Сүүлийн үед иргэдийн оршин сууж буй суурин газар руу баавгай орж ирсэн хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа билээ. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн долоо хоногт нэг гэр бүлийн хоёр хүн баавгайд бариулан харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. 

Тэгвэл өнөөдөр өглөө Налайхын нутагт мөн баавгай орж ирсэн талаар иргэд цахим орчиндоо зураг оруулан нийтэлжээ. "Өнөө өглөө Налайхын голын ойролцоо баавгай бууж ирсэн байна даа. Адуучин маань адуундаа явж байхдаа таараад уургалаад хувиа тавиад явуулжээ" хэмээн бичсэн байв. 

Сэлэнгэ аймагт гарсан хэрэгтэй холбогдуулан ард иргэд малаа хариулах, самар, жимс түүх, байгалийн бусад баялгийг ашиглах, хадлан хадах, тариа хураах зэргээр хөдөө орон нутаг руу зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа.

Малчин айл өрхүүд хүнс хоол тэжээлийн зүйлсээ өөрсдийн унтаж амардаг газраасаа тусад нь өөр гэрт байлгах хэрэгтэйг сануулж буй юм.

Мөн Хэнтийн аймгийн Цагдаагийн газраас анхааруулга гаргаад байна. “Сүүлийн үед Хэнтий, Сэлэнгэ аймгийн хойд сумдын нутгаар Оросын холбооны улсын нутгаас орж ирсэн баавгай суурин газар болон хөдөөгийн айлуудын ойролцоо ихээр үзэгдэж хүн, мал барьж, айлын гэр буулгасан байна.

Иймд иргэд та бүхэн аюулгүй байдлаа хангаж хүндэтгэн үзэх шалтгаангүй бол Хэнтий, Сэлэнгэ аймгийн хойд сумдын нутгаар явахгүй байх, хэрэв явах бол найдвартай замаар зорчин явахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна” гэжээ.