Энэ удаа нэгэн чухал түүхэн баримтыг бяцхан тайлбартайгаар толилуулж байна. Энэ бол 1911 онд Монголын хаад ноёдоос Оросын цагаан хаанд хандан тусламж гуйсан бичиг юм. Манай анхны гадаад жинтэй баримт бичиг, үндэсний сэргэн мандалтын эхлэлийг тавьсан нэн чухал баримт.


Гэвч монголчуудаас илүү гадаадынхан ихэд анхааран судалсан байдаг нь дэндүү харамсалтай. Уг нь олон удаа янз бүрийн ном бүтээлд хэвлэгдэж байсан боловч төрөлхийн номонд дургүй манайхан бараг тоож уншдаггүй юм. Намайг “юм” бичихээр “баримтаа үзүүл” гэж солиордог өвчтэй баагийнууд үүнийг уншина гэж ёстой номонд хазгай. Тэгсэн атлаа манайхан түүх мүүх гэж дэндүү их солиорно. Миний хувьд энэ агуу их түүхэн баримтыг муулдаггүй боловч онцгой их сайшаадаггүй. Гэвч миний дүгнэлтээс үл хамааран түүхэн үйл явдал болдгоороо болсон. Гэвч ярих, дүгнэх юм олон буй…


Энэ бичигт манай түүхчид текстологийн болон агуулгын нарийвчилсан шинжилгээ одоо болтол хийж байгаагүй юм. Уг нь аль эрт хийчихсэн баймаар


Бичгийн агуулга мэдээж Оросоос тусламж гуйж байгаа. Гэхдээ тусламж гуйж буй үндэслэл, шалтгаан, асуудал, зорилго, логик дараалал зэргийг аваад үзвэл дорно дахины болон монгол сэтгэлгээний онцлог илт харагдана. Мөн сайтар ажвал ангийн буюу “феодал” шинж тод үзэгдэнэ.


Ямар ч гэсэн монголын хаад ноёд уламжлалт төрөө хадгалан үлдэхийг эрмэлзэж байжээ гэж баттай дүгнэж болно. Гэвч ямар уламжлалт төр гэсэн асуулт гарч ирнэ. Монголын эртний уламжлалт төр үү, эсвэл манжтай төстэй уламжлалт төр үү, эсвэл цоо шинэ шашинт төр үү гэдэг нь энэ бичигт мэдээж байхгүй. Гэхдээ монголын хаад ноёд “хуучин хэв суртлаа алдахгүй” гэсэн зарчим барьж байсан нь тодорхой байна. Энэхүү “хуучин хэв суртал” гэдэгт мэдээж Богд хаан, шарын шашин хоёр байх нь тодорхой боловч бусад асуудлууд байхгүй.


Хэрэв зөвхөн энэ хоёр байх ахул “жижиг манж” улсаас онцын ялгаагүй болно. Эндээс Монголын хаад ноёд нийгмийн хувьсгал хийхээр тэмцэж байсан Орос, Хятад зэрэг олон орны хувьсгалчид болон реформаторуудаас сэтгэлгээ, үйлдлийн хувьд ихээхэн хоцорч байжээ гэж баттай дүгнэж болно.
Түүнчлэн энэхүү 21 зүйлд асуудлыг тавьсан дэс дараа ихээхэн чухал юм. Учир нь хувийн асуудлыг тэргүүн ээлжинд тавьсан бол явцуу эрх ашгийг илэрхийлэх нь мэдээж. Яг үүнийг батлах гэсэн мэт Монголын хаад ноёд хамгийн эхэнд “хэргэм тушаал залгамжлах ёс алдагдсан” болон “тоо бүхий цалингаа” авч чадахгүй болсноо тусламж гуйх 1 болон 2 дугаар шалтгаан болгожээ. Магад энэ нь санамсаргүй байж ч болох. Гэхдээ л би ингэж бодохгүй байна. Энэ мэтчилэн шинжлэн үзвэл их олон чухал зүйлийг танин мэдэж болно.


1911 онд сонгон авсан төрийн хэлбэр яав ч монголын уламжлалт төр байгаагүй, харин шашин төрийг хослон барьсан буюу “шашинт төр” хэмээх цоо шинэ хэлбэр байсан.


