Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас бүрэн хамааралтай. Үйлдвэрлэл гээд байх зүйлгүй манай улсын эдийн засаг  түүхий эдийн  ханшнаас шалтгаалан дэнжигнэж байдаг. Үүний тод жишээ гэвэл 2016 оны эдийн засгийн хямрал юм.

Түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр унаснаас болж Монгол Улс модоо барих дээрээ тулсан. Харин 2017 онд нүүрс, зэсийн үнэ нэмэгдсэний үр дүнд эдийн засаг нь бага хэмжээгээр өсч оны сүүлээр 5.8 хувийн өсөлттэй гараад байна. Ийнхүү эдийн засаг нь бага хэмжээгээр өсч байгаа ч ард иргэдийн нуруун дээр ирэх дарамт 2018 оноос эхлэн мэдрэгдэж эхэллээ. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд долоон төрлийн татвар нэмэх болсон нь олон хүний дургүйцэлтэй нүүр тулж байгаа. Хамгийн уршигтай нь нефтийн онцгой албан татварыг нэмэгдүүлэхээр болсон нь шатахууны үнийг хөөрөгдөх шалтгаан болов. Шатахуун импортлогч компаниуд эсэргүүцлээ илэрхийлж, ард иргэдийг боомилж, төр засаг түүнийг нь зохицуулж чадахгүй бэмбэгнэж сууна. Энэ нь эргээд эдийн засагтаа инфляцийг хөөрөгдөж, үнэ өсгөх нөхцлийг бий болгож байна. Бараа бүтээгдэхүүний үнэ өсвөл иргэддээ л халгаатай. Энэ мэтчилэн ард иргэддээ халгаатай, эдийн засгийн муу мэдээ дуулгасан 2018 оны нэгдүгээр сар дундаа орлоо. Тэгвэл макро төвшиндөө эдийн засаг өссөн таатай жил болно гэдгийг олон улсын байгууллагууд болон эдийн засагчид таамаглаж байна. Тухайлбал, Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийг энэ онд 3.1 хувиар өснө гэж үзсэн. Тэд хэлэхдээ “Юуны түрүүнд  хөдөлмөр эрхлэлтийг дэмжих,  мэдлэгт суурилсан эдийн засгийг дэмжих замаар өрхийн орлого,  төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй.
Мөн  эдийн засгийн төлөв эерэг байгаа  ч өсөлтийн дархлаа нь бодлого боловс­руулагчдаас хамаарч, дотоодын эмзэг байдлаа  хэрхэн бууруулахаас  шалтгаална” хэмээн сануулсан юм.  Харин Азийн хөгжлийн банк энэ онд Монгол Улсын эдийн засаг гурван хувиар, Олон улсын валютын сан 4.2 хувиар өснө гэж тооцоолжээ. Түүхий эд экспортлогч орнуудын нийлүүлэлт үргэлжлэн сэргэхтэй холбоотойгоор хөгжиж буй эдийн засагтай улсуудын эдийн засаг 2018 онд 4.5 хувиар тэлнэ гэдгийг Дэлхийн банк мөн тайландаа дурдсан байна. Өөрөөр хэлбэл, энэ онд хөгжиж буй эдийн засагтай улсуудын эдийн засгийн өсөлт эрчимжинэ гэж тус байгууллага үзэж байна. Үүнээс гадна “Moody’s” агентлаг хөгжиж буй орнуудын эдийн засгийг энэ онд 5.9 хувиар өснө гэж үзжээ. Энэ мэтчлэн олон улсын байгууллагууд Монголын эдийн засгийг өөдрөгөөр харж “Бага зэрэг өснө” гэж таамаг­ласан ч өсөлт нь бодлого боловс­руулагчдаас бүрэн хамаарна гэдгийг анхааруулж байгаа юм. 
Манай улсын эдийн засгийн өсөлт, бууралт БНХАУ-ын эдийн засгаас тодорхой хэмжээгээр хамааралтай байдаг. Учир нь уул уурхайн бүтээгдэхүүнээ урд хөршид экспортлодог. Эргүүлээд бүтээгдэхүүн худалдаж авах замаар олон жил явж ирлээ. Тэгвэл манай улс эдийн засгийг тодорхойлогч БНХАУ-ын эдийн засаг тогтвортой байна гэдгийг олон улсын байгууллагууд таамаглаж байна. 
Харин энэ онд түүхий эдийн ханш өмнөх жилтэй харьцуулахад тогтвортой өсөх хандлагатай байна гэж эдийн засагчид үзжээ.  Тодруулбал, Дэлхийн банк тэргүүтэй банк санхүүгийн байгууллага нүүрснээс бусад түүхий эдийн ханш ирэх онд өснө гэсэн таамаглалыг дэвшүүлсэн байна. Гэвч Хятад нүүрсний уурхайн тоогоо бууруулахаар төлөвлөж байгаа аж. Үүний хүрээнд эрх баригчид гаднаас орж ирэх импорт болон дотоодын олборлолтод хязгаарлалт тавьж зах зээлийг тэнцвэржүүлэх арга хэмжээг авч эхэлжээ. Нүүрсний хэрэглээг танаж эхлэхтэй зэрэгцэн шингэрүүлсэн байгалийн хийн хэрэглээ өснө гэж эдийн засгийн шинжээчид таамаглаж байна. Тэгвэл Дэлхийн банкны тооцоолсноор зэсийн ханш ирэх онд 7000 ам.долларт хүрч, нэмэгдэх төлөвтэй байна. “Зэсийн ханш 2015 онд 18.5 хувиар унасан ч Хятадад эрэлт нэмэгдсэнээр 2025 он гэхэд тонн нь 7000 ам.долларт хүрэх бүрэн боломжтой” гэж Дэлхийн банк таамаглаж байгаа юм. Харин алтны ханш ирэх 2018 оны зургадугаар сар гэхэд унц нь 2300 ам.долларт хүрч нэмэгдэх төлөвтэй гэдгийг олон улсын байгууллагууд таамаглаж байна.  
ОУВС-тай хэрэгжүүлж буй хөтөлбөрийн нэг, хоёрдугаар шатны үнэлгээгээр Монгол Улсын статистик үзүүлэлтүүд төсөөлснөөс хурдан сайжирч байгаа, цаашид макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжрах талаар дурдсан.  Нийт төлбөрийн тэнцэл 2017 онд 1063 сая ам.доллар, 2018 онд 377 сая ам.долларын ашигтай байна гэж Монголбанк төсөөлж байгаа юм. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн оны сүүлээр 79 сая ам.доллар, Япон Улсын олон улсын хөгжлийн агентлагаас 32 тэрбум иен, Дэлхийн банкнаас 122.7 сая ам.долларын санхүүжилтүүд орж ирээд байна. Цаашид өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд батлагдсан 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтээс ирэх жилүүдэд хуваарийн дагуу орж ирэх төлөвтэй байгаа нь төлбөрийн тэнцэл болоод валютын нөөцөд давхар том дэмжлэг болно гэдгийг Сангийн яамнаас мэдээлж байгаа. Гэвч эдгээр нь гадаад валютын улсын нөөцийг түр хугацаанд нэмэгдүүлэх л нөлөөтэй. Тиймээс эдийн засгийг төрөлжүүлэх, экспортын чиглэлийн болон импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих бодлого явуулах ёстой гэдэг улиг болсон зүйлийг эдийн засагчид хэлж байна. Гэвч төр засаг нь үүний төлөө зорьж байна уу гэдэг нь эргэлзээтэй юм. Ямартай ч 2018 онд эдийн засаг бага хэмжээгээр өсөх нь. Харин иргэдэд ирэх дарамт нэмэгдэх төлөвтэй байна. 


Монгол Улсын эдийн засаг 2018 онд ямар байх талаар эдийн засагчдын байр суурийг хүргэе.

Санхүүгийн удирдлагын биржийн гүйцэтгэх захирал Д.Ангар: Улс төрийн хүчнүүд эдийн засгийг өсгөх тал дээр санаачилгагүй ажиллаж байна 

-2018 онд эдийн засаг нэг их хурдтай эргэлдэнэ гэж харахгүй байгаа. Нүүрс, зэс гадагшаа гардагаараа гарна. Энэ бол хэдхэн үйлдвэр, компанийн л асуудал. Тэр үйлдвэрийн л борлуулалт нэмэгдэнэ. Гэтэл эдийн засаг гэдэг чинь гурван сая хүний өмнө яригдах асуудал. Монголбанк өндөр бодлогын хүүгээр эдийн засагт эргэлдэж байгаа бүх мөнгийг өөртөө татаад авчихдаг. 3-4 их наяд төгрөг зөвхөн Төв банкинд байгаад байна. Тэгээд бодлогын хүү нь өндөр учраас эдийн засагт эргэлдэх мөнгө байгалиар харьцуулбал, “Хуурай говь шиг” болчихоод байгаа юм. Эдийн засагт бэлэн мөнгө эргэлдэхгүй байна. Аж ахуйн нэгжүүд нь бүгд өртэй. Борлуулалт нь байхгүй болчихсон байгаа шүү дээ. Тиймээс бодлогын хүүг 11 хувиас 5-6 хувь болтол нь бууруулахгүй бол 2018 онд эдийн засагт ямар ч үр дүн гарахгүй. Аж ахуйн нэгжүүд нь урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд л дуусна шүү дээ. Иргэд, аж ахуйн нэгжид мөнгө алга. Мөнгөгүй болохоор хэн хэнийхээ барааг худалдаж авах юм бэ. Тэгэхээр эдийн засаг дээр эргэлт байхгүй болчихоод байгаа юм. Хэнд мөнгө байна гэхээр Сангийн яам, Монголбанк хоёр өндөр хүү амлаж байгаад эдийн засгаас бүх мөнгийг нь татаад авчихсан. Нүүрс, зэсийн борлуулалт нэмэгдлээ гэж бодоход төсвийн алдагдлыг жаахан л багасгана. Ард иргэдэд нэг их сайн нөлөөгүй жил харагдаад байна. 
Дээрээс нь улс төрийн хүчнүүд маш санаачилгагүй ажиллаад байна шүү дээ. Уг нь МАН-д маш их хүч боломж бий. Том, том төслүүдээ зоригтойгоор хөдөлгөх хэрэгтэй. Яахав, зэсийн үнэ өсч, нүүрсний борлуулалт нэмэгдсэнээр эдийн засаг жаахан тогтворжлоо. Гэвч хүний нүдэнд харагдахуйц ажил өдий болтол хийсэнгүй л дээ. Ийм байдлаар байвал эдийн засаг хөгжихгүй. Монголын эдийн засаг хүүхдийн тоглоом байхгүй юу. Аравхан тэрбум ам.долларын асуудал. Засаг ажлаа сайн хийвэл эдийн засгаа 20-30 хувь өсгөх боложтой.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, АНДЕРРАЙТЕРИЙН MICC КОМПАНИЙН ЗАХИРАЛ Д.АЧИТ-ЭРДЭНЭ: ТАТВАРЫН АСУУДЛЫГ ОУВС-ТАЙ ТОХИРООД ӨӨРЧЛӨХ БАЙХ 

-Долоон төрлийн татварын асуудлыг ОУВС-тай дахин хэлэлцээр хийж, өөрчлөх талаар ярьж байх шиг байна. Татвар нэмэхгүйгээр төвсийн орлого нэмэгдүүлэх янз бүрийн арга байгаа шүү дээ. Шинээр том уурхайнууд нээвэл борлуулалт нэмэгдэнэ. Тийм боломжуудыг Засгийн газар хайх байх гэж найдаж байна. Эдийн засгийн өсөлт энэ жил  сайн гарна гэж бодож байна. Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд сайн байгаа шүү дээ. Монголын гол экспортлодог түүхий эд болох нүүрс, зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр өсөлттэй байна. Татварын бодлогоо ОУВС-тай тохироод өөрчлөх байх гэж бодож байна. 

ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН СЕКТОРЫН ЭРХЛЭГЧ ДОКТОР, ПРОФЕССОР А.ДАВААСҮРЭН: 2018 ОНД ЭДИЙН ЗАСАГ БОЛОМЖИЙН ӨСӨЛТТЭЙ ГАРНА

