2012 оны байдлаар дэлхийн 71 улсын хэмжээнд 1176 ордод 7,096,600.00 тонн ураны нөөц тогтоогдоод байна. Ураны нөөцөөр Австрали, Казакстан, Канад, ОХУ, Нигер, Намиби, Өмнөд Африк, Украйн, АНУ, Хятад зэрэг улсууд тэргүүлж байгаа ба Монгол улс 75.2 тонн нөөцтэйгээр эхний 16-д жагсаж байна.

Өнөөдрийн байдлаар Монгол орны хэмжээнд ураны 11 ордын хэмжээнд 75 орчим мян.тн геологийн нөөц, баялаг зэргээр 1.5 орчим сая.тн таамаг нөөцийг тогтоогоод байна. 11 ордын хэмжээнд бодогдсон 75.2 орчим мян.тн нөөцөөс 7 ордын 67.3 орчим мян.тн нөөц эдийн засгийн хувьд ашигтай үйлдвэрлэлийн нөөцөд тооцогдож байна. Дээрх нөөц нь дэлхийн ураны нөөцийн 1 орчим хувь буюу дэлхийн цөмийн эрчим хүчний 1 жилийн хэрэглээг хангах боломжтой.

 

 

Тэгвэл  Монголчууд өөрсдийнхөө энэ баялагт эзэн суух нь битгий хэл гадаадын  эсвэл гадаадын хөрөнгө оруулалттай компанийн  шууд дарамтад ороод байна. Тодруулбал  Монгол улсын 11 аймагт ураны хайгуулын 100 орчим, ашиглалтын дөрвөн лицензийг гадаадын,  гадаадын хөрөнгө оруулалттай 18 компани эзэмшиж байна. Үүнд Дорноговь аймагт 35, Дорнод аймагт 27, Сүхбаатар аймагт 20 лиценз олгогджээ.

 Тэгвэл өнөөдөр  бид  уран хэмээх  энэхүү цацраг идэвхит бодист анхаарал хандуулахгүй байгаа нь Монголчуудад  аюулын харанга дэлдэж байна. Үүнийг  орд бүрээр нь тодруулъя.

Дорнодын Мардайн орд:

БНМАУ-ын үед Дорнодын Мардайд ЗХУ уран олборлож байсан ба Мардайн уурхайн дэргэд Орос уурхайчдын амьдардаг бүхэл бүтэн хотхон байгуулагдаж байсан. Гэвч 1990-ээд оны эхээр Оросууд буцахдаа ураны уурхайг битүүмжлэх, байгаль орчныг нөхөн сэргээх, хүн ардыг цацрагаас хамгаалах, цацрагийн бохирдолтой хог хаягдлыг зохицуулах ажлыг бүрэн хэмжээнд хийж гүйцэтгэлгүй орхиж байсан. Тэгвэл хожим уг ордыг ашиглахаар ажиллаж байсан Канадын “Хан Ресорсиз” компанийн орхисон ил задгай овоолго шороон дээр Дорнодын Мардайд ажилласан (2012 оны 8-р сар) “Голомт” цөмийн эсрэг хөдөлгөөнийхөн болон Японы иргэн Р.Имаока нар хэмжилт хийхэд 10 микрозиверт буюу, хэвийн хэмжээнээс 50 дахин хэтэрсэн цацрагийг илрүүлжээ. Энэ нь тухайн үеийн Фукушимагийн цацрагийн төвшнөөс их хэмжээ юм. Дорнод аймагт хорт хавдрын төвшин улсын төвшнөөс дөрөв дахин өндөр байгаа болно.

Дорнодын Дашбалбар сумын Улааны полиметаллын орд:

Хятадын “Шинь Шинь” компани Монголд уран хууль бусаар, хулгайгаар олборлож буй харийн компаниудын нэг. Дорнодын Дашбалбар сумын Улааны полиметаллын орд дээр ажилладаг Хятадын “Шинь Шинь” компани гурван жилийн турш уран нууцаар олборлож, хулгайгаар хил давуулж, 1000 орчим ажилчнаа, мөн нутгийн ард иргэд, мал сүрэг, байгаль орчныг хордуулж байсан нь төрийн дөрвөн байгууллагын хамтарсан шалгалтаар илэрч, үйл ажиллагаа нь зогсоогджээ. Гэвч эрх ашгийг нь хамгаалагч албан тушаалтнуудын тусламжтайгаар үйл ажиллагаа сэргээж, ямар ч зөрчил гаргаагүй гэх PR хийж, хариуцлага хүлээлгүй ажилласаар байна. Өөрөөр хэлбэл хойноос ирээ хот манайх, хотонд ирээд хонь маанайх гэдэг үлгэрийг утгаар нь хэрэгжүүлсэн байгаа юм.  

