Килиан Мбаппе: ''Зургаан настайгаасаа хойш дэлхийн аварга болохыг мөрөөдсөн''
2018/07/17
Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг залуу тоглогчоор шалгарсан Францын шигшээ багийн бахархал Килиан Мбаппе “Ле Монде” сонины сурвалжлагчтай сонирхолтой яриа өрнүүлсэн байна. Хорватын шигшээ багтай хийх ширүүн тулааны өмнө өгсөн К.МБАППЕГИЙН ярилцлагыг хөрвүүлэн хүргье.
-Мишель Платини "Хөлбөмбөг бол харгислалгүй спорт" гэсэн байдаг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Хөлбөмбөг бол миний төгс чаддаг ганц зүйл. Хөлбөмбөг ямар ч спорт, хар тамхинаас илүү хүн төрөлхтнийг татдаг увидастай. Аль ч улсын нийгэмд хөлбөмбөг хүчтэй нөлөө үзүүлдэг. Гэхдээ энэ бол донтолт биш. Хүмүүс 90 минутын турш амьдралаа мартахаар цэнгэлдэхэд ирж байна шүү дээ. Тиймээс үзэгчдээ хүндэтгэж, үзүүштэй, сонирхолтой тоглолт үзүүлэх нь бидний ажил. Суудлаас нь өндөлзүүлж, тоглолт дууссаны дараа сэтгэл хангалуун гарч, өглөө нь аз жаргалтай сэрэхээр байлгах учиртай. Намайг хүүхэд байхад надад тоглолтоос яг ийм мэдрэмж төрдөг байсан. Олон хүн надтай адилхан байх.
-Таныг олон сая хүн харж байгаа гэж бодохоор өөрөөрөө бахархах сэтгэл төрдөг үү?
-Би зургаан настайгаасаа дэлхийн аварга болохыг мөрөөдсөн. Мөрөөдлөө биелүүлэх торгон мөчид олон сая хүн надтай хамт байгаа гэж бодохоор сайхан санагдаж байна. Дэлхийн аваргын цом бол миний мөрөөдөл. Маш гоё цом. Алтаар хийсэн шүү дээ. Алт бол бүхний анхаарлыг татах увдистай. Энэ цомыг хэдхэн хором ч болтугай толгой дээрээ өргөх тэр мэдрэмжийг өөр юутай ч зүйрлүүлшгүй.
-Францын шигшээ баг 1998 онд дэлхийн аварга болсон түүхтэй. Энэ удаад үзүүр түрүүнд үлдлээ. Түүхэн амжилтаа ахиулах нь таны зорилго уу?
-Би 1998 оны арванхоёрдугаар сард төрсөн учраас Францын шигшээ баг дэлхийн аварга болсон түүхэн мөчийг харж чадаагүй. Гэхдээ тэр үед улс орон тэр чигээрээ галзуурсан мэт баярлан хөөрсөн тухай бусдаас олонтаа сонссон. Зидан шигшээ тоглолтод Бразилийн хаалганд хоёр гоол оруулсан тухай хүмүүс одоо ч ярьдаг. Гэхдээ бид өөрсдийгөө 1998 оны аваргуудтай харьцуулмааргүй байна. Үе болгонд өөрийн гэсэн түүх бий. Бид биш тэд л 1998 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. Д.Дешам бидэнд 1998 оны ялалтын талаар ярьж байсан. Тэр үеийн шигшээ баг маш хүчирхэг, нэгдмэл баг байсан гэдгийг бид мэднэ. Дешам, Зидан нар найз байсан эсэхийг сайн мэдэхгүй юм. Гэхдээ багийн тоглолт хийхэд Рональдо, Рональдино, Роберто Карлос нар шиг найзууд байх албагуй. Харин нэг нэгнийхээ төлөө байж, багийнхаа төлөө золиос гаргаж чаддаг, хоорондоо сайн ярилцдаг байх бол зайлшгүй шаардлагатай. Бид өөрсдийн түүхийг бичиж байгаа учраас энэ жилийн дэлхийн аваргад түрүүлсэн ч 2026, 2030 оны шигшээг "2018 оны шигшээгийн залгамжлагчид" гэж ярихад дургүй байх болов уу.
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний онцлогийг тодорхойлбол. Францын шигшээ багийг хэтэрхий олон өнгөт арьст тоглогчтой гэсэн шүүмжлэл гарсныг хэрхэн тайлбарлах вэ?
-Клубийн түвшинд Аваргуудын лиг зэрэг том тэмцээн байна. Гэхдээ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг бүх улс, үндэстэн үзэж, сонирхдогоороо онцлогтой. Франц улсаар овоглодог хүн бүрийг аз жаргалтай болгох эсэх нь хөлбөмбөгчдийн гарт байдаг. Ерөнхийлөгч, хотын дарга, тасалбар түгээгч байсан ч ялгаагүй Бид түрүүлж гэмээн "Шигшээ багт хэтэрхий олон хар арьст тоглогч байна" гэсэн шүүмжлэлээс зугтаж чадна. Энэ бол шүүмжлэлээс зугтах арга зам. Баг нь түрүүлчихээд байхад "Тэд түрүүлсэн, гэхдээ хэтэрхий олон хар арьст тамирчидтай байсан" гэсэн шүүмжлэл би л лав сонсоогүй юм байна.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин