Их хотынхон гэгддэг Улаанбаатарчууд таван хоног наадсаар өнөөдөр шувтрах шатандаа орж байна. Нийслэл хотод үлдсэн хэдэн нь төв цэнгэлдэхдээ хог, шороогүй цэвэр сайхан наадлаа. Наадамчид "хоггүй" сайхан наадлаа /фото/

Гэтэл хөдөө орон нутгийг зорин аялал, зугаалганд мордсон хэд араасаа их л хэм ам дагуулах нь тэр. Тэд Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Увс зэрэг аймгуудын үзэсгэлэнт газруудыг үзэн байгалийн сайханд тухалжээ. Тодруулбал, хэнэггүй монгол зангаараа хогоо энд тэндгүй хөглөрүүлээд ирсэн байна. 

Статистик мэдээллээр, 2016, 2017 онд хоёр сая гаруй монгол иргэн дотооддоо аялсан гэх тоон үзүүлэлт байгаа юм.  Дотооддоо аялах хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь сайшаалтай хэрэг. Гэвч "хогоо байгаль дэлхийдээ хаяад байгаа нь харамсал дагуулсаар"... Байгаль хамгаалагч нар уйлж байна. Зарим хэсэг нь бусдын хаясан хогийг цэвэрлээд болоод байхад нөгөө хэсэг нь өөрийнхөө хаясан бохироо түүх сэтгэл, ухамсар алга.

Тухайлбал, Архангай аймгийн Өгий нуурыг зорьсон дотоодын аялагчдын тарьсан балаг "байгаль дэлхийг уйлуулж" байна. 

 

Эх оронч үзэл гэж юуг хэлэх вэ? Би монгол хүн гэж цээжээ дэлдэхээс эхлэх үү, аль эсвэл би эх оронч хүн хэмээн худлаа бурах уу. Үгүй "хогоо хогийн саванд, байршуулсан хогийн цэг"-т хаяхыг хэлнэ. Үр хүүхэд, хойч ирээдүй минь "утаанд" идэгдэж байна гэж бархирдаг байж "хөрсний бохирдлыг яагаад тоохгүй байгаа юм". 

Хөвсгөл нуурыг хамгаалагч  Ж.Оюумаа наадмын өмнөхөн аялагчдад хандаж, Наадмаар Хөвсгөл “гамшиг” болдог. Хэлэх үг байхгүй хэмээж байсан удаатай. Түүний ийн хэлсэн үг батлагдлаа. Монголчууд байгалийнхаа үзэсгэлэнт газруудыг үзэх нэрийдлээр үгүй хийж байна гэхэд буруутахгүй нь ээ. Учир нь  нуурыг цэвэршүүлж бохирдлыг шүүж байдаг гол хүчин зүйл бол хөрс, ургамал хоёр аж. Тэгвэл бид хогоо орхин нуурын эрэг дээр хаяснаар хөрсний бохирдол үүснэ. Ингээд хөрсөн бохирдсон хэсэгт ургамал ургах уу? Бас л үгүй.

Ингээд онгон байгаль дэлхийгээ өөрсдийнхөө гараар үгүй хийж яваагаа огтоосоо ухамсарлахгүй байгаа нь эмгэнэлтэй. Хогоо авч яваад л хаячих... Ер нь орон нутгийн үзэсгэлэнт газруудыг зорих иргэдээс "хураамж авч, орох гарахад нь хогоо авчирвал төлсөн мөнгийг нь буцаан олгодог" тогтолцоонд шилжих нь зүйтэй болов уу. Түүнчлэн гамшиг дагуулсан асуудал бол бие засах газар. Тав алхаад л өтгөн, шингэнээ гаргаж морь харчихсан байдаг. Эргээд түүгээрээ өөрсдөө амьсгалаад байгаагаа хэзээ ухаарах вэ. Үзэсгэлэнт газруудад нутгийн засаг дарга нар бие засах газрыг байгуулах асуудлыг хөндмөөр байна.