Банкаар үйлчлүүлж байгаа иргэн та ахаарал болгоомжтой байхгүй бол теллерийн буруутай үйлдлээс болж ялтан болж болзошгүй цаг үе ирсэн байна. Тодруулбал Хаан банкны теллерийн анхаарал болгоомжгүй үйлдлээс болж өнөөдөр нэг хүн ялтан болоод байна.

Ш.Б нь Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ХААН банкны салбараас 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гүйлгээ хийж бэлэн мөнгө авахдаа андуурагдсан гүйлгээний улмаас илүү олгогдсон 500.000 төгрөгийг завшсан гэх хэргээр ял сонсчээ.

Энэ талаар ял сонссон Ш.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Би 2017оны 10 сарын 18-нд ХААН банкнаас 4.530.000 төгрөгний зээл авсан юм. Гэтэл намайг 500.000 төгрөг илүү авсан гэсэн. Надад илүү авсан мөнгө байхгүй. Тэр өдөр би 1 боодол 20.000, 1 боодол 10.000, 3 боодол 5000, 6 ширхэг 5000-н дэвсгэрт авсан. Би хүүхэддээ машин авахад нь туслахаар энэ мөнгийг 10 сарын 18-нд аваад 10 сарын 25-нд хүүхэддээ өгсөн. Банкнаас мөнгө авсан өдрөө 640.000 төгрөгийг Шонхор гэдэг жолоочид өгсөн. Жолоочид 20.000 төгрөг, туслах жолоочид 10.000 төгрөг бэлэглэсэн. Өөрийн хүү Харжаад 10.000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг бүгдийг нь 5000-н дэвсгэртээр өгсөн. Өөр мөнгө зарцуулаагүй. Нийт 680.000 төгрөг хэрэглээд үлдсэн мөнгийг нь хүүхэддээ өгсөн. Илүү мөнгө өгсөн гэдгийг 2017 оны 10 сарын 19-ний өглөө банкнаас ярихад нь мэдсэн. 10 сарын 25-ны өглөө би цагдаа дагуулаад ХААН банк дээр очоод бичлэг үзье гэхэд гацчихсан гэсэн” гэж мэдүүлжээ.

Харин ажилдаа хариуцлагагүй хандаж үйлчүүлэгчид илүү мөнгө өгсөн теллер шүүхийн хэлэлцүүлэгт : “2017 оны 10 сарын 18-нд Ш.Б гуай надаар зээл гаргуулсан юм. Баримтад бичсэнээр би Ш.Б гуайд 1 боодол 20.000, 1 боодол 10.000, 1 боодол 5000, бутархайгаар 20.000-н дэвсгэрт 32 ширхэг, 10.000-н дэвсгэрт 32 ширхэг, 5000-н дэвсгэрт 6 ширхэгийг өгөх ёстой байсан. Гэтэл би 5000-н дэвсгэртийг 1 боодол илүү буюу нийт 2 боодол 5000-н дэвсгэрт өгчихсөн байсан. Илүү мөнгө өгсөн гэдгээ орой гүйлгээ хаагаад ахлах теллерт кассаа тааруулж өгөхдөө мэдсэн. Тэгээд камер шүүж үзэхэд Ш.Б гуайд илүү мөнгө өгсөн байсан. Ш.Б гуай 640.000 төгрөгийг Шонхор гэдэг жолоочид өгсөн. Жолоочид 20.000 төгрөг, туслах жолоочид 10.000 төгрөг тус тус бэлэглэсэн. Өөрийн хүү Харжаад 10.000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг бүгдийг нь 5000 дэвсгэртээр өгсөн гэж байгаа боловч банк дээр буцааж ирсэн мөнгийг нь шалгахад 20.000, 10.000, 5000-н дэвсгэртүүд бүтнээрээ байсан. Миний өгсөн бутархай мөнгө байхгүй байсан. Би банкнаас дутаасан 500.000 төгрөгийг өөрөө төлсөн. Иймд Ш.Б-ас 500.000 төгрөг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү“ гэж мэдүүлсэн байгаа юм.

Харин энэ хэргийг тухайн өдөр нь Хаан банкныхан мэдсэн. Улмаар камер шүүж хэргийг мэдснээр цагдаад хандсан байдаг.  Алдаа гаргасан теллер тухайн банканд ажилд ороод 10 гаруй хонож байхдаа л ийнхүү алдсан байгаа юм.

Улмаар шүүхээс Ш.Б нь алдаатай гүйлгээний улмаас илүү олгогдсон 500.000 төгрөгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ц.Б-ын мэдүүлэг, гэрч Т.Ганбаатар, С.Аймбек нарын мэдүүлэг, шүүх хуралдаан дээр эд мөрийн баримтаар шинжилсэн 2017 оны 10 сарын 18-ны өдрийн ХААН банкны Булган тооцооны төвийн камерийн бичлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн.  Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шудрага ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохиролын хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нь тохиросон эрүүгийн хариуцлага хүлээлгэж, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Ш.Б-иас 500.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Б-д олгох нь зүйтэй гэж шүүх үзсэн. Өөрөөр хэлбэл Ш.Б-ийг алдаатай гүйлгээ завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.

Өөрөөр хэлбэл иргэн тa банкаар үйчлүүлж байгаа бол теллерийн дэргэд мөнгөө давхар тоолж байна уу? Эс бөгөөс ийнхүү гэмт хэрэгтэн болох нь байна.  

А.Баярмаа