Манаачийг хэн манах вэ
2014/02/06
Монгол Улсад Үндсэн хуулийн үзэл санаа, түүний тулгуур зарчмыг уландаа гишгэх явдал шинэчлэлийн Засгийн газрын үед газар авлаа.
Ялангуяа Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Үндсэн хуулийг удаа дараа бүдүүлгээр зөрчих байдал хэрээс хэтэрч байгааг хэн хүнгүй харж байна. Түүнийг ийнхүү Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчихөд хамгийн ихээр өөгшүүлэн дэмжиж байгаа буруутай хүчин зүйл нь Үндсэн хуулийн Цэц, түүний зарим гишүүд өөрсдөө гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн Цэцийн зарим гишүүн улс төрийн хүчнээс хараат бус, бие даасан байх гэсэн чухал зарчмаар ажиллаж чадахгүй иргэдийн итгэлийг хүлээж чадахааргүй болсон гэх шүүмжлэл ч олны дунд гараад буй. Үндсэн хуулийн Цэцээр ихэвчлэн улс төрийн ач холбогдол бүхий маргаан шийдвэрлэгдэж байдаг. Тийм ч учраас маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нэг тал нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн дээд байгууллагын төлөөлөгч байдаг. Энэ тохиолдолд Үндсэн хуулийн Цэцийн гишүүн шийдвэрээ гаргахдаа улс төрийн байр суурь сэдэлтээр бус эрх зүйн онол, үзэл баримтлал, суурь зарчмыг үндэслэлээ болгох шаардлагатай. Цэцийн гишүүний гаргах шийдвэр хэнээс ч хараат бус байх учиртай. Гэтэл энэ байдал зарим тохиолдолд биелэлээ олохгүй байгааг жишээ дурдан өгүүлье.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хууль зөрчсөн үйлдлийг хянан шийдвэрлэхээр томилогдсон Цэцийн гишүүн Т.Лхагваа дээрх шаардлагыг ханган ажиллаж чадахгүй байгаагаас гадна Ерөнхий сайдын хууль зөрчсөн үйлдлийг хайцаалан хамгаалж, түүний гарын хүн мэт ажиллаж байгаад шүүмжлэлтэй хандах хүн олон байна. Тодруулбал, тэрбээр Ерөнхий сайдын нэр дээр үүссэн нэгэн маргаан дээр хууль зөрчин ажиллажээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүн өнгөрсөн онд Баянхонгор аймгийн Засаг даргаар Д.Жаргалсайханыг томилсон нь өдгөө ч шүүмжлэл дагуулсаар байгаа.
Энэ асуудлаар нэр бүхий иргэд Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасны дагуу Цэц маргаан үүсгэх шаардлагатай гэж үзээд “Нэр бүхий иргэдээс гаргасан мэдээллийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайд 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 80 дугаар захирамж гарган Б.Жаргалсайханыг Баянхонгор аймгийн Засаг даргаар томилсон нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсүгэй” гэж тогтоон, хурлын бэлтгэл ажиллагааг хангахыг зохих албан тушаалтанд даалгасан шийдвэр гаргасан байдаг.
