Үндсэн хууль судлаач Г.Батбаяртай цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-Өнөөдөр зарим судлаачид Монгол улсад нэг намын дарангуйлал аль хэдийнэ тогтсон гэж ярьж байна. Та санал нийлж байна уу?

 

-Тийм. Санал нийлж байна. Өнөөдөр дарангуйлал оршин тогтнож байгаагийн нэг нотолгоо нь төрийн эрх барьж буй эрх баригч нам ард түмний эрх ашгийн төлөө бодлого шийдвэр гаргахгүй зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргаад явж байгаагаар харагдаж байна. Монголд өнөөдөр нэг намын дарангуйлал тогтчихсон байна. Гэхдээ нэг гэхээсээ илүүтэй бараг хоёр гурван нам нийлээд дарангуйлаад явж байна. Энэ бүхний шалтгаан Үндсэн хууль, тогтолцооны гажуудлаас болж үүсч байна.

 

-Танай ШИНЭ нам АН-тай нэгдэж байгаа. Энэ талаар та ямар бодолтой байгаа вэ?

 

 

-Миний хувьд үүнийг дэмжиж байгаа. Яагаад гэвэл үндэсний ардчиллын төлөө энэ хоёр нам нэгдэж байгаа. Энэ бол маш зөв үзэл санаа. Үндэсний ардчилал гэдэг бол ард түмний эрх ашиг, ард түмний засаглалыг баталгаажуулахын төлөө нэгдэхийг хэлдэг. Тэгэхээр аливаа төр засаг, нам эвсэл нийт ард иргэд нийгмийн эрх ашгийн төлөө оршдог. Тийм учраас яг энэ үзэл санааны хувьд би дэмжиж байгаа.

 

-Та өмнө нь Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр, Т.Доржханд нарыг баривчлах хэрэгтэй гэж хэлж байсан. Яагаад тэгж хэлэх болсон юм бэ? Одоо энэ бодол чинь хэвээрээ юу?

 

-Хэвээрээ. УИХ-ын 2024 оны сонгуулийн амлалт өөрөө хууран мэхлэлт залилан байсан. Яагаад гэвэл МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН-ын дарга Т.Доржханд нар сонгуульд оролцох хугацаандаа амлалт өгсөн. Тэр нь хэрвээ та нар бидэнд итгэл хүлээлгэвэл бид төсвийг дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувь түүнээс доош 20 хувь хүртэл бууруулж төсвийг батлана гэсэн амлалт байсан. Тэгж итгэл авч гарч ирчихээд эсрэгээрээ яг эрх мэдэлд хүрэхээрээ сая 2025 оны төсвийг 35 их наяд хүртэл баталсан. Энэ бол шууд хууран мэхлэлт, залилан байсан. Тийм учраас үүнийг яаралтай эрүүгийн гэмт хэрэг гэж үзэж, тэднийг Улсын Ерөнхий прокурор баривчлах ёстой. Энэ үүднээсээ би хэлсэн. Энэ бол шударга ёс. Энэ байр суурин дээрээ би одоо хүртэл хатуу зогсож байгаа.

 

-Та шинэ Үндсэн хууль гэж батлах хэрэгтэй гэж ярьдаг. Тэгвэл шинэ Үндсэн хуулийг яагаад өөрчлөх хэрэгтэй вэ, өөрчилвөл яаж өөрчлөх ёстой вэ?

 

-Шинэ Үндсэн хуулийг ард түмэн боловсруулж хэлэлцэж батлах түүхэн цаг үе нь ирчихээд байна. Яагаад гэвэл Үндсэн хууль гэдэг нь нийгмийн гэрээ гэсэн үг. Энэ нь тухайн улс ямар нийгэмтэй, ямар төр засагтай, яаж оршин тогтнох вэ гэдэг суурь зарчмыг зааж өгдөг тийм баримт бичиг. 

 

Яагаад гэвэл Монгол Улс өнөөдөр улс төр, эдийн засаг, нийгмийн хувьд гүн хямралд орчихоод байна. Энэ бол өөрөө тогтолцооны гажуудлаас бол үүссэн. Тийм учраас шинэ үндсэн хуулийг ард түмэн өөрсдөө боловсруулж хэлэлцэж батлах ёстой.

