Турк улс С-400-г худалдан авахад америкчууд дургүй байгаагийн учир
2018/05/04
Турк улс Оросоос 2,5 тэрбум ам.долларын өртөг бүхий "С-400" пуужингийн цогцолборыг худалдан авахаар тохиролцсон нь НАТО-гийн эвслийн холбоотнууд болох АНУ болон Турк улсын хооронд үл ойлголцол үүсгээд байгаа билээ. Үүний шалтгааныг тайлбарлах үүднээс Анкарагийн их сургуулийн профессор, Европын Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Чагры Эрхан-ы (Зağrı Erhan) бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.
АНУ-ын Сенатын хуралдааны үеэр нэгэн гишүүн Батлан хамгаалахын сайд Жим Мэттис-ээс ингэж асуужээ. “Турк улс пуужингийн довтолгооноос хамгаалах С-400 системийг Оросоос худалдан авах нь НАТО-гийн эвсэл байгуулагдсанаас хойш гарч байгаагүй зохисгүй үйлдэл мөн үү? Эсвэл энэ нь хэтрүүлэг үү?”
Энэ асуултад Ж.Мэттис “миний бодлоор энэ бол хэтрүүлэг биш, энэ бол зөв дүгнэлт бөгөөд Туркийн дээрх үйлдэл нь маш ихээр санаа зовоосон” гэж хариулсан байна.
Мэттисийн хэлсэн энэ үг нь АНУ-аас өөр орноос агаарын довтолгооноос хамгаалах систем худалдан авах гэсэн Турк улсын алхмын талаар Америкийн өмнөх засаг захиргаадын баримталж байсан байр суурьтай яг адилхан байгаа юм. Бушийн үед ч, Обамагийн үед ч, Трампын үед ч гэсэн Турк улс өөр улсаас пуужин худалдаж авахад АНУ дургүйцсэн хэвээр байна. Энэ нь үнэн хэрэг дээрээ Оростой ямар ч холбоогүй асуудал юм.
Өмнө нь Турк улс уг асуудлаар Хятадтай хэлэлцээ хийж, эцсийн тохиролцоонд хүрээд байсан. Хэрвээ бид өнөөдөр Хятадад үйлдвэрлэсэн пуужингуудыг худалдан
авахаар болсон бол Сенатын гишүүн яг л дээрх асуултаа тавьж, сайд Мэттис яг л дээрх шиг хариуг өгөх байсан буй заа.
Вашингтоны засаг захиргаа чухам ямар учраас зэвсэг худалдан авах талаарх Туркийн бодлогыг шаргуу шүүмжилж байгаагийн учрыг олохын тулд Турк улс юуны учир зэвсэг худалдан авах бусад эх үүсвэрүүдийг хайхад хүрэв ээ гэдгийг эхлээд дурдъя.
Үүнд үндсэн 4 шалтгаан бий: Үнэ, технологийн давуу байдал, үйлдвэрлэх хугацаа богино байх, урьдчилсан нөхцөл тавилгүйгээр нийлүүлэх.
Өмнө нь тендерт оролцож байсан Америкийн компаниуд Хятад, Оросын компаниудтай харьцуулахад хамаагүй өндөр үнэ санал болгож байсан юм. Сүүлийн 20 жилийн хугацаанд шат дараатайгаар боловсронгуй болгож ирсэн С-400 цогцолбор нь Барууны өрсөлдөгч компаниудынхаас дутахгүй бөгөөд технологийн үзүүлэлтүүд нь дутахгүй ижилхэн байгаа юм. Туркээс өмнө хятадууд, энэтхэгчүүд С-400-г Оросоос худалдан авсан. Нөгөө талаас, ирэх он гэхэд С-400-гийн эхний хэсгийг Туркт нийлүүлнэ гэж оросууд амласан билээ. Харин Америкийн компаниудын хувьд маш том нэгэн саад бий. АНУ-ын хуулинд зааснаар, 50 сая доллароос дээш үнийн дүн бүхий аливаа зэвсгийн худалдааг хийхдээ Конгрессын Төлөөлөгчдийн танхимын зөвшөөрлийг авах ёстой аж. Өнгөрсөн хугацаанд Турк улс энэ тал дээр нэг бус удаа хохирсон юм. Тухайлбал, 1990-ээд оны үед Турк улс цохилтын нисдэг тэргүүд, харуулын хөлөг онгоцуудыг АНУ-аас худалдан авахаар төлөвлөж байсан боловч Кипртэй холбоотой асуудлаас үүдэн бүтэлгүйтсэн. Харин бурхны авралаар бид цохилтын нисдэг тэрэг болон хөлөг онгоц үйлдвэрлэх төслүүдээ хэрэгжүүлж чадлаа.
