Энэ долоо хоногт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлэг нь болох гэж байгаа Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар УИХ дахь нам эвслийн бүлгүүд  хэлэлцээд эхэлжээ.  Эхнээсээ байр сууриа илэрхийлээд эхэллээ.  

Учир нь энэ асуудлыг  хэн нэгэн нь өөрт ашигтайгаар батлуулах гээд  хэсэг бүлэг улс төрч  нөхдийг   “хатгаад” байгаа бололтой юм.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь үнэн хэрэгтээ  “Алтны худалдааны ил тод байдлын тухай” хуулийн төсөл бөгөөд  агуулгын хувьд өөрчлөгдөөгүй ч нэрээ л өөрчилсөн байх юм.  Тодруулбал  өмнө нь “Алтны худалдааны ил тод байдлын тухай” хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэн  олонхийн дэмжлэг авч чадалгүй “унасан”. Учир нь  хуулийн төсөлд алтны компаниудаас авч байгаа нөөцийн төлбөр, өсөн нэмэгдэх 10 хувийн татварыг 2.5 хувь болгож дөрөв дахин бууруулахаар тусгасан байна. Энэ хүрээнд "Оюутолгой" компанид гурван тэрбум ам.долларын татварын хөнгөлөлт эдлүүлэх бодлого агуулж байсан юм.  

Тэгвэл энэ удаад  дээрхи хуулийн агуулга яг хэвэрээ гэхдээ нэрээ “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл” гэсэн нэртэйгээр  УИХ-ын даргад өргөн баригджээ.   Энэхүү асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэнэ.

“Алтны худалдааны ил тод байдлын  тухай” хуулийг өмнө нь  Уул уурхайн сайд  Д.Ганхуяг өргөн  барьсан.  Энэ удаагийн зүсээ хувиргасан хуулийн төслийг мөн л  Уул уурхайн сайд Д.Ганхуяг өргөн барьсан.

Тэгвэл энэхүү учир дутагдал бүхий, ашиг сонирхлын зөрчилтэй байх магадлалтай хуулийн төслөө Д.Ганхуяг сайд “Алт олборлогч болон алт худалдан авагч хуулийн этгээдүүд алтыг хууль бусаар хил давуулан худалдах, олборлосон алтаа нуух, хадгалах, татвараас зайлсхийхийн тулд арилжааны банкинд тодорхой бус хугацаагаар барьцаалах зэрэг шударга бус далд үйл ажиллагаа гарах хандлага гарсаар байна. Ийм л алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн татварын дарамтыг бууруулах, Монгол банкинд тушааж буй алтны хэмжээг нэмэгдүүлэх, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх, татварын суурийг өргөжүүлж, борлуулсан алтанд ногдох орлогын албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төсөвт бүрэн төвлөрүүлэх зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан. Хуулийн төсөл батлагдсанаар аж ахуй нэгж, иргэд хууль бусаар алт олборлох, алтыг зах зээлийн ханшнаас доогуур үнээр борлуулах замаар татвараас зайлсхийх, тодорхой бус хугацаагаар арилжааны банкинд барьцаалах зэрэг далд үйл ажиллагаа хумигдаж, алтны олборлолт, борлуулалт ил тод, хуулийн хүрээнд явагдах боломж бүрдэж, алтны нөөцийн хэмжээ нэмэгдэж, улмаар гадаад валютын нөөц нэмэгдсэнээр эдийн засгийн баталгаа сайжирна гэж үзэж байна.”  хэмээн тайлбарлаж байна.  

Тэгвэл “Алтны худалдааны ил тод байдлын тухай” хуулийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хаалттай хэлэлцсэн.   Улмаар олонхоороо унагсан бөгөөд  энэ хуулийн төслийн АН-аас бусад нь дэмжихгүй байгаа.  Учир нь “Алтны худалдаанд ил тод байлыг бүрдүүлэх тухай” хууль нь алтны нөөцийг нэмэгдүүлэх зорилготой ч зөвхөн Оюутолгойд л үйлчилсэн хууль  гэдгийг  УИХ-ын гишүүд хэлдэг.  Тодруулбал энэ хуулийн цаана “Оюу Толгой” компанийг татвараас чөлөөлөх бодлого явж байна. Өнгөрсөн хугацаанд “Оюу Толгой” компанийг гурван тэрбум төгрөгийн татвараас чөлөөлж байсан хэмээн тайлбарласан юм.

 

Тэгэхээр энэ хууль анхнаасаа Оюутолгойд үйлчилсэн  хууль болж таарч байгаа юм.  Манай улсад Оюутолгой хичнээн  эрх ямба эдэлж, даварч бас дургүй хүргэж байгааг уншигч та бүхэн  мэднэ.  Тэгтэл энэ удаад улс төрчдийг  тэр битгий хэл Засгийн газар,  сайд хүнийг  утсан хүүхэлдэй шигээ санаж,  Монгол төрөөр доог тохуу хийн ийнхүү нэг хуулийг ахин дахин өргөн барьж байна.  

Иргэдийн итгэлийг дааж төрд гарчихаад гадаадынхны гар хөл болж байгаагаас ялгаагүй энэ үйлдлийнхээ төлөө ард түмнээсээ  Д.Ганхуяг сайд та уучлалт гуйгаарай.

А.Баярмаа