Америкийг их уналтаас аварсан бяцхан жүжигчин "Буржгар үст" Ширли Темпл /Фото/
2018/03/10
1895 онд Луис, Люмер гэгч залуус анхлан бодит байдлыг хальсан дээр буулгаж, хүмүүсийн амьдрал, сэтгэл хөдлөл, зовлон жаргал, инээд гунигийг дэлхий дахинд нээж өгөв. Энэхүү нээлт, техникийн дэвшил нь тэр даруйдаа л аугаа их урлагийн бас нэгэн цоо шинэхэн салбарыг бий болгож, хүмүүс түүнийг кино хэмээн нэрийдэв. Түүгээр ч баршгүй урд өмнө нь зөвхөн драм ноёлож байсан театрууд кино театр болж хувиран, үзэгчдийн сэтгэл зүрхийг ёстой л нэг эзэмдэж гарлаа. Европын том, том хотоос эхлээд, бүр жижиг тосгон, суурингуудыг хүртэл кино урлаг байлдан дагуулж, түүнийг үзэх гэсэн хүмүүс ажил, амьдралаа орхиж хэсэгхэн хугацааны туршид яг л хорвоогоос тасарчихсан юм шиг болдог байлаа.
Ийм том зах зээл бий болсон нь бизнесменүүдийн нарыг гаргаж, мөн хулгай зэлгий, дээрэм тонуул дэлгэрэх болов. Тухайн үед өрнө дахинд эдийн засгийн хямрал нүүрлэсэн байсан тул хүүхэд залуусыг шинэ киноны тасалбар, хулгай хийлгэж, энэ үйлдэл нь эргээд кино театруудын эздийн түрийвчийг зузаална. Тэр үеийн кино хар цагаан өнгөтэй, дуугүй байсан болохоор жүжигчдийн хувьд дүр бүтээнэ гэдэг тийм ч хэцүү ажил бас биш байжээ. Өөрөөр хэлбэл, дуугүй болохоор зөвхөн үйлдлээрээ хэлэх гэсэн санаагаа өгүүлж, өөр хоорондоо хүссэн зүйлсээ ярьж болно гэсэн үг. Чингээд даруй 20 гаруй жил өнгөрлөө. Шинэ зууны он тоолол өгсөхийн хэрээр дэлгэцийн урлаг улам хүчээ авч цэцэглэжээ. Үнэндээ урлагийн бүхий л салбараас кино урлаг шиг нийгмийн аль ч давхаргад ижил, тэнцүү нөлөөлж чадсан нь үгүй.
1920-иод он... Америкийн нэгдсэн улс дэлхий дахины анхаарлыг татаж, атаархлыг төрүүлсээр. Хүмүүс тэнд ямар нэгэн үзэл сурталд баригдалгүй, чөлөөтэйгээр амьдарч, сэтгэж, басхүү хийж бүтээнэ. Аж үйлдвэржилт урдын адил хүчтэй хэвээр байж нийгмийн баталгаа болсоор...
1928 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр... Америкийн их яруу найрагч Артюр Рембогийн нэгэнтээ шүлэглэсэн шиг Калифорни мужийн Санта Моника хотын дээгүүр зөөлөн бороо зүсэрнэ. Нийгэмдээ нэлээд нэр хүнд олсон, чинээлэг банкир, бизнесмэн, ноён Жорж Темпл энэ цагаан бороог тансаг зэрэглэлийн лемузн машиных нь цонхон дээр хэрхэн унаж бутраад, нулимс мэт уруудаж байхыг ажиглан эмнэлгийн гадаа байна. Борооны хөх үүлс Америкийн тэнгэрээс алгуурхан дорно зүг рүү нүүнэ. Бүжигчин Гертруда Амилиа ээж болохоор бүсгүй хүний зовлон, жаргалыг эдэлж, төрөх орон дээр яраглан хэвтэнэ. Эмч нар чинээлэг хатагтайг эрүүл саруул, эсэн мэнд амаржуулахын тулд чадах бүхнээ хийнэ...
