Түүхий нүүрсний түүхий хориг
2018/05/03
Ай хорвоо гэж. Манай улс шиг жилийн аль ч улиралд ярьдаг ганц халуун сэдэвтэй улс гэж ер нь хэчнээн байдаг бол. Үнэндээ иргэд нь ч хэвлэл мэдээллийн сувгууд нь ч энэ сэдвийг хөндөхөөс залхуурам утгаа алдаж байх шиг. Хэт уйтгартай, шийдэлгүй сэдэв болсон гэж хэлж болно. Сүйхээтэй нь бизнес болгож сүншиггүй нь улс төржүүлсээр өнөөдрийг хүргэв. Гаслантай нь Ерөнхий сайдаасаа эхлээд бодлого ярьдаг эрх дархтнууд хэрүүлийн алим болгож хэдэн талаас нь ам амныхаа багтаамжаар хазах нь хазаж долоох нь долоож, тургих нь тургиж байгаад мөн л хад мөргүүлээд орхичихов. Энд ямар нэгэн алим жимсний мод суулгасан суулгаагүйн тухай ярьсангүй. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын гаргасан түүхий нүүрсний хэрэглээг хориглох түүхий шийдвэрийн талаар хөндөж байна.
Нийслэлийн гэр хорооллынхон тогтоолыг 2019 оны тавдугаар сарын 15-наас мөрдөж эхэлнэ. Энэ шийдвэр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудад хамаарахгүй юм.
Засгийн газрын тухайд ийм шийдвэр гаргасандаа маадгар байгаа бололтой. Арга ч үгүй биз. Уушгитай бүхэн утааны хор уршгийн талаар хэдэн ч жил хашгирав. Тийм суурин дээр ийм шийдвэр гаргаснаар иргэдийн эсэргүүцэл эрс багасах нь ойлгомжтой. Гэвч Ерөнхий сайд аа, хэрэгжвэл сайн ч хэрэгжихгүй байх вий гэх болгоомжлол төрнө. Учир нь муйхараар хориглосон бүхний цаана дэлгэрэн цэцэглэх гэмт хэргийн шинж нуугдаж байдаг. Тэгэхээр эцэстээ иргэдийн дулаан амьдрах гэсэн нөхцөл торгууль шийтгэлийн нэг хэлбэр болохгүй байгаасай гэж хүснэ. Мэдээж үүний дараагаар түүхий нүүрс хэрэглэхгүйгээр хэрхэн монгол гэрт дулаан өнтэй өвөлжиж болох вэ гэдэгт иргэдээ дадуулах нь чухал байна. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат энэ тухайд “Иргэдэд бас ч гэж хугацаа олгосон байгаа учраас тогтоол хэрэгжихэд асуудал үүсэхгүй. Энэ шийдвэр хэт тулгаж гараагүй” гэсэн тайлбар яриа өгсөн байдаг. Хэдийгээр 2019 оноос мөрдөгдөх уг шийдвэр хэрэгжсэнээр, хүссэн ч хүсээгүй ч иргэд орон гэрээ дулаалж, дулаан алдагдлыг нь багасгах нь гарцаагүй. Айлууд байшингаа шавна, онгорхой цоорхойгоо нөхнө. Боловсруулсан, утаагүй түлш хэрэглэнэ.
Гэвч асуудал ингээд цэгцрэхгүй. Энэ шийдвэр хол явахгүй. Бэлтгэл ажил эхлээгүйгээс гадна иргэдийн сэтгэл зүй, оюун санаа түүхий нүүрсээ хаяж чадахааргүй зуун задгай, тогтсон ойлголтод хүрээгүй байна. Бэлтгэгдээгүй нийгэмд хэчнээн тогтоол гаргаад ч хэрэгждэггүйн жишээ бидэнд бий. 2005 онд Засгийн газраас мөн л түүхий нүүрсийг хэрэглээнээс халах тухай тогтоол шийдвэр гарч айл өрхийн нүүрсний хэрэглээг хорьж л байсан. Харамсалтай нь болоогүй. Тэгвэл одоо хэрхэх вэ. Угтаа бол тогтоолын зорилго нь зөв ч хэрэгжүүлэх хэрэгжих арга механизм нь нэг л худлаа байгаа нь хошуу нэмэрлэхэд хүргэв.