Гэтэл ийнхүү хуралдааны бэлтгэлийг хангах явцад ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг маргаан шийдвэрлэхээр томилогдсон Т.Лхагваад дунд суудлын хуралдааны товыг боломжтой хугацаагаар хойшуулж өгөх хүсэлтийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хүргүүлсэн юм. Гэтэл үүнээс сар хүрэхгүй хугацааны дараа буюу арванхоёрдугаар сарын 6-нд Т.Лхагваа нэгэн шийдвэр гаргажээ. Ингэхдээ “Зохих ажиллагааг явуулсны үндсэн дээр “Мэдээллийн зарим шаардлагаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх, зарим шаардлагаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзах тухай” 111 дүгээр тогтоолыг гаргасан байх юм. Өөрөөр хэлбэл, хурлын бэлтгэл ажиллагаа эхлэх үед ЗГХЭГ-аас хугацаа хүссэн нь хожим дээрх шийдвэрийг гаргахын урьтал болсон нь ийнхүү тодорхой болж байна. Ерөнхий сайд өөртэй нь холбоотой үүссэн маргаанд Хэрэг эрхлэх газрын даргаа оруулан байж, ийнхүү Цэцийн гишүүнд нөлөөллөө гэх хардлага ч учир мэдэх хүмүүст төржээ. Ийнхүү Цэцийн гишүүн тодорхой хэргийг хэрэгсэхгүй болгосны дараа Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан өнгөрөгч арванхоёрдугаар сарын 27-нд Баянхонгор аймгийн сум дундын шүүхэд “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, Засаг даргаар ажиллах хүн төрийн албанд гурваас дээш жил ажилласан байх ёстой гэсэн хуулийн шаардлагыг хангаагүйгээ хаацайлан шүүхэд хүртэл хандсан юм.
Гэтэл түүний ийнхүү ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд хандаж байгаа үйлдэл нь “Миний нас хүйс, намтар түүхийг тогтоогоод өгөөч” гэсэнтэй агаар нэг асуудал юм. Энэ мэт Цэцийн гишүүн бүү хэл, жирийн иргэнд ойлгомжтой асуудлыг хав дарж байгаа нь энэ юм. Эндээс харахад Цэцийн гишүүн албан тушаалтны аманд орж байна гэж дүгнэхээс өөр аргагүй юм. Угтаа Т.Лхагваа уг хэрэгт маргаан үүсгэхээс татгалзан гаргасан тогтоол хууль зөрчсөн үйлдэл гэдгийг хуульчид ч хэлж байна. Цэцийн гишүүн Т.Лхагваа нь мэдээллээр маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоо Үндсэн хуулийн Цэцийн даргын 2006 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 6/06 тоот тушаалаар батлагдсан Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай дэгийг үндэслэн гаргажээ. Харин Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Цэцийн шийдвэр нь Үндсэн хууль, Үндсэн хуулийн цэцийн тухай хууль болон энэ хуулийн холбогдох заалтын үг, үсэг, утга санаанд бүрэн нийцсэн нөхцөлд хууль ёсных болно. Цэц болон Цэцийн гишүүн Үндсэн хууль болон Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн заалттай харшлаагүй хуулийн заалтыг удирдлага болгож болно.” хэмээн заажээ.
Дээрх хуулийн заалтаас харахад Цэцийн гишүүн шийдвэрээ гаргахдаа зөвхөн хууль, хуулийн заалтыг удирдлага болгох ёстой. Чухам ийм шаардлагыг хангасан нөхцөлд шийдвэр нь хууль ёсных болно гэснээс биш дотоод үйл ажиллагаандаа мөрдөх зорилгоор даргын тушаал, тогтоолоор баталсан дэг, журмыг удирдлага болгоно гэж заагаагүй байна. Үүнээс үзэхэд Цэцийн гишүүн Т.Лхагваа “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгох тухай” 03 дугаар тогтоолоо гаргахдаа Үндсэн хууль болон Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн заалттай харшлаагүй хуулийн заалтыг удирдлага болголгүй дэгийн заалтыг удирдлага болгосноороо Үндсэн хууль болон бусад хуулийг улаан цайм зөрчсөн үйлдэл гаргажээ. Түүнчлэн Цэцийн гишүүн Т.