Г.Уянга: Эрчүүдийн өс
2 цагийн өмнө

Бэрх тосгоноос ирсэн хүүгээ Төрийн ордонтойгоо танилцуулж явахдаа нэг зүйл ажигласнаа зүгээр л бичмээр санагдлаа. Юу вэ гэвэл... Алхам тутамд ойрд таараагүй хүмүүс – сэтгүүлч найз нөхөд, хуучин шинэ гишүүд, УИХ-ын тамгын газар болон Ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтнууд, байнгын хорооны референтүүд, гэмгүй харилцаатай байсан хүмүүс... тааралдаад дотночлон мэндчилж гар барьж, тэврэлдэж, ойр зуурын таван үг сольж, зарим нь өрөөндөө урьсан. Би хүүхдэдээ ордон танилцуулаад завгүй явна, дараа тухтай уулзацгаая... гээд салж байлаа.
Ер нь төлөвлөгөөгүйгээр хүний өрөөнд орж ажлын цагийг хумслах их төвөгтэй, түүнийг өөрийн биеэр мэдэх юм болохоор гэнэтийн санал ч тавьдаггүй, гэнэтийн саналыг ч хүлээж авахдаа хойрго. Гэхдээ “гэнэтийн санал”-ууд зүгээр л дипломат харилцаа байх нь бас элбэг гэдгийг ойлгоно.
Яг ийм учралаар гишүүн асан Дүрзээгийн Одхүү гуайтай нэгэн гишүүний өрөөний үүдэнд таарлаа. Д.Одхүү гишүүн бид хоёр Ардчилсан намд байхаас бие биенээ мэднэ, бас ч гэж эртний танилууд юм болохоор улс төр төдийгүй ар гэр, ахуй амьдрал, үр хүүхэд гээд л хөөрхөн яриа дэлгэж байтал гишүүн өрөөнөөсөө бас нэг гишүүнтэй гараад ирлээ. Хүн гарч ирж байхад шууд явчихаж түвдсэнгүй. Санал нийлэх нийлэхгүй, сайдаж муудаад бас ч гэж харилцаатай байсан, нэг намд байсан гээд овоо олон жилийн түүх бидний дунд яригдах учраас шууд эргээд явчихаж яагаад ч болохгүй санагдсан. Гэтэл нөгөө нөхөр шууд эргээд буцаад өрөө рүүгээ зүглэлээ. Хамгийн гол нь даргаа дагаж гарч ирсэн бас нэг гишүүн шууд даргыгаа дагаад цаашаа эргэдэг байгаа. Эвгүй байдалд орлоо, гэхдээ эвгүй байдалд орохоос илүү гайхлаа. Тэгээд цааш эргэх гэтэл харин гэнэт эвгүй зан гаргаснаа ойлгосон уу буцаж эргээд мэнд мэдэж гар барилаа.
Даргыгаа дагаад нөгөө нөхөр ч гар барьж мэндэллээ. Уг нь түүнийг тун гайгүй залуу гэж бодож байсан, хүнтэй харилцахдаа хүртэл даргыг дагадаг бололтой. Надтай муудаж сайдах шалтгаан тэр залууд байхгүй, зүгээр л даргыг дагаж надад хандлагаа шууд өөрчилж байгаа нь маш сонирхолтой санагдав.
Би тэр гишүүн – даргыг намайг хорлолоо гэж өс хонзон санаагүй, тухайн үедээ эмоцио илэрхийлсэн, улстөрийн хувиар санал зөрж байгаагаа хэлж байр сууриа хангалттай илэрхийлсэн, тэгээд л боллоо. Намайг түүнтэй насан туршийн өстэй гэж санадаг хүмүүс янз бүрийн мэдээлэл их өгдөг ч миний хариулт “За одоо надад тэр хамаагүй ээ! Би итгэсэн, итгэсэн учраас гомдсон. Тэр над руу утастаж уучлал гуйсан. Өөрөөс нь шалтгаалаагүй зүйл болсон ч байж мэднэ, тийм байх магадлал ч өндөр. Хэрэв намайг түүнд гомдол тээж явдаг гэж бодож байгаа бол миний “гомдол” дууссан, тиймээс одоо би түүнийг хувийн гомдлоор биш улстөрчийн байр сууриар дэмжиж эсвэл шүүмжилж хандана, угаас тэгж ч байсан...” гэж хариулдаг. Гэтэл тэр өс тээж явдаг бололтой, тааралдаад мэндлэхгүй, ярвайж өнгөрөх болтлоо өс тээж явдаг байх нь.
МАРТАНА БАС МАРТАХГҮЙ
Ер нь би их “тэнэг” л дээ. Нэг удаа нөхөртэйгээ Мишээл экспод явж байгаад Ч.Куланда эгчтэй халз таарлаа. Эртний танилууд ёсоор инээмсэглэн мэндэлж гар бариад ойр зуурын таван үг сольсон. Харин нөхөр түүнийг үл тоож харах ч үгүй хажуугаар нь өнгөрсөн. Би өмнөөс нь санаа зовоод. Салж явсныхаа дараа нөхрөө гүйцэж очоод:
-Чи ямар санаа зовмоор юм бэ, ядаж мэндлэхгүй. Би бүр чиний өмнөөс ичлээ....
