Цөөхөн Монголчууд цөөрсөөр...
2014/01/03
“Хүний амь яасан хэврэг болоо вэ? Өдөр бүр л ямар нэгэн байдлаар хүн нас барлаа гэж сонсохдох боллоо” хэмээн автобусанд явж байсан хоёр эмээ хоорондоо ярихыг сонслоо. Нээрээ л сүүлийн үед авто осол, гамшиг, гал түймэр, гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл, хавдар, халдвар, золгүй байдлаар хичнээ их хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлэв дээ.
Цөөхөн Монголчууд цаг бусаар улам цөөрсөөр байна уу?
Өчигдөр ЦЕГ-ийн Мэдээлэл судалгааны төвөөс 2013 оны гэмт хэргийн болон хэв журмын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр өнгөрсөн онд гэмт хэргийн улмаас 949 хүн нас барсан гэсэн харамсалтай тоог хэлсэн юм. Гэмт хэргийн улмаас нас барсан хүний тоо 2012 оныхоос 48 хүнээр буюу 5.3 хувиар өссөн байна.
Мөн ЗЦГ-ын дарга, хурандаа Ч.Жаргалсайхан өнгөрсөн онд гарсан авто ослын талаарх мэдээллийг өгсөн. Түүний мэдээлж буйгаар өнгөрсөн онд улсын хэмжээнд зам тээврийн нийт 2143 осол гарсан байна. Үүнээс 423 хүн ослын улмаас амиа алдаж, 1282 хүн бэртэж гэмтжээ. Зам тээврийн улмаас амиа алдагсдын тоо өмнөх оныхоос 14.6 хувиар, бэртэж, гэмтсэн иргэдийн тоо 18.9 хувиар өссөн байна. Түүнчлэн уг шалтгааны улмаас амиа алдсан иргэдийн 117 нь нийслэлд гарсан бөгөөд үүний 102 нь явган зорчигч байсан байна.
Гэмт хэрэг болон зам тээврийн ослоор 2013 онд л гэхэд нийт 1372 хүн амь насаа алджээ.
Үндэсний статистикийн хорооноос энэ оны гуравдугаар улирал буюу эхний арваннэгдүгээр сарын байдлаар гаргасан судалгаагаар нялхсын эндэгдэл 1033 болсон нь өмнөх оныхоос 0,4 хувиар, 1-5 хүртэлх насандаа 1284 хүүхэд эндсэн нь өмнөх оныхоос 2,0 хувиар өссөн байна.
Мөн манай улсад 2007 оноос хойш “Хавдар” хэмээх өвчин гэрлийн хурдаар нэмэгдэж өнөөдөр олон улсын дунджаас даруй 60 дахин их болсон. Элэгний хорт хавдар манай оронд 100 мянган хүн тутамд 138 оногдож байгаа бол дэлхийд 100 мянга тутамд 1-2 хүн өвчилдөг байна. Хавдрын өвчлөлөөрөө манай эрчүүд дэлхийд хоёрт, харин эмэгтэйчүүд дэлхийд гуравт орж, жилд 4500 хорт хавдар бүртгэгдэж 3200 хүн хавраар өөд болдог гэсэн статистик судалгаа гарчээ.
Тэгэхээр 1-5 хүртэлх насандаа эндэгдсэн болон хавдар өвчнөөр нас барсан хүний тоо нийлээд 4484 болж байна. Үүнээс гадна өөр бусад өвчнөөр, эмчийн санаатай болон санамсаргүй алдаанаас болж нас барсан хүний тоо хэд хүрэхийг тааж хэлэхийн аргагүй юм.
Мөн гэр бүлийн хүчирхийллээс болж энэ онд дөрвөн ч эмэгтэй амь насаа алдлаа. Сүүлийн гурван жилд гэр бүлийн хүчирхийллээс болж 43 хүн амь насаа алдан 982 хүн гэмтэж хохирсны 87 хувь нь эмэгтэйчүүд байжээ.
Түүнчлэн сүүлийн үед амиа хорлох болон бусдыг амиа хорлоход хүргэх үйлдэл ч ихэссэн бөгөөд энэ онд 253 хүн ийм байдлаар нас барсан байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 22 хүн буюу 9.5 хувиар өссөн таагүй үзүүлэлт юм.
Монголчууд жам ёсоороо, нас нь болоод хорвоог орхих бус ид хийж бүтээх насандаа нэгхэн жилийн дотор мянга мянгаараа нас барах болсны гол шалтгаан нь яг юу вэ?
Идэж ууж байгаа хоол хүнс, хэрэглэж байгаа бараа бүтээгдэхүүн, хүмүүсийн ухамсар, сэтгэлийн хат, амьдралын ухаан нь нөлөөлж байна уу? Анхааралдаа авах л асуудлын нэг. Цөөхөн Монголчууд энэ мэтээр цөөрсөөр байгаа нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрээд байна.
Ц.Баянаа
Зочин · 2014/01/06
Ард түмнээ хайрладаггүй, амин хувиа хичээгч хүмүүсийн зайдалсан эзэнгүй төрийн бодлого гээч энэ юм даа. Ард түмэн нь шургаж унатлаа ядуурч, өлсөж, зовж, үхэж байхад тэдэнд хамаагүй.
mgl · 2014/01/05
uneheer unen.hunii ami uneher hevreg bj zalugara horvoog orhij bga ni uneher haramsaltai