П.Даш: Генерал цол хурааж байгааг сонсоод надад цочирдох юм уу, эсвэл гайхсан ямар ч мэдрэмж төрөөгүй
2018/05/07
-ГЕНЕРАЛ ЦОЛЫГ БИ ГУЙЖ АВААГҮЙ. ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГАД ХИЙЖ БҮТЭЭСЭН ЗҮЙЛИЙГ МИНЬ ҮНЭЛЖ ӨГСӨН ЮМ-
Ерөнхийлөгч Х.Баттулга цол хураах тухай зарлиг гаргаж, Ч.Амарболд, П.Даш нарт хүртээсэн хошууч генерал, Т.Дашдэлэгт хүртээсэн бригадын генерал цолыг хураах шийдвэр гаргасан билээ. Хил манасан байлдагчаас хошууч генерал болтлоо хилийн цэрэгт зүтгэж, Онцгой байдлын ерөнхий газрын тулгын чулууг анх тавьсан хошууч генерал асан П.Даштай ярилцлаа.
-Ерөнхийлөгч зарлиг гаргаж таны цолыг хураах шийдвэр гаргасан. Цолыг тань хурааж авч байгаа талаар мэдээлэл гарсан. Энэ мэдээг яаж хүлээж авсан бэ?
-Манай хүүхэд сайт дээр тийм мэдээлэл тавигдсан байна гэж ээждээ анх хэлсэн байсан. Надад “Гурван генералын цолыг хураасан байна. Чиний нэр байна гэнэ” гэж хэлсэн. Мэдээлэл анх тавигдсан сайт руу орж үзээд энэ тухай уншсан. Цол хураах зарлиг гарсан гэдгийг мэдээд надад ямар мэдрэмж төрсөн талаар асууж байх шиг байна. Үнэндээ надад ямар нэгэн цочирдох юм уу, эсвэл гайхсан ямар ч мэдрэмж төрөөгүй. Долоо буудуулсан чоно гэдэг шиг л болчихдог бололтой. Хар бага наснаасаа хэлмэгдэж, албан тушаалаа ч өгч, хийгээгүй хэргийнхээ төлөө шоронд хүртэл орчихсон шүү дээ. Тэгээд ч генерал цол гэдэг миний гоёл чимэглэл, идэх хоол, өмсөх хувцас ч биш. Авдаг юм бол авна л биз. Надад бодогдсон нэг зүйл юу вэ гэхээр энэ хүмүүс хуулиа хэрхэн мөрдөж, яаж ашиглаж байгаа юм бол гэж бодогдож байна лээ. Тэгсэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ямар учраас цол хурааж авсан талаар ярилцлага өгч байгаа харагдсан. Түүний телевизэд өгсөн ярилцлагыг үзсэн. Гэмт хэрэг үйлдэж, хорих ялаар шийтгүүлсэн, гадаад улс орны харьяат болсон цэргийн алба хаагчийн цолыг анх цол олгосон хүн нь хураана гэсэн хуулийн заалтыг ярьж байна. Тэгсэн миний бие одоо цэргийн алба хаагч биш юм. би 2004 онд Онцгой байдлын ерөнхий газрыг анх байгуулаад Хилийн цэргээс гарахдаа л цэргийн алба хаагч биш болсон. Онцгой байдлын тухай хуульд өөрийн гэсэн цол, дүрэмт хувцас, таних тэмдэгтэй байна гээд заачихсан байдаг. Өөрөөр хэлбэл, Онцгой байдлын ерөнхий газрын даргаар томилогдож ажилласан өдрөөс хойш миний бие цэргийн цол хэрэглэхээ больсон гэсэн үг. Тэгсэн тэтгэвэртээ хэдийнэ суучихсан хөгшний цолыг авчихлаа. Шуудхан хэлэхэд энэ хүмүүс хуулиа мэдэхгүй байна. Эсвэл улстөржүүлж байна гэж ойлгогдохоор дүр зураг харагдаж байгаа. Цаанаа ямар нэг утга санаатай зүйл хийгдэж байгаа байлгүй дээ. Хэн нэгний цолыг хурааж авлаа гээд энэ улс орон хөгжих юм уу. Сахилга бат, хариуцлага сайжрах уу. Улс оронд ямар үр өгөөжтэй зүйл хийж байгаа юм бэ гээд бодохоор сайн тал юу ч харагдахгүй байгаа юм. Сүрхий хариуцлагатай байгаа дүр эсгэх гээд байгаа юм уу, нэг бол намайг аль нэг намд харьяалуулаад байдаг. Би 1990 оноос хойш аль ч намд элсээгүй. Тэгэхээр намчирхаж ийм үйлдэл хийж байж ч болох талтай. Генерал цолыг хилийн цэрэгт байхдаа авсан. Энд нэг зүйлийг дахиад онцолж хэлмээр байна. Генерал цолыг би гуйж аваагүй. Хил хамгаалах байгууллагад хийж бүтээсэн зүйлийг минь үнэлж өгсөн. Эргүүлээд хураагаад авахад надад харамсах зүйл огт байхгүй. Эх орноосоо хөөгдөж байгаа биш, гэр оронгүй болж байгаа биш. Үүнд сандарч сүйд болоод байх зүйл даанч алга.