Энэ санааг би “Монголын анхны шашинт төр” өгүүлэлдээ нэгэнт бичсэн. Би өөрийн түвшинд иймэрхүү ажлууд хийж хэд хэдэн өгүүлэл бичсэн. Гэтэл монголын нэн шинэ түүхчид шинэлэг ажил хийхгүй атлаа намайг муу хэлсээр байна. Тэдний ажлын арга, арга зүй ихээхэн хоцрогдож, хамгийн гол нь ёс суртахууны наад захын “табу” алга болсон байна. Монголын нэн шинэ түүхчид судалгааны орчин үеийн аргуудыг огт мэдэхгүй байна. Иймээс тэд “шал буруу” түүх бичиж байна. Онолоо ч мэдэхгүй, практикаа ч мэдэхгүй бол түүхч гэж байсны хэрэг юун…


Хүмүүсийн ажлыг өмнөөс нь хийх ёсгүй учраас би толилуулан буй баримт бичгийн дундуур бяцхан тайлбарууд хийв. Энэ нь түүх судлагч залуучууд цааш сонирхон үргэлжлүүлж текстологийн болон сэтгэл зүйн зэрэг янз бүрийн анализ хийхэд нь тус нэмэр болог гэж санасных юм. Ингээд мөнөөх алдарт баримт бичиг…

1911 оны зун цаг Халхын Жавзандамба хутагт ба дөрвөн хаадаас бүх Монгол үндэстэн нь Манж хятадын дарлал дор тэсэш үгүй болсон учрыг гаргаж, тусгаар улс байгуулахад тусламжийг гуйж Орос Улсын хаанд өргөсөн бичиг.


Шашныг мандуулах амьтныг жаргуулагч Жавдандамба лам, Халхын Түшээт хан Дашням, Сэцэн хан Наваанцэрэн, Засагт хан Содномравдан, Сайн ноён хан Намнансүрэн нар хичээнгүйлэн,
Их Орос улсын Их цагаан хааны амгаланг эрж үнэн байдал учрыг гаргаж айлтгах нь:
Манай Халхын дөрвөн аймгийн монголчууд эртнээс нааш шарын шашныг шүтэж, өөрсдийн хэв суртлаар явтал, хожим манж хаан мандаж, шарын шашныг эрхэмнэн эрдэм өршөөлийг дэлгэрүүлсний тулд бидний багш анхлан үеийн Богд лам шарын шашныг эрхэмлэн манж хаанд шүтсээр хоёр зуу илүү он Монгол хан, ван, засгууд өөр өөрийн албат арддаа эзэн болж, газар орны ашгаа өөртөө эдэлж маш амар тайвнаар аж төрж буйд ойрноос нааш хятад түшмэд эрх барьж улсын эрхийг элдвээр самууруулахын дотор, ялангуяа шинэ засгийн дүрэм хэмээн нэрийдэж, завшаан дор монгол газрыг ашиг тариа хэмээх зэргээр эзлэн хуучин хэв суртлыг халж, эрх хүчийг бууруулан бүрэлгэх нь үнэхээр гашуун, үүнд Халх аймаг бүгдээр чармайн хэлэх нь манж хаан бурхан шашныг эрхэмлэж, эрдэм өршөөл маш бадарсны тулд урьд бид нар шүтэж дагасан нь эдүгээ нэр буй боловч үнэн үгүй дор хүрч, зовлон зүдгүүрийг үүсгэх нь цагаар нэмэгдэхийг аль хэн ч тодорхой мэдэх тулд эдүгээ хүсэх нь:


Тайлбар: 1. Монголчууд Манжийн үед “маш амар тайван” байсан, гэтэл сүүлийн үед төр хятаджаад “хуучин суртал” халагдаж зовлон зүдгүүр болсон байна. 2. Энд Манжийн төрийг огт муулаагүй байна. 3. Энэ бичиг халх дөрвөн аймгийг л төлөөлж байна.


