Нийтийн тээврийн шинэчлэл хийгдсэн цагаас эхлэн бэлэн мөнгө төлж зорчих асуудал өнөөдрийг хүртэл зогсохгүй байна. Мөн мөнгө хураагчгүй болж, U-money картыг үйлчилгээнд нэвтрүүлсэн ч иргэд бэлэн мөнгөөр зорчдог гэдгийг холбогдох газрынхан хэлдэг.

Бэлэн мөнгө төлж зорчиж буй зорчигч жолоочид л "сул мөнгө" өгөөд байна гэсэн үг юм. Энэ байдлыг таслан зогсоохын тулд нийслэлийн тээврийн газраас хяналтын байцаагч нарыг ажиллуулж эхэлжээ. 

Уг нь бэлэн мөнгө төлж зорчсон иргэд торгуулах хуулийн заалттай. Гэвч үүнийг мэддэг иргэн алга. Тодруулбал, цахим картаар зорчих хөлсөө төлөөгүй иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 14.6.1 заалтын дагуу 10000 төгрөгөөр, зорчигчдод зорчих хөлс төлөх шаардлага тавиагүй, зорчигчдоос бэлэн мөнгө авсан жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.6.9 заалтын дагуу 25000 төгрөгөөр торгож, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд арга хэмжээ тооцон ажилладаг. 

Одоогийн байдлаар автобусны эцсийн зогсоолоос эхлэн хяналтын байцаагч нар "бэлэн мөнгөөр иргэдийг зорчуулахгүй байна. Тиймээс иргэд U-Money картаа цэнэглэн төлбөрөө төлөх ёстойг анхааруулья. 

Нөгөөтэйгүүр, автобусны буудлын зогсоол дүүрэн ТҮЦ-ээр U-Money карт цэнэглэдэг болгомоор байна. Нийслэлийн хэмжээнд одоогоор автобусны 970 орчим буудал байдгаас 547 нь карт цэнэглэх, борлуулах цэгтэй ажээ. Энэхүү цэгийг анх 500 цэг байлгахаар тооцож, гэтэл хүрэлцэхгүй болохоор нь 47 цэгийг нэмсэн байна.  Өөрөөр хэлбэл, энэ нь 50 гаруйхан хувьд нь U-Money картыг цэнэглэх цэг бий гэсэн үг юм. Гэтэл ихэнхи нь ажилладаггүй. Мөн өглөө эрт онгойдоггүй. Угтаа бол нийтийн тээвэр үйлчилгээнд явж эхлэх цагаас буух хүртэл нь ажиллаж байж иргэд бэлэн мөнгө төлж зорчих асуудал арилах болов уу.  

Бэлэн мөнгөө төлж байгаад торгуулахыг хэн ч хүсэхгүй биз. Харин карт цэнэглэх цэгээ л нэмэх, цагийн хуваарийн дагуу ажиллах дээр нь хяналт тавьчихвал эл асуудал дөхөм шийдэгдэнэ. Олон хүнийг автобусны буудал дээр ажиллуулж автобусны гаднаас "бэлэн мөнгөө төлөхгүй, картаа цэнэглэ" гэж хөөж буулгах хэрэг хэн хэндээ гарахгүй баймаарсан даа. Хяналтын байцаагч нарт орох газар байхгүй автобусны буудал дээр өдөржин зогсож байгаа харагдана лээ. Автобус ирэх болгонд "картаа уншуулж байна уу, мөнгө өгч байна уу" гээд зорчигч бүрийг хянаж байгаа нь хүндрэлтэй. Зарим иргэд "ажлаасаа хоцрох гээд байна, картаа цэнэглэх газар алга" хэмээн тэдэн рүү ундаацах нь энүүхэнд.