Нас барсан хүмүүс эргэн амьдарсан хачирхалтай тохиолдлууд
2018/11/24
Нас барчихлаа гээд хэсэг хугацааны дараа амь орсон тухай мэдээлэл байсхийгээд л гардаг. Эмч нар буруу онош тавьсан ч байж болох, юутай ч нас барчихаад амь орсон сонин тохиолдлууд энэ байна.
Зүрх нь зогсоод 42 минут болсон бүсгүй
Австралийн Виктория мужийн хоёр хүүхдийн эх 41 настай Ванессе Танасио гэгч эмэгтэйн амийг эмч нар аварсан байна. 2013 оны наймдугаар сард эмэгтэй зүрхний шигдээс болж зүрх нь зогсчээ.
Эмч нар эмэгтэйн нэг артерын судас нь хаагдаж гэж тогтоогоод яаралтай мэс засал хийхээр шийдсэн ч Танасио хэдийнээ клиник үхэлд орсон байж. Танасиогийн зүрх нь хэдийнээ цохилохоо больж тусгай аппарат залган цусыг нь эргүүлэн тархи болон бусад чухал эрхтнүүдийг нь тэжээж байлаа. Ингээд хоёр өдрийн дараа эмэгтэй зүрх нь цохилон сэхсэн байна. Ванесса үүнийгээ өөрт нь хоёрдахиа амьдрах боломж олдсон нь энэ гэж ярьдаг байна.
Хөлбөмбөгч Фабрис Муамба 78 минут үхээд сэхсэн нь
2012 оны гуравдугаар сард английн хөлбөмбөгийн “Болтон” багийн хагас хамгаалагч Фабрис Муамба талбайдаа амьсгал хураажээ. Оройн 18,13 цаг болж байсан ч 78 минутын дараа 19,31 цагт зүрх нь дахин цохилсон байна.
Ийм тохиолдолд хүмүүсийн дөнгөж таван хувь нь л дахин амьдардаг гэнэ. Хөлбөмбөгчний азаар Уайт-харт-лейн цэнгэлдэх хүрээлэнд шаардлагатай бүхийл багаж хэрэгсэлтэй эмч нар жижүүрлэж байсан гэнэ. Үзэгчдийн дунд ч нарийн мэргэжлийн эмч нар байсан нь ердөө л хоёр минутын дараа ирж тусалж эхэлсэн байна.
Эмч нар хөлбөмбөгчинд зүрхний цахилгаан дэмжигч залгаж сэхээн амьдруулахын түргэн тусламжийн тэргээр эмнэлэгт хүргэж түүний амийг аварчээ.
Нас бараад амьдарсан жаал хүү
Уэльсийн иргэн Алекс Жонс зургаан сартай жирэмсэн байхдаа эмчид үзүүлтэл ургийнх нь зүрх хэдэн долоо хоног цохихгүй байна гэжээ. Дахин үзлэг хийгээд хүүг хийсвэр хагалгаагаар авахаар шийдсэн байна.
“Хүүхдийн зүрх цохихгүй байна гэхээр би бүр шокод орсон. Гэтэл дараа нь хүүхэд амьсгалж эхлэхэд бүгд л гайхсан даа. Ийм юм болно гэж хэн ч санаагүй. Тэгээд ийм хүүхэд амьдарна гэдэгт эмч нар бас итгээгүй. Яахав зүрх нь дэндүү сул цохиж байсан болохоор эмч нар сонсоогүй байх. Юутай ч Коэн амьд байна. Энэ бол гайхамшиг” гэж Алекс Жонс ярьжээ.
Анагаахын түүхэнд ийм тохиолдол тун ховор гэж эмч нар хэлж байна. Хүүхдийн зүрх цохилж байгаа эсэхийг орчин үеийн ямар ч багаж тогтоох 100 хувийн баталгаа байхгүй гэж эмч нар хэлжээ.
Нас барсан хүү эхийнхээ гар дээр амь оржээ
Австралийн иргэн Кейт Огг ихэр охин хүү төрүүлж. Дутуу төрсөн тэр хоёр ердөө 27 долоо хоногтой болохоор эрчимт эмчилгээний тасагт оруулсан ч охин цоо эрүүл, харин хүүг амьгүй байж магадгүй шинж илэрсэн болохоор сэхээн амьдруулахад оруулсан байна.
