Ногоон байгууламж туршилтын талбар биш
2018/05/07
АНУ-ын Нью-Йорк хотын “Централ” цэцэрлэгт хүрээлэнг одоогоос 100 жилийн өмнө байгуулсан бөгөөд өдгөө ч анхны өнгө төрхөө алдаагүйгээрээ дэлхийд алдартай. Үүний нууц нь тарьсан мод, бутаа хэлбэржүүлж тайрахыг урьтал болохоос илүүтэй төлөвлөлтөө анхнаас нь сайн хийснийх гэж мэргэжилтнүүд үздэг юм байна.
Манай улс социализмын үед ногоон байгууламжаараа алдартай байсан ч харамсалтай ардчиллын салхитай хамт олонхийг нь тавиад туусан. 2000 он гарсаар мод тарих аян эрчимжсэн ч гэлээ арчилж тордсон нь ховор. Тэгвэл дэлхийн хөгжилтэй улс орон шиг ногоон улс болох боломж бидэнд бий юү. Мэдээж бий. Үүний тулд нэгдсэн нэг зөв зохистой бодлогоор зангидах нь туйлын чухал. Энэ жишгээр Үндэсний соёл амралтын хүрээлэнг байгуулах үеэр тухайн үеийн удирдлагууд “Хөгжингүй орнууд шиг ногоон хүрээлэнтэй болно” гэж хэлж байв. Гэвч гуравхан жилийн дараа л гүүрэн гарц барих төслийн нэрээр 100 орчим модыг нь тайрсан юм. Дараа нь “Атар-Өргөө” компанийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх 2.2 км автозам болон Туул голын урдуур автозамын өргөтгөлтэй холбогдуулан мөн л олон тооны мод, бут, бургасыг хожуул болгож, золигт гаргаж байв. Энэ бол автозамын өргөтгөл, шинэтгэл хийх нэрээр олны нүдээс далдуур ногоон байгууламжийг устгасан цөөн хэдхэн жишээ. Үүний цаана олон нийтэд мэдэгдээгүй эмгэнэлт түүх олон бий. Нийслэл хотын ногоон байгууламжийн тоо сүүлийн жилүүдэд бага багаар нэмэгдэж буй. Харамсалтай нь унтаад сэрэхийн хооронд хэдэн арваар нь хожуул болгосоор байна. Ийм буруу жишиг зөвхөн нийслэл хот гэлтгүй алслагдсан аймгуудад хүртэл гарах болжээ. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр “Их хотын-их цэвэрлэгээ” аянг нийслэлийн хэмжээнд өрнүүлэх үеэр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны “Нарлаг” СӨХ-хон нийтийн эзэмшлийн талбай дахь 40 модыг тайрсан юм.Энэ талаар СӨХ-ны дарга Ч.Бямбасүрэн “Цонх хааж ургасан модноос болж нарны гэрэл тусахгүй байна. Их хэмжээний цагаан хөвөн ялгаруулдаг гэж оршин суугчид гомдол гаргасан учир туслах ажилтнаараа тайруулсан. Нийслэлийн Захирагчийн албаны холбогдох байгууллагад нэг жилийн өмнө мод тайруулах хүсэлт гаргасан ч хариу өгөөгүй учир өөрсдөө арга хэмжээ авсан нь энэ” гэж тайлбарласан.
Тэгвэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Нарлаг” СӨХ-ны уг үйлдлийг хууль бус гэж үзэн дээрх 40 модыг нөхөн төлүүлэхээр шүүхэд хандсан боловч өнөөг хүртэл шийдэгдээгүй л байна. Түүнчлэн Баянхонгор аймгийн II сургуулийн өмнөх моднуудыг мөн л хожуул болгосон бөгөөд үүний буруутан өнөөг хүртэл олдоогүй гэх. Эдгээрийн араас олон тооны модыг цаазын тавцанд аваачсан бас нэг хэрэг гараад байна. Энэ бол Баянгол дүүргийн 15 дугаар хороо буюу “Билэг” их дэлгүүрээс ЭХЭМҮТ рүү өгсөх зам дагуух хайлаас моднуудыг бүдүүн ишээр нь тайрсан явдал юм. Уг нь мод, бут, сөөгийг хэлбэржүүлэх тайрах стандарт, норм улс орон бүрт байдаг. Албаны хүний хэлснээр социализмын үеэс мөрдөж эхэлсэн стандарт Монгол Улсад мөрдөгддөг ч үүнийг баримталдаг нь ховорхон гэсэн. Үүний золиос нь дээр хэлсэн жишээнүүд. Тиймээс ЭХЭМҮТ-ийн замын эсрэг тал дахь хайлаасыг тайрахдаа энэ стандартыг баримталсан эсэхийг албаны хүмүүсээс тодруулсан юм.
Нийслэлийн хот тохижилтын газрын ахлах мэргэжилтэн А.БАТЦЭЦЭГ: ГАНЦХАН ШӨНИЙН ДОТОР ХУЛГАЙГААР ОГТОЛДОГ
-Танай байгууллага төв зам дагуу мод, бут, сөөгийг хэлбэр-жүүлж тайрах ажлыг хариуцаж ажилладаг юм байна. Модыг хэлбэржүүлэхдээ стандарт мөрдөхгүй байна гэх шүүмжлэл их гарах боллоо. Энэ талаар тодруулга авч болох болов уу?
-Манайх хариуцсан ажлаа норм, дүрмийн дагуу хийдэг. Энд тэнд дураараа огтолж, тайрдаг хүмүүс олон бий. Тэд ийм зүйл хийж байгаагаас биш бидний буруу биш.
-Дураараа гэхээр хувь хүмүүс юм уу. Эсвэл аж ахуйн нэгж юм болов уу?
-Янз бүр. Төв замаас бусад байрлалын мод, бутыг хэлбэржүүлж засах ажлыг тухайн дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтэс, СӨХ болон аж ахуйн нэгж хариуцаж ажилладаг.
-Стандарт, норм баримталж тайраагүй асуудлыг танай байгууллага хууль, хяналтынханд мэдэгддэг үү?
-Хэлж, ярихаараа нэг болж байна. Мод гэж хэлэхэд хэцүү болгосон зүйл олон бий. Хэлж, анхааруулахгүй биш анхааруулдаг. Гэтэл ганцхан шөнийн дотор хулгайгаар огтолчихож байна. Үүнийг бид биш бодлого баримталж байгаа хотынхон өөрсдөө хэлж, ярих ёстой.
-Хэлбэржүүлж тайрах стандарт байдаг юм болов уу?
-Байлгүй яах вэ. Социализмын үеэс тогтоосон стандарт бий. 2011 онд шинэчилсэн Ногоон байгууламжийн стандарт гээд хэвлэмэл ногоон ном бий.
Баянгол дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтсийн дарга Б.ОДГЭРЭЛ: СӨХ-ныхоН ЗААВАЛ ИНГЭЖ ТАЙРУУЛНА ГЭСЭН
-“Билэг” их дэлгүүрээс ЭХЭМҮТ рүү өгсдөг зам дагуух хайлаас моднуудыг ишээр нь тайрсан байна лээ. Үүнийг ямар байгууллага хариуцаж хийхсэн юм бэ?
-СӨХ-ноос нь заавал ингэж тайрна гэж тайруулсан гэсэн.
-Аль СӨХ юм бэ?
-“Дэвжих” СӨХ-ны захиалгаар “Баянгол шинэ өргөө” ТҮК-ийн компани хариуцаж тайрсан. Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу манай ажилтан “Баянгол шинэ өргөө” ТҮК-ийн мэргэжилтэнтэй уулзсан. Тэр хүн нь мэргэжлийн хүн юм билээ.
-Энэ стандартын тайралт мөн үү?
-Ийм тайралт байж болно.
