НИЙСЛЭЛ ХҮРЭЭНИЙ ГАНГАН ХҮҮХНҮҮД


Ардын хувьсгал ялан мандсанаас хойш манай охид, хүүхнүүдийн царай зүс улам өнгө орж, хувцас хунар нь дэгжин болохоос гадна үзэл бодол, сэтгэл санаа, соёл боловсрол нь аргагүй дээшлээд иржээ. Чухамхүү энэ үеэс “Хүрээний гангачууд” гэсэн нэр томъёо өмнөхөөсөө улам хүчээ авч хожим нэр алдараа дуурсгасан олон сайхан хүүхэн тодрон гарсан түүхтэй. Жишээ нь хүрээ дуунд мөнхөрсөн Хэенхуар, Дунжидмаа, Цэенпил, Эрдэнэдүүрэгч ван Намхайжанцангийн хатан Дашбалжир, Жинжий Бадам, “Ванлий” буюу алдар цуут Баянжаргал, “Уяхан” Тамжид, Ши данжаадын авааль эхнэр Цэенхуар, “Ихэмсэг” Пунсаа, “Цоохор” Цэнд, “Хүрээ” Янжиндулам, Минжүүр, Пагмадулам, Маа бээсийн Дулмаа, “Маршал”-ын Дэвээ, “Барон” Дашзэвэгийн эхнэр “Хар нүдэн” Гаамаа, “Орос” Долгор, Манлай баатар Дамдинсүрэнгийн охин Нацагханд нарын олон арван ганган царайлаг хүүхэн хорь, гучаад оны Нийслэл хүрээг чимэглэж байжээ. Мөн Нийслэл хүрээнд Түшээт хан Насантогтохын хатан Хулан гэгч царай зүс сайхантай ганган дэгжин хатан байсан бол хошой чин ван Цогбадрахын хатан бие томтой, билэг ухаан сайтай, өнгө тунамал, үзэсгэлэн төгөлдөр, тэр чинээгээрээ эдийн дээдийг өмсөж зүүдэг нэгэн байж. Дээр нэр дурдсан хүүхнүүдээс “Уяхан” Тамжид, Цэенхуар, “Ихэмсэг” Пунсаа, “Цоохор” Цэнд, “Хүрээ” Янжиндулам, Минжүүр нар буруу замаар явчихаж. Харин Пагмадулам, Маа бээсийн Дулмаа, “Хар нүдэн” Гаамаа, “Орос” Долгор нар гадаад дотоодод боловсрол эзэмшиж ганган хээнцэр толгойгоо эрдэмээр чимэглэсэн гавъяатай. Ингээд Нийслэл хүрээний ганган хүүхнүүдийн тухай өгүүлсү.

ЦЭВЭЭН ТЭРГҮҮНИЙ ГАНГАН ОХИН ЦЭРМАА

Жанжин Д.Сүхбаатарын гэргий Янжмааг монголчууд андахгүй. Харин жанжины нууц амраг явсан Цэрмаагийн талаар хүмүүс тэр бүр мэддэггүй. Олноо Цэвээн тэргүүн гэж алдаршсан Лувсанцэвээний ганц охин Цэрмаа нь хорь, гучаад оны Нийслэл хүрээний гангачуудын нэг байжээ. Энэ тухай зохиолч, сэтгүүлч Б.Туяа 1990-ээд оны үед хэвлэгдсэн “Таван цагаан шувуу” хэмээх номондоо тодорхой өгүүлсэн байдаг. 1976 онд 73 насан дээрээ хорвоогоос хальсан Цэрмаа гуайн тухайн үед өгүүлж байсан дурсамжийг сэтгүүлч Б.