Их Орос улсын их Цагаан хаан эрдэм өршөөл утга хүчин нэн их дээр шарын шашныг бадруулж, буян чуулганыг хязгаарлашгүй хураахын тулд урьд ноёдын гуйснаар их улс дор шүтэж бага улсын ёсоор харилцан туслалцваас бидний хуучин хэв суртал алдагдах үгүй бөгөөд шарын шашин нэн бадарч ашид амар тайвнаар баймой. Ийм санаа хүсэлтэй нь Өвөр Монголд ч бас ажиглагдаж буй. Эдүгээ учрыг гаргаж туслах хамгаалахыг эрсүгэй хэмээн олноор санаа нийлж зөвлөлдөн тогтсон. Үүнд лам би санавал урьд хожид байдал төлөв үнэн бөгөөд миний санаа мөн. Хянахад олон улсын тогтоосон хуулинд аливаа төр бага улс болбоос чийрэг их улсыг түшиж өөртөө тогтнох чийрэг их улс төр бага улсыг тэтгэн туслах ёсон буй тул учрыг гаргаж бичиг өргөн тусгайлан жанжин чин ван Ханддорж, да лам Цэрэнчимэд, түшмэл Хайсан нарыг зарсаны тулд их хаан үнэн байдал төлөвийг нэвт толидож, агуу өршөөлөөр нигүүлсэн үзэж даруйхнаа хамгаалан туслахыг их ганд бороог хүсэх мэт сүсэглэн гуйж, чин үнэнийг илрүүлэн өчүүхэн бэлэг сэлтийг хичээнгүйлэн өргөв.


Тайлбар: 1. “Хуучин хэв суртал” буюу манжийн төрийн хэв маягийг хэвээр хадгална гэдгээ тодорхой хэлж байна. 2. Олон улсын хэм хэмжээг дурдаж байна.
Цагаагчин гахай жилийн зуны сүүл сарын шинийн дөрвөн.
Хятад түшмэл манай Манж улсын эрхийг эзэлж эрт эдүгээ дор олон монголыг хилс бэрхээр дарлан зовоож хашруулан бүхий учрыг эдүгээ бидний мэдсэн амссан төдийгөөс товчлон гаргаж мэдүүлэхүй нь:


Нэгэн зүйл. Манай монгол хан вангуудаас дараалан засаг ба засаг бус олон түшмэд хэргэм тушаал залгамжлах зэрэг жинхэнэ хууль ёсоор явуулбаас зохих хэрэг зүйлд хятад түшмэд ямагт өчнөөн түмэн мянган лан мөнгө албадан хянан авч сая айлтгаж залгамжлуулах болсон бөгөөд хэрэв мөнгө зоос үлэмж хараахан тушааж чадахгүйг нь боогдуулан хойшлуулсаар энэ хэр зэрэг залгамжлан чадаагүй өчнөөн төчнөөн жилээр хүлээсэн засаг ба засаг бус ихээхэн бага түшмэд маш олон.


Тайлбар: 1. Хамгийн эхний асуудал бол “хэргэм тушаал залгамжлах”-ыг алдагдуулсан явдал болж байна. 2. Манжаас цол хэргэм авахдаа “өчнөөн түмэн лан мөнгөний” авилга өгдөг байжээ. 3. Хэргэм тушаал залгамжлан авч чадаагүй олон ноёд тусламж гуйж байна.


Нэгэн зүйл. Эзэн хаан жил бүр манай монгол олон ван засгуудад хууль ёсоор шагнаваас зохих торго будааны зэрэг тоо бүхий юмыг олон он дор өгсөнгүй. Манж хятад түшмэд завсраас шүүрэн авч ашиглаад эрх сүрээрээ айлгаж, ер нэг ч гомдох газар үгүй болсон билээ.


Тайлбар: 1. Удаах “том” асуудал бол манжийн төрөөс авч чадахгүй байгаа “тоо бүхий юм” буюу цалин байна. “Төрийн” цалин пүнлүүгүй болсон учир тусламж гуйж байна.


Нэгэн зүйл. Иргэн Монгол харилцан холбогдсон хэрэг зүйл байхул чухам алиний үнэн ташааг магадлахгүй ямагт Монголыг дарлан мушгиж, эд юмсыг аван хилс гүжир ял оноон алах, цөлөх зэргээр шийтгэх нь нэн олон болж, гашуудлыг хэлэх газар үгүйд хүрсэн бөгөөд иргэн ямар хүнд ялтай хэрэг дэгдээвч ер цээрлүүлэн шийтгэх явдал үгүй. Монгол хүн хааяа эндэгдэл буй ахул огт хамаарахгүй хүнийг боловч хүчээр холбогдуулан үг өчиг огт үгүйгээр онц хүнд ял оноох нь хилс бэрхийн туйл дор хүрсэн билээ.


