“Эрдэнэт”-ийн мастерууд манлайлах хүчээ нэгтгэж байна
2018/12/27
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн анхан шатны удирдах ажилтан, 450 гаруй мастер өнөөдөр “Мастерын манлайлал” хөтөлбөрийн үр дүнг хэлэлцлээ. Тэдний зорилго хөтөлбөрийн үр өгөөж, өөрсдийн оролцооны талаар зөвлөлдөх байлаа. Энэхүү хөтөлбөр нь Ерөнхий захирлын тушаалаар 2018 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр батлагдаж, компанийн хэмжээнд 40 оролцогчийг шалгаруулан сонгож, хувь хүний хөгжлийн хөтөлбөрт хамруулсан. Сэтгэлгээгээ өөрчлөн, шинийг эрэлхийлсэн, хүсэл эрмэлзлэл нэг залуустай нөхөрлөх, тэднээс суралцах, уул уурхайн салбартаа арвин туршлагатай зөвлөх, Хөдөлмөрийн баатар, гавьяат, анхдагчдаас суралцах давуу талыг “Мастерын манлайлал” хөтөлбөр олгосон юм. Хөтөлбөрт оролцогч 40 мастер таван багт хуваагдан компанийн үнэт зүйлсийг бэхжүүлэхийн тулд ажилтнуудын дунд эерэг өөрчлөлтийн үйл ажиллагааг зохион байгуулжээ. Тэдгээрээс “Залуусын давалгаа”, “ММ залуус” баг шилдгээр шалгарсан байна. Мөн хөтөлбөрт оролцоход манлайлсан 20 залууг өнөөдөр зөвлөгөөний үеэр урамшууллаа.
Энэ өдөр Эрдэнэт хотноо зохион байгуулагдаж буй тус зөвлөгөөн нь компанийн хэмжээнд хоёр дахь нь болж байна. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын санаачилгаар Мастеруудын анхдугаар зөвлөгөөнийг 2017 онд зохион байгуулсан. 2018 онд “Мастерын манлайлал” хөтөлбөрт 40 ажилтан хамрагдсан ч анх хөтөлбөрт оролцохоор саналаа ирүүлсэн “Эрдэнэт” үйлдвэрийн 17 цехийн 151 ажилтан байгаа юм. Иймд “Эрдэнэт”-ийн мастерууд манлайлах хүчээ нэгтгэн, хамтдаа хөгжилд тэмүүлэх хүсэл эрмэлзлэл дүүрэн байгааг илэрхийлж байгаа юм. Хөтөлбөрийн төгсгөлд мастеруудаас авсан түвшин тогтоох үнэлгээнээс үзэхэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн манлайлал, хувь хүний гүйцэтгэлийн гол үзүүлэлт, бүтээмжийн үйл ажиллагааны оролцоо зэрэг үзүүлэлт өссөн байна. Энэ нь “Мастерын манлайлал” хөтөлбөрийн үр дүн байв.
“Үйлдвэрийн мастер хүн гэдэг дайны талбарт бол галын шугаманд цэргүүдээ удирдах цэргийн дарга, энхийн цагт том бүтээн байгуулалтыг хөдөлгөгч хүч - уурхайчдаа чиглүүлэгч хөтөч юм” гэж “Эрдэнэт” үйлдвэрээс төрөн гарсан, Монгол улсын хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайхан хэлж байсан юм. Тэд бол “Эрдэнэт” үйлдвэрийн хүний нөөцийн чухал капитал билээ. Уул уурхайн салбарт техник, технологийн шинэчлэл дэлхийтэй хөл нийлж байгаа ч үйл ажиллагааг сайжруулах шаардлага өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Орчин үеийн менежментийн шинжлэх ухааны арга зүйг туршин нэвтрүүлж, үйлдвэрлэлдээ хөгжүүлэхэд мастеруудын оролцоо чухал үүрэгтэй. “Эрдэнэтийн Овоо”-ны өгсөн буян зөвхөн зэс, молибдены бус “уурхайчин” хэмээх баялаг билээ. “Эрдэнэт” үйлдвэр гэх 6000 гаруй ажилчин өнгөрсөн 40 жилийн хугацаанд уул уурхайн салбарыг эх орны хөгжлийн тулгуур болгон хөгжүүлэхийн тод жишээ болсон. Монгол хүний сэтгэлгээг “бүтээлч” болгон өөрчлөх, хамтдаа эх орныхоо хөгжлийн “үнэт зүйлс” болох хүсэл “Эрдэнэт”-ээс ундарч байна.