Монголчууд 1911 оны Үндэсний эрх чөлөөний шаргуу тэмцлийн үр дүнд “Тэнгэрийн эзэнт гүрэн” гэгдсэн Манж Чин улсын хоёр зуу гаруй жилийн хүнд бэрх дарлалаас чөлөөлөгдөж, хаант төр улсынхаа тусгаар тогтнолыг зарлан тунхагласан билээ.

Богд эзэн хааны тэргүүлсэн Хаант Монгол Улсын Засгийн газраас улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө ямагт идэвхийлэн зүтгэсэн боловч тухайн үеийн Хаант Орос болон Хятад, Япон зэрэг томоохон улс гүрнүүд хэрэг дээрээ өөрсдийн эрхшээл нөлөөнд оруулах, олон улсын  тавцанд ганцаардуулах зорилгоор ил, далд янз бүрийн арга бодлого баримталсан хэвээр байв. Нэн ялангуяа Хятад улсаас Монголчуудын 1911 оны Үндэсний эрх чөлөөний  хувьсгалыг талархан дэмжиж, олонхи аймаг, хошуугаараа  нэгдэн нийлсэн Өвөрмонголын эсрэг  цэрэг, зэвсгийн хүчээр эзлэн түрэмгийлж эхэлжээ. Иймд Богд эзэн хааны зарлигаар үндэс  угсаа нэгт Өвөрмонголчуудыг хятадын хар цэргээс чөлөөлж, нэгтгэн барах тэмцэлд эргэлт  буцалтгүй орж, 1912 оны өвлийн сүүл сарын 26-нд Зүүн өмнөд хязгаарыг сэргийлэн хамгаалах цэргийн жанжны тушаалд хашир туршлагатай, нэрт жанжин Манлайбаатар Ж.Дамдинсүрэнг томилон, 1913 оны 1 дүгээр сарын 24-нд Чуулалт хаалга, Бат хаалга, Долоннуур, Хөх хот, Бугат хотын чиглэлд хүч хуралдуулсан хятадын эсрэг их цэргийг хөдөлгөсөн нь түүхнээ “Таван замын байлдаан” хэмээн алдаршсан юм. “Таван замын байлдаан’’-д Монгол, Хятадын цэргийн хүч, хэрэгсэл  харилцан адилгүй бөгөөд ахмад түүхч Г.Навааннамжилын бичсэнээр “...монголын цэргийн тоо байлдааны үед 10000 хүн” оролцсоны дотор зэвсэглэлийн хувьд гол төлөв  сэлэм, цөөн тооны цахиур буу, винтов, бердан буу, пулемёт, их буунаас хэтрэхгүй байсан бол хятад цэргийн хүч хэрэгсэл нь “явган цэрэг 36000, үхэр буу 78, пулемёт 20 гаруй, морьт цэрэг 5000 гаруй” илт давуу байв. Чухамдаа “хүйтэн зэвсгээс галт зэвсэг”-т шилжиж асан тухайн цагт Хаант Орос-Монгол Улсын цэргийн харилцаа зохих түвшинд өргөжиж “Орчин үеийн пулемёт, артиллертай монголчууд анх 1912 оны 11-12 сард танилцжээ. Монгол Улсаас 1913.2- 1914 оны 9 сарын хооронд олон удаагийн гэрээ, наймаагаар уулын, хээрийн төрлийн их, дунд, бага калибрын 114 их буу, 157 пулемёт худалдан авах гэж оролджээ... Монголд 1912 оны 12 дугаар сарын 4-28-нд анх 2 их буу ирсэн бөгөөд 1913 оны 2-3 сар болон 9 сард 12 их буу иржээ. Харин дансаар 10 их буу байгаа юм” гэснээс гадна “Орос улсаас 1912 оны 12 сарын 4-28-нд 2, 1913 оны 2 сард 4, сум 4000, 1913 оны 9 сарын 24-нд 4, сум 4000, 1913 оны 3 сард 4, сум 4000, бүгд 14 их буу, 12,000 сум” зэргийг хүлээн авчээ. Иймээс уг байлдааны шийдвэрлэх ялалтын хувь заяа даруй их бууны хүч, нөөц боломжоос шалтгаалж байсан нь тодорхой бөгөөд Монголчуудын хувьд тэрхүү орон зайг дараах байдлаар нөхөн хангаж байв. Үүнд:

Нэгд, Хаант Орос улс лугаа тусгаар улсын хувиар байгуулсан цэргийг сурган бэлтгэх, зэвсэг худалдан авах тухай гэрээ хэлэлцээр (1912, 1913, 1914 он)- ийн үр дүнд буюу “Хаант Орос улсаас янз бүрийн хугацаанд авсан 4 сая рублийн зээлийн үлэмж хэсгийг цэргийг сургаж бэлтгэх, зэвсэг худалдан авахад зориулсныг тэмдэглэвэл зохино. Жишээлбэл, Орос улсаас үхэр бууг нэг бүрийг 9100 рубль, пулемётыг 3610 рубль, винтовыг 22 рубль, сэлмийг 8 рублээр худалдан авч байв”. Түүнчлэн “1913 онд Нийслэл Хүрээний Засгийн газар Герман улсаас 1000 буу, их буу, пулемёт тус бүр 5-ыг авсан мэдээ байдаг” ажээ.

Хоёрт, Дайсан этгээдээс олзолсон галт зэвсэг хэрэгслээр тус тус нөхөн хангахаас өөр аргагүйд хүрч байсан нь “Сумъяа бэйс 1913 оны зун Зүүн өмнөд хязгаарыг төвшитгөн тохинуулах сайдаар томилогдон, 60 удаагийн тулалдаанд дайсныг ялжээ. Зөвхөн Дархан уулын хавьд Хятад цэргүүдийг хиартал цохиж их буу 1, их бууны сум 304, пулемётны сум 5000, сисанли буу 101, сум 150000, морин цэргийн сэлэм 421, майхан 203, шинель 1074 болон хувцас, хүнс хэрэглэлийн зүйлийг олзолжээ”. “Таван замын цэрэг мордон байлдаан үүсгэснээс хойш дуусах хүртэл 58 орчим зэвсэгт мөргөлдөөнийг хийжээ. Эдгээрийн 33-т нь Монголчууд амжилт олсон бол 11-т нь хятадууд ялсан бөгөөд 14 мөргөлдөөн яаж төгссөн нь тодорхойгүй байна...Монголын цэргийн олзолсон зэвсгийн тухайд гэвэл 5 зэвсэгт мөргөлдөөнөөс 1080 буу, 2 хасаг тэрэг болон 85600 ширхэг сум, 3 тулалдаанд 7 пулемёт, түүний 5000 сум, 4-8 их буу, түүний 410-аад сум, 421, эсвэл 343 ширхэг сэлмийг хятад цэргээс олзлон хураасан тооцоо гарч байгаа юм” гэх зэрэг өнөөгийн судалгааны мэдээ баримт, үр дүнгээс тодорхой мэдэгдэнэ. Монголын морьт цэрэг “Галзуу барсын дайралт”, “Хорт могойн ороолт" зэрэг уламжлалт арга тактикийн гайхамшгийг үзүүлэхийн хамт галт зэвсэг, нэн ялангуяа их бууны тусгал, галын хүчийг чадамгай ашигласан нь байлдааны санаачлагыг гартаа оруулан авахад шийдвэрлэх нөлөө үзүүлжээ. Тухайлбал, 1913 оны 10 дугаар сард Шилийн гол чуулганы Хөвөөт Шар хошууны нутагт Мурунгаагийн цэргүүд хятадын 1000 илүү цэрэгтэй тулалдаж ялаад...Энэ тулалдаанд их бууч Лувсанхишиг дайсны их бууг сөнөөж бусдаас шалгарч байжээ” гэснээс гадна “Бэйс Л.Сумъяагийн удирдсан цэргүүд Хятад цэрэгтэй их буугаар харилцан буудалцсан ширүүн тулалдааны үед Монгол цэргийн их бууны сум дайсны их буун дээр тусч дэлбэрээд түүнийг жагсаалаас гаргаснаар барахгүй амьд хүчний багагүй хохирол учруулжээ. Ийнхүү нэгэн удаагийн онч мэргэн буудалтаар ангийнхаа ялалтыг хангасан тусгал хурцтай тэрхүү их бууг “Гүн” цолоор шагнажээ”.