ХИЛИЙН ЦЭРЭГТ АЖИЛЛАХДАА МАШИНААР 1.3 САЯ КИЛОМЕТР ЯВЖ, ДЭЛХИЙГ ГУРАВ ТОЙРОХХЭМЖЭЭНД ЯВСАН ГЭХ СУДАЛГАА ГАРГАСАН
-Хоёулаа цол хураасан асуудлыг түр хойш нь тавих уу. Таныг хилийн цэрэгтэй амьдралаа хэрхэн холбож байсан, шинэхэн цэрэг торгон хил дээр нар мандахыг хараад зогсож байсан үеийн талаар асуумаар байна. Таныг ямар замнал туулж генерал цол хүртсэн бэ гэдгийг уншигчтай хуваалцах гэсэн юм?
-Би Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэн Пүрэв гэдэг хүний хүүхэд. Аравдугаар ангиа 1971 онд төгсөөд их сургуулийн Геологи инженерийн ангид суралцах хуваарь авдаг юм. Тэгсэн манай нэг найз Цэргийн их сургуульд суралцах хуваарь аваад эрүүл мэндийн шалтгаанаар хасагдчихдаг юм байна. Тэгээд Цэргийн сургуульд суралцах боллоо. Ингээд сургалтад суугаад явах гэж байтал дахиж эрүүл мэндийн үзлэг хийгээд намайг хасчихсан. Таних мэдэх хүнгүй хотод ирсэн хөдөөний хүүхэд яах учраа олохгүй байлаа. Гэгээрлийн яам ороод дарга нартай нь уулзлаа. Цэргийн сургуульд нь орж чаддаггүй юм бол өөр сургуульд ормоор байгаагаа хэллээ. Тэгсэн “Өөр сургуульд оруулах ямар ч боломж байхгүй. Харин ЗХУруу геологийн чиглэлээр хоёр жилийн ТМС-д яв” гэж байна. Геологийнх нь инженерийн сургуульд сураагүй байж тэр сургууль руу нь явахгүй гэж бодогдлоо. Тэгээд хувийн хэргээ ч авч чадахгүй нутаг руугаа буцсан. Өмнөговь аймгийн төв ганцхан арван жилийн сургуультай байсан. Тэгсэн найман жилийн сургууль шинээр нээгдээд боловсон хүчин дутмаг байснаас болоод намайг бага ангийн багшаар ажилд авсан. Хөдөө сумдад хүртэл очиж багшилж байлаа. Ингээд тэндээсээ цэрэгт татагдаад 1972 онд Хилийн цэрэгт овоотын отрядад очсон доо. Ингэж л хилийн цэрэгтэй амьдралаа холбосон түүхтэй. Хилийн цэрэг 1953 онд татан буугдсан байдаг. Ингээд 1967 онд дахин хилийн цэргийг байгуулсан. Намайг цэрэгт очих үед хилийн цэрэг боловсон хүчингүй болчихсон. Татан буугдах үед ажиллаж байсан хүмүүсийг эргүүлж ажилд авч байлаа. Богино хугацаанд жилийн курсээр офицер бэлтгэх сургалт хийж байсан. Тэр үед Хятад, Монголын харилцаа муу байсан. Монгол Улс социалист нөхөрлөлийн орнуудын хамгийн урд хэсгийн хилийг хамгаалж байгаа улс байсан. Харин Хятад социалист системтэй улс. Манай орон маш чухал хилтэй орон байлаа, тухайн үед. ЗХУ-аас сургуульд үнэгүй сургасан.
