“Эрдэнэт” үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 48 МВт-аар өргөтгөх төслийн зөвлөх, Монгол улсын зөвлөх инженер Д.Батчулуунтай техник, тоног төхөөрөмжийн сонголт, угсралт, туршилт, тохируулгын талаар ярилцлаа.

 


-Төслийн үндсэн тоног төхөөрөмжийн сонголт хэр оновчтой болсон бэ?  

-Би 1970-аад онд Москва хотод Эрчим хүчний дээд сургуулийг уурын болон хийн турбин зохион бүтээгч инженер мэргэжлээр сурч төгссөн. Одоо 38 дахь жилдээ эрчим хүчний системд ажиллаж байна. Энэ хугацаанд Нэгдүгээр цахилгаан станц, Сэргээгдэх эрчим хүчний хүрээлэн, “Эрдэнэт” үйлдвэрийн Дулааны станцад 1992-1996 онд даргаар ажиллаж байсан. Дараа нь Дөрөвдүгээр цахилгаан станцад 20 жил ажиллаад гавьяаны амралтандаа гарсан. Гэсэн ч мэргэжил нэгтнүүд маань надад итгэж урьсан учраас би энэ станцын өргөтгөлд өөрийн хувь нэмрээ оруулж, хариацлагатай, бүтээлч хамт олонтой сайхан ажиллалаа. Өргөтгөлд ямар тоног төхөөрөмж байх ёстой, цаашид станц ямар горимоор ажиллавал хэвийн найдвартай ажиллах вэ гэдэгт анхаарч, үндсэн болон туслах тоног төхөөрөмжүүдийн сонголт хийхэд зөвлөсөн. Станц маань цахилгаан, дулааны эрчим хүчийг хослон үйлдвэрлэнэ. Баяжуулах үйлдвэрийг технологийн уураар тасралтгүй хангах үндсэн үүрэгтэй. Тиймээс сонгож авах турбин нь нэгдүгээрт, үйлдвэр дулаацуулгын авлагатай байх ёстой. Хоёрдугаарт, өвөл хаврын шилжилтийн цаг агаарын ачааллыг, мөн зуны улирлын цахилгааны ачааллыг авахын тулд конденсацийн горимд ажилладаг байх шаардлагатай. Ингэж байж станц дөрвөн улиралд хэвийн горимоор, төслийн бүрэн хүчин чадлаар ажиллах бололцоотой. Үүний үр дүнд дөрвөн турбины хоёр нь үйлдвэр дулаацуулгын авалгатай, хоёр нь цэвэр цахилгаан үйлдвэрлэдэг машин сонгосон. Турбинууд маань сүүлийн үеийн удирлага хяналтын системтэй. Өөрөөр хэлбэл турбин ажиллуулах, зогсоох бүх үйл явц автомат удирдлагаар явагдана. Үүнээс гадна хөргөх цамхаг гэж чухал тоног төхөөрөмж байдаг. Турбинд ажиллаад гарсан уурыг хөргөж байнгын эргэлтэд байлгадаг тоноглол юм. Энэ нь хэд хэдэн хийцтэй байдаг. Монголын эрчим хүчний системд анх удаа албадмал хөргөлттэй хөргөгч цамхагийг сонгож авсан. Одоо хэвийн ажиллаж байна. Гол гол тоноглолуудын сонголт үндсэндээ оновчтой болсон гэж үзэж байгаа.  


-Манай зүгээс тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн явцад хяналт тавьсан. Энэ талаар...?  

-Ялангуяа турбин, генератор, трансформатор зэрэг онцгой үүрэг, ач холбогдолтой тоноглолуудын үйлдвэрлэлийн явцад манайхан очиж хяналт тавьсан. Тэгээд яг манай захиалгаар үйлдвэрлэж буй тоноглол мөн болохыг, техникийн хүчин чадлаараа ажиллаж болно гэдгийг баталгаажуулаад ирсэн. Тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийн асуудлыг Их барилгын хэлтэс хариуцан зохион байгуулсан. Тээвэрлэгдээд ирсэн тоног төхөөрөмжүүдийг аль ч улиралд техникийн нөхцөлийг нь алдагдуулахгүйгээр хадгалах асуудал онцгой чухал байсан. 


-Тоног төхөөрөмжийн угсралт, туршилт, тохируулгын ажил хэр чанартай хийгдсэн бэ? 

-Угсралтыг ерөнхий гүйцэтгэгч Харбин электрик интернейшнл компани хариуцаж хийсэн. Угсралтын явцад хамгийн багадаа 400-аад хүн ажиллаж байлаа. Эрдэнэтээс, Улаанбаатараас монголын хэд хэдэн компанийнхан ирж, Ерөнхий гүйцэтгэгчтэй гэрээ байгуулан тусалсан. Мөн 250 гаруй хятад ажилтан үндсэн тоноглолын угсралт дээр ирж ажилласан. Авто тээврийн байгууллага тоног төхөөрөмжийг нааш цааш зөөх, өргөхөд кранаас эхлээд шаардлагатай бүхий л төрлийн техник хэрэгслээр хангаж ажилласанд баярлаж байна. Орон нутагт бэлтгэх боломжтой металл хийцүүдийг Засвар механикийн завод хийсэн. Ер нь станцын өргөтгөлд оролцоогүй “Эрдэнэт” үйлдвэрийн цех, нэгж гэж үгүй. 2016 оны 11-р сарын зургаан гэхэд турбин заал, эргэлтийн усны насосны барилгыг бүхэлд нь битүүлээд, ажиллаж байгаа станцаасаа дулаан аваад тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг өвөл тасралтгүй зохион байгуулсан. Угсралтын ажил түрүүлж явж байсан учраас бид анхны машиныг газар шорооны ажил эхэлснээс 13 сарын дараа эхний турбиныг эргүүлсэн. Минутад 3000 эргүүлж, хоосон эргэлтийн үеийн хэмжилт, туршилт, тохируулгыг хийсэн. Хамгийн сүүлийнхийг нь наймдугаар сарын 27-нд явуулсан. Нарийн мэргэжлийн туршилт тохируулгын инженерүүд, станцын инженер техникийн ажилтнууд хамтран бүх техникийн үзлэг шалгалт, хүйтэн болон халуун туршилт, явуулах үеийн туршилт, зүгшрүүлэлтийн ажлыг хугацаанд нь хийсэн. Үүний үр дүнд дараа дараагийн комиссууд ажиллахад хүндрэл гараагүй. Эндээс Харбин электрик интернейшнл компанийн мэргэжилтнүүдийн ур чадвар, зохион байгуулалт, ажлын чанар харагдаж байгаа юм.   


-Та эрчим хүчний олон төсөл дээр ажилласан. Манай станц дээр хэрэгжсэн энэ төслийн онцлогийг хэрхэн  дүгнэж байна? 

-Дулаанаас гадна цахилгаан үйлдвэрлэх нь “Эрдэнэт” үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын үе үеийн ажилчдын хүсэл байсан. Тэдний олон жилийн мөрөөдөл биелж, хэрэглэгчээс үйлдвэрлэгч болж хувирсан үйл явдал нь энэ төслийн гол онцлог. “Эрдэнэт” үйлдвэр төвийн эрчим хүчний системээс цагт 100 МВт цахилгаан худалдан авч 40 жил ажилласан. Өөрөөр хэлбэл төвийн эрчим хүчний системийн хамгийн тогтвортой, эдийн засгийн баталгаатай том хэрэглэгч байсан. Энэ утгаараа Монголын эрчим хүчний системийн санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулахад, тоног төхөөрөмжүүдийн найдвартай ажиллагааг хангахад том дэмжлэг, хувь нэмэр оруулсан үйлдвэр. Одоо монголын эрчим хүчний гурав дахь том эх үүсвэрийг бий болголоо. Энэ нь төвийн эрчим хүчний системийн хүчдэлийн тогтворжилт, найдвартай ажиллагаанд эерэг нөлөө үзүүлнэ. 


-Цаг зав гаргасанд баярлалаа.

 

 

М.ГЭРЭЛ