 

Тэгж байж ард түмний эрх ашиг хангагдаж, ард түмэн эрүүл саруул, эдийн засгийн баталгаатай амар тайван эрх чөлөөтэй амьдрана. Үүнийг л шинэ Үндсэн хуулийг бий болгоно гэж яриад байгаа юм. Харин өнөөдрийн Үндсэн хууль цаг үеийнхээ шаардлагад нийцэхгүй байна. Үүнээс болж төр засагт хяналт хариуцлага байхгүй, ард түмэн төр засгаа сонгож чаддаггүй ийм муу тогтолцоо оршиж байна. Ийм байдалтай 30 гаруй жил явлаа. Тийм учраас дараагийн шинэ Үндсэн хуулийг бий болгох ёстой. Энэ бол өөрөө улс төрийн хувьсгал. Энэ хувьсгалыг хийх түүхэн цаг үе ирчихээд байна.

 

-Улс төрийн намууд болон иргэд олон нийт Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хангалтгүй ажиллаж байгаа тул огцрох ёстой гэж үзэж байгаа. Хэрвээ энэ Засгийн газар хангалтгүй ажиллаж байгаа бол огцруулах нь зөв үү?

 

-Зөв. Яагаад гэвэл УИХ-ын гишүүд нийт ард түмний эрх ашгийн төлөө зүтгэнэ гэж тангараг өргөснөөр бүрэн эрх нь хэрэгждэг. Бүрэн эрх нь хэрэгжээд тэд дундаасаа Засгийн газраа байгуулдаг. Засгийн газар яах гэж байдаг юм гэхээр УИХ-аас гаргаж байгаа бодлого шийдвэр хууль тогтоомжийг хэрэгжүүлэхийн тулд байдаг. Гэтэл эд нар засгийн эрхэнд гараад ард түмний эрх ашгийн төлөө ард түмэнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхгүй байна. Өнөөдөр нийгэмд маш олон улс төр эдийн засгийн тулгамдсан асуудлууд байна. Гэтэл эд нар энэ асуудлыг шийдэхгүй зүгээр тулга тойрсон хэрүүл хийгээд яваад байна. Тийм учраас энэ Засгийн Газар ямар ч чадамжгүй засгийн газар учраас огцрох ёстой. Цаашлаад УИХ нь ч бас тарах ёстой.

 

-Хэрвээ Засгийн газар муу ажиллаж байгаа бол УИХ хэр сайн ажиллаж байгаа гэж та үзэж байна?

 

-УИХ бас муу ажиллаж байна. Яагаад гэвэл УИХ нь гүйцэтгэх засаглалаа хянах ёстой. Гүйцэтгэх засаглал нь ард иргэдийн тулгамдсан асуудал, эдийн засаг, нийгмийн баталгааг бүрдүүлж байна уу мөн хүний эрх, эрх чөлөөг хамгаалж байна уу гэдэг дээр хяналт тавих ёстой. Гэтэл энэ Засгийн газар нь эдийн засгийн болон бусад баталгааг бүрдүүлж чадахгүй байна. Баялагт нь эзэн болгож чадахгүй байна. УИХ нь ийм муу Засгийн газрыг байгуулчихаад түүнийгээ хараад манай Засгийн газар сайн ажиллаж байна гэж ярьж байгаа бол энэ нь өөрөө ямар ч чадамжгүй УИХ гэдгээ харуулж байна. Тэр утгаараа энэ УИХ-ыг тараах ёстой гэсэн байр суурьтай байгаа.

 

-Монголд улс төрийн намууд хэр төлөвшсөн гэж та үздэг вэ?

 

-Монголд өнөөдөр улс төрийн намууд сайн төлөвшөөгүй байгаа. Жишээ нь хамгийн сайн төлөвшсөн гэж ярьдаг 100 жилийн түүхтэй МАН-ын түүхийг аваад үзвэл энэ намд сайн тал ч бий, дутагдалтай тал ч бий. Тэр бол мэдээж Монгол Улсыг тодорхой хэмжэнд хөгжүүлсэн.

 

Нам яах гэж оршдог юм гэхээр нийгмийн эрх ашгийн төлөө, нийт ард түмний эрх ашгийн төлөө, улс орныг хөгжүүлэхийн төлөө бодлого гаргаж, тэрнийгээ хэрэгжүүлэхийн төлөө л байдаг. Түүний төлөө төрийн эрх мэдлийг авч улс орноо хөгжүүлж, хөгжил дэвшилд хүргэх ёстой.

