Цөмийн хаягдал...
2018/04/18
Цөмийн хаягдал нь атомын эрчим хүчний үйлдвэрлэх явцад цөмийн реактороос ялгаран гардаг цацраг идэвхит материал агуулсан, хөргөлт болон газрын гүний булшлалт шаарддаг өндөр түвшний хог хаягдал юм.
Цөмийн хаягдлын аюул нь хүний эрүүл мэндэд ноцтой хор учруулж, үхэлд хүргэх аюултай, хорт хавдар үүсгэдэг, удмын сан урагт нөлөөлдөг альфа бетта гамма зэрэг ионжуулагч цацрагууд бөгөөд альфа цацраг гэхэд л туулах чадвараараа агаарт арванхан сантиметр явдаг ч ионжуулах чадвар асар өндөртэй тул хүний дотор организмд хоол унд амьсгалаар орвоос бүх эд эсийг ионжуулж үхлийн аюулд хүргэдэг бол гамма цацраг хэдэн метр бетонон ханыг ч нэвтлэж хүн амьтныг үхэлд хүргэх чадвартай.
Иймээс цөмийн хаягдлаас хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчныг хамгаалах асуудлыг Олон улсын атомын эрчим хүчний агентлагын хяналтын дор тухайн улсын засгийн газар бүрэн хариуцаж хаягдлаа аюулгүй болох хүртлээ тусгай байгууламжид хэдэн мянган жилээр ч тусгаарлан хадгалсан байх учиртай.
Цөмийн гүрнүүд өмнө нь 1993 он хүртэл цөмийн хаягдлаа далайд хаяж байгаад энэ нь олон улсын гэрээгээр хориглогдсон тул дараа нь хаягдлаа сансар огторгуйд, бүр наран дээр устгах хувилбарыг ч судалж үзээд бүтээгүй. Өнөөгийн технологи нь өндөр түвшний цөмийн хаягдлыг керамик шилэн төлөв хэлбэрт оруулж ойролцоогоор арван мянган жилээр булшлах асуудал яригдаж байгаа нь цөмийн эрчим хүчний хөгжлийг тодорхой хэмжээгээр сааруулж, ашигласан түлшээ дахин боловсруулж хэрэглэхээс өөр аргагүй байдалд хүргэж байна.
Цөмийн хаягдалд плутони-240, плутони-241, плутони-238 зэрэг нь хадгалалтын явцад хурдан задарч алга болдог бол цөмийн зэвсгийн гол материал болох плутони-239 задарч алга бололгүй хэдэн мянган жилээр тогтвортой байх нь энэ төрлийн хаягдал нь алсдаа цөмийн зэвсгийн "уурхай" болох магадлалтай байгаа нь бас асуудал дагуулж байгаа юм.
Өндөр түвшний хаягдлыг булшлахад газар орон хөрсний геофизик, геохими, радиохими, цаг уур болон бусад судалгааг хийх, ялангуяа хөрсийг хэдэн зуун метр өрөмдөж гүний ус газар хөдлөлтийн байдлыг тодорхойлох зэргээр цөмийн хаягдал булшлахад хамгийн тохиромжтой аюулгүй газар орныг таван зуун метр орчмын гүнд сонгон барьж байгуулна гэдэг арав хориод жилийн ажил бөгөөд ингэхдээ олон улсын дүрмээр цөмийн хаягдал булшлагч орон өөрийн төдийгүй хөрш улсынхаа аюулгүй байдлыг давхар харгалзан үзэх үүрэг хүлээсэн байдаг.
Хэдэн мянган жилээр газар доор булшлагдсан өндөр түвшний цөмийн хог хаягдал нь гүний усыг бохирдуулах, хулгайд алдагдах, газар хөдлөлтөнд өртөх, цөмийн терроризмын бай болох, улс орнуудын хил хязгаар өөрчлөгдснөөр бусдын нутаг дээрх цөмийн хаягдал болж хувирах зэрэг асуудлуудыг давхар дагуулж байна.
Ихэнх цөмийн гүрнүүд өнөөдөр цөмийн хаягдлаа дахин боловсруулах, булшлах газраа сонгож ядан технологийн шийдлээ хүлээх зэргээр станцынхааа дэргэд гаднаа түр хадгалж байгаа нь олон улсын террористуудын анхаарлыг татаж байна. Тэд цөмийн хаягдлыг дэлбэлэх, цацраг идэвхт хаягдлыг хулгайлах, цөмийн бохир бөмбөг хийн дэлбэлэн газар орныг цацрагаар хордуулах зэргээр цөмийн болон цацрагийн терроризм үйлдэх аюултай.
Дээрхи асуудлуудаас үүдэн хүн төрөлхтөн илүү хямд төсөр аюулгүй энергийн шинэ эх үүсвэр гаргаж авахад ойрхон байгаа өнөө үед Монгол Улс уран олборлолт цөмийн эрчим хүчнээс аль болохоор зайлхийж сэргээгдэх эрчим хүч болон дотоодын бусад нөөцөө ашиглах нь зүйтэй. Наад зах нь манайх шиг нарлаг өргөн уудам нутагтай орон эзгүй хээр өмнийн говио нарны энергийн эх үүсвэр ханган нийлүүлэгч экспортлогч болгон хувиргах цаг энүүхэнд байна.
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт