Оросын Шинжлэх ухааны академийн Биохимийн физикийн хүрээлэнгийн эрдэмтэд ухаалаг утасны цахилгаан соронзон цацраг хүүхдүүдийн сэтгэц эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаарх судалгааг 10 жилийн турш явуулж саяхан дуусжээ. 

Судалгаанд Москвагийн хоёр сургуулийн сурагчид оролцсон бөгөөд нэг бүлэг нь ухаалаг гар утас бүхий 1161 хүүхэд нөгөө бүлэгт гар утасгүй 370 хүүхэд багтжээ. 


Эрдэмтдийн тогтоосноор, гар утастай хүүхдүүдийн сонсгол болон харааны чадварын хөгжил суларч, ухаалаг гар утас ашигладаггүй өөр бүлгийн хүүхдүүдтэй харьцуулахад бичих үедээ илүү их алдаа гаргаж байсан гэнэ. Түүнчлэн гар утас хэрэглэж байсан хүүхдүүдэд ажиллах чадвар алдагдах, анхаарал сулрах болон сэтгэн бодох чадвар буурч байсны дээр гар утас хэрэглэдэг хүүхдүүдийн 39,7 хувь нь амархан ядрах шинж тэмдэгтэй байжээ. 


Орост хийсэн энэхүү шинэ судалгааны үр дүнг Оросын сургуулиудад гар утасны хэрэглээг хориглоход ашиглаж магадгүй талаар тус улсын хэвлэлүүд бичиж байна. 


Оросын сургуулиудад гар утас ашиглахыг зөвшөөрдөг бөгөөд сүүлийн үед утасны хэрэглээг хорих талаар төрийн байгууллагуудын түвшинд яригдах болжээ. 


Наймдугаар сарын 19-нд ОХУ-ын Боловсролын яам сурагчид ухаалаг төхөөрөмж ашиглахтай холбоотой аргазүйн зөвлөмж гаргасан байна. Энэ зөвлөмжинд гар утас ашиглахыг хориглоогүй ч сургуулийн орчинд хүүхдүүд гар утас ашиглахыг хязгаарлажээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn