Жимсний худалдаачин эр улс үндэстний түүхийг эргүүлсэн нь
2018/12/12
Мохамед Буазизи хэмээх 26 настай, Тунис улсын Сиди Бозид хотод амьдардаг нэгэн залуу 8 ам бүлтэй гэрийнхнээ тэжээж, зах дээр жимс ногоо зарж амьдардаг нэгэн байв. Харин 2010 оны 12-р сарын 17-нд орон нутгийн байцаагч бүсгүй Мохамедийг зөвшөөрөлгүйгээр жимс ногоо худалдаалсан хэмээн, барааг нь хурааж авсан байна. Залуу байцаагч бүсгүйгээс гуйж, торгууль төлөх болохоор худалдаалах эрхийг нь битгий хасаач хэмээн хүссэн боловч, байцаагч уурлаж, түүнийг цохиж, алгадан хөөж явуулжээ.
Мохамед энэ бүхэнд нь гомдол гаргахаар нутгийн төв байр руу очсон боловч хэн ч түүнийг сонсолгүй хөөж гаргасан байна. Амьдрах аргаа алдсан залуугын нүдэн дээр гэр бүлийнхэн нь өлсөж байлаа. Түүнд бууж өгөх эрх байгаагүй тул дараа дахин төв байран дээр ирж, өөр дээрээ бензин асгаж, шатаасан бөгөөд 2 долоо хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн боловч, 2011 оны 1-р сарын 4-ны өдөр өвчнөө дийлэлгүй амьсгал хураасан юм.
Түүнийг нас барахаас өмнө, Тунис улс Зин эль-Абидин Бен гэх дарангуйлагчийн мэдэлд байсан бөгөөд ажилгүйдэл газар авч, ард иргэд нь ядууралд нэрвэгдэж байсан аж. Харин Мохамед шударга бус үйлдлийн өөдөөс тэмцэж, өөрийгөө шатаасан нь тус улсын ард иргэдийн үндэсний ухамсарыг сэргээж, тэмцэх цаг нь болсон гэдгийг сануулж, урам зориг хайрласан билээ. Тус улсын ард иргэд амь нэгтэй тэмцэсний эцэст дарангуйлагчийг хөөн зайлуулж, чадсан бөгөөд энэ их зориг зүтгэл нь өөр бусад орнуудад нөлөөлж, цаашлаад Сири улсад иргэний дайн гарах үүсвэрийг тавьсан билээ. Өөрөөр хэлбэл түүний санамсаргүй эхлүүлсэн тэмцэл Арабын хавар хэмээх Арабын ертөнцийн хувьсгалын эхлэл болсон байдаг.