НИЙСЛЭЛ ХҮРЭЭНИЙ ГАНГАН ХҮҮХНҮҮД

Ардын хувьсгал ялан мандсанаас хойш манай охид, хүүхнүүдийн царай зүс улам өнгө орж, хувцас хунар нь дэгжин болохоос гадна үзэл бодол, сэтгэл санаа, соёл боловсрол нь аргагүй дээшлээд иржээ. Чухамхүү энэ үеэс “Хүрээний гангачууд” гэсэн нэр томъёо өмнөхөөсөө улам хүчээ авч хожим нэр алдараа дуурсгасан олон сайхан хүүхэн тодрон гарсан түүхтэй. Жишээ нь хүрээ дуунд мөнхөрсөн Хэенхуар, Дунжидмаа, Цэенпил, Эрдэнэдүүрэгч ван Намхайжанцангийн хатан Дашбалжир, Жинжий Бадам, “Ванлий” буюу алдар цуут Баянжаргал, “Уяхан” Тамжид, Ши данжаадын авааль эхнэр Цэенхуар, “Ихэмсэг” Пунсаа, “Цоохор” Цэнд, “Хүрээ” Янжиндулам, Минжүүр, Пагмадулам, Маа бээсийн Дулмаа, “Маршал”-ын Дэвээ, “Барон” Дашзэвэгийн эхнэр “Хар нүдэн” Гаамаа, “Орос” Долгор, Манлай баатар Дамдинсүрэнгийн охин Нацагханд нарын олон арван ганган царайлаг хүүхэн хорь, гучаад оны Нийслэл хүрээг чимэглэж байжээ. Мөн Нийслэл хүрээнд Түшээт хан Насантогтохын хатан Хулан гэгч царай зүс сайхантай ганган дэгжин хатан байсан бол хошой чин ван Цогбадрахын хатан бие томтой, билэг ухаан сайтай, өнгө тунамал, үзэсгэлэн төгөлдөр, тэр чинээгээрээ эдийн дээдийг өмсөж зүүдэг нэгэн байж. Дээр нэр дурдсан хүүхнүүдээс “Уяхан” Тамжид, Цэенхуар, “Ихэмсэг” Пунсаа, “Цоохор” Цэнд, “Хүрээ” Янжиндулам, Минжүүр нар буруу замаар явчихаж. Харин Пагмадулам, Маа бээсийн Дулмаа, “Хар нүдэн” Гаамаа, “Орос” Долгор нар гадаад дотоодод боловсрол эзэмшиж ганган хээнцэр толгойгоо эрдэмээр чимэглэсэн гавъяатай. Ингээд Нийслэл хүрээний ганган хүүхнүүдийн тухай өгүүлсү. /цувралаар хүргэж байгаа билээ/

