Цагдаагийн ерөнхий газар/ЦЕГ/, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар/НМХГ/ хамтран “Аюулгүй ажлын байр" нэгдсэн арга хэмжээний талаар өнөөдөр /2019.05.22/ мэдээлэл хийлээ. Тухайлбал хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчсөн гэмт хэрэг 2017 онд 70 бүртгэгдсэн нь 2016 оноос 59 нэгжээр буюу 45.7 буурсан бол 2019 онд 89 бүртгэгдэж өмнөх оныхоос 19 нэгжээр буюу 21.3  хувиар өсчээ. Хамгийн сүүлд гэхэд өчигдөр/2019.05.21/ Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан барилга дээрээс Орхон аймгийн харьяат 37 настай Б унаж бэртсэн байна.

 

ӨНГӨРСӨН ОНД ХӨДӨЛМӨР АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ УЛМААС 89 ГЭМТ ХЭРЭГ БҮРТГЭГДСЭНИЙ 41 НЬ БАРИЛГЫН САЛБАРТ ГАРСАН

 

ЦЕГ-ын хэрэг бүртгэх албаны захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Эрдэнэцогт “Аюулгүй ажлын байр нэгдсэн арга хэмжээг нийслэлийн  хэмжээнд тавдугаар сарын 22-ны өдрөөс зургадугаар сарын 22-ны өдөр хүртэл зохион байгуулна. Дулааны улиралд уул уурхай  болон барилгын салбарт бүтээн байгуулалт өрнөдөг. Үүнтэй холбоотойгоор осол гэмтлийн гаралт ч ихэсдэг. 

 

Өнгөрсөн онд хөдөлмөр аюулгүй ажиллагааны улмаас 89 гэмт хэрэг бүртгэгдсэний 41 нь барилгын салбарт гарсан. Эдгээрийн дийлэнх нь аюулгүй байдлын дүрэм журмыг мөрдөж ажиллаагүй, өндөрт ажиллах хүмүүс нь хамгаалалтын бүс, бэхэлгээ хэрэглээгүй зэрэг нйитлэг зөрчил илэрдэг. 

 

Өөрөөр хэлбэл, баригдаж байгаа барилга дээр хөдөлмөр аюулгүй ажиллагааны журам зөрчсөнөөс 2016-2018 онд 99 гэмт хэрэг бүртгэгдэж, 110 иргэн эрүүл мэндээрээ хохирсон байна. Аж ахуйн нэгж байгууллагуудын ажлын байран дахь аюулгүй байдлыг хангаж ажиллуулахын тулд энэхүү нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Арга хэмжээний дүнг хэвлэл мэдээллийн байгууллагад эргэн мэдээлнэ” гэв.

 

ЭНЭ УЛИРЛЫН НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ГУРВАН ГЭМТ ХЭРЭГ БҮРТГЭГДЖЭЭ

 

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Мах Импекс”-ийн замын хажуугийн барилга дээрээс туслах ажилчин Ж нь тогтоосон журам зөрчсөний улмаас унаж гэмтжээ. Мөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хоёрдугаар сарын 1-ны өдөр “Сод монгол” групп ХХК-ын өргөтгөлийн барилга дээр инженерийн хяналт шалгалт сулаас барилгын туслах ажилчин Б-ийн хөл дээр төмөр унасан байна. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт гуравдугаар сарын 6-ны өдөр “Голомт”  Констракшны барилга дээр барилгын туслах ажилчин Б хөрөө рамд гарын хуруугаа зүсч, гэмтээсэн хэргүүд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

 

Хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчигдсөн тохиолдолд байгууллагын захирал, хөдөлмөр аюулгүй байдлын инженерүүдийг яллагдагчаар татаж Эрүүгийн хэрэг үүсгэн шүүхэд шилжүүлдэг аж. 

 

НИЙТ ТӨСВИЙН 1.5  ХУВИАС ДООШГҮЙ ХӨРӨНГИЙГ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ХАНГАХАД ЗАРЦУУЛАХ ЁСТОЙ

 

НМХГ-ын хөдөлмөр нийгмийн хамгаалал тусгай хяналтын хэлтсийн дарга И.Баттөгс “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбоотой нийтлэг гардаг зөрчлүүд гэвэл төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулахтай холбоотой асуудлууд байдаг. Нийт төсвийн 1.5  хувиас доошгүй хөрөнгийг заавал хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангахад зарцуулах ёстой. Хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчигдсөнөөс 2017 онд таван хүн, 2018 онд 13 хүн нас барсан. Аж ахуйн нэгж байгууллагууд хэдэн төгрөг хэмнэхийн тулд харам хандаад байдаг. Аюулгүй ажиллагааны зардал гаргаагүй байгууллагуудад холбогдох хариуцлагыг тооцоод явж байгаа” гэв.

Эх сурвалж www.wikimon.mn