-Манай эдийн засаг Хятадын эдийн засгаас нэлээд хэмжээгээр шалтгаалдаг. Хятадын эдийн засаг энэ жил сэргэх хандлагатай байна. Манайхаас авдаг нүүрс, төмрийн хүдрийн эрэлт нэлээд өндөр байна. Тиймээс энэ жил эдийн засаг бага хэмжээгээр өсөх хандлага ажиглагдаж байна. Бүхэлдээ дэлхийн эдийн засагт айхтар гоц өөрчлөлт гарахгүй байх. Тэгэхээр 2018 онд эдийн засаг боломжийн өсөлттэй гарна. Өнгөрсөн жил эдийн засаг 5.8  хувийн өсөлттэй гарсан. Тэгэхээр энэ жил эдийн засгийн өсөлт 6-7 хувь гарах байх. Харин татвар нэмж байгаа асуудал бол улс төрийн шийдэл. Эдийн засгийн шийдэл огт биш.  Манай Засгийн газрын бодлого мэргэн биш байна. Аятайхан боломжуудыг ашиглаж чадахгүй байна. Яагаад гэвэл 2018 оны төсөв эдийн засгийн дэмжих гэхээсээ илүү боомилсон төсөл болсон. Төсвийн гол зүйл нь мөнгө, зээлийнхээ бодлогоор эдийн засгаа урамшуулах ёстой.  Гэвч зээлийн хүүг өсгөх арга хэмжээ авч байна. Дотоод зах зээл дээр Засгийн газар өндөр хүүтэй бонд гаргаж, мөнгө төвлөрүүлэн төсвийн зардлыг санхүүжүүлэх гээд байгаа шүү дээ. Төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний найман хувьтай тэнцэж байна гэдэг бол таатай боломжийг ашиглаж чадахгүй байна гэсэн үг. Манайх үйлдвэрлэгч эдийн засагтай орон биш учраас Хятадын хэдэн үйлдвэрүүдийг тэтгээд дуусдаг. Өөрөөр хэлбэл, манай эдийн засагт мөнгө тогтохгүй нөхцөлтэй байхад төсвийн зардлыг бодлогогүй нэмэгдүүлж, популизм хийх нь маш буруу л даа. 

МУИС-ИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ТЭНХИМИЙН БАГШ, ДОКТОР Б.ЭНХ-АМГАЛАН: ШАТАХУУНЫ ҮНИЙН НЭМЭГДЭЛ ИНФЛЯЦИЙГ ХӨӨРӨГДӨНӨ

-2018 онд эдийн засаг гайгүй өсөлттэй байх болов уу. Ямар ч байсан 5-6 хувийн хооронд эдийн засгийн өсөлт бий болно гэж харж байна. Гол нь түүхий эдийн өсөлтөөс гадна татварын орлого төсөвт нэмэр болох байх. Үүний нөлөөгөөр улсын төсөв алдагдал багатай гарах байх гэж харж байна. Дээрээс нь түүхий эдийн өсөлттэй холбоотойгоор экспортын хэмжээ нэмэгдэж таарна. Тэрэнтэй холбоотой валютын нөөц гайгүй нэмэгдэх байх гэж харж байгаа. 
Харин татварын дарамт хувь хүмүүст нэлээн бууж байгаа учраас амьжиргааны төвшинд нэг их айхтар өндөр өсөлт гарахгүй. Статистик мэдээгээр жил болгон дундаж цалин нэмэгдэж байгаа. Тэгвэл энэ жил дундаж цалин буурах байх. Яагаад гэвэл татвар, нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдсэнтэй холбоотойгоор аж ахуйн нэгж нь тайландаа өндөр цалин бичихээс илүүтэй ажилчиддаа унааны, хоолны мөнгө өгөх хэлбэрээр орлогоо хуваарилах, цалинжуулах хэлбэр рүү ороод явах учраас ерөнхийдөө Статистикийн хорооноос гаргадаг дундаж цалингийн хэмжээ өсөхгүй шахуу гарах болов уу гэдэг таамаг байна.  Түүнчлэн сүүлийн үед болоод байгаа шатахууны үнийн нэмэгдэл инфляцийг хөөрөгдөнө. Бодит байдлаар нь аваад үзвэл цалин нэмэгдэхийн хэрээр инфляци өснө. Тэгэхээр энэ хоёрын зөрүүгээр бодит цалин хэр нэмэгдэж байна вэ гэдэг нь асуултын тэмдэгтэй байна л даа. Өөрөөр хэлбэл, бодит орлого буурах хандлагатай болно гэсэн үг. Төрөөс зохицуулалт хийгээд шатахууны үнийг өсгөхгүй байх талаас нь шийдвэр гарвал асуудал намжина. Хэрвээ үүнийгээ зохицуулж чадахгүй бол яалт ч үгүй амьжиргааны төвшинд сөргөөр нөлөөлнө. Ард иргэдийн хувьд халгаатай л жил болох байх. Харин макро төвшиндөө эдийн засгийн өсөлт гайгүй гарч ирнэ. 

Үндэсний шуудан сонин