“Баянгол шинэ өргөө ТҮК”-ийн дэд захирал БАТНЯМ: УДАХГҮЙ НАХИАЛНА ГЭЖ МЭРГЭЖИЛТЭН МААНЬ ХЭЛСЭН
-ЭХЭМҮТ-ийн замын эсрэг талын хайлаас модыг танай компани “Дэвжих” СӨХ-ны захиалгаар хэлбэржүүлж зассан юм билээ. Энэ тайралтыг стандартын бус гэж мэргэжлийн хүмүүс шүүмжилж байна?
-Манай ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн маань “Хашааны өндөртэй ургадаг мод. Нэг удаа багасгаж тайрахад асуудалгүй. Удахгүй нахиалж ургана” гэж хэлсэн. Тайрах үед нь “Дэндүү богино тайрсан юм биш үү. Очиж үз” гэж хэлсэн. Үзчихээд “Асуудалгүй ээ. Нахиалах гэж байна” гэсэн.
-Та өөрөө очиж үзсэн үү?
-Үзсэн. Гэхдээ тайрах үед нь очиж үзсэн.
-Та өөрөө энэ чиглэлийн мэргэжилтэй юү?
-Өөр мэргэжилтэй.
-Танай мэргэжилтэн аль сургуулийг төгссөн юм бол?
-Тэрийг сайн мэдэхгүй байна. Ямар ч л байсан мэргэжлийн хүн.
-Иргэдийн зүгээс танай хийсэн ажлыг шүүмжилж байна. Шүүхэд өгнө гэж дуугарах ч хүн байна лээ?
-Шаардлагатай гэвэл хөндлөнгийн мэргэжилтнээр зөв, бурууг нь шалгуулна.
“Мөнх ногоон амьдрал” ТББ-ын захирал Х.АЛТАНЦАЦРАЛ: БАЙГАЛИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭЖ БАЙНА
-Мод, бут засах стандарт манай улсад байдаг юм болов уу?
-Яг ингэж, тэгж засч, тайрна гэж бүрэн стандартчилсан зүйл байхгүй. Ер нь бол модыг тарьсан цагаас нь эхлээд буюу залуугаас нь хэлбэржүүлж тайрах ёстой. Гэтэл манайхан бүдүүн иш буюу мөчиргүй хэсгээр нь тайрсныгаа хэлбэржүүллээ гэж ойлгодог. Ингэж болохгүй. Мөчирнөөс доогуур тайрахаар бүдүүн ишнээс мөчир ургахгүй шүү дээ. Хүнээр үсийг нь биш толгойг нь тасалсан гэх юм уу даа. Тэр дундаа тарьмал мод нь байгалийн зэрлэг модноос өөр учир зөв тайрч байж л саглайж ургадаг. Модыг хэлбэржүүлж, тайрснаар шинэ мөчир ургаж, нахиалдаг. Одооны тайралт бол арай дэндэж байна. Нийслэл, дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтсийн олонх нь мэргэжлийн бус хүмүүс. Мэргэжлийн бус хүн ямар юмаа мэдэж зөвлөгөө өгөх вэ дээ. Модны нарийн үзүүрийг бага зэрэг тайрснаар дээшээ ургахгүйгээр зөвхөн салаа мөчир ургаж саглайж ургах ёстой. Түүнээс биш доод талын ишнээс дахиж мөчир ургахгүй. Ингэж тайрах нь байгалийн эсрэг үйлдэж байгаа гэмт хэрэг. Ядаж мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч болно доо.
-ЭХЭМҮТ-ийн замын эсрэг талын моднуудыг тайрсныг та харсан уу. Энэ стандартын тайралт мөн юм болов уу?
-Яг энэ асуудлаар би шүүхэд хандахаар бэлдэж байна. Мод гэхээр л хэн дуртай нь тайрч болдог эд биш. Энэ чинь бидний амьсгалах агаарыг бэлдэж өгдөг буянтай эд. Бид хайрлаж хамгаалах ёстой болохоос биш гар, хөлийг нь тайрах ёсгүй. Стандартын тайралт мөн үү гэвэл яаж ч харсан буруу тайралт. Тэр бүдүүн ишнээс нь мөчир ургах уу. Үгүй шүү дээ. Мөчиртэй үлдсэн цөөн хэд нь л ургах байх. Уг нь нормоор бол жил бүр бага бага тайрах ёстой юм. Иргэн хүнийхээ хувьд ч, мэргэжлийн хүний хувьд ч энэ асуудлыг шийдүүлэхийн төлөө явна.