 

Гэтэл өнөөдөр энэ намууд тийм бодлого хэрэгжүүлж явуулж чадахгүй байна. Тэр дундаа эрх баригч МАН болон АН хоёр ээлжилж засгийн эрх барих хугацаандаа энэ улсыг хөгжүүлэх хөгжлийн бодлогыг ерөөсөө явуулж чадахгүй байна. Тийм учраас би эдгээр намуудыг төлөвшөөгүй, чадамжгүй, эх орноо гэсэн сэтгэлгүй, зүгээр хоноцын сэтгэлээр ханддаг улс төрчдийн бүлэглэлүүд гэж хардаг.   

 

-Та өнөөгийн Монгол Улсын эдийн засгийн байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

 

-Монгол Улсын эдийн засгийн байдал тийм сайн биш байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар эдийн засаг хөгжөөд байгаа гэж байгаа боловч бодит байдал дээр ерөөсөө сайжрахгүй байна. Ард иргэдийн амьдралын чанар сайжирахгүй байна. Өөрөөр хэлбэл өнөөгийн эрх баригчид гадагшаа экспортлосон нүүрс болон бусад орлогоос орж ирсэн мөнгийг гадны этгээдүүдтэй нийлж идэж уугаад хулгайлаад дуусч байна. Тэр утгаараа өнөөгийн УИХ, Засгийн газар ямар ч чадамжгүй гэсэн үг.

 

-Саяхан УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Төгрөг нуурын" ордыг Хятадын дөрвөн иргэнд зарсан тухай мэдээлсэн. Та энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

 

-Мэдээж УИХ-ын гишүүн, төрийн тэргүүн байсан хүн ийм асуудалд холбогдоно гэдэг бол маш ноцтой асуудал. Монгол Улсын ямар нэгэн орд газар бол тэр хүний хувийн өмч биш. Энэ бол гагцхүү ард түмний мэдэлд байна гэж Үндсэн хуулинд бичээстэй байгаа. Энэ өмч хөрөнгийг хэн нэгэн улс төрч дураараа гадныханд зарж наймаалцана гэдэг бол үндсэн хуулийг зөрчиж байгаа явдал буюу ард түмнээсээ урваж байгаа үйлдэл.

 

-Сүүлийн үед манай зарим иргэд Орос, Украины дайн гээд хоорондоо талцах үзэгдэл газар авлаа. Ингэж талцах нь хэр зөв бэ?

 

-Миний хувьд ингэж талцахыг дэмжихгүй байгаа. Бид нар бол тусгаар тогтносон Монгол улс. Монгол улсын тухайд гэвэл төвийг сахисан гадаад бодлого явуулдаг. Тийм учраас бид нар аль нэгэн гадны улсын талд оролгүй, төвийг сахисан бодлого баримтлах нь зүйтэй. Түүгээр яваа гайг үүгээр дуудна гэдэг шиг бид нар тэр Орос, Украины дайны дундуур орж аль нэг талд нь орох нь дэмий.

 

-Ер нь таны бодлоор УИХ-д ямархуу чадамжтай хүмүүс сонгогдох ёстой гэж та үздэг вэ?

 

-Угаасаа УИХ-д нэр дэвших хүн буюу хууль тогтоогч болох хүний шалгуур гэж зүйл байх ёстой. Хуучин Монгол Улсад хаан хүний 35 эрдэм гэдэг шиг хаан хүн ямар эрдэмтэй хүн байх ёстой юм гэсэн тийм шалгууртай байсан. Тэгвэл УИХ-д ямар хүмүүс сонгогдох ёстой вэ гэсэн шалгуурыг Үндсэн хуулинд нь тодорхой зааж өгөх ёстой. Миний хувьд гурван зарчим баримталдаг.

 

Нэгдүгээрт тэр хүний сэтгэлийг нь харах ёстой. Тэр хүний уг язгуур нь ямар хүн байна, эх орноо гэсэн чин сэтгэл байна уу? Мөн туулж ирсэн амьдралынх нь туршлагыг нь харах хэрэгтэй.

Хоёрт, мэдээж тэр хүн шинжлэх ухаан академик мэдлэг чадвартай байх ёстой.

Гуравт, тэр мэдлэг чадвараа ашиглаад үр дүн гаргах хичээл зүтгэл байна уу гэдгийг нь харах хэрэгтэй.