Жилд зуун хүүхэд явж байлаа, орос руу. Зуун хүүхдээс арвыг нь дээд сургуульд, 80-ыг нь дунд сургуульд сургасан. Ингэж Орос руу хилийн цэргийн сургуульд явсан юм.
-Сургуулиа төгсөж ирээд шууд заставын даргаар томилогдсон байдаг бил үү?
-Монгол Улсын хамгийн урд цэг буюу орвог гашууны бор толгойн заставын даргаар томилогдож очсон. Нэг зүйл санаанаас огт гардаггүй юм. 1981 оны гуравдугаар сарын 22-нд хил дээр заставын даргаар ажиллаж байв. Радио өргөн нэвтрүүлэг сонсоод л байж байлаа. Тэгсэн гэнэтхэн радио шөнийн 03:00 цаг хүртэл үргэлжилнэ гэдэг юм байна. 1979 онд Хятад вьетнам руу довтолж байсан. лут том дайсан гэж яригдаж байсан юм. Дотроо дайн зарлах гэж байгаа юм байна гэсэн бодол төрсөн юм. Тэгээд хоёр орлогчтойгоо радио сонсоод хүлээгээд суучихсан. Тэгсэн “Анхаараарай. Монгол хүн сансарт нислээ” гэж хэлж байсан. Дотор бөөгнөрсөн хар юм алга болох шиг л болсон. Тэгсэн “Сансарт ниссэн хүн маань эсэн мэнд ирээсэй” гэж бодож байлаа. Мөн Хятадын хилийн цэргийнхэнтэй хил гарч уулзалт хийгээд эргэж ирэхэд нутгийн минь газар зөөлхөн юм шиг санагддаг байв. Тэр үед надад хүнд төрөлхийн эх орноо гэсэн сэтгэл зүрх байдаг юм байна гэх бодол төрж байсан даа. Хүйтэн дайны үед буюу намайг застав, отръядын даргаар ажиллаж байхад янз бүрийн зүйлс тохиолдож байсан. Урд хилийнхэн тэмээ унана. Газар нутгаа өөрөө сайн мэдэх ёстой. Цэргүүд ч газар нутгаа сайн мэдэх шаардлагатай байдаг. Нэг хилийн баганаас нөгөө багана хүрэхдээ чулуу авдаг. Авсан чулуугаа цэргүүдэд таниулга хийнэ. Энэ чулуу хэддүгээр баганаас авсан чулуу вэ. Тэр хилийн багана хүрэхэд хэдэн километр байдаг вэ. Ямар нэртэй газрын чулуу вэ гээд л таалгаж таниулдаг. Нэг орой Хятадын талаас таван машин Монголын хил рүү чиглээд ирж байна. Хэт богино долгионы станцтай болчихсон байлаа. Станцаараа хэл хүргэчихээд цэргүүдээ байлдааны бэлэн байдалтай болгосон. Бүх цэрэгтээ сум, зэвсэг тарааж өгчихөөд хүлээгээд байлаа. Цувраад явж байсан машин хилийн шугам дээр дөнгөж тулах шахаад л эгнээд зогслоо. Одоо л давших нь гээд бодож байлаа. Машинаас хятад цэргүүд буугаад хоорондоо дохиж яриад байх юм. Ингээд машинтайгаа дахиад наашаа хөдөлж явснаа дугуйрч зогсож байгаад эргээд цаашаа явчихсан. түүнээс удалгүй нэг өглөө босоод иртэл Хятадын хилийн ойролцоо цагаан байшин шиг юм босчихсон байна. Бид байшин барьчихсан байна гэж дурандаад байгаа. Хятадын том том асар шувуун нуруутай байшин шиг хийцтэй. Байшин шиг харагддаг юм билээ. Хилийн цаана хятадууд тэсэлгээ хийнэ. тэгэхээр хилээс 30 гаруй километрийн гүнд байгаа заставын барилгын цонх хүртэл хагардаг байсан. Иймэрхүү зүйл зөндөө болдог байлаа. Тэр нь бидний сонор сэрэмжийг их дээшлүүлдэг байсан. Би хилийн цэрэгт байсан хугацаагаа бодож үзсэн. Машинаар хэдэн километр явсан байна, хэдэн шөнө нойргүй хонож байсан бэ гэдгээ барагцаалсан байдлаар тооцоолж үзсэн. Тэгэхэд машинаар 1.3 сая километр явсан байна. Өөрөөр хэлбэл, дэлхийг гурав тойрох хэмжээнд явсан байна лээ. Харин хоёр жил гаруйн хугацаанд нойргүй буюу нойр хагасалж хоносон гэдэг тооцоо гаргасан. Ганцаараа застав дээр ажиллаж байсан, хил дээр манаатай байснаас эхлээд олон удаа нойргүй хонож байсан байгаа юм. Хүнээс хариуцлага нэхэхийн тулд өөрөө хариуцлагатай байх хэрэгтэй биз дээ.