Кейт хүүгээ өөрийнхөө гар дээр авъя хэмээн Кейт гуйхаар нь өгсөнд тэрээр хоёр цагийн турш элгэндээ тэвэрчээ.
Гэтэл санаанд оромгүй явдал болж хүү амьсгалах шиг болоход эмч нар зүгээр л рефлексээрээ тэгэж байна гэж бодтол Кейт хүүдээ хөхний сүүгээ хуруугаараа амтлуулахад амьсгалж хүү сэргэн удалгүй нүдээ нээсэн байна.
Кейт энэ түүхээ телевизийн нэгэн шоуны үеэр ярихдаа “Бид энэ орчлонгийн хамгийн азтай хүмүүс” гэсэн байна. Одоо ихрүүд эрүүл саруул бойжиж эмч нар хүүгийн амьдарсан нь ёстой гайхамшиг гэж байгаа ч нарийн учрыг нь өнөө ч тайлбарлаж чадахгүй байгаа гэнэ.
Шарил хадгалах газарт гурав хоноод амьдарсан эмэгтэй
2011 оны арван нэгдүгээр сард 61 настай Людмила Стеблицкаяг эмч нар үхсэн гэсэн ч эргэж амьдарчээ.
Тэрээр хүндэрч сэхээн амьдруулахад ороход хэсэг хугацааны дараа эмч нар охин Анастасияд нь ээж чинь талийгаач боллоо гэсэн байна. Хөгшний цогцосыг шарил хадгалах газарт оруулж төрөл төрөгсдөд нь баярын дараа аваарай гэжээ.
Гэтэл гурав хоногийн дараа эмч нар шарилыг нь уутанд хийх гэж байтал хөгшин амьдарсан байна.
Зүрхний өвчтэй хөгшин эмнэлгийн тасагт ухаан алдаад хүйтэн газарт байгаагаа мэдсэн гэж ярьжээ.
Венесуэлийн иргэн бас хэсэг хугацааны дараа сэргэжээ
33 настай Карлос Камехо замын осолд орсны дараа эмч нар түүнийг нас барсан гэж бодоод шарил хадгалах газарт оруулсан байна. Гэтэл нүүрэн дээрх шархнаас нь цус гараад байхаар эмнэлгийнхэн түүнийг нь оёж эхэлж.
Эргэж амьдарсан эр “Тэсвэрлэшгүй өвдөхийг мэдэрсэн” гэж ярьжээ. Шарил хадгалах газарт цогцос танихаар ирсэн гэргий нь нөхөр нь хонгилд амьд, бараг ямар ч гэмтэл аваагүй юм шиг байсан гэжээ.
Одоо Камехо нүүрэн дээрх сорвио өөрийн үхсэний тэмдэг гэж хошигнодог байна.
Филиппин охин оршуулах үеэр амь оржээ
Гурван настай охин хүнд өвчилж эцэг эх нь хүүхдээ эмнэлэгт аваачихад эмч нар судас нь цохихгүй байна гээд үхсэн хэмээжээ.
Төрөл төрөгсөд нь оршуулах болж шарилын хайрцгийг нээхэд охин толгойгоо хөдөлгөж байсан гэнэ. Эцэг эх нь амьд охиноо гаргаж аван ус өгч, буцаан эмнэлэгт хүргэсэн байна.
Бразиль хүү мөн л авсандаа амь орсон байна
Бразилд бас хоёр настай хүү Кельвин Сантос эмнэлэгт нас барж эцэг эх нь оршуулах болжээ. Оршуулах үеэр хүүгийн авсны таглааг онгойлгосон байтал гэнэт босч суугаад “Аав аа би ус уумаар байна” гэх нь тэр.
Гэрт байсан эцэг Антонио Сантос, төрөл төрөгсөд нь цочирдож хашгиралдахад хүү буцаж хэвтээд амьдын ямар ч шинжгүй болжээ. Аав нь хүүг эмнэлэгт яаралтай хүргэхэд эмч нар ч хүүг үхсэн байна гэжээ.
Ингээд 20 цаг өнгөрөхөд хүүд амьдын ямар ч шинж илрээгүй болохоор оршуулсан байна.
