Д.Cугарын өдүүлсэн хуудуутай хувьчлалыг хуулийнхан шалгана
2014/02/16
Д.Сугарт холбогдох хэргийг ЭЦГ-ынхан сэргээн шалгаж эхэлжээ. Энэ тухай хэвлэлүүд мэдээлж, төрийн мөнгийг үрэн таран хийсэн нөхрийн луйвар одоо л олон нийтэд ил болох нь гэсэн яриа хөвөрч байна.
Үнэхээр Д.Сугарыг тойрон хүрээлэгчид болон түүний хэргийг шалгаж байсан цагдаа нарын хэлсэнчлэн тэрбээр асуудалтай. Энэ тухай түүнтэй ойр байсан найз нар нь “Д.Сугар хэдэн жилийн өмнө Япон явж эмчлүүлэхээр болсон. Тухайн үед тэрбээр өөрийн унаж байсан суудлын машинаа зараад эмчилгээний зардлаа хийгээд явж байлаа. Тэр үед хэдэн найз нь нийлж, түүнд тусламж дэмжлэг хэмээн хэдэн төгрөг өгч байсан юм. Харин тэр эмчлүүлж ирээд Төрийн өмчийн хорооны дарга болсон. “Да хүрээ” зах дээр өөрийн унаж байсан машинаа зараад эмчилгээнд явж байсан нөхөр тэр цагаас танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдсөн. Гэрээ Зайсанд төвхнүүлж, хэдэн саяын үнэтэй хөөргөөр гангарч, бас ч үгүй Монголын баячуудаас үнэ цохин хурдан морь худалдан авч, нэр дээрээ уралдуулж эхэлсэн гээд тааж тааварлахын аргагүй хөрөнгөжсөн. Төсвийн цалинтай төрийн албан хаагч мэдээж хэдхэн жилийн дотор тэгтлээ баян болно гэж юу байхав. Хамгийн гол нь тэр буруу замаар будаа тээсэн болоод тэр байх” хэмээн ам уралдан ярьцгааж билээ.
Гэтэл сүүлийн хэдэн жилд төрийн өмчит компаниудыг тойрсон элдэв луйврууд ил болохтой зэрэгцэн мань эрийн нэр чих дэлсэх боллоо. МИАТ, “Эрдэнэт”-ийг тойрсон таагүй дуулианаар Д.Сугарын нэр ч тодрох аж. Мэдээж Д.Сугар Төрийн өмчийн хорооны дарга учраас төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн дарга болох ёстой гэсэн бичигдээгүй хуулиас улбаалах бөгөөд мань эрхэм дээрх албан тушаалаа ашиглан их зүйл хийсэн гэдэг нь хэд хэдэн баримтаас харагдаж байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн жилийн хавар “Эрдэнэс Тавантолгой” компанийг алдагдалтай ажиллахад ямар зүйлс нөлөөлсөн болохыг шалгах томоохон ажлын хэсэг байгуулсан билээ. Мөн энэ хэргийг өнгөрсөн гуравдугаар сард Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шалгаж эхлэв. Тухайн үед энэ хэргийг шалгаж байсан томоохон албан тушаалтан Төрийн өмчит компанийн ТУЗ гэж жинхэнэ луйвар хийдэг газар байна хэмээн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэрэгт тус компанийг толгойлж байсан Б.Энэбиш болон Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарыг холбогдуулан шалгаж эхэлжээ. Д.Сугар ч энэ үед багагүй зүйл хийсэн гэдэг нь харагддаг аж. Гэвч төд удалгүй түүнд холбогдуулсан хэргийг түдгэлзүүлсэн тухай мэдээлэл цацагдсан бөгөөд цагдаа нар аргагүй шалтгаан байгаагаа учирлаж байлаа.
Тодруулбал, тэрбээр Үндсэн хуулийн Цэцийн гишүүн гэсэн хамгаалалтад орсон учраас яаж ч болохгүй байна гэсэн тайлбарыг өгдөг. Мөн энэ тухай Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Д.Сугар хэд хэдэн хэрэгт холбоотой. Гэвч түүний хэргийг шалгахаар Үндсэн хуулийн Цэцэд хандаж гишүүнээс түдгэлзүүлээч гэхээр хүлээж авахгүй байна. Цэц гэдэг гэмт хэрэгтнийг нуудаг газар биш” хэмээжээ.
Тэгвэл үүнээс удалгүй бас нэг дуулиан дэгдсэн бөгөөд МИАТ-ийн экс дарга нарыг шалгах үеэр Ч.Хоролсүрэн, Ц.Орхон нарт хууль зүйн туслалцаа үзүүлж байсан, мөн энэ хэргийг шалгасан эрхмүүд Д.Сугар МИАТ-ийн хэрэгт яах аргагүй холбоотой юм шиг байна хэмээн тодотгожээ. Өөрөөр хэлбэл, Д.Сугар Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байхдаа МИАТ-ийн гэх дуулиант хэрэгт холбогдон шийтгүүлсэн гурван захирлыг томилсон байдаг. Түүний томилсон захирлууд болох Б.Эрдэнэбилэг, Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон нар нь Дайны эрсдэлийн даатгалын гэрээ нэрээр МИАТ-ийг сонгон үйлчүүлж буй иргэдийн халааснаас таван ам.доллар авч байсан нь ил болсон юм. Гэвч энэ мөнгө хаашаа, хэний халаасанд орж байсан бэ гэдэг нь одоо ч анхаарал татаж байгаа.
Гэхдээ тэднийг шүүх хурлын үеэр Б.Эрдэнэбилэг “…2007 оны нэгдүгээр сарын 28-нд нэхэмжлэл ирсэн. Ерөнхий нягтлан Д.Баясгаланд үүрэг өгсний дагуу шалгаад, энэ компани байдаг юм байна. Гэрээ хийсэн байна. Ийм зарчмаар явагддаг юм байна гэж надад тайлбарласан. Үүний дагуу уг гэрээг 2001 оны арваннэгдүгээр сарын 26-ны орчим байх аа, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан н.Баярсайхан тушаал гаргаж, зорчигч болгоноос таван ам.долларыг энэ компанид орлого болгон авах гэрээг хийсэн гэж би ойлгосон. Шалгаж үзээд 2007 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр шилжүүлэг хийсэн…” хэмээн ярьжээ. Энэ ажлыг дээд албан тушаалтан магадгүй ТУЗ-ийн дарга, гишүүдийн заавраар хийдэг байжээ гэдэг нь анзаарагдахаар байсан тухай одоо ч хуулийнхан ярьдаг.
Мөн түүний тухай тодруулбал, 2008 онд “Аэрогеодези” төрийн өмчит компанийг, ИНЕГ-ын харьяанд байсан Буянт-Ухаа дахь хуучин нисэх буудлын барилгыг өөрийн найз Ч.Хоролсүрэнгийн компанид хуудуутай хувьчилсан баримт хууль хяналтынхны гарт бий гэдэг. Энэ бол Д.Сугарын холбогдсон бас нэг хэрэг бөгөөд АТГ болон бусад мөрдөх албаныхан түүний үйлдсэн энэ мэт хэргүүдийг нэгтгэж байгаад шалгахаар болсон тухай зарим эх сурвалж хэлж байна. Тодруулж хэлбэл, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарт холбогдох хэргийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс сэргээн шалгах үндэслэл нь түүнийг ТӨХ-ны даргаар ажиллаж байхдаа албан тушаал эрх мэдлээ ашиглан бусдад давуу эрх олгож, төрийн өмчийн объектуудыг хувьчилсантай холбоотой гэх. Мөн МИАТ-ийн удирдлагуудын угаасан мөнгөнөөс хувь хүртсэн зэрэг хэд хэдэн үндэслэлээр буруутган шалгаж эхлэх юм байна. Бид түүний энэхүү хуудуутай хувьчлалын талаар эргэн мэдээллэх болно.
Үргэлжлэл бий…
©Д.ДОРЖ
Зочин · 2014/02/17
Tsirkiin huvichlaliig ni ***lgaarai. Mash tom yum garch irehvii
Зочин · 2014/02/17
Хэрэв шударга ёсыг тогтоож байгаа бол Сугар гэдэг том тулыг барих цаг нь болжээ.
Зочин · 2014/02/17
Үгүй энэ нэг долийсон ,мурий хушуулсан юмыг нөгөө МИАТ- н хэргээр нь яагаад шоронд хийдэггүй юм бэ???
Зочин · 2014/02/17
bolj bna ZUV. hereg huuchirdaggui gedegiig huuli hyanaltiinhan gemtnuuded haruulj shudarga yosiig niigemd togtooh yostoi. ene bol uls orshin togtnohiin undes. turiin umchiig zavshij, luivardaj bsan humuusiin ehnii eeljind yaah argagui ZANDAAHUUGIIN ENHBOLD 1-t bichigdene. tiimees ulger domog met yarigddag gemt huvichlaluudiig sergeen ***lgah ni ard tumnii husel ****rdlaga.
Зочин · 2014/02/17
bolj bna ZUV. hereg huuchirdaggui gedegiig huuli hyanaltiinhan gemtnuuded haruulj shudarga yosiig niigemd togtooh yostoi. ene bol uls orshin togtnohiin undes. turiin umchiig zavshij, luivardaj bsan humuusiin ehnii eeljind yaah argagui ZANDAAHUUGIIN ENHBOLD 1-t bichigdene. tiimees ulger domog met yarigddag gemt huvichlaluudiig sergeen ***lgah ni ard tumnii husel ****rdlaga.
Зочин · 2014/02/17
Хуулийнханг төр харах шиг болж цалин хангамжийг нэмлээ, одоо хуульчид төрийн төлөө ажллах ёстой. Үр дүнг ард түмэн харж байна