Нэгэн зүйл. Монгол сайн хүнийг цухалдуулсаар бие зугтан гарах замын зуур тохиолдсон хошуудыг нам нийлэв хэмээн гүтгэж өчнөөн түмэн лан мөнгө албадан төлүүлэхээр тулган зовоож хэрэг шийтгэх түшмэдийг чандлан хадгалж буй нь үнэхээр хилстэй билээ.


Тайлбар: 1. Дээрх 2 зүйлд шүүхийн шударга бус, үндэстнээр ялгаварладаг байдлыг өгүүлж байна.
2. Хошуу нутагт ногдуулсан төлбөрт нийтээрээ том жижиггүй хохирдог байжээ.


Нэгэн зүйл. Манай ганц эрхэмлэх шарын шашны үндэс охь манлайн баруун зуугийн зальхай хэдэн түшмэд эзлэн завших арга мэх зохиож агсаар далай ламыг шахамдуулан гажуудуулж, айлган зайлуулаад одоо элдэв зүйлээр дарлаж, маш санааны даваар эзлээд буй нь манай шарын шашин үнэхээр үнэ үгүй хөнгөн болж, бас ханалыг мэдэхгүй манай олон монголыг нэгэн адил болгоё хэмээх санаа үзтэл илэрхий тул гомдолтой бөгөөд эмгэнэлтэй билээ.


Тайлбар: Манайд онцын их хамаагүй жишээ авч байна.


Нэгэн зүйл. Монгол газар шинэ засаг дэлгэрүүлэх нэрээр шалтгаалж олон иргэнийг нэн үлэмж хуруулан халхын хойт хязгаарын хэд хэдэн хошууны нутгийг зөнд нь хагалан тариа тариулж, нутаглан суулгахаар нэгэнт тогтоон бүхий нь монголын амьдралыг нэгмөсөн тасалж, хойт хязгаар захыг батлая хэмээсэн санаа лавтай мөн тул нэн цухалдаж хорсох билээ.


Нэгэн зүйл. Зах залгаалдаж суух олон хошуунд хятадаар тариа тариулж завдмагц харуулын монгол цэргийг татаж хятад цэрэг суулгаваас Орос Монгол хоёр харилцан найралдаж чадахгүй болно хэмээн зөвлөж буй нь сайн санаа бус үзтэл Хөлөн буйрын захын арван илүү харуулын монгол цэргийг татаад хятад цэргийг суулгаад хэдэн жил болов. Энэ нь манай Орос Монгол хоёрын харилцан туслалцах явдлыг таслая хэмээсэн маш хортой санаа билээ.


Нэгэн зүйл. Монгол газар олон иргэнийг элсэн хуруулж муж байгуулан олон хятад түшмэдээр Монголын олон засгуудын эрх хүчийг бууруулан хасахаар зөвшиж бүхий нь үнэхээр тачияадалтай билээ.


Тайлбар: 1. Энд засаг (ноёдын) эрх хүч буурах тухай ярьж байна, зүй нь монголын нийгэм, үндэстний тухай ярих ёстой. Ноёдын эрх хүч буурах нь тэвчихийн аргагүй асуудал болж байна.


Нэгэн зүйл. Хятад түшмэд шарын шашныг огт хэрэг үгүй дор үзэж, насан идэр лам нарыг цэргийн сургууль хийлгэн хурлын сүмийг цэргийн гэр болгон зул хүжийн хөрөнгийг цэргийн хэрэгсэл болгохоор зөвшиж бүхий нь үнэхээрийн хартай харгисийн туйл болсон билээ.


Нэгэн зүйл. Ойрхи хэдэн жилд олон иргэн олон замаар анги хуваан өчнөөн төчнөөнөөр нийлж цувалдсаар Хүрээний газар ба үүгээр түүгээр орж ирсэн нь маш олон бөгөөд хэрэв урьд Бадаргуулт төрийн арван долдугаар онд манай Өвөр монголын Ёст, Зуу, Уд хоёр чуулганы газар тариалан суусан олон иргэд гэнэт санаа нийлэн урваж, Монголын шар хар хөгшин залуу эр эм олон хүнийг ялгалгүй гэр оронг халдаж сүйтгэсний адил болоход хүрвээс үнэхээр гашууны туйл билээ.


Тайлбар: 1.Уг бичгийн гарчиг Халх дөрвөн аймгийг л төлөөлсөн, одоо Өвөр монгол орж ирж байна. Энэ нь Өвөр Монголын талаар хоёрдмол байр суурьтай байсныг харуулж байна.


Нэгэн зүйл. Манай Монгол манж улсад дагаж орсноос хойш олон зальхай иргэд маймаа худалдааны учир өөрсдийн юмыг онц их үнээр худалдан өгөх бөгөөд манай Монголын мал юмыг боогдуулан хялбар үнэ дор авах ба мөнгө зээлдүүлбээс хүүнээс хүү үржүүлж авсаар манай Монголыг нэгэнт яс чөмгөнд хүртэл ядууруулсан бөгөөтөл одоо шинэ засаг хэмээн нэрийдэж олон зүйлийн юмаас цөм гааль татвар хурааж, улмаар мөлжин элдэв зүйлээр үрэгдүүлэн бүхий нь манай Монголын хүчин яахин тэсэх билээ.


Тайлбар: 1. Эдийн засгийн талаар ямар ч бодлого алга байна.


Нэгэн зүйл. Угаас тогтсон хууль дор монгол иргэн харилцан ураг барилдах ёсонгүй бөгөөтөл одоо шинэ засгаар шалтгаалж хуучин хуулийг халж, монгол иргэн харилцан ураг барилдахаар ноднин жил зарласан нь үнэхээр хортой санаа мөн бөгөөд энэ мэт харанхуй засгийг манай монгол яахин дагаж чадах билээ.


Нэгэн зүйл. Манай олон монгол хошуунд бэлтгэсэн цэрэг үгүй боловч үлэмжхэн хурц зэвсэг олбоос эндэх хятад цэрэг хэдэн зуугаас илүү үгүй болхул ер айх явдал үгүй гагцхүү далдуур нууц бэлтгэсэн цэрэг олон байх ба дотоод газраас их цэрэг гаргаж ирэх болбоос хүчин тэнцэх үгүй болох тул одоо даруй энэ тэнгэрийн цэрэг илгээж туслан хамгаалахыг хүсэх билээ.


Тайлбар: 1. Зориг нэлээд шийдмэг байна. 2.Шууд цэргийн тусламж хүсэж байна.

 


Нэгэн зүйл. Манай Богд лам эхлэн дөрвөн хан олон ноёдын ийнхүү зөвөлгөөнийг манж хятадын этгээд сонсож мэдсэн нь магад буй за. Үүнийг урьдаар нэн даруй хянан сэрэмжилж бэлтгэх үгүй байгаад нэгэнт Хүрээний газар хор хөнөөлийг амсах дор хүрвээс дахин олон монголчууд санаа нийлж тус хамгааллыг хүртэж амьжрах үнэхээр бэрх болмой.


Тайлбар: 1. Манж, эсвэл хятадын тагнуул, эсвэл тэдэнд ховлон мэдээлэгчид байжээ. 2. Үүнийг тэд өөрсдөө ч сайн мэдэж байна. 3. Монголын голлох газар нь Хүрээ болох нь тодорхой байна. 4. Мөн тэд өөрсдийгөө монголын хамгийн чухал хүмүүс гэдэгт итгэлтэй байна.


Нэгэн зүйл. Эдүгээ Монгол нутгийн зах хязгаар харуулын газар цэрэг олныг цуглуулан тариа тариулах хэмээж буй нь тариачин хятад олширвоос ганц манай монголд хор болох төдий бус их улс дор мөн тус үгүй болох учрыг нарийвчлан мэдүүлэх юун хэрэг билээ.


Тайлбар: 1. Энэ санаа дээр гарсан. Гэхдээ энд бол оросуудыг хятадаар сүрдүүлж байна.
Дээрээс нэвт толилсоор буй аж.


Нэгэн зүйл. Эдүгээ манай монголчууд бүгдээр санаа нийлсэн ба их улс гадаад олон улс лугаа найр найрамдах болсны дээр манж улсын харъяат дотор газар бошгыг халах нам хэмээх муу хятад энд тэнд олон дэгдэж, самууныг үүсгэн бүхий ба цаазын засгийг байгуулан завдаагүй үес чухам манай орос монгол хоёрын найрамдах цаг болсон. Хэрэв энэ сайн тухай үеийг алдваас хожим алин этгээдийн хэрэг бүтэх үгүй, гэмшвээс гүйцэх үгүй болохыг мөн айлдан толилсоор байгаа буй за.