Нас барсан хойноо хүүхдээ төрүүлээд эргэж амьдарчээ
Миссури мужийн 32 настай багш эмэгтэй Эрика Мигрели хичээлийн үеэр бие муудлаа хэмээж. Тэрээр гурван сарын дараа төрөх ёстой байсан гэнэ. Дуудлагаар ирсэн эмч нар түүнийг эмнэлэгт хүргэж зүрхний ажиллагааг нь дэмжсэн ч зүрх нь зогслоо гэжээ.
Эмч нар хүүхдийг нь аврахын тулд хийсвэр хагалгаа хийхэд амьд охин гарсан байна.
“Хүүхдийг гаргаж авч байхад ээжийнх нь зүрх хэдийнээ цохихгүй үндсэндээ үхчихээд байсан. Бид ч түүнийг амьдруулна гэдэгтээ итгэхгүй байлаа” гэж эмч нь хэлсэн байна. Охиныг амьд сэрүүн гаргаж аваад байтал бүсгүйн зүрх зөөлөн цохилж эхлэхийг нэг эмч нь мэдэрчээ. Улмаар уалгүй амьсгалж эхэлсэн байна.
Үхлээс хоёр дахь удаагаа мултарсан залуу
23 настай Льюис Годпфри руу хэдэн залуу дайрч дээрэмдээд дэргэдүүр өнгөрч явсан 15 тонны ачааны машины дугуй руу түлхэж орхиж. Жолооч хүн дайрснаа ч мэдэлгүй яваад өгсөн байна. Хэргийн газарт ирсэн түргэн тусламжийнхан Льюисийг үхсэн гэж тогтоожээ.
Эмч нар ямра гэмтлийн улмаас нас барсныг тодруулах гэж байтал залуугийн зүрх цохилж эхэлсэн байна. Эмнэлэгт ирэх үед Льюисийн зүрх дахин цохилохоо больсон ч эмч нар түүнийг аврах гэж бүхий л бололцоогоо дайчилжээ.
16 хоногийн турш комд байсан залууг эмч нар тархиндаа хүнд гэмтэл авсан болохоор хэзээ ч босч, явж чадахгүй яахав харж, ярьж магадгүй гэж байж. Гэтэл Льюис явж, ярьж, хоолоо өөрөө идэж яаддаг болсон нь эмч нарыг бүр гайхшруулжээ.
“Явж чадахгүй гэсэн тэр үг надад хамгийн аймшигтай нь байсан. Тэргэнцэр дээр насаа өнгөрүүлэхийг хэн хүсэх билээ. Гэтэл зургаан сарын дараа би өөрөө бие даан хөдөлдөг болсон. Сайн эмч нарын буянаар шүү дээ, тэдгүй бол би үхэх ч байсан”. гэж Льюис ярьж байна
“Ааваа та үхэж болохгүй” гэсэн хүүгийнхээ дуугаар эргэж амьдарчээ
2013 оны наймдугаар сард америкийн Огайо мужид Тони Яхле клиник үхэлд орж зүрх нь 45 минут зогсчээ.
Түүний шарилыг гаргахаар сувилагч нар бэлтгэж байхад 18 настай хүү Лоуренс нь “Ааваа та арай үхэж байгаа юм биш биз дээ” гэж хашгирчээ.
Гэтэл гайхамшиг болж аавд нь амьдын шинж илэрч эхэлжээ. Энэ бүхнийг харсан эмч Ражи Назир “20 жил ажиллахдаа ийм зүйл үзсэнгүй. Бидний үхсэн гэсэн хүн ингэж амьдрахыг ёстой үзээгүй” гэсэн байна.
95 настай эмээ зургаа хоногийн дараа авснаасаа босчээ
Хятадын Бейло тосгоны оршин суугч Ли Сюфень нас барлаа гээд авсандаа орж, оршуулахад бэлтгэжээ. Хөршүүд нь ч түүнийг үхсэнд тооцож байж.
Тэгээд гэрт нь орхиж төрөл төрөгсөд, нөхөд нь ирж салах ёс гүйцэтгэг гээд зургаа хонуулжээ. Оршуулах өдөр болж очтол авс хоосон байх нь тэр. Хөгшнийг хайтал гал тогоондоо хоол бэлтгээд зогсч байх юм гэнэ.
Хөршүүдийнхээ асуултад тэрээр “Би удаан унтсан. Сэртэл өлсч байна гэж жигтэйхэн, тэгээд л хоол бэлтгэж байгаа нь энэ. Энэ том таглааг түлхэж нээх гэж хэцүү байсан шүү” гэж ярьжээ.