“Давхар дээл”-ндээ түүртэн, бүдэрч унан, зовж яваа сайд-гишүүдийн дээлийг нимгэлэхээр Ерөнхийлөгч хууль санаачлан УИХ-д өргөн бариад байгаа билээ.

Тэгвэл өнөөдрийн чуулганы хуралдаанаар сайд нэртэй гишүүд цаашид давхар дээлтэйгээ “ноолорч” явах уу, эсвэр дан дээлтэй “цэмбийх” үү гэдгийг шийдэх юм. Уг хуулийн төслийг хэлэлцэхэд ашиг сонирхолын зөрчлийн асуудал хөндөгдөх нь гарцаагүй. Учир нь Шинэчлэлийн гэх тодотголтой засгийн газрын 19 сайдын 17 нь УИХ-ын гишүүн. Тиймээс тэд Ерөнхийлөгчийн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах санаачлага гаргаж, “Ерөнхий сайдаас бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн өөрчлөлтөд санал өгөхөөс сайн дураараа татгалзах хэрэгтэй болов уу. Иргэд ч сайд нарын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлж байгаа хуульд санал өгөхийг эсэргүүцээд байгаа юм.

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлдөө УИХ-ын гишүүн Засгийн газрын сайдын ажлыг давхар хашдаг байх боломжийг хааж, зөвхөн Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байна гэсэн өөрчлөлтийг оруулж, хууль хэрэгжиж эхлэх хугацааг 2016 оны долдугаар сарын 1-ний өдрөөр тогтоохоор өргөн барьсан.

 

УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан Засгийн газрын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ухаалаг төр рүү хийж байгаа алхам хэмээн дэмжиж хууль хэрэгжиж эхлэх хугацааг УИХ-аар батлагдсан өдрөөс л хэрэгжиж эхлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа юм.

 

Иймээс Нийгмийн Ардчиллын Хүрээлэнгээс УИХ-ын гишүүн Засгийн газрын сайд болж, эрх мэдлийн давхар дээлтэй байх зөв эсэх талаар 513 респондентын дунд цаг үеийн экспресс судалгааг явуулахад тэдний 4 хүн тутмын 3 нь эсэргүүцсэн байна.

 

Энэ удаагийн санал асуулгад оролцсон иргэд улс төрийн намууд хэн нэгнийхээ эрх ашигт нийцүүлэн сайдын суудал амлаж эрх мэдэлд улайран, УИХ-ын гишүүд давхар сайдын сэнтийд залрах нь дээр доргүй ажил цалгардаж, эрх мэдэлд хутгалдан төрийн ажилд хараа хяналт байхгүй болж байгааг эрс шүүмжилжээ.

 

Судалгаанд хамрагдсан иргэдээс УИХ-ын гишүүн Засгийн газрын сайд болж, эрх мэдлийн давхар дээлтэй байх эсэхийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхэд одоогийн сайдын албан хашиж буй УИХ-ын 17 гишүүн хуралд сууж санал хураалтад оролцох эсэх талаар тодруулахад:

 

Засгийн газрын сайдаар давхар ажиллаж байгаа УИХ-ын гишүүдийг чуулганы хуралдаанд суулган санал хураалтад оролцуулах юм бол нэг талаас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчигдөх, нөгөө талаас Ардчилсан намынхан эрх барьж байгаа нэрийн дор хүч түрж, сайд байгаа гишүүд өөрсдийн ашиг сонирхлоо хамгаалсан “дарангуйлал” ханхалсан шийдвэр гаргах учир тэднийг чуулганы танхимаас гаргаж санал хураах нь ардчилсан нийгмийн шударга ёс, хариуцлагатай улс төр, ухаалаг төрийн тод илрэл болохыг онцолжээ.

 

Сайд нарын асуудал дээр иргэдийн байр суурь дээрх судалгаанаас тодорхой харагдаж буй юм. Харин сайд нар болон эрх барьж буй намын зарим нэгэн гишүүдийн хувьд сайд нарын давхар дээлийг “тайлах” тийм ч дуртай биш байгаа. Ерөнхийлөгчийн санаачлан өргөн барьсан хуулийг эрх баригчид дэмжлээ гэхэд хуулийн хэрэгжилтийг 2016 оноос эхлэн хэрэгжүүлнэ гэдгийг олонхийн хүчээр авч үлдэхийг бодох нь дамжиггүй юм.

 

Уг нь бол уг хуулийг батлан хэрэгжүүлснээр төрийг хяналттай болгох нэг зам нь нээгдэнэ. Гэвч  УИХ-д олонх байгаа АН-ын гишүүн сайд нар санал өгөөд байхаар энэ хууль “гуйвах” хандлагатай болоод байгаа юм.  өөр аргагүй болоод байна. 

 

Тиймээс эрх ашгийн зөрчилтэй буюу сайд хийж байгаа УИХ-ын гишүүд нэгдсэн чуулган, байнгын хорооны хуралдаанд санал өгөх үед санал хураалтад оролцохгүй байх Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн саналыг зарим хүн гаргасан ч тусыг эс олсон. 

 

Урьд өмнө нь оюутны тэтгэлгийн асуудлыг хэлэлцэж байх үед УИХ-ын дарга З.Энхболд хувьдаа их дээд сургуультай гишүүдийг санал хураалтанд оролцохгүй байхыг сануулж байсан. Тэгвэл энэ удаад ч мөн ашиг сонирхолын хуулийг сануулж, давхар дээлтэй сайд гишүүн санал хураалтанд оролцохгүй байх хэрэгтэйг сануулах нь “Шударга” явдал болох биз.

 

Түүнчлэн гишүүд өөрсдийн санаачлагаар санал өгөхгүй байх бүрэн боломжтой. Тэгэхээр өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар сайд хийж байгаа 17 УИХ-ын гишүүн хэр “Шударга  бэ” гэдгийг харах боломж ард иргэдэд олдож буй.

 

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 91.6-д “Гишүүн шийдвэр гаргах асуудлаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл санал хураалтад оролцохоос сайн дураар татгалзах бөгөөд энэ тухайгаа хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэнэ”,   9.1.7-д “Энэ хуулийн 9.1.6-д заасны дагуу гишүүн санал хураалтад оролцохоос татгалзсан бол түүнийг тухайн санал хураалтын ирцэд оруулахгүй” гэж тус тус заажээ. 

 

УИХ, Засгийн газрын гишүүн буюу "давхар дээлтэй" хүмүүст:

  1. Н.Алтанхуяг 
  2. Д.Бат-Эрдэнэ
  3. Н.Батбаяр
  4. Х.Баттулга
  5. Ц.Баярсайхан
  6. Л.Болд
  7. Л.Гантөмөр
  8. Д.Ганхуяг
  9. С.Оюун
  10. Ц.Оюунгэрэл
  11. Ч.Сайханбилэг
  12. Я.Санжмятав
  13. М.Сономпил
  14. Х.Тэмүүжин
  15. Д.Тэрбишдагва
  16. Ч.Улаан
  17. С.Эрдэнэ нарын нэр бичигдэж байна. Тэгэхээр дээрх эхмүүд хэр шударга хүн бэ. Энэ бүхэн өнөөдрийн чуулганы хуралдааны дараа иргэдэд тодорхой болох биз ээ.

 

Н.Чинзориг