Эхийнхээ хараалыг хүртсэн эмэгтэй
2018/10/23
Юуны өмнө хатагтай Леонардо Сианциуллиг өөрийн хүүхдүүдийг бүхнээс өмгөөлж хамгаалдаг нэгэн байсан гэдгийг та мэдэх ёстой. Учир нь тэрээр нийт 17 хүүхэд төрүүлсэн боловч 13 хүүхдээ 10 нас хүрэхээс нь өмнө алдсан юм. Иймдээ ч хүн болж чадсан дөрвөн хүүхэд байж болох хамгийн дээд хэмжээний анхаарал халамжийг хүртдэг байсан нь мэдээж. Түүний хүүхдүүдийн нэг болох Гуисеппег гурван бүсгүйн амийг хөнөөсөн хэргээр цагдаагийн газрынхан баривчлах үед түүний ээж Сианциулли цагдаагийн газарт бүхий л хурдаараа очин гэм буруугаа хүлээсэн байдаг. Гэхдээ Сианциулли зөвхөн аллага хийсэн гэдгээ хүлээгээд зогсохгүй тэднийг хөнөөсний дараа биеийг нь буцалгаж цусаар нь бялуу хийж өөхөөр нь саван бүтээдэг байсан тухай нарийвчлан ярьж өгсөн юм. Эцэст нь тус бялуу болон савангуудаараа хөрш айлын хүмүүсээ тун найрсгаар дайлдаг байсан гэдгээ ч хэлсэн байна.
Гайхалтай нь хатагтай Леонардо Сианциулли үргэлж мангас байгаагүй юм. Түүнийг туулж өнгөрүүлсэн өсвөр насны амьдрал нь ийм нэгэн болгоход хүргэжээ. Насанд хүрэхээсээ өмнө тэрээр хоёр ч удаа амиа хорлохоор оролдоод аврагдаж байсан байна. Насанд хүрсний дараа тэрээр бүртгэлийн газарт ажилладаг нэгэн залуутай гэрлэсэн боловч бүсгүйн ээж нь үүнийг нь огт зөвшөөрөөгүй байдаг. Түүнийг ээж нь салахыг шаардсан бөгөөд эцэст нь төрсөн охиноо хэлж байгаад амьдралыг нь хараасан аж. Тухайн цагаас хойш бүсгүйн амьдрал там болон хувирсан юм. Гэвч яг түүний амьдралд ирээдүйд тохиолдсон гай барцад бүхэн эхийнх нь хараал гэдгийг батлах боломжгүй боловч гэрлэлтийн дараа амьдрал нь жинхэнэ утгаараа там болон хувирсан байна. Гэрлэлт болсноос хэдхэн жилийн дараа тэрээр луйврын хэргээр хоригдсон бол гурван жилийн дараа газар хөдлөлтийн улмаас гэр орон нь нурж сүйдсэн юм.
Тэрээр 17 удаа жирэмсэн болж байсан боловч тэднээс 13 нь төрөх үеийн эндэгдэл эсвэл бага байхдаа өвчин тусан амиа алдсан байдаг. Арга барсан бүсгүй ирээдүйг хэлдэг гэх Румын гаралтай зөнч дээр очин бүх учраа хэлэн асуухад тэрээр “чиний баруун гарт шорон, зүүн гарт гэмт хэрэг харагдаж байна” гэжээ. Ийнхүү Румын гаралтай зөн билэгчийн үгэнд итгэсэн тэрээр өөрт тохиолдсон бүхнийг ээжийнхээ хараалтай холбон ойлгож туйлын мухар сүсэгт итгэмтгий нэгэн болсон байна. Дэлхийн 2-р дайн эхэлж 1939 онд түүний хүү Гуисеппе Италийн армид элсэхээр болсон тухайгаа ээждээ хэлэхэд тэрээр хүүхдээ эрүүл аюулгүй байлгах цор ганц арга байгаа тухай бодож уг арга нь амьд хүнээр тахил өргөх хэмээн өөртөө итгүүлжээ.
Ийнхүү тэрээр уг их хэрэгтээ хэнийг золиослохоо бодсоор эцэст нь араас нь хэн ч сураглахгүй ганц бие хөгшин эмэгтэй болох Фаустина Сеттиг сонгосон байна. Тэрээр хөгшин эмэгтэйг гэртээ урин гадагшаа аялалд явахдаа түүнийг хамт авж явах санаатай байгаа тухай хэлж итгүүлэн өөрийнх нь гараар хамаатан саданд нь гадагшаа аялахаар явсан тул битгий санаа зовоорой гэх утгатай үгс бичүүлээд түүнд мансууруулах үйлчилгээтэй дарс уулган алмаар сүхдэж амийг нь хөнөөсөн байна.
Гэвч түүний хүүд заналхийлж буй аюулаас сэргийлэхэд ердөө ганц хүний амь хангалтгүй хэмээн тэр бодсон байна. Ийнхүү дараачийн олзоо хайж эхэлсэн бөгөөд мөн л ганц бие бүсгүй Францеска Соави байв. Түүнийг ч мөн адил хөгшин эмэгтэй Фаустина Сеттигийн нэгэн адил гэртээ оруулан гадны улсад Итали хэл заалгахаар явах гэж байгаа тухай захиаг найзууд уруу нь бичүүлсэн байна. Үүний дараа яг л урьдын адил дарсаар мансууруулж хөнөөж цусаар нь бялуу хийж бүх мөнгийг нь өөртөө авсан байдаг. Харин гурав дахь хохирогч Виржиниа Касиоппод Флоренц хотод ажил олж өгөхөө амлан хөнөөсөн бөгөөд түүний цогцсоор хийсэн бялуугаараа хөрш айлынхаа хүмүүсийг дайлсан юм.
Гэвч мухар сүсэгт итгэсэн алуурчин бүсгүй 3 дахь хохирогч дээрээ нэгэн алдаа гаргасан юм. Түүнийг дутуу судалсан бөгөөд уг хохирогч нь төрсөн эгчтэй байжээ. Төрсөн эгч нь түүний бичсэн захианд итгээгүй тул Сианциуллигийн гэрт очсон боловч хүн байхгүй байсан тул дүүгээ алга болсон хэмээн цагдаад бүртгүүлжээ. Цагдаагийнхан тэр дор нь Сианциуллиг эрэн сурвалжилж эхэлсэн байна. Эхэндээ бүсгүй өөрийгөө гэм буруугүй гэж эцсээ хүртэл зүтгэж байсан боловч цагдаагийнхан аминаасаа ч илүү хайрладаг дөрвөн хүүхдийнх нь нэгийг сэжиглэж эхэлсэн юм. Иймд хүүхдээ аврахын тулд тэрээр хэргээ хүлээсэн юм. Мэдээж түүний хүүхдүүд энэ бүхэнтэй ямар ч хамааралгүй байлаа. Бүх хэргээ нэгэнт хүлээсэн тул түүнд 33 жилийн хорих ял оноосон юм. Гэвч 1970 онд 79 настайд нь буюу яг шоронгоос суллагдах жил хөгшин алуурчин бүсгүй өвчний улмаас шоронд нас баржээ. Түүнийг улсын байгууллагаас чандарлан гэр бүлд нь чандрыг нь явуулсан юм. Харин аллага үйлдэхдээ хэрэглэж байсан хэрэгслүүдийг Ром хот дахь гэмт хэргийн музейд илгээжээ.
Эх сурвалж: Tuuh.mn