Лхагваа 03 дугаар тогтоолоо гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийн заалтыг буруу хэрэглэсэн байна. Тодруулбал, тогтоол гаргахдаа Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтыг удирдлага болголоо гэсэн байна. Гэтэл уг хуулийн заалт нь “Үндсэн хууль зөрчсөн тухай иргэнээс ирсэн мэдээллийг хүлээн авсан гишүүн анхны шалгалтыг 14 хоногийн дотор хийж маргаан үүсгэх эсэхийг өөрийн санаачилгаар шийдвэрлэнэ “ гэсэн байтал Т.Лхагваа 2013 оны 12 дугаар сарын 6-ны өдөр буюу бараг 50 гаруй хоногийн дараа маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх тогтоолоо гаргасан байгаа юм. Энэ 50 гаруй өдрийн хугацаанд анхны шалгалтыг холбогдох нотлох баримтуудын хүрээнд хийж маргаанд холбогдол бүхий этгээдийн хууль зөрчсөн байдлыг тогтоож, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хууль зөрчсөн талаар итгэл, үнэмшилтэй болсны үндсэн дээр өөрийн шийдвэрийг хуулийн дагуу гаргасан байна. Эцсийн дүндээ Т.Лхагваа нь хуульд заасан анхны шалгалтаа хийж маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх тогтоолоо хэдийнэ гаргасан байсан учир дээрх хуулийн заалтыг удирдлага болгосон нь алдаа болсон гэдгийг туршлагатай хуульч хэлсэн юм. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг удаа дараа Үндсэн хуулийг зөрчиж дээрээ хөх тэнгэрээс өөргүй Цэцийг ч үл тоосон үйлдэл нэгээр зогсоогүй юм.
Жишээ нь тэрбээр Үндсэн хуулийн Цэц хуралдахын өмнөх өдөр шийдвэрээ цуцалдаг. Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилж ирүүлдэггүй, үл тоодог гэх мэт үйлдэл гаргаж байсан удаатай. Түүний энэхүү үйлдлийг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа “Цэцийн түүхэнд гарч байгаагүй бүдүүлэг үйлдэл “ хэмээн хурцаар шүүмжилж байсан удаатай. Энэ удаад ч мөн гүйцэтгэх засаглалын тэргүүн Үндсэн хууль зөрчсөн өөрийн үйлдлээ хайцаалахын тулд ЗГХЭГ, хууль бусаар томилогдсон Засаг дарга Д.Жаргалсайхан нарыг ашиглаж байгаагаас гадна хамгийн хортой нь Монгол Улсын шүүх засаглал, шударгаар ажиллаж байсан шүүгчдийг хүртэл татан оролцуулж хүрээгээ өргөтгөн улайрч байгааг шүүмжлэх хүн олон байгаа юм. Цаашлаад албан тушаалтнуудын энэ мэт Үндсэн хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоох үүрэгтэй манаач Үндсэн хуулийн Цэцийн гишүүн тэдний дохио зангаагаар хуулиа зөрчин тэдэнд үйлчилж байгааг хэн хянаж, хариуцлага тооцох вэ. Ер нь Цэцийн гишүүд дээр дурдсан мэтээр алдаа завхрал гэхүү эсвэл амин хувийн ашиг сонирхлын үүднээс шийдвэр гаргадаг болсныг шүүмжлэх хүн олон болсон. Гэхдээ зүгээр ч нэг жирийн иргэн бус учир мэдэх төрийн хүн хүртэл ийнхүү шүүмжилж байлаа. Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр “ Цэцийн гишүүд мэдлэг боловсрол, онолын хувьд ч хоцрогджээ. Ер нь шүүхийн шинэтгэлийн бодлого Үндсэн хуулийн Цэц рүү ямар нэгэн байдлаар орохгүй бол болохгүй болсныг харуулж байна. Тэгэхгүй бол Цэцийн гишүүд гээд есөн хүний ноёрхол нийгэмд тогтож магадгүй дүр зураг харагдаж байгаа. Уг нь Үндсэн хуулийн Цэц нь хаягдсан улстөрчдийн цуглуулга байдаггүй. Улс төрийн мэдлэг, улс орны асуудлыг томоор харж чаддаг мэдлэг, зангарагийг шаарддаг байх ёстой" гэж шүүмжилж байсанд дүгнэлт хийх цаг болсныг энэ удаагийн Т.Лхагваагийн гаргасан шийдвэр харуулж байна.
Х.Буян-Очир