Хүүхэд уйллаа... Хорвоод шинэ хүн ирлээ. “Охин байна, хөөрхөн охин байна” гэсэн бүлээхэн үгс хатагтай Амилиагийн сонороор дамжиж, эцэж туйлдсан бие дундуур нь урслаа. Ингэж та бидний өгүүлж буй алдарт хүмүүн, өнгөрсөн зууны дэлгэцийн сахиусан тэнгэр, буржгар үст Ширли Темпл орчлонд хөл тавьжээ. Охинтой болсон залуу хосуудын амьдрал тэгширч, аз жаргал, хайр халамжаар дүүрэв. Хэдий үе цаг хэцүү, өлсөж ядарсан, лааз өшиглөсөн хүмүүс гадаа гудамжаар дүүрэн алхах ч Ширли Темплийг дутагдах, гачигдахын зовлон тойрчээ.
Ширли гурван нас хүрлээ. Гэтэл балчир охин үеийнхнээсээ тэс ондоо, өдөр ирэх тусам хорвоотой танилцаж, хөгжиж, хэлэх үг, хийх үйлдэл нь хэзээний ухаан сууж, төлөвшсөн хүн шиг хэрсүү нэгэн болж байв. Хатагтай Амилиа бүх насаа урлагт, тэр дундаа бүжигт зориулсан хүн болохоор ийн сэргэлэн цовоо, эрүүл саруул охиноо өөрийн гэгээн харгуйгаар замнуулахаар шийдэж, ноён Жорж Темпл ч ээж, охин хоёрыг дэмжлээ. Чингээд Лос Анжелес хот дахь хатагтай Меглиний бүжгийн студид тэднийг очиход бяцхан Ширли бусдаас онцгойрч чаджээ. Олны анхаарлыг татах болсон охин тэр даруйдаа л Америкийн ирээдүйн бүжгийн од болохоор бэлтгэл сургуулилтандаа орж, жижигхэн зүрх, сэтгэлдээ урлагийг хайрлаж, бас мэдэрч эхлэв ээ.
Хүчээ авч байгаа кино ертөнцөд нэгэн зүйл л дутаад байх. Тэр нь хүүхдүүдийн оролцоо. Авьяастай жүжигчин хүүхдүүдийн эрэлд гарсан кино компаниудын оролдлого удаа дараалан бүтэлгүйтэв. Гэтэл Боловсрол кино компанийн продюссер огтын санаандгүй байдлаар бүжгийн сургуульд зочлохдоо Ширлиг олж харжээ.
Ийн бяцхан буржгар үст маань ердөө гуравхан настайдаа кино ертөнц рүү алхлаа. Түүний хамгийн анх тоглосон дэлгэцийн бүтээл бол хүүхдүүдэд зориулсан олон ангит кино байсан юм. Кино зураг авалтын үеэр Ширли бусдаасаа илт давуу байв. Найруулагч, зураглаач нар бусад жүжигчин хүүхдүүдтэй ажиллах гэж ёстой нэг аргаа бардаг байсан бол Ширлигийн тоглолтууд чөлөөтэй, амьд, хөгжилтэй, авьяаслаг болж байлаа. Тиймдээ ч хамгийн сайн жүжигчин охин өдөрт 10 долларын цалин авдаг байсан нь тухайн үеийн соёл урлагийн салбарт төдийгүй нийгэмд дээгүүрт орох тоо байсан юм. Ширли сургуульд орох хугацаа нь болоогүй байтал уншиж, бичээд сурчихсан байлаа. Тэр цалингаараа хүүхэлдэй гэхээсээ илүүтэй ном худалдаж авдаг, басхүү балчир охин л болсон хойно гоё даашинз, туфль худалдаж авна. Үдэш бүр үлгэрийн номоо өөрөө уншина. Тэгээд хорвоотой танилцах дараа, дараагийн өдрүүдээ угтана.
Дуулж, бүжиглэж, жүжиглэх бяцхан од кино ертөнцөд цахиур хагаллаа. Өдөр бүр хэдэн арван удаа ноён Жорж Темплийн утас хангинаж, Ширлиг шинэ кинонд тоглуулах хүсэлтэй байгаа тухай хэлнэ. Телевизийн цувралд амжилттай тоглосныхоо дараа Ширли бүрэн хэмжээний “Босоод аз жаргалтай бай” хэмээх кинонд тоглосон нь үзэгчдийг алмайрууллаа. Энэ удаа түүний бүжиглэх, жүжиглэх авьяас үнэхээр гялалзжээ. Төдөлгүй тэр та бидний сайн мэдэх “Буржгар үст”, “Сэргэлэн нүдэн”, “Хөх шувуу”, “Бяцхан гүнж”, “Бяцхан хурандаа” зэрэг гайхамшигтай бүтээлүүдийн гол дүрийг бүтээж, ертөнцийн хамгийн алдарт хүүхдүүдийн тоонд зүй ёсоор бичигдэх болов. Ширлигийн бага нас жинхэнэ жүжигчний амьдрал байжээ. Тэр бас кино болгон дээр өөрийгөө санаанд оромгүйгээр өөрчилж, дүрдээ хувирч чаддаг, зөвхөн хүүхдийн л инээд, гунигийг урд өмнө нь хэн ч, хэрхэвч чадаагүйгээр амилуулсан юм. Ширли хүүхдийн кино урлагийн дэг сургуулийг бий болгож, ирээдүй хойчийн балчир уран бүтээлчдэд хичээл заан, бүтээсэн дүр болгоноо гарын авлага болгож чадсан билээ.
1934 онд Ширли кино урлагийн хамгийн дээд шагнал болох Оскарын эзэн боллоо. Энэ үед тэр зургаахан настай байв. Далайн дун шиг угаасаа үзүүр рүүгээ хүртэл мушгирч буржийсан шаргал үстэй, мяраалаг дугуй цагаан царайтай, давхраатай алаг нүдээрээ аз жаргал дүүрэн инээмсэглэх Ширли...
Ширли Темпл бүхэл амьдралынхаа турш богино хэмжээний 14, бүрэн хэмжээний 43, үлгэрийн сэдэвтэй 25 кинонд гол бөгөөд туслах дүрийг бүтээсэн юм. Энэ бол том тоо. Харин тэр дэлгэцэнд мөнхөрсөн шиг ээ жүжигчний хувь тавилангаар удаан амьдарсангүй. Дэлхий дахинаараа бужигнасан 1961 он ирэхэд Ширли Темпл дэлгэцийн урлагийг бүр мөсөн орхилоо. Одоо бол залуу бүсгүйн сэтгэлийг өөр зүйл татах болжээ.
Ширли 17 насандаа Джек Агар хэмээх царайлаг офицертой хуримлаж, удалгүй Линда Сюзан хэмээх хөөрхөн охинтой болсон юм. Тэгэвч үзэгчид бяцхан Ширлиг кино урлагаас нэхэж, дахиад шинэ дүр бүтээж, шилдэг уран бүтээл туурвихыг нь хүсэн хүлээсээр л байжээ. Харамсалтай нь цаг хугацаа зогсолтгүй урсаж байгаа болохоор Ширли дахиад хэзээ ч гэнэн, гэгээхнээр инээж чадахгүй болчихсон юм. Учир нь тэр том болжээ...
Алдарт шаргал үст Ширли Темплийн амьдрал тэр болгон олны нүдэн дээр байсангүй. Тэр нууцлаг бас эрхэмсэг нэгэн байв. Гэвч түүний амьдралын хамгийн гунигтай хуудсууд Джек Агартай өнгөрүүлсэн цаг хугацаа байсан юм. Джек Агар хэдий боловсон, нүдэнд далуухан залуу байсан боловч үнэн хэрэгтээ тун ч хэцүүхэн нэгэн байжээ. Зугаа цэнгэлд дуртай, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, ёс зүйгүй түүнийг орь залуухан Ширли удтал тэвчсэн юм. Тэгээд хэтэрхий их эвдэрсэн хүнийг засч, сайн сайхан болгоно гэдэг бараг боломжгүй зүйл юм байна гэдгийг мэдэрсэн Ширли балчир охинтойгоо тусдаа амьдрах боллоо. Дэндүү залуудаа, дэндүү гэнэн байхдаа зохиосон амьдрал нь түүнд жаргал авчирсангүй. Сүүдэр дундуур алхах шаргал үст... Ширли гуниж, гутарлаа гээд буруу зам руу халтираагүй цөөхөн одын нэг. Тэр бүхий л амьдралдаа өөрийгөө алдаагүй юм. Энэ нь магадгүй алдарт жүжигчний хожмын сонгосон замтай шууд холбоотой биз ээ.