Дорноговь аймгийн Улаанбадрах, Зүүнбаян сумдад хайгуул ажиллагаа

Сүүлийн үед олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа газар  бол  Дорноговь аймгийн Улаанбадрах, Зүүнбаян сумдад хайгуул явуулж байгаа Францын “Арева” компанийн охин компани болох “Кожегоби” ХХК.  Дорноговийн Улаанбадрах суманд ураны хайгуулын үйл ажиллагаа 15 жилийн турш явагдахад төрөл бүрийн зөрчил илэрч байсан бөгөөд  өнөөдөр Улаанбадрах гамшгийн хэмжээнд хүрчээ. Гамшгийн хэмжээнд хүрэх эхлэл 2010 оны 12-р сараас 2011 оны 6-р сар гартал туршилтын олборлолт, туршилтын шар нунтаг үйлдвэрлэл хийснээс хойш зөрчлүүд эрс ихэссэн. Үүний улмаас  нутгийн иргэди багагүй  хохирсон байгаа.  Тодруулбал,  малын хоргодол 2008 онд 14, 2009 онд 8, 2010 онд 2885, 2011 онд 207, 2012 онд 325 болсон байв. Өөрөөр хэлбэл  2010 онд туршилтын олборлолтын бэлтгэл ажилтай холбоотойгоор олон мал хорогдсон байж болох юм, судлах хэрэгтэй гэж цөмийн эсрэг идэвхтнүүд үзэж байна.

2012-2013 онд хоёр нүд сохор, атанга, үсгүй, хүн толгойтой, эрүүгүй, дутуу эрүүтэй, явж чадахгүй, уруул сэтэрхий, гурван хөлтэй, хоёр толгойтой зэрэг 18 төлийн гажиг согогийг албан ёсоор баталгаажуулжээ. Түүнчлэн нутгийн иргэдийн дунд үс халцрах, биеэр юм туурах, ханиалгах зэрэг шинж тэмдэг нийтлэг илрэх болсны зэрэгцээ тус сумын иргэдэд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийхэд дийлэнх нь элэгний өөрчлөлттэй гарсан түгшүүрт мэдээ байна.

Ийм байхад “Кожегоби” ХХК манайх зөрчил гаргадаггүй, бүх юм ёсоороо байгаа гэж мэдэгддэг нь зүйд нийцэхгүй байна. Арева компани нь ураны уурхайн үйл ажиллагааны улмаас нутгийн ард иргэд болон тус компанийн ураны уурхайд ажиллагдсын эрүүл мэнд хохирсныг хүлээн зөвшөөрдөггүйгээрээ дэлхийд зартай. Тухайлбал, тус компани нь Нигер улсад 50 жилийн туршид уран олборлохдоо Нигерийн уурхайчид мэргэжлээс шалтгаалан өвчин туссан ганц ч тохиолдлыг хүлээн зөвшөөрөөгүй байдаг бөгөөд олон улсын хэмжээнд нэр хүндгүй  байгууллага болно.

 

Өнөөдөр Монгол улсад 100 гаруй ураны лицензээр хайгуул хийгдэж байна. Тэдний зарим нь нууцаар   уран олборлрож байгааг үгүйсгэх аргагүй. Хөгжингүй орны шилдэг технологи бүхий тэргүүлэгч компани гэгддэг “Арева”-ийн охин компани л ийм зөрчил гаргаж байхад, ураны хэдэн арван уурхай нээгдэж, шар нунтаг үйлдвэрлэж эхэлбэл Монгол орон тэр аяндаа цөмийн аюултай бүс болж,  та бидний үр хойч хөгжлийн бэрхшээлтэй,   хоол хүнс, мал хүртэл  генийн өөрчлөлттэй  энгийн бус болох гамшиг ойрхон байна.  Тиймээс  уран олборлолтыг зогсооход чиглэсэн ажлын урт болон богино стратеги төлөвлөгөөг боловсруулах шаардлагатай байна.  Өөрөөр хэлбэл Нөлөөллийн (орон нутгийн ард иргэдэд нөлөөлөх, орон нутгийн засаг захиргаанд нөлөөлөх, аймгийн засаг захиргаа, УИХ, Засгийн Газар, Ерөнхийлөгч, харийн компанийн харьяа ЭСЯ, мэргэжлийн хяналтын байгууллагууд, хотын ард иргэд, гадаадад суугаа ард иргэдэд нөлөөлөх), Бодлого боловсруулах (цөмийн энергийн хууль, бодлого, ҮАБ-ын үзэл баримтлал), Олон Нийттэй Харилцаx (нутгийн ард иргэд, гадаад дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гэх мэт), Судалгааны (Эрүүл мэндийн болон байгаль орчны судалгаа шинжилгээ, бусад орны туршлага судлаx), Хэрэгжүүлэгч (жагсаал цуглаан зохион байгуулах, хөдөө орон нутагт очиж тэмцэх гэх мэт) зэргийг  төлөвлөгөөнд дэлгэрэнгүй тусгах шаардлагатай байна.

Ингэснээр  бид үр хойч,  газар, усаа бохирдохоос хамгаалж,  үндэсний  аюулгүй байдлаа сахин хамгаалах болно.  

 

 

Эх сурвалж:

          1.http://www.world-nuclear.org

          2.http://www.wise-uranium.org

          3.http://www.oecd-nea.org

          4.http://www.iaea.org

          5.http://www.infomine.com

"Хорогдсон малын судалгаа". МЭҮТ-ийн мэргэжилтэн Ж.Дэмбэрэлдулам

"Улаанбадрах сумын эмгэгтэй төлийн судалгаа", МЭҮТ-ийн мэргэжилтэн Ж.Дэмбэрэлдулам

 

Бэлтгэсэн А.Баярмаа