МОНГОЛЫН ХИЛ ХАМГААЛАХ УРЛАГИЙН ТҮҮХЭНД АНХ УДАА ХИЛИЙН ОПЕРАЦ ГЭДЭГ ЗҮЙЛ ХИЙСЭН
-Та 1995 онд генерал цолоо авсан гэсэн. Тэр үед хилээр машин хууль бусаар оруулж ирэх гэмт хэрэг гаарчихсан байсан үе гэдэг байх аа. Хилийн цэрэг анх удаа таны санаачлагаар хилийн операц хийсэн гэж түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн байдаг?
-Хил хамгаалах ерөнхий газарт татагдаж ирэх болсон шалтгаан нь отрядын хил хамгаалалт ийм байх ёстой гэсэн төлөвлөгөө гаргасан явдал. Газар дээр нь туршаад ажил хэрэг болгож чадсан. Харуулын алба гэдгийг бий болгож, бүх хилийн заставт нэвтрүүлсэн. Онолынх нь судалгааг нарийвчлан хийж эрдмийн зэрэг хүртэл хамгаалсан. одоо ч гэсэн миний хийсэн онолоор хил хамгаалах үйл ажиллагаа хийгдээд явж байна. Хууль, дүрэм журамд нь хүртэл тусчихсан шүү дээ. Миний хийсэн энэ мэт олон санаачилсан ажлуудыг харгалзан үзээд ийм зиндаанд ажиллаж байгаа хүн генерал байх ёстой юм гээд л 1995 онд Ерөнхийлөгчийн зарлигаар олгосон. Дэлхий нийт цэргийн алба хаагчдаа генерал цолыг ийм л байдлаар өгдөг юм. Генерал цол авч байсан талаараа бас ярих нь зүйтэй болов уу. 1995 онд ХХЕГ-ын дарга бие бүрэлдэхүүнээ цуглуул гэсэн үүрэг даалгавар өгдөг юм байна. Цуглуулчихаад зогсож байтал намайг генерал цолоор шагнаж байгаа гэдгийг албан ёсоор хэлсэн. Тэгээд л цолоо авч байсан даа. Генерал цол авах үед машины хулгайн наймаа ид цэцэглэж байсан юм. Цадигаа алдсан зүйл болсон. Анх европоос манайхан машин оруулж ирээд боомтоор гаргадаг байлаа. Тэгсэн хятадууд хилээрээ орж байгаа худалдаалах машины татварыг 200 дахин нэмсэн. Тэгээд боомтгүй газраас хил давуулж машинаа гаргах болсон. Машины хууль бусаар хил давуулан худалдаалах наймаа хэрээс хэтэрч хилийнхэн хүртэл оролцдог болсон. Тухайн үед хил хамгаалах байгууллага хүн хүч, машин техник тааруу байсан үе. Тэгээд УИХ-ын гишүүн байсан генерал Д.Базарсад, П.Сүндэв генералтай ярилцаж байгаад хэрхэн зогсоох талаар арга хэмжээ авахаар боллоо. Оросын хил хамгаалах урлагт хилийн операц гэдэг зүйл байсан. Үүнийг зохион байгуулж, энэ хөдөлгөөнийг зогсооё гэсэн шийдэлд хүрсэн. Тухайн үед Д.Базарсад генерал УИХ-ын гишүүн байсан юм. Тэгээд маш нууцаар төлөвлөгөө боловсруулсан. Прокурор, тагнуул, шүүхийг энэ ажиллагаандаа татан оролцуулах ажил хүртэл хийсэн. Маш нууц төлөвлөгөөгөө Монгол Улсын ерөнхийлөгчөөр батлуулсан. Энэ ажлыг бид гурваас гадна ерөнхийлөгч, тагнуул, прокурорын дарга нар л мэдэж байсан. Бэлтгэлээ хангаж байхдаа даргад нь Овоотын чиглэлд ажиллана гэж хэлдэг. Тэгээд чи цэргүүддээ Завхан руу явна гэж хэлээрэй гэдэг. Ингээд бэлтгэл сайтар хангагдсан. Нисдэг тэргээр явж үзлэг хийгээд нууц ажиллагаа явуулж чадсан. 40 гаруй хил зөрчигч, 20 гаруй машин хурааж авсан. Тэгж Монголын хил хамгаалах урлагийн түүхэнд анх удаа хилийн операц гэдэг зүйл хийсэн дээ.
-Та ОБЕГ-ын анхны даргаар томилогдож ажилласан байдаг. Энэ албанд хэрхэн томилогдож байсан бэ?
-Тийм ээ. 2003 оны есдүгээр сард энэтхэгт курст явсан юм. Төгсөх дөхөөд байж байтал УИХ-ын гишүүн асан Д.Идэвхтэн над руу залгаад “Ерөнхий сайд Н.Энхбаяр таныг хүрээд ир” гэж байна гэж хэлсэн. Тэгээд шалгалт энэ тэрээ өгчихөөд ирсэн. 2004 он дөнгөж гараад байтал Засгийн газрын хуралдааны нэгдүгээр тогтоолоор онцгой байдлын ерөнхий газрыг байгуулсан. Харин хоёрдугаар тогтоолоор намайг даргаар нь томилсон. Тэгээд л ажлаа аваад Гал түймэртэй тэмцэх газар, Иргэний хамгаалалттай тэмцэх газар, улсын нөөцийн газрыг татан буулгасан байсан. Бүх дарга нарыг ажлаас нь халчихсан байсан. тэгэхээр нь халагдсан дарга нарыг түр тушаалаар орлогчоор томилж байгаад дахин байгуулсан. Шинэ газар байгуулж байгаа болохоор маргаантай, муудалцаантай зөндөө л юм болсон. Гэхдээ маш түргэн хугацаанд бүгдийг хийж чадсан. Гамшгаас хамгаалах хууль батлагдаад зургаан сар болж байсан. Хууль огт хэрэгжээгүй. удалгүй сонгууль болж онцгой байдал эрхэлсэн сайдаар У.Хүрэлсүх томилогдож ирээд бид хоёр гар нийлж ажилласан. У.Хүрэлбүх ч засгийн газар, УИХ дээрх асуудлыг шийдээд явна. Дотоод асуудалд огт оролцохгүй гэж хэлсэн. Ингээд хийе гэж бодож байсан бүх зүйлээ хийж амжуулж чадсан. Гамшгаас хамгаалах тухай хуульд хүн амын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчин бүгдийг хамгаалах тухай оруулахыг хичээсэн. Гэтэл хүнээ хамгаалах талаар олигтой юм хийж чадаагүй. Ард түмнийг аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Энэ хамгийн гол зүйл. аврагчдыг хүн авардаг чиглэлээр бэлтгэх гэж хичээсэн. Гэвч чадаагүй. Саад бэрхшээл даанч их байсан. Тэр үед нам хоорондын зөрчил, улс төрийн нөлөөнөөс болоод хийж чадаагүй юм.
ТА НАР ГЭМТ ХЭРЭГ ХИЙСЭН ХҮНИЙГ ӨРШӨӨДӨГ ЮМ БАЙГАА БИЗ ДЭЭ. БИ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭЭГҮЙ, ӨРШӨӨЛД ХАМРАГДАХГҮЙ ГЭЖ ХЭЛЭЭД ӨРШӨӨЛД ХАМРАГДААГҮЙ
-Та ОБЕГ-т ажиллаж байхдаа авлигын хэрэгт буруутгагдаж, хорих ялаар шийтгүүлсэн. Таныг зарим хүмүүс хэлмэгдүүлсэн гэж ярьдаг. Бас эрх мэдлээ ашиглаж улсад хохирол учруулсан гэж үзэх хүмүүс ч байдаг?
