100 жилийн өмнөх Монголчууд Н.М.Пржевальскийн нүдээр..."ХЭТ БОХИР ЗАВААН"
2017/12/25
Аян замын хүний хувьд монголчууд өдөр тутмын амьдралдаа туйлын бохир заваан байдаг нь хамгийн түрүүнд нүдэнд тусна. Нүүдэлчид амьдралдаа ганц ч удаа биеэ угаадаггүй, зарим нэг нь тэгэхдээ хааяа л гар нүүрээ угаана.
Байнга хир буртагтай явдаг учир тэдний хувцас хунар бөөн шимэгчдээр дүүрч тэд хэнбугайгаас ч ичиж зоволгүйгээр нөгөөдүүлээ ална. Монголчууд заримдаа бүр ноён юм уу, том лам хувраг олон хүний нүдэн дээр тэрлэгээ тайлан дотрыг нь гадагш эргүүлж шимэгчдийг барьж аван, шууд үүдэн шүдээрээ хазаж алахыг бид харж байлаа.
Нүүдэлчдийн хир буртагтаа баригдсан бохир заваан байдал нь тэд ус, чийгээс айн болгоомжилдогтой зарим талаар холбоотой юм. Тэд ямар ч тохиолдолд шагайгаар татах өчүүхэн төдий балчиг, шалбааг дээгүүр явган гатлахгүй төдийгүй булаг шанд, гол горхи, намаг зэрэг нойтон газрын ойролцоо гэрээ огт барьдаггүй. Ус чийг нүүдэлчдэд, тэмээ малд ч маш муугаар нөлөөлнө, энэ нь байнга хуурай цаг уурт амьдардагтаа бие махбод нь дасаж дадсантай холбоотой. Монголчууд түүхий, хүйтэн ус хэзээ ч үл ууна, тэд нүүдэлчдийн хамгийн өргөн хэрэглээний зүйл болох шахмал цайг л уудаг болой.
Энэ бүтээгдэхүүнийг монголчууд хятадуудаас авдаг ба хэн хүнгүй түүндээ маш их дасаж идээшсэн учир цайгүйгээр хоног ч тэсдэггүй ажээ. Айл гэр болгонд өглөөнөөс авахуулан үдэш болтол голомт дээр нь тогоотой цай байх агаад гэрийн хүн бүр цаг үргэлж түүнээсээ ууна, ирсэн зочинг ч хамгийн түрүүнд энэ л цайгаараа дайлна.
Монголчууд цайгаа маш бохир заваан аргаар бэлтгэнэ. Хамгийн түрүүнд хэлэхэд цай мэтийн зүйлээ чанаж бэлтгэдэг сав суулгаа тэд хэзээ ч угааж цэвэрлэдэггүй, зөвхөн хааяа нэг хуурай аргалаар, өорөөр хэлбэл адууны хомоол, үхрийн баасаар дотор талыг нь арчина. Гол төлөв давстай ус хэрэглэдэг агаад цэнгэг ус бол давс хийнэ. Шахмал цайгаа хутгаар хэлтэлж холтлох юм уу эсвэл ууранд хийн нүдэж нунтаглаад, нэг атгыг буцалж буй усандаа хийж, дээрээс нь хэдэн аяга сүү нэмнэ. Яг л чулуу шиг хатуу шахмал цайг жаахан зөөлрүүлэхийн тулд асаж байгаа аргал дээр хэдэн хором тавих бөгөөд ингэснээр цайны амт, үнэр ихэд сайжирна. Эхний удаа цай бэлэн болох нь энэ. Ийм цай нь манайхны шоколад юм уу, кофены адил эсвэл сэрүүцүүлэх ундаа мэт зөвхөн уух төдий зүйл юм. Харин цайгаа арай тэжээллэг чанартай болгохын тулд аягатай цайндаа хуурсан арвай, өрөм тос эсвэл шинэхэн өөх мэтийг хийн улам амтлаг болгоно. Монголчуудын хэмжээ хязгааргүй ууж хэрэглэдэг энэхүү идээ нь ямаршуу дур гутам зүйл болох нь эндээс харагдана. Өдөртөө манайхны шилэн аягатай адил хэмжээний аягаар арав, арван тав уух нь монгол эмэгтэй хүний жирийн хэмжээ агаад насанд хүрсэн эр хүн дээрхээс хоёр дахин ихийг ууна. Нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд, нүүдэлчдийн идэж уудаг аяга нь тухайн хүний зөвхөн өөрийнх нь өмч байдаг. Тэд аягаа хэзээ ч угаадаггүй, юм идэж уусныхаа дараа хэлээрээ долоогоод, зүсэн зүйлийн шавж бужигнасан өвортөө хийж орхино. Аяга бол нэгэн төрлийн гоёл болдог бөгөөд баян чинээлэг хүмүүс хятад хийцийн цэвэр мөнгөн аяга хэрэглэнэ. Лам хуврагууд хүний гавлын ясыг дундуур нь хөрөөдөж хуваан, мөнгөөр өнгөлсөн гавал аяга хэрэглэдэг байна.
