мөргөл хийхээр Канадад ирээд байна. Мөргөл амжилттай болно. Итгэж байна” гэсэн байлаа. Харин тэдний хаана байгаа, ямар буудалд буусан, хэзээ ирэх талаар тэнд юу ч дурсаагүй байж. Ричард бол их дуугүй, эмэгтэй хүнтэй харьцахдаа өөрийгөө дандаа цэгнэж, хэлэх үг нь эртнээс төлөвлөгдсөн байдаг. Орчноо байнга голдог, ялангуяа сексийн тааламж түүнд дээд зэргээр мэдрэгдэхгүй бол санаа сэтгэл нь байнга тавгүй байдаг гэх мэтчилэнгээр Синдигийн түүний талаар ярьсан зүйл их бий. Энэ талаараа өөрийн бичиж байгаа “Синдигийн нэр алдар”  номондоо ч дурдсан гэдэг. Тэдний салах болсон шалтгаан нь Ричард бурхан гэхээр л хамаг бүхнээ зориулдаг байсан аж. Синди нэг удаа Ричардыг Төвдөд болох хуралд нь явуулахгүйн тулд гарандаа зүүдэг эрхийг нь нуучихав. Тэр Ричардыг хурал мөргөлөө хаяж, өөртэй нь бүхэл шөнөжин хамт байна гэж итгэж байсан ч тэрээр гэртээ үлдсэнгүй. Харин ч эрхээ алга болсонд ихэд гэмшин, эхнэрээ загнаж, хэдэн өдрөөр ч хамаагүй мөргөл үйлдэнэ хэмээн гарч оджээ. Синди дахиад л гэртээ ганцаараа…

Хүлээн авалт болгон дээр Ричард Синдийг энгэр задгай даашинз өмсөхгүй байхыг захина. Синдиг загвар өмсөгч гэдгийг нь Ричард мартдаг байж. Синди бол тайзан дээр хагас нүцгэн ч гэсэн хамаагүй гарч ирээд дэлхийн олон сая эрчүүдийг байлдан дагуулдаг төгс гоо сайхан. Гэтэл Ричард түүнийг зүгээр л өөрийн эхнэр хэмээн ойлгодог байжээ. Сексийн талд ч гэсэн Ричардын харгисдуу гэмээр байдал Синдид таалагддаг байсан ч тэд үргэлж ийм байдлаар унтдаг нь ч сүүлдээ эхнэрт нь таалагдахаа  больж. Олон төрлийн порно кино, секс тоглоомыг туршиж үзэхийг хүсдэг Ричард Синдигийн хувьд зүгээр л туршигч мэт санагддаг болжээ. Гадуур явж байхдаа эрчүүд Синди рүү сээтэн хаяхад нөхөр нь өнгөрсөн хойно нь сануулж, анхааруулж, бас ч үгүй хардаад авна.

Түүнчлэн Синдигийн гол ажил болох зураг авалтын үеэр Ричард байнга утасдаж хэн, хэнтэй хаана байгааг нь асууж лавлана. Үүнээс болоод нэг хэсэг хугацаанд Францын нэртэй фото зурагчид Синдигээс гэрээгээ цуцлахад хүрч байлаа. Холливуддаа “Томоотой будда” хэмээн алдаршсан Ричард Гир эхнэрээ ийм л хавчлага шахалтан доор 10 гаруй жил болгожээ.

...Тэгвэл өнөөдөр Синди, Ренд хоёр хорвоогийн хамгийн аз жаргалтай хосын нэгд тооцогдон, өөрсдийн хоёр хүүхдийг жинхэнэ ханхүү, гүнжийн адил хайрлан өсгөж байна. Төрсөн цагаасаа хойш нэг ч удаа гоо сайхны мэс засал хийлгээгүй Синди Кроуфорд хатуу шүүлтүүртэй загварын ертөнцдөө хамгийн шилдэг, хамгийн их орлоготой таван загвар өмсөгчийн нэг хэвээрээ байна. Тэр өдгөө 46 нас хүрч байгаа, 120 сая долларын хөрөнгөтэй загварын ертөнцийн дагинасын нэгд зүй ёсоор тооцогдсоор байгаа билээ...               

Бэлтгэсэн Р.Слава