Албаны хүмүүс болон энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллагын удирдлагууд ийм байр суурьтай байна. ЭХЭМҮТ-ийн замын эсрэг тал дахь хайлаас моднууд бүгд ургах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Нэг хэсэг нь мод тарих гэж хөлсөө дуслуулж байхад нөгөө хэсэг нь хөрөө, сүхээ ирлэж буй нь шударга гэж үү. Хэдхэн хоногийн өмнө зүүн дөрвөн замаас Баянзүрх дүүрэг рүү өгсдөг гудамжны моднуудыг инженерийн шугам сүлжээ засах нэрийдлээр сүйтгэсэн тухай “Мөнх ногоон амьдрал” ТББ-ын тэргүүн Х.Алтанцацрал дуулгасан юм.
Үүнээс гадна өнгөрсөн сард Энэ мэтчилэн нийслэл хотын агаар, хөрсийг эрүүлжүүлэх үүрэгтэй ногоон байгууламжаас хумсалсаар байвал иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломж улам хомсдоно гэсэн үг. Нэг модны цаана олон арван иргэний амь нас, эрүүл мэнд бий гэдгийг бодолцож, ногоон байгууламжаар туршилт хийдэг энэ мэт үйлдлийг таслан зогсоох нь зүйтэй болов уу. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, тогтоомжоор хууль бусаар мод огтолсон тохиолдолд навчит модыг 450 мянга, шилмүүст модонд 550 мянган төгрөгөөр торгодог юм байна. Магадгүй энэ мөнгөн торгууль хөнгөддөг болоод л ТҮК нэртэй захын компаниуд нийслэлийн ногоон байгууламжийг туршилтын талбараа болгож байж мэдэх юм. Тиймээс энэ асуудлыг анхааралдаа авч, тохижилт үйлчилгээний компаниудыг шалгах нь хэрэгтэй биз ээ, хотын дарга аа.
Үндэсний шуудан сонин
Зочин · 2018/05/07
Хайран мод. Зурагнаас хараад үнэхээр харамсаж байна. Нэг ёсондоо нийслэл хотоо цөлжүүлэх ажил хийгээд байна.
Зочин · 2018/05/07
Хөрсний бохирдол их, тоос шороо ихтэй болохоор дулаарсан ч ханиад томуу хүртэл салахгүй байна. Гэтэл тарьсан хэдхэн ш модоо хожуул болтол нь тайрдаг жишиг хэн тогтоогоод байна аа. 1, 2 хөгшин настай "хүний нар хаасан" гэдэг үгээр СӨХ мод тайрах нь зөв үү.
Зочин · 2018/05/07
СХД-ийн ЭМН-ийн гаднах болон тэр хавийн орон сууцны байрны улиасуудыг шонгийн мод шиг болтол нь гол хэсгийг үлдээгээд тайрсан байна. Тэдгээр модод ихэнх нь дахиж ургахааргүй харагдаж байна. Энэ асуудлыг хянаж цагддаг газар байна уу. Замын нөгөө талд нь мод тарих гэж байгаа бололтой нүх ухаж байх. Нэг хэсэг нь тарих гээд нөгөө нь тайрч сүйтгээд байх. Мод тайрах нь мэргэжлийн бус хүмүүсийн бизнес болсийн биш үү. Арга хэмжээ авч өгөөчээ. Тэгэхгүй бол энэ жил тарьсан модыг дахиад 1-2 жилийн дараа хяргаад хаях нь бололтой. СӨХ тайрсан гэж сонссон. Улаанбаатар шиг хөрсний бохирдол ихтэй газарт аль болох ногоон ургамал байж тоосжилт багасна биз дээ. Гэр орны тоос шороо дийлдэхгүй байна шд.