-Чи тэнэг үү?! Монгол таймс сониныг хаалгах гэж энэ авгай яаж байсныг мартсан уу? Н.Энхбаяр, тэр үеийн эрх баригчдад долигоноод “Би хаагаад өгье, эрх нь над дээр байдаг...” гээд Ц.Сүхбаатар энэ хоёр бүр гараараа бичиг биччихээд бүх хэвлэх үйлдвэрээр гүйж манай сониныг Монголд хэвлэх газаргүй болгож байсан. Биднийг хоолгүй болгож чадах гэж яаж гүйж байсныг нь мартсан уу?! Ийм болохоор чинь хүмүүс чамайг “тэнэг” гэж үздэг...
-Заа тэр олон жилийн өмнөх юмыг санаж яадаг юм. Бүх зүйл болоод өнгөрсөн. Тэр бүхнийг санаж явах гэж ядаргаа байгаа даа. Чи бид хоёр одоо сайн сайхан л байна даг. Хүний муу хүнд наалдах биш, ингэж бодлоо гээд “тэнэг” гэж үзвэл тэр л биз...
-Үгүй ээ, Чамд муу юм хийсэн хүнийг мартаж болохгүй! Манай нутагт бол “үгийг нь гарт нь бариулах” гэж байгаа юм... Сайн зүйл хийснийг ч бас мартаж болохгүй. Чи бид хоёрыг хоолгүй болгох гэж тавхайгаа эргэтэл хэвлэх үйлдвэрүүдээр явж байсан энэ авгайг мартаж болохгүйн адил ямар ч түрээс авалгүй бидний сониныг байрандаа байлгаж байсан Цогоо ахыг /МҮАН-ын дарга Баянжаргалын Цогтгэрэл/ ч бас насан туршдаа мартах эрхгүй. Ийм л юм. Миний эхнэр үүнийг л ойлгохгүй бол улстөрч болж чадахгүй дээ...
ҮЗЭН ЯДАХГҮЙГЭЭР
За тэгээд ордонд олон л хүнтэй таарсан. Байнгын хорооны ажилтнууд, референтүүд зорин ирж мэндэлж, тэвэрч хүндэтгэл үзүүлж байгаа нь сайхан санагдлаа. Нэгэн эвсэлд хамт байсан нөхөд өнөөдөр миний “дайсан” Н.Номтойбаярын Үндэсний эвсэлд ажиллаж байгаа нь хамаагүй бид тэврэлдэж уулзаж хууч хөөрч чин сэтгэлээсээ сайхан инээлдлээ, ойрмогхон уулзаж “хов базах”-аар боллоо.
Ордонд ороод өлгүүрт хувцсаа өгөөд зогсож байтал гадуур хувцастайгаа гарч явсан С.Одонтуяа гишүүнтэй хамгийн түрүүнд таарав. Уг нь бид хоёр тэврэлдэж уулзалдах ёстой хүмүүс боловч тэгсэнгүй хоюул зогтусав. Хэрэв тэврэлдсэн бол би бас тэгэх л байсан.
Гэсэн ч зорьж ирээд инээмсэглэн мэндчилж хоёр үг сольсон нь сайхан сэтгэгдэл үлдээж цэлмэлээ. Ер нь эрчүүд дийлэнхдээ их өс санамхай, аливааг мартдаггүй, хариугаа авна гэдэг далд сэтгэхүйтэй юм шиг байна. Мөн чанар нь тийм, ухамсаргүйгээр түүнийгээ гаргаж байдаг бололтой. Хүүхнүүүдэд тийм чанар ховор байдаг байх. Гэхдээ улстөр бол хувь хүний гэхээсээ зарчмын харилцаа. Байр суурь, үзэл бодлын зөрөлдөөн, санаатай санаагүй таагүй харилцаа байнга үүсч байдаг онцлогтой салбар. Тэглээ гээд хувь хүнтэй мэндлэхгүй болтлоо өс санах шаардлагагүй гэж би үздэг. Би хэдийгээр Ч.Сайханбилэгийн үйлийг үздэг байсан ч хэзээ хойно нэгэн арга хэмжээн дээр таараад гар барин мэндэлж юу хийж байгаа талаараа, улстөрийн талаар байр сууриа ярилцаад л өнгөрсөн.
С.Баяр гуайг над шиг ноолсон хүн ховор, гэхдээ л таарахаараа инээмсэглэн мэндэлж гар барьдаг. Тэглээ гээд бидний улстөрийн байр суурь өөрчлөгдөөд найз нөхөд болоод сүлбэлдчихнэ гэсэн үг огтоос биш. Зүгээр л нэг энгийн, наад захын соёлтой харилцаа ч гэх юм уу.
Гэхдээ нэгэнт үзэн яддаг хүнтэйгээ бас таарахгүй байхыг эрмэлзэх, таарвал зугатах, бүр тулчихвал алалцах нь бас зарчим гэж үздэг хүн байж бас болох юм. Надад бол “үзэн яддаг” хүн гэж байхгүй, биш ээ ер нь “үзэн ядалт” гэдэг сэтгэлзүйн эсвэл сэтгэцийн категор байхгүй учраас бас ойлгохгүй байж болох юм даа...
Ер нь бол аль ч хандлагад нь уяраад, эсвэл гомдоод сүйд болохгүй! Зүгээр л жижигхээн зүйлээс хүний харилцаа, хандлага, хүмүүжил, боловсрол, ёс суртахуун сайтар харагдах юм даа л гэж...
УИХ-ын гишүүн асан Г.Уянга







Зочин · 1 цагийн өмнө
ANUSDI BOOB XXN BOOW DOLOOJ TOMSGN XELERE DOLOOGD80955877