 

Ийм гурван зүйлийн шалгуурт тэнцсэн хүн л сая улс төрд орж, УИХ-д нэр дэвших ёстой. Тэгж байж тийм хүмүүс улс орныхоо хөгжлийн бодлогыг тодорхойлж, улс орныг хөгжүүлнэ. Үүнийг Үндсэн хуулиар хуульчилж өгөх ёстой.

 

Тэр үүднээсээ ийм шалгуур байхгүй учраас өнөөдөр баахан худлаа үнэн гадаадын диплом харуулсан олигтой сэтгэл байхгүй бас тэр дипломныхоо хэмжээнд мэдлэг чадвар байхгүй дүр эсгэсэн улс төрчид УИХ-д гарч ирээд байна. Тэгээд ийм байдлаас болж улс орон авлигад идэгдээд сүйрч байна.

 

-Өнөөдөр Монгол оронд ардчилал бодит утгаараа оршин тогтнож байна уу?

 

-Өнөөдөр Монгол оронд ардчилал яг бодит утгаараа байхгүй байна. Ардчилал гэдэг бол маш энгийнээр ард түмэн хаан байна л гэсэн үг. Ард түмэн хаан байна гэдэг нь юу гэсэн үг гэхээр ард түмэн эдийн засгийн баталгаатай, эрх, эрх чөлөөгөө хангалттай эдэлдэг, эх орондоо эзний ёсоор сайн сайхан амьдарч байвал тэр хаан гэсэн үг.

 

 

Үүнийг ардчилал гэж нэрлэнэ. Тэгвэл Монголын ард түмэн өнөөдөр сайхан амьдарч байна уу? Үгүй.  Өнөөдөр ажилгүйдэл, архидалт, гуйланчлал, ядуурал нийгэмд ард түмний дунд асар их байна. Нийгмийн бараг 70, 80 хувь нь ядууралтай байна. Энэ бол ардчилал байхгүй байгаагийн тод илрэл.

 

Тийм учраас яг сонгодог ардчиллыг бий болгохын тулд ард түмэн төр засгаа байгуулаад, байгуулсан төр засгаа хянаад, алдаа гарвал хариуцлага тооцдог ийм шинэ Үндсэн хуулийг бий болгож байж жинхэнэ шударга ард түмний төр засаг төрнө. Тэгсэн цагт ард түмэн эзний ёсоор хаан шиг амьдрана. Ингэж байж л жинхэнэ ардчиллыг бий болгох ёстой.

 

-Зарим хүмүүс өнөөдөр Монгол Улсыг мафи удирдаж байна гэж үздэг. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

 

-Би санал нэг байна. Яагаад гэхээр мафи гэдэг бол өөрөө бүлэглэл гэсэн үг. Нэг ёсондоо төрийн эрх мэдлийг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн хуйвалдааны зарчмаар удирдахыг мафи гэж нэрлэж байгаа юм. Өнөөдөр Монгол Улсыг өнгөрсөн 30 жилийн турш төр барьсан халаас нэгтэй хэдхэн мафийн бүлэглэл удирдаж байна.

 

Эд нар нэг ёсондоо Монголын ард түмнийг ядуу амьдруулж байна. Ард түмний эзэн болсон баялгийг гадныхантай нийлж 30 жил зарж идэж дуусч байна. Энэ бол мафи мөн. Энэ бол ард түмний эрх ашгийн төлөө зүтгэнэ гэж тангараг өргөсөн ч тангаргаа зөрчсөн хүмүүс.

 

Энэ юутай холбоотой гэхээр бас л нөгөө Үндсэн хуультай холбоотой. Дэлхийн шударга ардчилсан улс орнуудад яадаг гэхээр сонгуулийн үйл явц, процессийг Үндсэн хуулиар нь тодорхойлж өгдөг. Манайд бол тийм юм байхгүй. Үндсэн хуулийн 20-ийн дөрөв дээр байгаа. Сонгуулийн журмыг хуулиар тогтооно гээд Үндсэн хуулиас гаргаад хаячихдаг. Сонгууль гэдэг бол өөрөө ардчилсан улс орны амин чухал сүнс нь байдаг. Гэтэл эрх баригчид өөрсдөө сонгуулийг ард түмнээс булааж авсан. Тэр утгаараа Монголд ардчилал байхгүй, сонгууль байхгүй. Ингэж л 30 жил явж ирсэн. Тийм учраас сонгуулийн энэ нарийн тогтолцоог шинэ Үндсэн хуулиар хуульчилж өгөх ёстой.