Цайнаас гадна сүүг монголчууд янз бүрийн байдлаар цаг үргэлж хүнсэндээ хэрэглэнэ. Сүүгээр тэд өрөм, тос, айраг, тараг бэлтгэнэ. Өрөм гаргаж авахдаа шинэ сүүг зөөлөн галаар хөөрүүлж, нэлээд удаан байлгасны эцэст дээр нь өтгөрч тогтсон тослог өнгөн хэсгийг авч хатаана, улам амттай болгохын тулд хуурсан арвай холино. Тараг бүрэхдээ сүүгээ исгэх бөгөөд жижиглэж, хатаасан бяслаг маягийн идээ болох ааруулыг тарагнаас гаргаж авна. Бас айраг (тарасун) хэмээх идээг гүүний болон хонины сүүгээр хийнэ. Зуны улиралд айраг нь хамгийн сайхан идээ байдаг учир монголчууд бие биенийхээ айргийг амтлахаар үргэлж нэг нэгнийдээ зочлох бөгөөд ихэнхдээ согттолоо ууж наргина. Ерөөс нүүдэлчид согтууруулах ундаанд маш дуртай, гэхдээ соёл иргэншсэн зарим улс оронд байдаг шиг архидан согтуурах явдалд толгой дараалан автсан нь үгүй. Монголчууд архийг хятадуудаас олж авах бөгөөд Хятадад ачаа хөсөгтэй жин тээж очихдоо тэндээс худалдаж авах юм уу, дулааны улиралд аахар шаахар бараа таваартай Монгол даяар хэрэн явж, байгаа зүйлээ ноос, арьс шир, малаар сольдог хятад доншуур худалдаачдаас авдаг. Хятад худалдаачид бараа таваараа ихэвчлэн зээлээр өгч, үүнийхээ төлөө асар өндөр хүү ногдуулахын зэрэгцээ нөгөө талаас мөнгөний оронд өгч байгаа монголчуудын эд зүйлийг хамгийн бага үнээр бодож авдаг байна.
Хэдийгээр цай, сүү нь дөрвөн улирлын турш монголчуудын гол хоол хүнс болдог ч ялангуяа өвлийн цагт онцгой нэмэр болдог нэн чухал идэш нь хонины мах болно. Энэ нь нүүдэлчдийн хувьд хамгийн тансаг сайхан зоог учир тэд ямар нэг хүнсний зүйлийг магтахдаа "Тарган хонины мах шиг" гэдэг ажээ. Тэд хонио тэмээ шигээ шүтнэ. Ер нь нүүдэлчдийн хувьд мал сүрэг нь нэр төрийн хэрэг байдаг учир “хонины, адууны, тэмээний” гэж өргөмжлөн нэрлэнэ, тэр ч байтугай зарим амьтан, ургамлыг хүртэл энэ мэтээр нэрлэсэн байдаг.
Хонины махны хамгийн амттай, тансаг хэсэг нь дан өөхнөөс бүтсэн сүүл юм. Монгол хонь намрын улиралд маш их тарга тэвээрэг авч, өвс тэжээл хамгийн хомс тарчиг газарт ч гэсэн ямхаас багагүй зузаан өөхөнд хучигдан бөмбийнө. Хонь хэдий чинээ сайн таргалах тусаам мах нь монголчуудын хувьд улам амт чанартай болно. Хонь төхөөрөөд бараг юуг ч үл хаяна, тэр ч байгугай гэдэс дотрыг нь хүртэл арилгаж цэвэрлээд угаах ч үгүйгээр цус цутган чанаж, нэг төрлийн хиам хийнэ. Монголчууд хонины мах идэх нь хэрээс хэтрүү. Тэд нэг суудал дээр арваад фунтээс илүү мах идэж чадна, түүнээс гадна ганц хоногийн дотор дундаж хэмжээтэй бүхэл бүтэн хонины махыг ч идчихдэг хүмүүс байдаг. Замд явах үедээ монголчууд өдөр болгон хонины нэг хөл идэх бөгөөд энэ нь хоол хүнсний нөөцөө их гамтай зарцуулж байгаа хэрэг юм. Тэгэхдээ нэгэнт ингэж идсэн бол, тухайлбал “нэг нь долоогийн өмнөөс” ходоодоо дүүргэсэн бол бүтэн хоног хоол ундгүй явж чадна.
