Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Саруул” хорооллын 112 дугаар байранд төрсөн эгч болох 27 настай Э-г шунайхан сэдлээр хоолойг нь боож амийг нь хохироож улмаар гэмт үйлдлээ нуух зорилгоор гэрийг нь галдан шатаасан аймшигт хэрэг гарсан билээ.

Уг хэргийг үйлдсэн төрсөн дүү Д.Батхуяг, түүний найз О.Энхбаяр нарыг шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж бүх насаар нь хорих ял оноосон билээ. Тэгвэл анхан шатнаас оноосон шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн тэд Давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргасан байна.

Харин гомдлыг нь өчигдөр буюу энэ сарын 23-ны өдөр хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Ингэхдээ бүх насаар нь хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.