 

-Тэгвэл өнөөдөр Монголд болж буй энэ бүх шударга бус зүйлтэй тэмцэхийн тулд юунаас эхлэх ёстой юм бэ?

 

-Энэ шинэ Үндсэн хуулиас эхлэх ёстой. Шударга ёсыг яаж тогтоох ёстой гэхээр эхлээд төрд шударга ёсыг тогтоохоос эхлэнэ. Тэгэхээр төр өөрөө Үндсэн хуулийг дээдлэн сахина гэдэг тангараг өргөдөг. Тангараг өргөснөөр УИХ-ын тухай хууль, Засгийн газрын тухай хуулиар төрийн институцийн бүрэн эрх нь хэрэгжиж эхэлдэг. Харин энэ тангаргаасаа няцвал хариуцлага хүлээгээд албан тушаалаасаа огцроно гэдэг. Гэтэл энэ нь огт хэрэгждэггүй. Тэгвэл шинэ Үндсэн хуулиар энэ бүхнийг зохицуулах боломжтой. Ингэж зохицуулсан байхад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна гэдэг үг бүрэн утгаараа хэрэгжинэ. Тэгэх юм бол энэ нь төр засагт ямар ч авлига байхгүй болно, бүх зүйл ил тод шударга болно. Тэгээд ард түмний төлөө зүтгэдэг шударга төр засаг бий болно. Үүнийг л Үндсэн хуулиар хуульчилж өгөх ёстой. Энэ бол Монгол Улсын хөгжлийн гарц гэж би харж байна.

 

-Өнөөдөр Монголд улс төрийн 30 гаруй нам бүртгэлтэй байна. Ер нь ийм олон улс төрийн нам байх шаардлагатай юу ?

 

-Ийм олон нам байх шаардлагагүй. Яагаад гэвэл манай улс маш цөөхөн хүн амтай. Гуравхан сая. Харин 300 сая эсвэл 30 сая хүнтэй байсан бол өөр хэрэг. Гэтэл 300 сая хүн амтай дэлхийн тэргүүлэгч улс хоёр гуравхан намтай байдаг. Тэгвэл манайд ийм олон нам хэрэггүй. Монгол улсын хувьд дөрөв, таван чанартай намтай байхад болно. Гэхдээ тэдгээр намууд нь бодлогоор өрсөлддөг байх хэрэгтэй. Тэгээд тэр бодлогоо дэвшүүлээд улс орноо хөгжүүлэх ёстой. Хэрвээ тэр амлалтаа биелүүлж чадахгүй бол тэр намыг шүүх засаглал нь татан буулгадаг байх хэрэгтэй. Ингэж байж шударга төр засаг бий болно. Ингэж байж намуудыг цэгцэлж цөөхөн хэдэн чанартай намтай байх хэрэгтэй.

 

-Сүүлийн үед иргэд олон нийт ураны төслийг эсэргүүцэж, энэ талаар дуу хоолойгоо хүргэж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

 

-Би бас үүнийг эсэргүүцэж байгаа. Уран бол хөгжил биш, уран бол мөхөл. Яагаад ураныг мөхөл гэж байгаа юм гэвэл уранаас эрчим хүч гаргадаг энэ технологийг хүн төрөлхтөн 20-р зууны 50-иад оноос л эхэлж бий болгосон.

 

Өнөөдөр дэлхий дээр цөмийн цахилгаан станцтай цөөхөн хэдэн л улс байна. Эдгээр улсууд уранаас эрчим хүч гаргаж авч болдог юм байна гэдгийг мэддэг мөртлөө түүнээс гарах цөмийн хаягдлийг яаж байгальд хор хөнөөлгүй болгох тэр технологийг одоо хүртэл олж чадаагүй.