Хонины махыг дандаа чанаж иднэ, ганцхан өвчүүг л тансаг маягаар шорлож шарна. Өвөл аялж явахдаа хонины хөлдүү махыг удаан, маш удаан чанаж болгох шаардлагатай учир махныхаа өнгөн борлосон жаахан хэсгийг огтлон авч, шүүрхийгээр нь идэж, түүхий хэсгийг нь тогоондоо хийх мэтээр боловсруулна. Яарч сандарсан үед нүүдэлчид хэсэг мах огтолж аваад, хүйтнээс хамгаалахын тулд тэмээнийхээ нуруун дээр ачаан дороо хийнэ. Зам зуураа үс ноостой холилдож, тэмээний хөлсний үнэр шингэсэн нөгөөх махаа гаргаж, өчүүхэн ч сэжиглэлгүй хоромхон зуур болгож идэх бөгөөд махныхаа шөлийг нь яг л цай шиг ууна. Заримдаа жаахан арвай юм уу, зуурч хэрчсэн гурил шөлөндөө хийж, манайхны лапша маягийн шөлтэй хоол болгож иднэ. Лам хуврагууд болон сүсэг бишрэлтэй энгийн монголчууд хоолныхоо өмнө аягандаа цай хийгээд өргөл маягаар дээжийг нь галдаа өргөнө, гал түлээгүй бол зүгээр л цацна. Шөлтэй хоолноос дээжлэхдээ баруун гарынхаа дунд хурууг дүрж, хэрэгтэй зүг рүүгээ няслан үсэргэнэ.
Монголчууд хоолыг ой гутам бохир гараараа барьж иднэ. Махаа томоор нь амандаа аваачин шүдээрээ хазаж аваад, уруулынхаа наахнуур хутгаар огтлон тасалж авна. Ясаа юу ч үгүй болтол мөлжиж, заримыг нь хага цохин, доторх чөмгийг нь иднэ. Хонины далыг заавал сэвтээж байж хаяна, далны ясыг бүтнээр нь хаяхыг их нүгэл гэж үзнэ.
Арай тансагт тооцогдох хонины махнаас гадна ямаа, адууны мөн үүнээс дутахааргүй үхрийн, хааяа тэмээний махыг ч монголчууд иднэ. Лам хуврагууд адуу, тэмээний мах үл идэх боловч бусад монголчуудынхаа нэгэн адил үхсэн малын махыг, ялангуяа жаахан өөхтэй л бол тун дуртай иднэ. Монголчууд талх гэж огт мэдэхгүй ч хятад еэвэн боовоос үл татгалзана, гэрийн нөхцөлд улаан буудайн гурилаар боов боорцог, шөлтэй хоол хийнэ. Манай хил орчмын нүүдэлчид хар талх хүртэл иддэг ч нутгийн гүн рүүгээ түүнийг огт мэддэггүй.
Хар гурилаар хийсэн хатаасан талх өгөхөд идэж үзсэн монголчууд “Энд чинь сайхан юм огт алга, шүд хугалах нь” гэдэг байв. Ганц нэгхэн хүнийг эс тооцвол монголчууд загас, шувуу огт идэхгүй бөгөөд бузар муухай зүйл гэж үзнэ. Тэд үүнийг үнэхээр үзэж чаддаггүй учир нэг удаа Хөх нуурын дэргэд бид нугасны чанасан мах идэж буйг харсан хөтөч монгол бөөлжсөн билээ. Зөвхөн мэдрэхүйгээрээ шалгаж болох тийм зүйлийн талаархи хүмүүсийн ойлгоц ямар харьцангуй вэ гэдгийг энэ тохиолдол харуулж байгаа юм. Туйлын бохир заваан нөхцөлд төрж өссөн монгол эр үхсэн малын туранхай мах, хонь малын угаагаагүй гэдэс дотрыг огтхон ч тоохгүй иддэг атлаа харийн хүмүүс сайн цэвэрлэж бэлтгэсэн цэвэрхэн нугасны мах идэхийг жигшин зэвүүцэж байна шүү дээ!
Эх сурвалж: Жудаг.мн