Тайлбар: Энд Сун ятсений удирдсан Түнмэнхой буюу Хувьсгалт Холбоог хэлж буй бололтой. Түнмэнхой 1905 онд байгуулагдаж Манжийн төрийг унагасан Синхайн хувьсгалд идэвхитэй оролцсон юм.


Нэгэн зүйл. Хятад хүн болбоос угаас төрөлх чанар муу, урвах дуртай. Орчим жилээс дотоод газар байн байн урваж, улсын цэргийг зүдээн, эдийг хоосруулсан ба нийт гадаад олон улсын хүнийг думдад улсын хамаатай газар байлгах үгүй үлдэн арилгамой хэмээн их самууныг үүсгэж, эртнээс үгүү гамшиг зовлонг өдөж, олон улс дор их дуут цэргийн зүйл төлүүлэн улсын сан хөмрөгийг нэгмөсөн хоосон хөндий болгоод, одоо манай Монголын язгуураас нутагласаар ирсэн хөрөнгө газрыг албадан тариулж, амьдралыг таслан, газрын тарилга мөнгийг хятад түшмэд хуваан авч, амьд бүхнийг аврагч шарын шашныг хөнгөтгөн харгислаж, туйлын хилс болсныг үнэхээр хүлцэхүйеэ бэрх бөгөөд хятад хүн эл хүрсэн газраа элдвээр самууныг дэгдээхүй нь тэдний сурамгай зан мөн. Хэрэв манай халхын хойт хязгаар тултал хятадын тариалан суулгаваас эртнээс найр найрамдахаар ирсэн их улс лугаа магад завшин халдаж манай Монголыг дагалдуулан мохош үгүй хор зовлонг амсуулахад хүрүүлэх нь нэн эмээлтэй билээ.


Тайлбар: 1. Энд хятадуудын манжийн төрөөс урваж, төр самууруулсныг шүүмжилж байна.
2. Хятадууд танай руу дайрна, тэгэхдээ монголыг заавал оролцуулна гэдгийг сануулж байна.


Нэгэн зүйл. Манай олон хан ван засгууд олноор санаа нийлж, Монгол бүхний оройг дээд чимэг Богдыг хаан өргөмжилж Монгол Улс болон Их Улс дор түшиглэн ач тусыг шүтэж ашиг зовлонг хамтатган үүрд найртай сайнаар явахыг хүссэн билээ. Олдвоос дээрээс нигүүлсэн толилох ажаам уу.


Нэгэн зүйл. Манай Монгол Их улсыг түшиж бага улс болон өөртөө тогтнож болох болбол нууц болзоо гэрээ бичиг байгуулж хэн алинийг бат итгэмжийг илрүүлж болох ба үгүйг дээрээс толилон тогтоомуу.


Тайлбар: 1. Ил биш, нууц гэрээ хийнэ гэдгээ хэлж байна.


Нэгэн зүйл. Нууц болзооны гэрээ бичиг байгуулж болох бөгөөс тэр гэрээнд Монголын газар яахин Оросын худалдаа гүйлгээ, төмөр зам хийх, өртөө байгуулах, алт мөнгө зоорь нээлгэх, бичиг цэргийн сургууль байгуулах зэрэг зүйлийг нарийвчлан хэлэлцэж тогтоовоос болох болбу.


Тайлбар: 1. Нууц атлаа их өргөн хүрээтэй хамтын ажиллагаа санал болгож байна.
Нэгэн зүйл. Манай халхын газар байх хятад худалдааг бүрэн үлдэж гаргаад Орос худалдаа элсэхээр одоо зөвлөн тогтож буй. Ганц худалдаа арилжаа хэмээгч олны аж төрөх амьдралд холбогдох чухал хэрэг мөн тул орос худалдааг одоо манай монгол газар яахин цэргээр хамгаалуулан аргацаан оруулахыг урьдаар бэлтгэн аваас болох болбу.

 


Тайлбар: 1. Эрс өөрчлөлт, тухайлбал хятадын худалдааг бүрэн гаргах, оросын худалдааг цэргээр хамгаалах зэрэг асуудлыг хөндөж байна.


Олдвоос дээрээс нигүүлсэн толилох ажаам уу.
Энэ хорин нэгэн зүйлийг илүү зургаан сарын хорин гурванд Гадаад Хэргийн журганд мэдүүлэв.
Дахин сийрүүлж нэмэлт тайлбар хийсэн: Судлаач Х.Д.Ганхуяг.