Турк улсад зэвсгийн наймааны далд хориг тавьж буй АНУ-ын зүгээс учруулж болох байсан саад тотгороос үүдэн бид дор хаяж 5 жилийн хугацаа алдах байв. Эцсийн эцэст, бид С-400-г хаана байрлуулах нь оросуудад сонин биш. Харин Турк улс Америкт үйлдвэрлэсэн агаарын довтолгооноос хамгаалах системийг Грек, Арменийн ойролцоо байрлуулахад АНУ маш ихээр дургүйцдэг. АНУ яагаад С-400-г худалдан авахын эсрэг байна вэ гэдгийн учрыг олъё. Би дээр хэлсэн, гол учир нь Орос эсвэл Хятад гэдэгт байгаа юм биш ээ гэж. Бусдаас биш харин зөвхөн өөрсдөөс нь зэвсэг худалдан авах ёстой гэж америкчууд хүсч байгаа. Энэ нь дараах хэдэн шалтгаантай юм.
Юуны түрүүнд, Турк улс “муу үлгэр дууриал” үзүүлэхийг АНУ хүсэхгүй байна. Зэвсгийн наймаанаас Америкийн эдийн засаг асар их орлого олдог. Саудын Арави мэтийн “аятайхан” худалдан авагчдыг байнга олж авч чадахгүй учраас дэлхий даяар байгаа хуучин түнш худалдан авагчдаа хадгалж үлдэхийг АНУ зорьж байгаа. 1867 оноос хойш АНУ-аас зэвсэг худалдан авч байгаа, 1947 оноос хойш зөвхөн барууны орнуудаас зэвсэг худалдан авч буй Турк улс Оросоос зэвсэг худалдан авах болбоос энэ нь зөвхөн С-400-гаар хязгаарлагдахгүй гэдгийг АНУ мэдэж байгаа. АНУ-аас зэвсэг худалдан авдаг бусад улс Туркийн жишээг дагавал энэ нь Америкийн эдийн засагт хохиролтой гэж Вашингтон үзэж байгаа нь илт.
Хоёрдугаарт, цэрэг зэвсгийн талаар хамааралтай байх нь улс төрийн хувьд хамааралтай болгодог гэдгийг Вашингтон маш сайн мэддэг. Хэрвээ танай улс түгшүүртэй тогтворгүй бүс нутагт оршдог бөгөөд ойрын хугацаанд цэргийн зардлаа бууруулах боломжгүй байгаа бол та бүхэн зэвсгийг нь худалдан авах гэж буй тухайн орны улс төрийн хүсэл зоригийг хангахаас аргагүйд хүрнэ. Зэвсэг худалдан авах сувгуудаа төрөлжүүлэн олон болгох, дотоодынхоо цэргийн аж үйлдвэрийг бэхжүүлэх нь улс орноо улс төрийн дарамт шахалтыг сөрөн зогсч чадахуйц болгоход чухал ач холбогдолтой билээ.
Гуравдугаарт, АНУ өөрийгөө “эвслийн удирдагч” гэж үзсэн хэвээр байна. Хэдийгээр НАТО нь оршин тогтнох өмнөх утга агуулгаа алдсан хэдий ч тус эвсэлд холбоотон байна гэдэг бол эвслийн аливаа гишүүн нь “удирдагч”-аасаа асуулгүйгээр цэргийн тал дээр санаачилга гаргаж болохгүй гэж АНУ үздэг. Агаарын довтолгооноос хамгаалах системээ Турк улс хаана байрлуулахыг Вашингтон шийдэх ёстой гэж америкчууд үздэг бөгөөд НАТО-гийн системээс гадуурх аливаа бүтцэд саад хийдэг.
Эцэст нь, сайд Мэттис нэгэн түүхэн баримтыг нуун дарагдуулж буйг анзаарлаа. Туркийн алхам нь “өмнө нь хэзээ ч хийж байгаагүй зохисгүй үйлдэл” юм байж гэж бодъё. Тэгвэл Грек улс С-300 цогцолборыг худалдан авсан талаар ноён Мэттис та яагаад дуугүй байна вэ?
Орчуулсан Б.Адъяахүү
Эх сурвалжууд: Монцамэ агентлаг