Өөрийгөө амьд бурханд өргөмжилсөн Шоко Асахарагийн түүх
2018/07/07
1995 онд Токиогийн метронд хорт хийн халдлага зохион байгуулж, олон хүний аминд хүрсэн хэргээр ялын дээд хэмжээ аваад байсан Аум Шинрикё шашны бүлгийн тэргүүн Шоко Асахара өнөөдөр долоон гишүүний хамт цаазлуулжээ.
Үс, сахалдаа баригдсан тэр нэгэн үе 10,000 хүртэл гишүүнтэй болоод байсан бүлэг дотроо амьд бурхны хэмжээнд өргөмжлөгддөг байсан гэдэг. Харин шоронгийн эх сурвалжуудын мэдээлснээр амьдралын сүүлийн жилүүддээ Асахара эрс өөрчлөгдөж, үс сахалгүй болоод байсан гэнэ.
2008 оны дундаас эхлэн тэр гэр бүл, өмгөөлөгч нартайгаа уулзахаас татгалзах болсон байна. Жинхэнэ нэр нь Чизуо Мацумото гэдэг Асахара жорлон ашиглахаас татгалзаж, үргэлж насанд хүрэгчийн живх хэрэглэдэг сонин зуршилтай байжээ. Гэхдээ түүний оюун санаа, бие бялдарт ямар нэг өвчин эмгэг тусаагүй, эрүүл байсныг шоронгийнхон баталсан байна. Бараг хараагүйд тооцогддог Асахара 1980-аад оны үеэс өөрийн шашны урсгалыг бий болгожээ.
Түүнийг маш хүчтэй тархи угаагч, бусдын сэтгэлийг татах авьяастай нэгэн байсныг гэрчүүд баталдаг. Тиймээс Японы нийгэмд ганцаардаж, шоовдорлогдсон залуусыг олноор татаж чаддаг байжээ. Тэрээр 1997 онд тохиох ертөнцийн сүйрлийн дараа шинэ ертөнцийг бий болгоно хэмээн номлож, уг гамшгийг тэсэж давах бурхны хүчийг олж авахад нь тусална гэж дагагчдадаа амладаг байсан гэнэ.
Асахара 1955 оны гуравдугаар сарын 2-нд өмнөд Кюшү арлын Яцуширод дэрсэн олбог, гудас үйлдвэрлэгч ядуу гэр бүлийн есөн хүүхдийн нэг болж мэндэлсэн байна. Тэрээр 1980-аад оны үеэс Аум Шинрикё бүлгийг байгуулахдаа өөрийгөө Асахара гэж нэрлэх болжээ. Асахара 6 настайдаа хараагүй хүүхдийн сургуульд орж, зэрлэг танхай зангаараа тэр дороо алдаршсан байна.
“Хүчирхийлэл бол түүний хобби байсан. Нэг уурлавал түүнийг зогсоох арга байгаагүй” гэж түүнтэй цуг суралцаж байсан хүн дурссан байдаг.
Асахара зүү эмчилгээнд суралцаж, 19 насандаа сургуулиа төгсжээ. Хараа муутай тэр цааш анагаахын их сургуульд орж чадаагүй бөгөөд Токиогийн их сургуулийн хуулийн ангид элсэх оролдлого нь ч бүтэлгүйтсэн байна. 1978 онд тэр Томоко хэмээх бүсгүйтэй гэрлэж, дөрвөн охин, хоёр хүүгийн эцэг болжээ.
Үүнээс 4 жилийн дараа тэр анх удаагаа хууль зөрчиж, Токиод зүү эмчилгээ явуулахын хажуугаар хуурамч эм зарсан хэргээр баривчлагдсан байна. Уг хэргийн дараа Асахара Энэтхэгт очиж, шашны ном уншиж судлан, хоёр жилийн дараа йогын багш болж эргэн иржээ. Тэр өөрийгөө Хималайд байхдаа гэгээрсэн хэмээн зарлаж, дорнын хэд хэдэн шашны холимог эзотерик номлол бий болгон өөрийгөө тэргүүнээр нь өргөмжилсөн байна. Түүний шавь нар багшийгаа далдыг мэдрэх чадвартай, агаарт хэдэн цаг тогтож чаддаг байсан гэж ярьсан нь бий.
1990 онд Асахара болон түүний шавь нар парламентын сонгуульд өрсөлдөж, ялагдсаныхаа дараа хүчирхийллийн замыг сонгожээ. Улмаар 1995 оны гуравдугаар сарын 20-нд тэд Токиогийн метронд өглөөний ид ачаалал ихтэй цагаар химийн зэвсэг хэрэглэж байв. Уг халдлага дэлхийг цочроож, Асахарагийн бүлгийнхнийг баривчлах ажиллагаа Японд эхэлсэн юм.
Урт хугацаанд үргэлжилсэн шүүх үйл явцын эцэст 2006 онд түүнд цаазын ял оноож байжээ. Бусад 12 шавь нь мөн цаазын ял сонссон юм.
Аум Шинрикё бүлэг 2000 оноос эхлэн албан ёсоор Асахарагаас салж, Алеф гэх нэртэй болсон хэдий ч түүний нөлөө хүчтэй хэвээр байгаа гэж судлаачид үздэг. Уг бүлгийнхэн одоог хүртэл Асахарагийн зургийг тахиж, хоолойн бичлэгийг нь сонсож, мөргөл үйлддэг гэнэ.
Одоо Японы эрх баригчид Асахарагийн дараагийн их багш тодрохоос ихэд болгоожилж байна.