Дунд сургуулийн туниа муутай хүүг "Дэлхийг гартаа атгасан тэрбумтан" болно гэж хэн санах билээ
2018/01/08
Бага байхад минь эцэг эх хоёр минь намайг дүлий гэж бодсон учраас хүчээр мэс ажилбар хийлгэсэн юм. Хүмүүс надтай ярьж байхад нь би ихэвчлэн алсыг ширтээд, гүн бодолд дарагдчихсан байдаг байснаас болж намайг дүлий гэж бодсон гэдэг.
Үнэн хэрэгтээ бие махбодид минь ямар ч хөгжлийн бэрхшээл байгаагүй төдийгүй би зүгээр л сэрүүн зүүдэлж, мөрөөдөлдөө умбасан жаалхүү байлаа. 3 настай байхдаа ааваас би “Дэлхий яг хаана байгаа юм бэ?” гэж асуухад аав минь намайг бусад хүүхдүүдээс арай өөр гэдгийг мэдэрсэн гэдэг. Сургуульд байхад намайг хүүхдүүд байнга л дээрэлхдэг байв. Нэг удаа тэр хүүхдүүд намайг шатнаас түлхэж унагаад, ухаан алдтал зодсон юм.
Тэр явдлын дараа аав минь хүртэл төрсөн хүүгийнхээ царайг таниагүй гэдэг. Зодуур, дээрэлхүү хүүхдүүдээс залхахдаа би бүх зүйлийг үл тоон, номын ертөнц рүү шумбан орсон юм. Зохиолч Дуглас Адамсын “Сансар огторгуйн аялагчийн гарын авлага” ном амьдралыг харах өнцөг, ертөнцийг үзэх үзлийг минь бүхэлд нь өөрчилж, огторгуй, технологи бас ганц хүн ч гэсэн дэлхий дахинд ямар их чухлаар нөлөөлж болохыг надад ойлгуулсан юмдаг. 10 нас хүрэхэд минь ээж, аав хоёр минь гэрлэлтээ цуцлуулав.
Тэр үед би ээж аав хоёр минь салж байгаа гэдэг дарамт, шаналлаа мартагнахын тулд компьютерт шимтэх болов. Компьютерт дурлаж, шимтэснээр задгай огторгуйд тулалдаж байгаа сансрын хөлөгтэй Бластер тоглоомоо зохиосон юм. 17 нас хүрээд, эцэг эх минь хориглож байсан ч би Өмнөд Африкаас нүүж, Канадад очиж суурьшиж байлаа. Тэнд очоод би модны үйлдвэрт төсөөлөхийн эцэсгүй хүнд ажилд орсноо одоо ч гэсэн тод санадаг юм. Тас харанхуй жижиг хонгил руу мөлхөж ороод, өдөржин халуун элс ухаж гаргадаг байв. Бид гучуулаа 30, 30 минутын ээлжтэйгээр хонгил руу ордог байсан бөгөөд нэг хүн хонгилд 30 минутаас илүү хугацааг өнгөрүүлбэл амиа алдах өндөр эрсдэлтэй байлаа.
Ажилд ороод эхний долоо хоногийнхоо ард гарахад гучин хүнээс гурав нь л ажилдаа тогтож үлдсэн байж билээ. Тэр л үед “Би чинь юу л хийгээд байна даа” гэсэн бодол надад төрсөн юм. Тэр гал төөнөсөн давчуу хонгилоос аль болох хурдан гарч, амьдралдаа юу хийж бүтээх ёстойгоо би дэндүү сайн мэдэж байлаа.
Энэ үеэс хойш нилээд хэдэн жилийн дараа профессор болох мөрөөдлөө хөсөр хаяж, анх байгуулсан хоёр компаниа зарсныхаа би SpaceX-г байгуулсан юм. Бидний туйлын зорилго юу вэ гэж үү? Хүн төрөлхтнийг өөр гариг эрхэс дээр амьдрах тэр боломж бололцоог бүрдүүлэхийг бид зорьж байна. 2006 онд анхны туршилт маань бүтэлгүйтлээ. Анхны пуужин маань агаарт хөөрөөд 33 секундын дараа дэлбэрэв. 2007 онд хоёр дахь туршилтаа хийхэд, агаар мандалд хүрч амжилгүй, хөдөлгүүр нь доголдож, дэлбэрсэн юм.
2008 оны 3 дугаар сард итгэл найдвар минь бөхөхийн ирмэг дээр 3 дахь туршилтаа хийхэд пуужин маань хяналтаа алдаж, хэдэн хэсэг задран унасан юм. Дахиад ч олон туршилт хийгдэж, тэр бүрт бүтэлгүйтэл, дэлбэрэлт саад бэрхшээл болон өмнө тулгарч байсан ч бид эцэст нь пуужингаа задгай сансарт гаргаж чадсан юм. Би “Сансар огторгуйн аялагчийн гарын авлага” номон дээр гардаг хөлгийн нэрээр пуужингаа бараг л “Алтан зүрх” гэж нэрлэхэд бэлэн байлаа. Одоо харин анхны хөлөг онгоц маань 2020 онд Ангараг гариг дээр газардах төлөвлөгөөтэйгээр бид шаргуу ажиллаж байна.
Энэ бол байгальд ээлтэй цахилгаан машины эрин үед хувьсал хийгээд байгаа Тесла компани болон ирээдүйд хүн төрөлхтнийг Ангараг гариг дээр алхуулах томоохон зорилт тавьсан SpaceX болон бусад олон компани, бизнесийг үүсгэн байгуулагч Илон Маскийн түүх юм. Тэрээр өдгөө 20,8 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтад 80 дугаар байранд бичигдэж байгаа бол Форбес сэтгүүл Илон Маскийг Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтын 21 дүгээр байранд жагсаасан юм.
1971 онд төрсөн Илон Маск төрсөн дүү Кимбал Маскийн хамтаар үүсгэн байгуулсан Zip2 нэртэй вэб програмын компаниа 1999 онд бэлнээр 307 сая ам.доллар, хувьцаагаар 34 сая ам.доллараар буюу нийт 341 сая ам.доллараар худалдаж, үүнээс 22 саяыг халаасалж, 7 хувийн хувьцааг нь эзэмшиж үлдэж байжээ. Үүний дараагаар тэрээр интернэт төлбөр тооцооны paypal.com-г үүсгэн байгуулж, бас л өндөр үнэ буюу 1,5 тэрбум ам.доллар хүргэж зарснаар өнөөдрийн их хөрөнгөө босгох, цаашлаад мөрөөдлөө биелүүлэхээр зорих үндсээ тавьжээ.
“Нар 500 сая эсвэл нэг тэрбум жилийн дараа хэтэрхий том тэлж, эх дэлхийд ойртсоноор хүн амьдрах боломжгүй болгоно. Тийм ч учраас Ангараг гариг руу аялал хийж, колонио байгуулах нь нэн чухал байна. Замдаа л мажийчихгүй бол Ангараг дээр очоод, дэлхий рүү буцаж ирэлгүй тэндээ үхсэн ч яахав.” Илон Маск
Орчуулсан: Ариунаа Онгио
Эх сурвалж: Дэлхийн фото танин мэдэхүй