ХЭМЖЭЭЛШГҮЙ ХӨРӨНГИЙН ЭЗЭН ХЭЕНХУАР

Дээхэн үед Да хүрээнд “Янлин хуар”, “Хэен хуар”, “Ши-дү хуар”, “Ганьхуар” зэрэг хуартай дуунууд нэг үе ихэд дэлгэрсэн байх бөгөөд хуар гэдэг нь хятадаар цэцэг, цэцэгс гэсэн утгатай аж. 19-р зууны сүүл үед Да хүрээнд Хэенхуар гэдэг цуутай хүүхэн байж. Тэрбээр хар залуугаасаа баян данжаадын эхнэр болжээ. Харин аз гээч нь үү, эз гээч нь үү, түүнийг хорь гаруйхан настай байхад баян данжаад нь амьсгал хураасанаар Хэенхуар мундашгүй их өв хөрөнгөн дээр эзэн суусан байна. Тэрбээр ганган жороо морь унаж гангарахаас гадна шилэн байшинд тансаглаж, алтан амсартай худагнаас ус уудаг байж. Сүүлдээ тэр шүлэг, дууны авъяастай хүмүүсийг тансаг ордондоо урьж их хэмжээний мөнгө төгрөгөөр өөртөө зориулж хэд хэдэн дуу, шүлэг зохиолгосон гэх бөгөөд тэднээс “Хэен хуар” гэдэг дуу Да хүрээ даяар ихэд алдаршиж, өнөөгийнхөөр бол хит болж байсан байна. Жишээ нь, “Суудаг байшинг минь, Сураглаад асуувал даа хө, Цуварсан гурван байшингийн, Дунд талын шилэн байшин хө, Хэен хуар аа, хэзээнээсээ мөн дөө хө, Уудаг ундыг минь, Сураглаад асуувал даа хө, Урд талын гурван худагны, Дунд талын алтан худагаа хө, Хэен хуар аа, хэзээнээсээ мөн дөө хө, Унадаг морийг минь, Ажиглаад харвал даа хө, Усан тэлмэн жороо, Ухаа хонгор морь шүү дээ хө, Хэен хуар аа, хэзээнээсээ мөн дөө хө” гэх зэргээр хүрээний ганган хээнцэр хүүхний намба төрх, орчин нөхцөл, чамин тансаг эд зүйлсийг нь зураглан үзүүлсэн байх ажээ. Дашрамд хэлэхэд Төрийн шагналт, нэрт хөгжмийн зохиолч Гончигийн Бирваа агсан Нийслэл хүрээний гангачуудын тухай ийм нэгэн дурсамж үлдээжээ. “Нийслэл хүрээний гангачуулын хувьд өвлийн цагт цагаан нэхий дээл нь дээдийн дээд гоёл байсан. Ер нь тэр үед нэг дээл хийсэн бол ном хурахад нэг, цагаан сараар нэг гаргаж өмсдөг, бусад үед өмсдөггүй болохоор нэг насны л юм байдаг байлаа. Нугалаанаас хойш даалимбаар гоёдог болсон. Торгоор шинэ дээл хийлээ гэхэд гоёондоо өмсөөд л далд хийдэг байсан. Тэр үеийн баячууд Жанчхүү хийцийн битүү угалзтай гутал, мөнгөн эмээл, хазаар, мөнгөн тоногтой нанжин гахай гөлөмтэй эмээл, үйтэнхуар гадартай хөвөнтэй дээл, дотуураа чисчүү цамц, торгон өмд гэх зэрэг одоогийн жийп машинаас ч үнэтэй юмаар гоёдог байв. Тэр үед би Нийслэл хүрээнээс жигтэйхэн сайхан гурван хүүхэн харж билээ. Түүнээс хойш тийм сайхан хүүхнүүдийг ер олж хараагүй юмдаг. Намайг 18 настай том хархүү болчихсон байхад ээж маань “Миний хүү тэр гурван сайхан хүүхнийг хар даа” гэж билээ. Харсан чинь Жанчхүүгийн хээ хуар болсон хилэн малгайтай, сайхан хар гэзгэндээ мөнгөн бүрээстэй жингэнэж дуугарсан боолт зүүсэн, нэг нь торгон, нөгөө нь чисчүү, гурав дахь нь дурдан, бүгд цэнхэр өнгийн дээл өмсөөд, шар дурдан бүс ороосон жинхэнэ монгол бүсгүйчүүд байж билээ. Өргөн дээлээ жавхайтал бүсэлчихээр их гоё галбиртай, харьцуулах юм бол шоргоолж шиг л харагддаг, ёстой гоёж чаддаг байсан. Тэр үеийн хүүхнүүдийн царай зүс ганддаггүй, холцруутдаггүй, их гоё өнгөлөг байлаа. Бодвол сааль сүү хийдэг, тэрнээсээ болдог байсан юм болов уу даа...”

Б.Ойдов

Өмнөх цуврал:

Жавзандамба хутагтын таалалд нийцсэн жавхлан төгөлдөр авхай нар

Манлай баатар Дамдинсүрэнгийн охин Нацагханд

Цэвээн тэргүүний ганган охин Цэрмаа