 

Дэлхийн бүх шилдэг улс орнууд энэ асуудлыг өнөөг хүртэл судлаад толгойны өвчин болчихоод явж байна. Хүн төрөлхтөн өөрөө энэ цэнхэр гарагаа устгах ийм аюултай юм руу орчихсон байна. Тийм учраас Монгол Улс уранаар хэзээ ч оролдож болохгүй. Бид нар 3-5 хан тэрбум долларын ашгийн төлөө энэ ураныг олборлоно гэж ярьж байгаа. Гэтэл тэр Оюутолгой чинь 400 тэрбум долларын үнэлгээтэй. Тэр ордоо гадныханд зүгээр өгчихсөн. Тэгвэл энэ ордоо зөв ашиглах хэрэгтэй. Наад талд нь 500 тэрбум долларын үнэлгээтэй Тавантолгойн орд байна. Бараг триллион долларын үнэлгээтэй ийм том хоёр баялгаа гадныханд ингэж өгчихөөд өнөөдөр ард түмэндээ 100 мянган төгрөг өгсөн болж тэрнийгээ баялагтай эзэн болгож байна гэж яриад сууж байна. Тэр үүднээсээ энэ Ерөнхий сайд маш муу Ерөнхий сайд. Нэг ёсондоо энэ үйлдлээрээ ямар ч чадваргүй хүн гэдгээ харуулсан. Тийм учраас уран бол Монгол улсын хөгжил биш. Уран бол Монгол улсын мөхөл. Үүнийг бүр хуульчлах ёстой. Бүр цаашилбал Үндсэн хуулиар хориглох ёстой.

 

-Ер нь таны үзэж байгаагаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэр мэдлэг боловсролтой хүн бэ?

 

-Би бол Л.Оюун-Эрдэнийг тийм чадвартай хүн биш гэж үздэг. Яагаад гэвэл энэ хүн Ерөнхий сайд болохоосоо өмнө “Азийн хүлэг улс” гэсэн ном бичсэн. Би тэр номыг уншиж үзээгүй. Гэхдээ тэр ном бол Монгол улсыг Азийн бар гэдэг шиг Азийн үсрэнгүй хөгжилтэй ийм хүлэг улс болгоно гэсэн ном байсан байх. Тэгвэл Азийн хүлэг улс болгодог эрх мэдэл гүйцэтгэх засаглалын тэргүүн буюу Ерөнхий сайдад байдаг.

Ерөнхий сайд улс орныг хөгжүүлэх бодлогыг бодитоор хэрэгжүүлдэг хүн. Гэтэл энэ чилийсэн 4, 5 жилийн хугацаанд энэ хүн юу ч хийсэнгүй.

Монгол шиг ийм асар их эдийн засгийн нөөцтэй, 3 хан сая хүн амтай улсыг хоёроос гуравхан жилийн дотор Катар шиг, Норвеги шиг дэлхийн нэг номерийн хөгжилтэй улс болгох бүрэн боломж байсан. Гэтэл үүнийг хийж чадахгүй байна гэдэг бол энэ хүн ямар ч чадваргүй байна гэсэн үг. Тэр хүн Харвард төгссөн эсэхийг би мэдэхгүй. Төгссөн байлаа ч гэсэн үнэхээр чадамжгүй байна. Хэрвээ би Ерөнхий сайдын оронд байсан бол Монгол Улсыг 2-3 хан жилийн дотор ёстой нөгөө Норвеги шиг, Катар шиг баялагт нь эзэн болгож, нэг ч ядуу хүнгүй болгож Азийн хамгийн хүчирхэг маш баян улс болгож чадах байсан. Энэ бол маш амархан. Энэ бол ганцхан сэтгэл, мэдлэг чадварын тухай л асуудал байгаа. 

 

-Монгол Улсад өнөөдөр авлигын түвшин ер нь ямархуу байна гэж та үздэг вэ?

 

-Өнөөдөр Монгол улсад авлигын түвшин маш өндөр байна. Монголд авлига дээд цэгтээ хүрсэн. Өнөөдөр авлигын индексээр дэлхийн 180 орноос жагсаахад Монгол улс 120 орчимд явж байна. Аливаа улс орны хөгжлийг авлига хамгийн ихээр хойш нь татдаг. Төрд авлигал байгаа цагт улс орон хөгждөггүй. Жишээ нь Сингапур улс авлигаасаа салаад асар богино хугацаанд Азийн бар болтлоо хөгжсөн. Тэр нь Сингапур улсын Ерөнхий сайдын байгуулсан хичээл зүтгэл, ач буян байсан. Тэр утгаараа өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд авлигалыг таслан зогсоох бүрэн боломжтой. Л.Оюун-Эрдэнэ өөрөө авлигатай тэмцэх биш авлигыг таслан зогсоох хууль эрх зүйн орчныг санаачилж, тэрнийг өөрийнхөө намаар батлуулах ёстой. Энэ бол авлигаас гарах шийдэл. Гэтэл үүнийг ерөөсөө хийхгүй зүгээр попроод би авлигатай тэмцэж байна гэж яриад байна. Тийм учраас Монгол улс шинэ Үндсэн хуулиа баталж байж энэ авлигаас салж чадна.

