Японы 10 цэрэгтэй ганцаараа тулалдсан БНМАУ-ын ууган баатар Ш.Гонгор
2018/03/16
БНМАУ-ын анхны баатар Ш.Гонгор 1912 онд Сэцэнхан аймгийн Сүжигт бэйсийн хошуу одоогийн Баянхутаг сумын нутагт төржээ. 1936 оны нэгдүгээр сарын 28-нд Халх голын Булан дэрсний харуулын Хуурай тойрмын зүүн хойд этгээдэд орших Цагаан ухаагийн хилийн постод морьт харуулд гарч байх үедээ цасан шуурга, харанхуй шөнөөр далимдуулан хил зөрчсөн арав гаруй дайсантай авхаалж самбаатайгаар байлдан өндөр гавьяа байгуулжээ. Зоригт хилчин Ш.Гонгорт 1936 онд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор анх удаа БНМАУ-ын баатар цол хүртээжээ. 1935 оны 11-р сарын 29-нд Булан дэрсний харуулын чиглэлээр Япон-Манжгогийн цэргүүд давуу хүчээр гэнэдүүлэн дайрч, тус заставын 18 хүний амь насыг хөнөөгөөд буцаж гарчээ. 1936 он гараад уг чиглэлээр харийн түрэмгийлэгчид удаа дараа их хүчээр дайрч дорнод хилийг хамгаалагчид тэдний эсрэг олон удаа хүч тэнцвэргүй тулалдаанд орж байв. 1936 оны 1-р сарын 28-ны шөнө боллоо. Халх голын тэнгэрт үзэгдэх гэрэлгүй түнэр харанхуй оршин байв. Цасан шуурга нүүр нүдгүй орж хамаг биеийг хүйт даалгасан энэ шөнө харуулд гарч буй гурван цэргийн нэг нь Гонгор гэгч малчин Шагдарын гурав дахь хүү байлаа. Гэтэл анир чимээгүй байдлыг эвдэн хилийн шугамны цаанаас туурайн чимээ бүдэг бадаг дуулдав. Улмаар 21 цаг 40 минутын үед дайсны зэвсэгт арван морьтой хүн явгалан манаа руу давшин буудахад Гонгор байлдагч Очирыг холбоо бариулахаар ар тал руугаа илгээж, байлдагч Базарсадаар морьдоо бариулж ганцаараа хоёр цаг тулалдаж дайсны цэргийн заримыг устгаж, буу зэвсгийг нь олзлон авч, бусдыг нь хөөж гаргажээ. Ингэхдээ тэрээр байлдааны мэргэн ухаан гаргажээ. Өөрсдийн нуувчны далд байдлыг ашиглан олон талаас буудаж байлаа. Ингэж байрлалаа олон дахин сольж буудахдаа хоосон дах өргөн тогтоосон ба энэ нь нэг биш олон цэрэг байгаа мэтээр япончуудад ойлгуулжээ. Ингэж тэднийг хуурсны дараа, дайсанд өгөөш тавьж сэмхэн ард талд нь гараад ухрах замыг хаав. Айж сандарсан япончууд морины хурдаар зугтах гэсэн боловч зөвхөн нэг нь л амьд мултран гарчээ. Ингэж дайсны олон цэргийн довтолгоог ганцаараа эрэлхэгээр тулалдан буцаасан нь үнэнхүү чин зориг байв. Гонгор харин амиа алдсан цэргүүдийн цүнхнээс онц чухал баримт бичиг олсон нь дайны нууцлалтай Япон цэргийн байлдааны төлөвлөгөө байжээ. Энэ нь Халх голын дайны үйл явцад ач тусаа өгсөн үнэт мэдээлэл байсан гэдэг. Сүүлд өөрөө ч гэсэн дайчин андууддаа ярихдаа “Олон японыг алсандаа биш, тэр цүнхийг олж авсан учир л би баатар болсон байх даа” хэмээн даруухан ярьдаг байжээ. Булан Дэрсийн хилийн тулгаралтын дараа дайчин Гонгорын эрэлхэг гавьяаг өндрөөр үнэлж Улсын Бага Хурлын тогтоолоор “... нөхөр Гонгор нь бидний Монголчуудын баатар идэрхэг явсан түүхт алдрыг сэргээн... манай хувьсгалт цэргийг баатар зоригтойг гадаадын эзэрхэг түрэмгий дайсан этгээдүүдэд... үзүүлж чадсан учир" хэмээн тодотгоод Цэргийн гавъаны 1 дүгээр зэргийн одон тэмдэг мөн БНМАУ-ын баатар цолоор шагнав. Ийнхүү Ш.Гонгор улсын ууган баатар болжээ. Тулгаралтын дараа Ш.Гонгорыг дэслэгч болгож салаан даргаар томиллоо. 1936 оны 2-р сард Японы 500 орчим цэрэг, 20 машин, 40 хөнгөн пулемет, 4 их буу бүхий хүчээр халдав. Манай хилчид 3 дахин бага хүчтэй байсан ч гэсэн эрэлхэгээр тулалдаж байлаа. Энэхүү тулалдаанд Гонгорын командалсан салаа зүүн жигүүрийг амжилттай хамгаалж байсан учраас дайсан манай хилчдийг бүслэн устгах оролдлогууд нь талаар болж байв. Дайсны гол хүч Гонгорын салаан дээр төвлөрч, ширүүн галлаж байсан ч Гонгорын салаа дайсны 2 машиныг устгаж орхилоо. Энэ үед нэмэлт хүч ирж дайсныг бүслэн устгав. Энэ тулалдааны дараа Ш. Гонгор танкийн Баянтүмэнгийн танкийн салаан дарга, тагнуулын ангийн даргаар ажиллажээ. Халх голын тулалдаанд хуягт бригад командлан оролцсон ууган баатар маань 1943-1944 онд ЗХУ-д М.Фрунзийн нэрэмжит цэргийн академид суралцаж төгссөн. 1943 онд "Хувсгалт Монгол" танкийн бригад, "Монгол Ард" эскадрилийг хүлээлгэн өгөх Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр явжээ. 1946 оноос цэргийн албанаас халагдан олон нийтийн байгууллагад ажилласан. “Анхдугаар хичээл” уран сайхны кинонд өөрийнхөө дүрд тоглосон бөгөөд “Тамсагбулагийн хязгаарт” гэдэг ном бичжээ Түүний чин зориг үеийн үед үл мартагдан он удаан жил бидний сэтгэл зүрхэнд итгэл найдварын гал асаах буй за. Улсын ууган баатар Гонгор олон олон цэрэг эрст эр зоригийн оч хайрлан эх нутгаа хамгаалах чин эрмэлзлийг төрүүлдэгт түүний жинхэнэ баатар цол, баатар гавьяа орших бөлгөө. |
zaluu · 2018/03/16
Saihan gaviatai baatar ym