Туяа цаг тавиун болохыг хүлээж байсаар ардчилал сэргэсэн ерээд оны үед дэлгэн тавьж байлаа. Цэвээн тэргүүний ганц охин Цэрмаа өгүүлрүүн: “Сүхийг одоо манайхан Сүхбаатар жанжин л гэж бурхан шиг өргөмжлөн дууддаг болж. Эгчийнх нь хувьд тэр жирийн л эр хүн байж. Би түүнд сэтгэл алдарч явлаа. Баян айлын эрх танхил охин гэж Сүх маань надаас цэрвэсэнгүй. Би ч түүнийг ирээдүйд хувьсгалын жолоодогч хүн болно гэж бодож явсангүй. Бид хоёр зүгээр л хүн хүндээ дасдаг хорвоогийн жамаар бие биенээ олоод л учирчихжээ. Тэгж дотно явсныхаа дурсгал болгож дугуй унаж авахуулсан зургаа Сүх надад өгсөн юм. Харин би цагийн аясаар түүнийг хадгалж явж чадалгүй үрчихсэндээ гэмшээд бардаггүй юм. Хэрвээ тэр зураг одоо болтол хадгалагдсан бол надад гэрч, түүхэнд өв болох байлаа. Хорвоогоос аль сайхан юм өнгөрч улирахыг тэр гэхэв. Сүх бид хоёрын холбоог хожим Эрүүлийг хамгаалах яамны сайд байсан “Өндөр” Дамдин гэдэг хүн мэддэг байлаа. Бас маршал Чойбалсангийн гэргий Гүндэгмаагийн дүү мэднэ. Би Сүхтэй анх их сонин учирлаар танилцсан. Би хөдөөлж, хааяа Манзуширийн хүрээнд цам үздэг байв. Нэг удаа хоёр гурван хүүхэн, долоо найман харчууд нийлээд найрлаж байв. Орой болсон тул явъя гээд намайг гэрээс гарах гэтэл “Өндөр” Дамдин амдаж зогсоод “Сүх чамайг үлдээч гэж гуйж байна” гэж хэллээ. Удалгүй Сүх өөрөө ч гарч ирлээ. Намайг битгий яваач гэж ятгав. Хэсэг тээнэгэлзээд би үлдэхээр шийдэв. Хүн надад Сүх хань бүлтэй гэж хэлсэн тул би болгоомжиллоо. Тэгсэн атал намайг үлдээч гэж Сүхийг гуйхаар би үгүй гэж хэлж чадаагүй л юм даа. Ингэж л бид хоёрын сэтгэлийн холбоо анх эхэлсэн. Түүнээс хойш Сүх намайг нэг удаа гэртээ дуудуулаад “Чи Дамдинтай л учиртай юм шиг байгаарай” гэж захив. Тэгээд “Өндөр” Дамдин бид хоёрыг явуулсангүй. Бид хоёрт баруун талд гудас дэвсээд ор засч өгөв. Бид хоёр ч хуурай эр, эм болоод л унтах боллоо. Миний ичсэн зовсон гэж жигтэйхэн. Төдөлгүй Сүх “Чи унт” гэж Янжмаад зандрангуй хэлээд өмнүүр нь дээл хувцастайгаа бүхлээрээ унтав. Тэр шөнө бид лав бүгдээрээ нүд хамхилгүй үүр цайлгав. Сүх Янжмааг өглөө эрт босгож цай чануулав. Би ч дотроо уурлаад чанасан цайг нь уусан болоод бушуухан холдохын түүс болж хашааны хаалгаар гарч явтал Сүх миний араас гүйж ирээд “Яадаг юм бэ. Янжмааг мэдэг гэж би зориуд тэгсэн юм. Би хэнээс ч өөрийнхөө сэтгэлийг нууж чадахгүй” гэснээ дотор цэлмэтэл сайхан инээмсэглэж билээ. Үүнээс хойш бид хоёрыг үүгээр түүгээр явахыг анаж барих гэж Янжмаа нэг хамар муутай авгайтай нийлж эрэл сурал болдог байв. Сүх бид хоёр нэг хэсэгтээ үнэхээр салж хагацаж чадахгүйд хүрсэн дээ. Хэрвээ Сүх эхнэр хүүхэдгүйсэн бол надад эргэлзэж цааргалах юм байсангүй. Надад тэр үед Хүрээнд байхгүй гэлцдэг, суухад л бараг өвдгөнд тунардаг тийм гоё урт сувдан ээмэг байлаа. Би яагаад ч юм бэ, ээмэг, бөгжөө байсхийгээд л Сүхэд хадгалуулах дуртай байлаа. Гэтэл талын гөрөөс шиг цахилж явсан эрх зоргоороо танхилхан нас минь өнгөрч эцэг эх маань намайг угсаа хэргэмтэй, ноён зэрэгтэй хүнтэй суулгахаар ятгав. Сэтгэлтэй хархүүтэйгээ нийлж чадаагүй хүн чинь яахин бусдын эрхшээлд орох билээ. Төдөлгүй нэг удаа сор залах галын наадамд явж байгаад Шагдарын Гомбожав гэгчтэй танилцав. Нуруу туруу нь Сүхтэй ч адилхан юм шиг. Ингэж би эцэг эхээ дийлж өөрийнхөө саналаар эр нөхрөө сонгож ахимаг насны хүнтэй нийлэв. Гомбожавтай суусныхаа дараа би Сүхтэй одооны энэ Сэлбийн гүүрний тэнд хааяа болздог байлаа. Сүх маань зүсээ хувиргаж намайг тосдог байж билээ. Сүхийг хойшоо явахад манай эцэг нанжин гахай гөлөмтэй эмээл, мөнгөн хазаартай хос сайхан морь бэлэглэж байсан юм. Богд манай аавд Сайн ноён хааны хашааг бэлэглэсэн юм. Тэнд Сүх, манай аав тэргүүтэн асартай майхны хаяа сөхчихөөд шагай харвах нэрийдлээр нууц хурал хийдэг байв. Эцэг минь намайг ганц охин минь гээд ухаангүй хайрлана. Манайх маш их мал хөрөнгөтэй байсан. Би бүсгүй хүн гэхэд сааль сүүний ажилд ч орж мэдэхгүй, ганц ч үнээний дэлэн шувтарч үзсэнгүй. Ёстой л сайн эцгийн арван цагаан буянаар эрх жаргалаараа өссөн дөө. Би том том луун хээтэй хятад торгон дээлийг ногоон, шар, бор өнгө сэлгэж өмсдөг байлаа. Үс гэзэг жигтэйхэн урт, үзүүр нь бараг хонгонд хүрнэ. Миний эцэг Цэвээн тэргүүн чухам яагаад буруудсаныг бүү мэд. Сүх аавыг маань хоёр ч удаа хэргээс мулталж амийг нь аварч байсан гэдэг. Хамгийн сүүлд Бодоо, Сүх хоёрыг хамт байхад нь манай эцэг уулзаад ингэж хэлсэн юм гэнэ лээ. “Хэрвээ шашин бурханаа шүтэх юм бол би бос гэсэн газар чинь босч, суу гэсэн газар чинь сууж явъя. Хэрвээ шашин шүтлэгээ гэсгээх юм бол шашингүй төрийг ямар төр гэхэв. Та нартай нэгийгээ үзэлцэж, нэхий дээлээ тайлалцана” гэж хэлжээ. Тэгтэл Бодоо ихэд уурлаж “Нэгийгээ үзэлцэнэ гэдэг чинь энэ хүн Сүх бид хоёрыг ална гэсэн үг. Чи ийм хүнийг хэргээс сугалж тавих гэлээ” гээд буу барин босч ирээд Сүхтэй муудалцаж байсан гэдэг юм билээ” хэмээжээ. Цаг хатуу, социализм, коммунизм ид мандан бадарч байсан далаад оны үед ингэж зоригтой дуугарахыг бодоход Цэвээн тэргүүний охин Цэрмаа үнэхээр л хэлье гэснээ хэлэх гэж шийдсэн бололтой. Тэгэхгүй бол түүнтэй хамт Сүх жанжины тухай нэгэн сонин содон түүх үгүй болох гээд байж л дээ.