-Онцгой байдлын газар бий болоод ажил нь жигдэрчихсэн үе. Үйл ажиллагаа нь ингэж сайн явж байгаа юм чинь үүний цаана идэж уусан зүйл байгаа байх гэсэн хардлага сэрдэлт байсан. Намайг энэ албанаас зайлуулж, дарга болох гэсэн хүмүүсийн ажил эрчимжсэн. Мөн зүгээр нэг хувь хүний биш, улс төрийн асуудал болсон. Намайг 17 зүйлээр гүтгэж, АТГ-т өгсөн. Ингээд хоёр гэрээг сугалж аваад буруутгасан. Цаг нь болж шударга шүүх бий болохоор гэм буруугүй гэдгийг минь тогтоогоод өгөх байх гэж итгэдэг. Экспортын үрийн буудайны үнийг дотоодын буудайны үнэтэй харьцуулаад зөрүү гаргадаг. Бүр чанар муутай таваарын будаатай харьцуулж зөрүү гаргасан. Ингээд улс хохирсон байна гэдэг. Нөгөөх нь шатахуун нийлүүлсэн компанийн шатахууны тооцоог өөр аргачлалаар бодоод зөрүү гаргасан. Ийм маягаар надад ял оноосон. Би эрхзүйч мэргэжил эзэмшсэн хүн. Таван жил гаруйн хугацаанд байцаагдахдаа олон зүйл мэдэж авсан. Надад инээдэмтэй зүйлээр хүчээр ял өгсөн. Хамгийн сүүлд болсон шүүх хурал хохирогч байхгүй, гэрч байхгүй, ганцхан өмгөөлөгч бид хоёр суусан. Шүүгч нар цонх руу харж сууж байгаад л ял өгчихсөн. Тэртэй тэргүй үнэн мөн нь тогтоогдох асуудал. Үүнд эмзэглэж байгаагүй. Өөрийгөө гэмт буруугүй гэдгийг мэдэж байгаа болохоор хэнээс ч айхгүй зоригтой байдаг. Тийм ч болоод мөрдөн байцаагч, прокуроруудыг мөн ч их загнаж тэрсэлдсэн. Үүний хариу ч байж мэднэ. Намайг бүр өршөөлд хамруулах шийдвэр гарч байсан. Би хүлээн зөвшөөрөөгүй. Та нар гэмт хэрэг хийсэн хүнийг өршөөдөг юм байгаа биз дээ. Би гэмт хэрэг үйлдээгүй, өршөөлд хамрагдахгүй гэсэн. Анхнаасаа намайг өршөөлд хамруулах гээд байсан. Би үгүй гэж хэлсэн. Шүүх хурлаар хүртэл өршөөсөн. Би тэр шийдвэрийг хүлээж аваагүй. Намайг хүмүүс зөрүүд гэдэг юм. энэ бол миний өөрийн итгэл үнэмшил. Энэ бол зөрүүд зан биш шүү дээ. Энэ бүгдээс хараад байхад хууль, шүүхийн байгууллага өөр өөрсдийн оногдсон үүргийг хуулийн дагуу гүйцэтгээд явах юм бол хэлмэгдүүлэлт гарахгүй. Гэтэл одоо хууль, хяналтын тогтолцоо ямар болчихсон бэ гэхээр мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нар нэг тал болоод хуйвалдаанд орчихдог болж. Энэ асуудал хуулийг гажуудуулж байна. Үүнээс болоод их хэлмэгдүүлэлт явагдаж байна. Намайг хэлмэгдүүлсэн гэдгийг Монголын ард түмэн мэднэ.
-Хуульд цэргийн цол хурааж авахыг юу гэж заасан байдаг юм бол. Та энэ талаар судалж үзсэн үү?
-Хил хамгаалах ерөнхий газраас шинэ ажилд томилогдож ирээд онцгой байдлын шинэ цол авсан. Үүний дараа хэлмэгдүүлсэн хэрэгт орсон шүү дээ. Өөрөөр хэлбэл, хилийн цэрэгтэй ямар ч хамааралгүй болчихсон байх үед улстөрчдийн явуулгаар хэрэгт холбогдсон. Гэтэл генерал цолтой байхдаа хэрэгт холбогдсон гэж худлаа яриад байна лээ. Хуулиндаа бол цэргийн цол хураана гэдэг шал өөр зүйл. Цэргийн албанд ажиллаж байгаа хүний цолыг хураадаг болохоос тэтгэвэрт гарчихсан хөгшинд хүлээлгэдэг шийтгэл биш. Цэргийн цол хурааж авах хуулиндаа гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн болон монгол Улсын харьяатаас гарсан цэргийн алба хаагчийн цолыг цол олгосон албан тушаалтны шийдвэрээр хурааж авна гээд заачихсан байгаа. Тэгвэл цэргийн алба хаагч гэж хэнийг хэлж байгаа юм бэ гэдэг асуулт гараад ирнэ. Цэргийн жинхэнэ албан хаагч гэж цэргийн байгууллагад биеэр алба хааж байгаа Монгол Улсын иргэнийг хэлнэ гэж маш тодорхой заачихсан байгаа. Би цэргийн байгууллагад одоо ажиллаагүй шүү дээ. Би албанаасаа чөлөөлөгдчихсөн. Одоо энгийн хүн болчихсон шүү дээ.
-Та өөрийгөө хэлмэгдүүлсэн гэж ярьсан. Хийгээгүй хэргийнхээ төлөө хоригдсон гэдгийг тогтоолгож нэрээ цэвэрлэж авахгүй юм уу?
-Цолоо хураалгасан гурван хүнийг дахин хэлмэгдүүлсэн гэдгийг хэлмээр байна. Бид хийгээгүй хэргийнхээ төлөө хэлмэгдэж шоронд хоригдсон уу, үгүй юү гэдгийг шүүх тогтооно. Гэхдээ одоогийн цаг үед биднийг хэлмэгдүүлж байгааг хууль хяналтын байгууллага үнэн зөвөөр нь тогтоож өгөх чадамжгүй байна. АТГ нь ямар нүүр царайтай ажиллаж байна. Шүүх, прокурорын үнэн нүүр төрх ямар байгааг Монголын ард түмэн бүгдээрээ мэдэж байгаа. Бид хийгээгүй хэргийнхээ төлөө ял авсан гэдгийг тогтоож цагаадах цаг нь болоогүй байна. Хууль хяналтын байгууллага нэг нэгийгээ хянаж шалгахаа болиод нэг халаастай болоод нэгдчихсэн байгаа цагт цагаадах талаар яриад ч хэрэггүй. Бас бусдыг хэлмэгдүүлдэг хүмүүс одоо ч гэсэн төрд байна. Цаг нь ирэхээр миний бие хэлмэгдүүлсэн гэдгээ тогтоолгоно гэдэгтээ бүрэн итгэлтэй явдаг.
Өдрийн сонин
Э.Хүрэлбаатар
irgen · 2018/05/07
Gemt hereg hiigeegui huniig tegtel ni helmegduullee gejuu.Unenee helj nuruutai er hun shig bai.Iim nuur ni ulaidaggui nohod niigmiig buzarladag.Arai darga hun toriin omchiig ooriin duraar idej baih yostoi gej boddog yum bish biz.
You · 2018/05/07
GEr buluunhen ni bolood ooroo eruul bga ni chuhal busad ni tiim chuhal bish bha
Зочин · 2018/05/07
GEr buluunhen ni bolood ooroo eruul bga ni chuhal busad ni tiim chuhal bish bha
Зочин · 2018/05/07
Өнөө цагт хүн хэлмэгдээд сууж байна гэж бодохоор бид ямар нийгэмд амьдраад байна вэ!!!
Иргэн · 2018/05/07
Цол үнэгүй болсны хам шинж гэхээс юу гэхэв дээ.
Иргэн. · 2018/05/07
Цочирдолгүй яахавдээ. Эр хүний л шазуур зааж хэлж байгаа байх????... Харин үнэн худал нь эс ойлгогдох асуудлаар ажил хийсэн болох гэж улс төрийн хилмэгдүүлэлт явуулагсад одоо болих хэрэгтэйшдээ. яг үнэнийг хэлэхэд гэмтнүүд л гэмгүйг хүмүүсээрээ тоглож суудаг болсон юм бишүү???...