Сүүлийн жилүүдэд хэрэгжээд буй олон татварын нэг болох  Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал хэрэгжилтийн хувьд бараг даатгалын компаниудыг дэмжсэн үйлдэл болоод байгаа билээ. 

Улс орны хөгжлийн хувьд хөрөнгө санхүү төвлөрөлт, даатгал, татвар  байх нь зүй ёсны хэрэг ч гэлээ шинээр хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн хуулийн хүрээнд энэ нь жолооч нарыг хохироож харин даатгалын компаниудад ашигтай болж байна. 

Жишээ дурьдвал, санамсаргүй байдлаар осол гарган хэн нэгний машиныг шүргэн элдэв сэв зураас гарган зөрчил гаргалаа гэхэд тухайн жолоочийг 100 мянган төгрөгөөр торгож жолоочийн онооноос нь тавыг нь хасчихна. Энэ бол шинээр мөрдөж буй Зөрчлийн хуулийн заалт. Мэдээж хэрэг хууль дүрмээ хатуу чанд биелүүлж зохих шийтгэлийг оноох нь зүйн хэрэг. 

Гэхдээ бодит байдал нь даатгалын компанид л ашигтай тусч байна. Зөрчлийн хуулийн заалтыг мэдэхгүй зарим нэг жолооч цагдаагаар хэргээ шийдүүлнэ хэмээн ослын газарт дуудах нь эцэстээ буруутай нэг нь 100 мянгаар ч торгуулна, мөн нөгөө жолоочийн хохирлыг ч барагдуулна, түүнээс гадна оноогоо ч хасуулна. Тийм болохоор сүүлийн үед жолооч нарын дунд ийм байдлаар зарлага гарахыг хүсэхээ больжээ. Замын цагдаа нарын хувьд ч үүнтэй бараг санал нэгдэн оноогоо хасуулснаас хоорондоо зөвшилцөөд явсан дээр хэмээн компаниудаас илүү хүнлэг сэтгэл гаргах болсныг олон жолооч хэлэх байх. 

Хэрэв хөнгөн хэмжээний хохирол учруулсан бол бидний хэлдэгээр хоорондоо тохиролцон хувиасаа мөнгөө гарган нөгөө жолоочийнхоо машиныг засуулдаг болж. Мэдээж шүү дээ 100 мянган төгрөгөөр торгуулж оноогоо хасуулж байхаар үүн дээрээ багахан хэмээний мөнгө нэмэн жолоочийг хохиролгүй болгоод оноогоо хасуулахгүй явсан нь дээр.

Энэ бүхний эцэст эндээс ганц хожоотой байгаа нь өнөөх л даатгалын компаниуд байгааг илхэн харж болно. Нийт авто ослын 90 хувь нь анхаарал болгоомжгүй байдлаас болж гардагийг овжин ашигласан энэ хуулийн заалтад өөрчлөлт оруулах хэрэгтэй гэдгийг холбогдох албаны эрхмүүд мэдэж байгаа ч нүдэн балай чихэн дүлий байсаар л. 

Жолооч нарыг Албан журмын даатгалаар даатгуулан мөнгийг нь авчихаад эргүүлээд өгөхдөө ч хэл амтай, удаан байдаг хэмээн захын нэг жолооч гомдолох байх. Жолооч нарыг давхар давхар шийтгэж байхад үүний ард даатгалын компаниуд хөлжиж байгааг дараах тоо баримт харуулж байна. 

Даатгалын компаниудын цэвэр ашиг 2016 онд 11.4 тэрбум төгрөгт хүрч 2015 онтой харьцуулахад 60.5 хувиар өсчээ. 2016 онд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагаанаас гэхэд нийт 27.8 тэрбум төгрөгийн хураамж төвлөрүүлж, 33,188 даатгуулагчдад нийт 14.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр өгчээ.

Өөрөөр хэлбэл, даатгалын компаниуд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаас 13 тэрбум төгрөгийн ашиг олсон байна. Харин жирийн иргэд энэ байдалд шулуусаар байх уу. Энэ асуудлыг өнгөрсөн оны сүүлээр ярьсаар өдийг хүрсэн, харин дорвитой арга хэмжээ авалгүй ингэж үргэлжлүүлсээр байх гэж үү.