Азийн Бодибилдинг, фитнессийн холбоог Монгол хүн удирдана
2018/04/28
Азийн Бодибилдинг, фитнессийн холбооны ерөнхийлөгчөөр анх удаа Монгол хүн сонгогдлоо
Бодибилдинг, фитнессийн Азийн аварга шалгаруулах 52 дахь удаагийн тэмцээн Улаанбаатар хотод эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор зохион байгуулагдаж буй тивийн аварга шалгаруулах тэмцээнд Азийн 44 орны баг, тамирчид өрсөлдөхөөр Монголд чуулаад байна. Тэгвэл өнөөдөр эхэлсэн Азийн бодибилдинг, фитнессийн холбооны конгрессын хурлаас холбооны удирдлагыг шинээр сонгох сонгууль болжээ. Энэ сонгуульд Монголын бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Г.Очир өрсөлдөн ялалт байгууллаа. Ийнхүү Азийн бодибилдинг, фитнессийн холбоог анх удаа монгол хүн тэргүүлэхээр болов.
Монгол Улс бодибилдинг, фитнессийн тивийн болон Зүүн өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээнийг 2008 оноос хойш цөөнгүй зохион байгуулж байгаа. Тухайлбал, 2008 оны тавдугаар сард бодибилдинг, фитнессийн Зүүн Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээн, 2011 онд бодибилдинг, фитнессийн Азийн аварга шалгаруулах тэмцээн, 2013 онд бодибилдинг, фитнессийн мастер, залуучуудын ДАШТ, 2016 онд Төв болон Зүүн Азийн бодибилдинг, фитнессийн аварга шалгаруулах тэмцээн, 2017 онд бодибилдинг, фитнессийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод тус тус амжилттай зохион байгуулж байв.
Монголын бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбооноос зохион байгуулсан эдгээр тэмцээнүүд бүх спортын тулгуур бодибилдингийн спортыг хүүхэд залууст таниулах, эх орноо сурталчлах ажилд үнэтэй хувь нэмэр оруулж чадсан билээ.