Танилц: Архи, мансууруулах бодист донтсон хүнийг албадан эмчлэх хуулийн төсөл
2018/05/16
Монгол Улсад 1961 оноос эхлэн архинд донтох өвчтэй иргэдийг албадан эмчилж эхэлсэн бөгөөд албадан эмчлэх байгууллага нь 2000 он хүртэл цагдаа, хорих, эрүүл мэндийн байгууллагын харьяанд тус тус ажиллаж байсан байна.
Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хууль 2000 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр батлагдсан.
Энэхүү хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2000 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 148 дугаар тогтоол гарч, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Багахангай дүүрэг дэх Архинд донтох өвчтөнг албадан эмчлэх эмнэлгийг Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын харьяанд шилжүүлж, “Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар” болгон зохион байгуулжээ.
Тус газар нь энэ хугацаанд үйл ажиллагаагаа тогтвортой явуулж, нийгэмд тулгамдаж буй асуудал болох согтуурах донтой хүнийг албадан эмчлэхэд ахиц гарган ажиллаж байна.Согтуурах, мансуурах донтой, өвчтэй этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газраас эмчлүүлэгчдийн судалгааг сүүлийн 15 жилээр гаргахад нэг жилд эмчлүүлэгчдийн тоо 290-ээс 1040-ийн хооронд хэлбэлзэж байна.
Хүн амын удмын сангийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэх ажлын хүрээнд тодорхой үүрэг гүйцэтгэж байгаа Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын үйл ажиллагааг боловсронгуй болгох, энэ газарт эмчлүүлж байгаа хүний эрх зүйн байдлыг сайжруулахад юуны түрүүнд даган мөрдөж буй хууль тогтоомжийг боловсронгуй болгох зүй ёсны шаардлага тавигдаж байна.
Хуульд тодорхой заагаагүйн улмаас Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын үйл ажиллагаанд тулгамдаж байгаа зарим асуудлыг шийдвэрлэх, хуульд заасан боловч хэрэгжих боломжгүй байгаа зарим зохицуулалтыг халах нь зүйтэй байна.
Тиймээс Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэхээр болсон байна.
Хуулийн төсөлд тухайн хүнийг албадан эмчилгээнд явуулах хүсэлт гаргахаас эхлээд бүх ажиллагааны явцад хүний эрхийг зөрчихгүй байх нөхцөл бүрдүүлэх үүднээс согтуурах, мансуурах донтой эсэх тухай үзлэг, шинжилгээ хийж, эмнэлгийн дүгнэлт гаргах, албадан эмчлэх шийдвэр гаргах, албадан эмчлэх газарт хүлээж авах талаар илүү нарийвчлан тусгах юм байна.
Мөн Хуульд албадан эмчлэх мэргэжлийн удирдлагыг эрүүл мэндийн байгууллага хэрэгжүүлнэ гэж заасан боловч ямар байгууллага яаж хэрэгжүүлэхийг хуульд тусгаагүй учраас энэ асуудал орхигдож ирсэн тул албадан эмчлэх мэргэжлийн удирдлагыг хариуцах байгууллагыг тодорхой болгож, мэргэжлийн удирдлагын хүрээнд хэрэгжүүлэх чиг үүргийг заах юм.
Зайлшгүй шаардлагатай зарим зардлын эх үүсвэрийг, тухайлбал эмчлүүлэгчийн суурь өвчнийг оношлох, эмчлэх, хоол, хувцасны болон эмнэлэгт ирэх, буцах замын зардал зэргийг Албадан эмчлэх газрын зардалд тооцож оруулахаар заана. Өнгөрсөн хугацаанд мансуурах донтой хүн эмчлүүлэхээр ирж байгаагүй байх боловч ийм хүнийг эмчилгээнд хамруулах хэрэгцээ байгааг харгалзан мансуурах донтой хүнийг албадан эмчлэх үндэслэлийг хуульд хэвээр үлдээнэ.
Архины хамааралтай хүний дараах тохиолдолд албадан эмчилнэ. Үүнд
1. Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураар эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна
2. Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчилгээнд давтан хамруулж болно.
Албадан эмчилгээг эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан гурваас зургаан сар хүртэл, давтан эмчлүүлэх тохиолдолд зургаан сараас нэг жил хүртэл хугацаатай хийнэ.
Согтуурч, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүнийг албадан эмчлүүлэх тухай хүсэлтийг дараахь этгээд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад бичгээр гаргана. Цагдаад өргөдөлөгөх хүн нь архины хамааралтай этгээдийн
• Амьдарч буй өрхийн болон сумын эмч, эсхүл сэтгэц, наркологийн эмч;
• Сум, хорооны нийгмийн ажилтан;
• Байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага;
• Гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн.
• Тухайн хүнийг албадан эмчлүүлэх тухай саналыг цагдаагийн байгууллагын алба хаагч гаргаж болно.
Харин жирэмсэн хүн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, мөн насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, 16 насанд хүрээгүй хүн, 60-аас дээш настай хүн болон биеийн хүнд эмгэгтэй хүнийг албадан эмчлэхийг хориглох аж.
Холбогдох олон улсын конвенцид нийцүүлэн албадан хөдөлмөр хийлгэх тухай зохицуулалтыг хасч, сэтгэц, нийгмийн сэргээн засах тусламж, үйлчилгээний хүрээнд нөхөн сэргээх хөдөлмөр эмчилгээ хийхээр тусгана.
Үүн дээр нэмээд хуулийн төсөлд албадан эмчлүүлж байгаа хүний эрх, үүргийн тухай зүйл, заалт нэмнэ.Албадан эмчлэх газарт эмчлүүлээд гарсан хүний асуудлыг хэрхэн анхаарах талаар зохицуулалт нэмнэ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Согтуурах, мансуурах донтой, өвчтэй этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын хувьд хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхэд олон хүндрэл үүсдэг байна. Тухайлбал:
Хуульд албадан хэдөлмөр хийлгэх тухай заасан боловч, Албдан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт эмчлүүлж байгаа хүмүүсээр хийлгэх ажил олддоггүй тул хуулийн энэ зохицуулалт хэрэгжих боломжгүй явж ирсэн.
Цагдаагийн байгууллагад 2016 оны байдлаар бүртгэгдсэн архаг архичин 3621, үүнээс гэр оронгүй 341, архинд донтох өвчтэй 2198, нийслэлд 896, орон нутагт 2725 хүн байна гэсэн тоон үзүүлэлттэй байсан. Сүүлийн 15 жилийн байдлаар нэг жилд тус газарт эмчлүүлэгсдийн тоо 295-аас 1050 хүртэл хэлбэлзэж, жилд дунджаар 500-600 гаруй хүн эмчлүүлж байгаа нь тус байгууллагын ачаалалд нөлөөлдөг.
онцлох Хуульд зааснаар анх удаа албадан эмчилгээ хийлгэхээр ирж байгаа хүмүүс 3-аас 6 сар хүртэл хугацаатай, харин давтан эмчилгээнд ирж байгаа хүмүүс 6-аас 1 жил хүртэл хугацаанд эмчлүүлэх ёстой. Бодит байдалд 3 сарын хугацаа болмогц шүүхийн шийдвэр гаргуулж албадан эмчилгээнээс чөлөөлж байна. Өөрөөр хэлбэл эмчилгээний стандартыг хангалттай хугацаагаар барих боломжгүйд хүрдэг. Эмчлүүлэгсдийн судалгааг 10 жилээр гаргаж хүснэгтээр үзүүлбэл
Шүүхийн шийдвэр гарсан тул албадан эмчилгээнд хамрагдах ёстой дараагийн ээлжийн хүмүүс хүргэгдэж ирэх, албадан эмчлэгдсэн боловч гэр оронгүй, хүлээж авах төрөл садан байхгүй, гэр бүлийн гишүүд нь хүлээж авахаас татгалзсан зэрэг шалтгааны улмаас дахин архинд донтох зэргээр эмчилгээний дараа авах арга хэмжээ, нийгэмшүүлэх, ажилтай орлоготой болгох, архинаас хамааралтай байдлыг арилгах зэрэг тэдгээр хүмүүст үзүүлэх нийгмийн болон сэтгэл зүйн үйлчилгээ байдаггүй. Тиймээс албадан эмчилгээний дараагаар бататгах эмчилгээнд хамрагдах болно. Албадан эмчилгээг эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан гурваас зургаан сар хүртэл, давтан эмчлүүлэх тохиолдолд зургаан сараас нэг жил хүртэл хугацаатай хийх юм байна.
Уг хуулийн төслийг 2019-01-01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуулийн төсөлд тусгасан байна. УИХ-аар уг хуулийн төслийг хэрхэн өөрчлөх, хэлэлцүүлгийн үеэр хэн юу гэж хэлснийг бид эргэж мэдээлэх болно
иргэн · 2018/05/16
за ёстой Архины албадан эмчилгээнд яваад Архинаас гарлаа гэж л сонсоогүй харин ч бүүр улам Архины хамааралтай болчихсон л харагддаг ш дээ,