ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТАНТАЙ ХОЛБООТОЙ ШАЛГАЖ БАЙГАА ХЭРЭГ БИЙ

Тагнуулын ерөнхий газрын дарга, хурандаа Д.Гэрэлээс цаг үеийн зарим асуудлаар тодруулга авлаа.

-Саяхан тагнуулын байгууллага нэлээд сүр дуулиантай ажиллагаа явуулж, “Голомт” хотхон дахь орон сууцнаас Монгол Улсад тагнуул хийсэн байж болзошгүй хятад иргэдийг баривчилсан гэж байсан. Энэ хэрэг юу болсон бэ?
-БНХАУ-ын иргэд гэдэг худлаа мэдээлэл. Тийм зүйл байхгүй.

-Тэгвэл яг ямар учиртай гүйцэтгэх ажиллагаа юм бол, хурааж авсан хайрцагтай зүйлсээ зөөж байсан?
-Одоо мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Гадаадын тагнуулыг бид баривчилсан. Гэхдээ мэдээлэл нь нууцын зэрэглэлтэй учир би ярих боломжгүй.

-Тагнуулын байгууллагад шалгагдаж байгаа төрийн өндөр албан тушаалтнууд бий гэсэн?
-Байгаа.

-АТГ өчигдөр мэдээлэл хийгээд, “Тагнуулынхан 60 тэрбумын схем хэрэгжсэн тухай мэдээлэл авсан тул хэргийг сэргээн шалгах хэрэгтэй” гэж мэдээлсэн. Энэ талаар ярина уу?
-Хэрэг АТГ-т шалгагдаж байгаа. Гурван байгууллагын ажлын хэсэг ажиллаж байна. Манай тагнуулын ерөнхий газар үүнд багтсан.

-Схем хэрэгжсэн талаарх ямар мэдээлэл авсан юм бэ. Баримт байгаа учраас хэргийг сэргээн шалгаж байгаа гэж ойлгосон?
-Тэрийг би хэлж чадахгүй.

 

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин