Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Зөвлөмж хүргүүлсэн. 2018-2019 оны хичээлийн жилд нийслэлийн 1 дүгээр сургууль, мөн “Шинэ эхлэл” сургууль болон өөр бусад нэр бүхий сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар хүүхэд элсүүлэх үедээ 10 хүртэлх сая төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн.

Эдгээр хэргүүд эхнээсээ шүүхээр шийдвэрлэгдсэн. Тэгэхээр 2019-2020 оны хичээлийн жилд сургууль, цэцэрлэгт шинээр хүүхэд элсүүлэхдээ авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд, ил тод, нээлттэй байдлаар элсэлтийн ажиллагааг зохион байгуулах шаардлагатай тухай Зөвлөмжийг хүргүүлсэн. АТГ-аас өгсөн Зөвлөмжийг боловсролын салбарын байгууллагууд дор бүрнээ чанд мөрдөж ажиллах ёстой.

Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуулийн захирал Д.Оюунгэрэл төгсөх ангийн сурагчдаас мөнгө татах, хандив авах, амралт зугаалгаар явах, хооллох зэргээр хууль дүрэм зөрчиж багшийн ёс зүйн алдаа гаргахгүй байхыг үүрэг болгосон тушаал гаргасныг АТГ сайшааж байгаа. Бусад ерөнхий боловсролын сургуулийн удирдах албан тушаалтнууд нэгэн адил гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай байна.