ОХУ-ын иргэний гар тээшнээс их хэмжээний бэлэн валют илэрчээ
2019/10/10
Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 2019 оны 10-р сарын 10-ны шөнө Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигч ОХУ-ын иргэн Г.В.В-ийн гар тээшнээс их хэмжээний бэлэн валют илэрсэн байна.
ОХУ-ын иргэн Г.В.В нь гаалийн өндөр эрсдэлтэй зорчигчийн санд бүртгэлтэй байсан бөгөөд түүнийг "онилон" гаалийн мэргэжилтнүүд биечлэн шалгалт хийхэд 150000 америк доллар буюу өнөөдрийн ханшаар 400 сая гаруй төгрөг бэлнээр авч явсан нь тогтоогдсон юм.
Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22-ын 22.1 дэх заалтыг зөрчсөн тул тус хэргийг Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх алба шалгаж байна.
Дээрх иргэн нь Гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн тул уг валютыг хураан авахаас гадна валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм.
“Гаалийн тухай хууль”-иар Монгол Улсын хилээр 5 сая хүртэл төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг, “Мөнгө угаах болон террорикмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль”-д 15 сая төгрөг хүртэл болон түүнтэй тэнцэх хэмжээний валютыг зорчигч Гаальд заавал мэдүүлэх үүрэг хүлээдэг гэдгийг гаалийн байгууллагаас анхааруулж байна