Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Авлигатай тэмцэх газрын хараанд өртөөд байна. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэд хэдэн асуудлаар буруутгах үндэслэлтэй ажээ.

Долларын ханшийг тэнгэрт тултал гааруулж, төгрөгийг үнс нурам шахуу болтол сулруулан улс орноо банк санхүүүгийн хямралд хүргэсэн бүтэлгүй этгээд хэмээн жил гаруйн өмнөөс УИХ-ын зарим гишүүд мань эрийг ажлаа өгөхийг шаардаж байлаа. Гэвч УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтнүүд нь тэдний шаардагыг үл тоосоор өдий хүрсэн юм. Харин одоо Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн нь тун сайн хэрэг.

Тэрээр дур мэдэн Монгол банкны бүтэц, орон тоог хоёр зуу гаруй хүнээр нэмэгдүүлэн,  мэргэжлийн бус хүмүүсээр дүүргэж амжсан байна. 2016 оноос хойш ажилд орсон хүмүүсийн ихэнх нь түүний ах дүү, төрөл төрөгсдийнхнөөс гадна Увс аймгийнхан зонхилж буй аж. Жишээлэхэд, эхнэрийнхээ дүү Батмөнх гэгчийг Лондон дахь төлөөлөгчийн газарт томилсон байна. Мөн авга ахынх нь хүү Монгол банканд мэргэжилтэн болсоноос гадна төрсөн эгч, нагац эгчийнх нь охид ч тус банканд мэргэжилтнээр ажиллах болжээ. Түүнчлэн Монгол банкны Тамгын газарт танил талын тавиулууд цөөнгүй. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөр мэтийн хүмүүс өөрсдийн төлөөллөө бас чихэж орхиж.

Төгрөгийн худалдан авах чадвар эрс муудаж буйн нэг шалтгаан гэвэл өнөөгийн Банк бус санхүүгийн байгууллагын эзэд голцуу Монгол банк,  Хөгжлийн банк, Төрийн банкны удирдлагуудын гарын хүмүүс байгаатай холбоотой юм. Өөрөөр хэлбэл, тэд ийм сүлжээгээр дамжуулан “Мөнгө угаадаг” юм байна. Тухайлбал, Төрийн банкны орлогч захирал Н.Батгэрэлийн “Гэрэлфинанс”, тус банкны газрын захирал Х.Эрдэнэбилэгийн “Бүрэнтөгрөг”, Хөгжлийн банкны хэлтсийн захирал Н.Будбаярын “Женералфинанс”, Монголбанкны салбарын захирал Т.Ган-Одын “Ялгуулагч”, Монголбанкны салбарын захирал Ц.Мөнхбаярын “Баруун-Урт хөгжил”, тус банкны газрын захирал Т.Амарсайханы “Бат энд инвест”,  ахлах хянан шалгагч Д.Ганбатын “Арвис-Итгэл", хэлтсийн захирал П.Эрдэнэтуяагийн “Болд кредит” ( П.Эрдэнэтуяа нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн бэр юм),УИХ-ын гишүүн Л.Энхболдын “Ирээдүй Инвест” ББС, УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын “Газар капитал партнерс” ББСБ гээд нэлээд урт дараалалтай, 30 орчим хувийн өндөр хүүтэй, мөнгө хүүлэлтийн сүлжээний бүлэглэл үүсчээ. Эдгээрийн цаана өдгөө Н.Баяртсайхан гол үүрэг гүйцэтгэдэг  бололтой. Иймээс шалгах нь зүйн хэрэг.

Мөн Н.Баяртсайхан нь хэдэн жилийн өмнө дампуурсан “Анод” банкны хадгаламж эзэмшигчдийн барьцаагаар Монгол банканд хураагдсан 1.2 тэрбумын өртөг бүхий дутуу баригдсан 3 хаусыг автомашины грашийнх нь хамт хувьдаа авах луйврын санаа сэдэн дураараа туйлж байгаа ажээ.  Гэтэл “Анод”-ын хадгаламж эзэмшигчид өнөөг хүртэл сохор зоосч авч чадаагүй хохирсоор яваа юм.

Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 61 дүгээр байрны хоёр айлын орон сууцыг Н.Баяртсайхан өөрийн жолоочийн гэр бүлд “бэлэглэсэн” гэх хэрэг ч бас саяхнаас ил болж байна. Монгол банкыг толгойлох болсоноос хойш мань эр үнэндээ яаж хувьдаа ахиухан мөнгө босгох вэ гээд тархиа гашилгаж суусан нь энэ бүхнээс тов тод харагдаад байгаа юм. Эдгээрээс гадна өөр олон ноцтой баримт удахгүй нийтийн сонорт хүрэх биз. Юутай ч шалгалтын ажил эхэлсэнд талархууштай.

О.Баяр

Шуурхай.мн