ҮНЭ ХАНШ: Лууван, нэгдүгээр зэргийн гурилын үнэ нэмэгдэж, хонь, үхрийн махны үнэ буурчээ
1 цагийн өмнө

Монгол Улсын инфляц наймдугаар сард 12.5 хувьтай гарлаа.
Жилийн үнийн өсөлтийн бараг тал хувийг хүнсний бараа, ундааны үнэ бүрдүүлж байгаа нь өрхийн хэрэглээний зардалд хүнсний үнийн өсөлт хамгийн их нөлөөлж байгааг харуулж байна. Хүнсний бараа, ундааны үнэ жилийн өмнөхөөс 21.5 хувиар өссөн бөгөөд инфляцад эзлэх нөлөө нь 46.9 хувьтай байна.
Тэгвэл энэ сарын 14-ний байдлаар, Улаанбаатар хотод гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 1.9 хувиар, өмнөх 7 хоногоос 0.4 хувиар тус тус буурчээ.
Өмнөх 7 хоногтой харьцуулахад:
- Луувангийн үнэ 1.0 хувь,
- I зэргийн гурилын үнэ 0.5 хувиар тус тус өсжээ.
Харин Сонгинын үнэ 4.9 хувь,
- Үхрийн цул махны үнэ 2.5 хувь,
- Үхрийн ястай махны үнэ 0.9 хувь,
- Хонины ястай махны үнэ 0.2 хувиар тус тус буурчээ.
Мөн өрхийн өдөр тутмын хэрэглээнд түгээмэл байдаг гурил, талх, будаа, сүү зэрэг бүтээгдэхүүний үнэ энэ хугацаанд харьцангуй тогтвортой байна.
Есдүгээр сарын 14-нд дээд зэргийн савласан гурилын үнэ килограмм нь 3,541 төгрөг, нэгдүгээр зэргийн гурил 2,541, хоёрдугаар зэргийн гурил 1,466 төгрөг байжээ. 600 граммын “Атар” талх 2,926, “Мишээл” талх 3,926, нэг килограмм цагаан будаа 5,000 төгрөгийн үнэтэй байна.
Түүнчлэн АИ-92 автобензиний үнэ литр нь 3,040 төгрөг, дизель түлш 4,770 төгрөг байгаа нь наймдугаар сарын дундажтай харьцуулахад АИ-92 бензин 2.8, дизель түлш 14 хувиар өссөн үзүүлэлт юм. Евро бензиний үнэ ч мөн наймдугаар сарын дунджаас 24.2 хувиар өсжээ.