 

Одоо дэлхий дээр авлигын индексээр тэргүүлдэг улсууд гэвэл Дани, Норвеги, Швед, Финланд, Сингапур, Шинэ Зеланд улсууд байна. Эдгээр улсууд дандаа нэг танхимт парламентын засаглалтай улсууд.

 

Гэхдээ энэ нь заавал нэг хоёр танхимтайдаа биш гол нь эдгээр улсууд төрийн хяналтын системийг маш сайн хөгжүүлж, Үндсэн хуулиндаа үүнийг оруулж өгсөн учраас авлига маш багатай орны тоонд орж чадсан. Тийм учраас эдгээр орнуудаас суралцаад маш сайн шударга төр засгийг төрүүлж бий болгодог шинэ Үндсэн хуультай болох ёстой. Энэ бол өөрөө тогтолцооны шинэчлэл буюу улс төрийн хувьсгал. Энэ хувьсгалыг хийх цаг нь болсон. Ингэж байж ард түмэн сайн сайхан аз жаргалд хүрэх энэ үндэс суурь нь бүрдэнэ.

 

-Монгол Улсад ер нь улс төрийн сонгууль хэр шударга явагддаг вэ?

 

-Монголд сонгууль байхгүй. Сонгуулийн процесс, үйл явцыг Үндсэн хуулиар тодорхойлох ёстой. Гэтэл өнөөдөр манай Үндсэн хуулинд сонгуулийн журмыг хуулиар тогтооно гэж заасан байдаг. Сонгууль яаж хийгдэх, яаж явагдах журмыг Үндсэн хуулиар ард түмэн хийж өгөх ёстой. Гэтэл ард түмнээс сонгогдох, төлөөлөл болж очих эрх баригчид нь сонгуулийн хуулийн журмыг тогтоочхоор тэд нар өөрсдөө хууль эрх зүйн орчныг нь дураараа зохицуулдаг. Ингэхээр тэдгээр хүмүүс төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар, хуйвалдааны бус аргаар авах боломж бүрддэг.

 

Өнөөгийн УИХ-д суудалтай намууд 2022 оны 8 сард сонгуулийн автоматжуулсан системийн хуулинд маш ноцтой өөрчлөлт оруулсан. Тэр нь өөрөө Монголд сонгууль байхгүй гэдгийг харуулсан.

 

Яагаад гэвэл сонгуулийн санал тоолох төхөөрөмжид ашиглах программ хангамжийг төрийн байгууллага хянаж баталгаажуулна гэсэн хууль байдаг. Энэ нь өөрөө нэг ёсондоо сонгуулийн дүнг тэр программ хангамжаар тэнд урьдчилж гаргана гэсэн үг. Тэгээд үүнийг нэр дэвшигч юмуу ард иргэд очоод үзье гэхээр хуулиараа хориотой байдаг. Ингээд хуульчилчихаар Монголд сонгууль байхгүй болчихож байгаа юм. Тэгээд ард түмэн тэдгээр хүмүүсийг огцор гэхээр та нар өөрсдөө энэ хүмүүсийг сонгочихоод дахиж огцор гэдэг чинь ямар учиртай юм гэдэг. Гэтэл тэр хүмүүсийг ард түмэн сонгоогүй. Тийм учраас энэ хүмүүс өөрсдөө л дахин дахин сонгогдоод байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл ард түмэн ямар ч санал өгөөд нэмэр байхгүй. Тэр утгаараа Монголд сонгууль байхгүй, ардчилал байхгүй гэсэн үг. Үүнээс гарах гарц шийдэл нь шинэ Үндсэн хуулиар сонгуулийн журмыг тогтоож өгөх явдал. Тэр хэм хэмжээний дагуу хууль тогтоох байгуулага, шүүх засаглал ажиллана гэсэн үг. Монгол Улсын хөгжлийн гарц шинэ Үндсэн хуулийг баталж гаргах явдал. Үүнийг л би яриад байгаа юм.

 

 

 

Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.

 



Ярилцсан Ж.Батдорж 

sonin.mn