Монгол цэргийн давшилт, хориглолтод их, бага үхэр буу шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсээр ирсний учир Олноо өргөгдсөний дөрөвдүгээр он хаврын дунд сарын шинийн 7 (аргын гуравдугаар сарын 15)-нд Богд эзэн хааны зарлиг дараах байдлаар анх удаа өргөмжлөн алдаршуулсан нь нэн сонирхолтой юм. Уг зарлигийг сийрүүлбэл, “Үүний урьд аливаа цэргүүдийн чухал хэрэглэгдсэн буу зэвсэг зүйлийг сайшаан гаргаж, өргөмжлөн шагнасан зүйлгүй боловч манай Монголчууд тулгар төр байгуулснаас нааш сайд түшмэдийг томилон илгээж захыг сэргийлэн суулгасан тухайд харьяат хязгаарт халдаар ирсэн дайсныг удаагаар сөнөөх нь хэдүй баатар түшмэл цэргүүдийн урагш давшиж шаламгайлан байлдахад итгэх боловч чинад этгээдийн байрлан сууж, бэхлэн далдлах хашаа хэрэм, хавцал бэрх газрыг эвдлэн нурааж, дайсны омгийг дарж, цэргийн сүрийг мандуулсан нь мөнхүү их, бага үхэр бууны үлэмж тусламж, хэтэрхий хүчин төгсөөс болсон бөгөөд үнэхээр гайхамшигтай жанжин хэмээж болмой” гэжээ. Ийнхүү “баатарлаг гавьяа" байгуулсан хоёр их буунд “Хүчит баатар их жанжин”, 4 бага үхэр буунд “Цогтой баатар дэд жанжин” цол олгохоор өргөн мэдүүлсэн бичигт Богд хаан “Зарлиг Гуйсан ёсоор болгогтун” гэж цохсон байна Мөн Шалгарсан баатар гүн Мурангаагийн хорооны үхэр бууны сум дайсны үхэр бууны амаар шувтлан гарч, түүний ойр байсан 30-аад цэргийг устгасан нь маш ховор, сонин тохиолдол бөгөөд уг буунд “Олноос онц шалгарсан дуурсгалт мэргэн баатар их жанжин” цол шагнажээ”. Үүнээс гадна “Өвгөн Жамбалын яриа” номонд “Богдын 1917 оны 3 дугаар сарын 10-ны  өдрийн зарлигаар Сэцэн хан аймгийн мэргэн засаг Цэрэнвандуйбавуудоржийн хошууны Чойжамцад  Цогтой баатар цол, бусад олон хүнд зэрэг хэргэм шагнав. Мөн түүний цэргийн үхэр буунд “Жанжин  буу” цол шагнасан” гэж  тэмдэглэсэн буй. “Таван замын байлдаан”-ы явцад их, бага үхэр бууны гал, түүний зл хөнөөх чадвар улам бүр нэмэгдсэн нь Монгол цэргийн хувьд хятадын , цэргийн давуу хүчний эсрэг  амжилттай сөрөн тэмцэж, цэрэг, дайны зорилгодоо хүрэх нэгэн чухал хүчин  зүйл болсон төдийгүй “1913 оны сүүлч гэхэд Баарины нутаг Кайлу хот, Чуулалт хаалганы төв замын орчим, Далай нуур, Хөх хотын баруун хойд хэсэг”, зарим үед улам бүр баатарлагаар дайтан тэмцэж, Хятадын Цагаан хэрэм хүрч байжээ. Гэвч 1913 оны 11 дүгээр сарын 5 (10 сарын 23)-нд Гадаад Манголын автономийг зөвшөөрөн хүлээх тухай Орос-Хятадын тунхаг"-ыг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан Хаант Оросын зүгээс Өвөрмонгол, Баргын нутагт дайтаж буй Монгол цэргийг эгүүлэн татахын тулд “Танай улс учиргүй их улс болохыг бүү яар, гагцхүү тогтнохыг хичээх нь эрхэм” хэмээн удаа дараа ятган шаардсан төдийгүй зэр зэвсэг худалдах, цэргийг сурган бэлтгэх зэрэг тусламж дэмжлэг үзүүлэхээс хүртэл татгалзах болсон байна. Иймд Богд хааны  Засгийн газар шинэ тулгар байгуулагдсан төрт улсынхаа тусгаар тогтнолд гарч болзошгүй эрсдэл, алс хэтийн хувь заяаг бодолцон 1913 оны 12 дугаар сарын 2-нд  цэргээ Монгол, Хятадын хилээс дотогш татах шийдвэр гаргаснаар нэгэн жил шахам хугацааны туршид явагдсан “Таван замын байлдаан”-ы ажиллагаа арга буюу тасалдахад хүрч, үндэс угсаа нэгт Монгол түмнээ нэгтгэхийн төлөөх Монголчуудын зэвсэгт тэмцэл төдий л амжилт ололгүй өнгөрчээ. Эцэст нь, уг байлдаанд Монголын морьт цэргийн уламжлалт байлдах арга чадварыг орчин үеийн Европын хөнөөл ихт галт зэвсэг, нэн ялангуяа их бууны галын хүч, зэвсэг хэрэгсэлтэй хослуулан давшилт, довтолгоо, хориглолт, хамгаалалтын томоохон туршлага, сургамжийг хуримтлуулснаас гадна Богд эзэн хааны зарлиг ёсоор их, бага үхэр буу буюу “дайны бурхад”-ын гавьяаг анх удаа тусгай цол өргөмжлөн алдаршуулсан нь Монгол цэргийн түүхнээ урьд хожид гараагүй онцгой сонин үзэгдэл төдийгүй цаашид судлан  шинжилбэл зохих анхаарал татсан асуудлын нэг болох учрыг тэмдэглэвээс зохино.