Ширли насанд хүрсэн цагаасаа улс төрд юу юунаас илүү сонирхолтой болов. Тиймдээ ч тэрбээр 1967 онд энэ хатуу, хахир, хүйтэн орон зай руу хөл тавихаар шийдэж төлөөлөгчдийн танхимын сонгуульд өрсөлдсөн боловч ялагдсан байна. Хожим түүнээс ярилцлага авч байсан нэгэн сэтгүүлч дахин сонгуульд өрсөлдөх тухай асуухад Ширли “Үгүй ээ... Хүмүүс намайг сонгохгүй байх. Учир нь тэд намайг үргэлж зургаан настайгаар минь төсөөлдөг юм байна лээ. Би тэднийхээ сэтгэл дотор зургаан настай жаахан охин хэвээрээ байгаа бололтой” гэж хариулсан байдаг.
Улс төрөөр кино урлагт гаргасан шиг ээ амжилт олоогүй Ширли шоу бизнес рүү хөл тавилаа. Тэр “Ширли Темплийн театр” хэмээх телевизийн нэвтрүүлэг хийж, “Ширли Темпл” гэх цуврал номуудаа бичиж, өөрийн тоглосон кино цомгуудаа гаргав. Дахиад л амжилт, алдар нэр, мөнгө... Гэвч Ширлигийн хүсэл сонирхлыг улс төр татсан хэвээр. Хүссэн тоглоом, үлгэрийн номоо хэнээс ч гуйхгүйгээр өөрөө худалдан авч сурсан, тэгж өссөн охин мөрөөдлөөсөө ухарна гэж үү? Ширли 1968 онд дахин улс төр рүү орж ирэн, ингэхдээ бүр хүчтэй дайралт хийж хараахан хуваагдаж, бутраагүй байсан Чехославак, Гана зэрэг улсуудад АНУ-ын Элчин сайдаар сууж, олон жил үр бүтээлтэй, идэвх чармайлттай ажиллажээ. Үүний дараа Нэгдсэн Үндэсний Байгууллагын төлөөлөгчийн албыг хашиж, шоу бизнесээ ч давхар эрхэлж байгаад хэдхэн жилийн өмнө чөлөөнд суусан юм.
Түүнийг наян насны босго алхаад багагүй хугацаа өнгөрч байхад нь өөр нэгэн сэтгүүлч багадаа кино од болоогүй бол ямар мэргэжил сонгох байсан, амьдралынх нь бахархал юу болох талаар асуусанд Ширли “Миний амьдралын бахархал бол миний 55 жилийн гэрлэлт, үнэнч амьдрал. Би хэрэв жүжигчин байгаагүй бол холбооны мөрдөх товчоонд ажиллана. Эсвэл шарвингийн мухлаг нээх байсан. Би ийм л зүйл мөрөөддөг байсан” гэж хэлсэн байна. Буржгар үст Ширли Темплийн хоёр дахь гэрлэлт аз жаргал, баяр хөөрөөр цалгисан юм.
Тэр бидэнтэй нэг цаг үед амьдарсан. Тэр бидэнд хайрлагдсан. Тэр бидэнд хүсэл мөрөөдөл, итгэл үнэмшил өгч байсан. Түүнийг бид мөнхөд санан дурсах болно... Энэ бол хорьдугаар зууны буржгар үст Ширли Темплийг эцсийн замд нь үдэхэд хэлсэн үг. Ертөнцөд ирээд 85 оныг үдсэн Ширли... Тийм ээ, тэр бидний дотор, бидэнтэй хамт орших болно. Тэр л 20 дугаар зууны эхэнд гэрэлтсэн инээд, гэнэн томоогүй хэрнээ амьдралыг таньсан хүн шиг хэрсүү бяцхан охин бидэнтэй хамт үлдэх болно... Тэр л дэлгэцэнд дүр бүтээж байхдаа амнаас нь сүүн шүд нь унахыг үзээд хүүхэд нас нь холдон одож байхыг мэдэрсэн хөөрхөн охин энэ бидний дурсамжаар дамжиж ирэх он цагийн хүмүүстэй танилцах болно. Тэдэнд бас хайрлагдах болно.