Гэр хорооллын 202 мянган өрх жилдээ 1.1 сая тонн түүхий нүүрс түлдэг. Энэ нь агаарын бохирдлын 80 хувийг үйлдвэрлэж байна гэсэн судалгааны тоо байна. Үүн дээр үндэслээд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг ажлын албанаас дараах судалгааг хийжээ.
Нийслэлчүүдийн хэрэглэж байгаа түүхий нүүрсний одоогийн хэрэгцээг 600 мянган тонн шахмал түлшээр солих бүрэн боломжтой гэж үзэж байна. Халаалтын улиралд 4-5 тонн түүхий нүүрс хэрэглэдэг нэг өрх гурван тонн шахмал түлш хэрэглэнэ. Энэ нь эдийн засгийн хувьд ч тухайн өрхөд ашигтай. Тухайлбал, Налайхын таван тонн нүүрсийг /тонн нь 170 мянган төгрөг/ 850 мянган төгрөгөөр худалдан авах бол гурван тонн шахмал түлш /тонн нь 220 мянган төгрөг/-ийг 660 мянган төгрөгөөр авснаар 190 мянган төгрөг хэмнэх тооцоо гарчээ. Ийм хэрэглээг нь хязгаарлахын тулд хэд хэдэн санаачлагыг хэрэгжүүлээд үзэх нь зүйтэй болов уу. Нэгдүгээрт, хэдэн төгрөгөөр нүүрс авдаг нь чухал биш. Тухайн нүүрсний илчлэг чанар, тортог ялгаруулах хэмжээ буурах нь чухал учраас шахмал түлш хямд, борлуулагдах цэг нь элбэг хүртээмжтэй байх ёстой. Энэ хамгийн чухал нь юм.
Хоёрдугаарт, Улаанбаатар рүү зөөвөрлөгдөж байгаа түүхий нүүрсний тонн тутамд татвар нэмэгдүүлье. “Нүүрс” хөтөлбөрөөр тонн нь 300 мянга байсан нүүрсний үнийг 80 мянган төгрөг болгож буулгаснаар шахмал түлш үйлдвэрлэгчид дампуурсан гэдгийг сануулахад илүүдэхгүй болов уу. Тодруулбал, зуухаа тараасан ч түлш нь тасарсан. Утаа угжирсаны эхний томоохон шалтгаан нь энэ байлаа.
Гуравдугаарт, гэр хорооллын цахилгааны төлбөрийг өвлийн улиралд 100 хувь чөлөөлөөд цахилгаан халаагуурын системийг нэвтрүүлье. Үүний хажуугаар эзэнгүй байгаа орон сууцнуудыг уян хатан нөхцөлөөр залуу гэр бүлүүдэд борлуулъя. Иргэддээ ээлтэй, тугалыг нь тураахгүй эхийг нь эцээхгүй шийдвэр гаргаж олон талт арга хэрэглэж байж түүхий нүүрсийг хэрэглээнээс халж чадна. Тэгэхгүйгээр мухайраар хоригловол хөлдөж үхэхгүйн тулд иргэд түүхий нүүрсээ хулгайн арга замаар хэрэглэсээр л байх болно. Дэд бүтэц, тог цахилгаан, хийн хангамжийн асуудлын нэгийг нь ч шийдээгүй байж иргэдийн хоолойд “болохгүй”, “хориглоно”, “торгоно”, “хязгаарлана” гэх тогтоолоор баталгаажсан “мэс” тулгаж болохгүйг анхаарна уу.
Нийгмийн шуудан сонин