Их хотын иргэд амьсгалахдаа агаартай хамт хэдэн мянган хатуу тоосонцрыг залгидаг.  Үүний улмаас ходоод, уушги, элэг, нойр булчирхайн хорт хавдраар нас барагсдын тоо эрчимтэй нэмэгдсэн. Энэ бол экологийн гамшгийг даган үүсч буй, их хотын иргэдийн зовлон гуниг гэдгийг ДЭМБ мэдээлсэн байдаг. 

Утаа ганц Улаанбаатарын толгойны өвчин биш. Дэлхийн улс орнууд энэ гамшгийг даван туулж, гарах гарц шийдлээ оновчтой тодорхойлж, өнөөдрийн амжилтанд хүрсэн. Сүүлийн 30 жил Улаанбаатарыг дарангуйлж байгаа утаанаас салах гарцыг үе үеийн Засгийн газар эрэлхийлж байсан. У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ ажлыг шийдэмгий барьж авч, гэр хорооллын түлшинд хэрэглэдэг түүхий нүүрсийг сайжруулсан түлшээр орлуулах ажлыг зохион байгуулж байна.

Сайжруулсан түлшний хэрэглээ өсөн нэмэгдсэн сүүлийн өдрүүдэд айлууд угаартаж, хүний амь нас эрсдсэн харамсалтай тохиолдлууд гарав. Гэвч үүнийг иргэдэд ойлгуулахдаа сайжруулсан түлшийг барилдуулагч бодистой хольж үйлдвэрлэснээс болж хүмүүс нас барсан гэдэг талаас хүргэх сонирхолтой этгээдүүд тодроод эхэлжээ.

 

Сайжруулсан шахмал түлшний 95 хувь нь сайн чанарын Таван толгойн нүүрс. Багахан хувийг цардуул эзэлж байгаа. Цардуул нь өөрөө төмсөнд байдаг органик нэгдэл. Ийм органик бодисыг шатаахаар химийн хортой бодис ялгарахгүй гэж мэргэжлийнхэн хэлсэн ч асуудлыг дэвэргэгчид ойлгохыг хүссэнгүй.  Монголчуудын уламжлалт түлшний хэрэглээ бол нүүрс, мод. Мод, нүүрснээс угаар ялгардаг. Үзэгдэх утаатай, үнэртэх үнэртэй учраас түүхий нүүрсний аюулыг иргэд зохицуулаад сурчихсан. Гэсэн хэдий ч угаартах тохиолдол байдаг. Харин сайжруулсан шахмал түлшний хувьд эндээс ялгарч байгаа нүүрс төрөгчийн дан исэлийг харах боломжгүй. Энэ исэл өөрөө ямар ч үнэргүй, ямар ч  өнгөгүй, тасалгаанд байх ёстой хэмжээнээсээ хэтэрвэл аюул тарьдаг, халхавчаа нээх хаахдаа болгоомжтой хандах ёстой гэсэн зөвлөмжийг эрдэмтэд өгсөн ч асуудал намжсангүй.

АН түүн дээр нэмээд  МАХН утаагаар, сайруулсан түлшээр, угаагаар улс төр хийв. Өнөөдөр Гэр хороолол хөдөлгөөн гэгч байгууллага хэвлэлийн хурал зарлаж, шахмал түлшийг эсэргүүцэж байна, 5 хүн хордож амиа алдсаны төлөө тэмцэнэ гэв. Гэр хороолол хөдөлгөөн бол Хотын дарга асан Э.Бат-Үүлийн зохион байгуулалт, удирдлага дор ажилладаг хүмүүсийн нэгдэл.

 

Э.Бат-Үүл Хотын даргаар 4 жил ажилласан, утааны гамшгийг хамгийн ихээр ойлгох ёстой хүмүүсийн нэг. Улаанбаатарыг утаанаас салгах Засгийн газрын шийдвэр, шийдлийг чадлаараа дэмжих ёстой Хотын экс дарга өнөөдөр сайжруулсан түлшийг эсэргүүцэн, гар хөлдөө зардаг хүмүүсээ турхирч байгаа нь эмгэнэлтэй. Э.Бат-Үүлд Улаанбаатарын утааг арилгах асуудал чухал биш, түүнд ердөө эрх мэдэл л чухал бололтой. Тийм биш бол тэр Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа Гэр хорооллыг дахин төлөвлөх төслөө амжилттай хэрэгжүүлчихсэн. Өнөөдөр нийслэлчүүдийн өмнө хэлэх үгтэйгээ сууж байх учиртай.

Гэвч түүнд сэтгэл зүтгэл дутсан. Тиймгүйсэн бол Э.Бат-Үүл өнөөдөр Нийслэлийг дахин төлөвлөх төслөөс мөнгө завшсан хэрэгт холбогдоод хуулийн байгууллагуудын хаалгыг хүүтэйгээ хөтөлцөн татаж явахдаа тулахгүй байв.

Утаа ганцхан Монголын асуудал, Улаанбаатарын асуудал биш. Дэлхийн томоохон хотын энэ хүндрэлтэй нүүр тулж, даван туулах гарцаа олсон нь баримт болон үлдэж. Бусдын сайн жишгээс үлгэр аваасай гэдэг үүднээс дэлхийн улс орнуудын утаанаас салсан түүхийг дор товчлон хүргэе.

Хятад : Хятадын засаг захиргаа 2015 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2,100 үйлдвэрийг хаах тогтоол гаргаж, хотын иргэдээ шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг уриалж, үе үе хичээл сургуулийг хаадаг болжээ. 2012 онд тус улсын барилга байгууламжийн 25 хувийг нүүрсээр дулаацуулдаг байсан бөгөөд 22 хувь нь агаар бохирдуулдаг байлаа.

 

Тэгвэл тус улс 2020 он гэхэд нүүрсний хэрэглээнээс бүрмөсөн татгалзаж, зургаан муждаа нүүрс худалдах, түгээхийг хориглохоор төлөвлөж байна. Бээжинд цахилгаан болон байгалийн хийг түлхүү ашиглахыг уриалж эхэлжээ. Мөн 15 мянган үйлдвэрт агаарт цацаж буй хаягдлын мониторингийн систем суурилуулж, экологийн гамшгийг бууруулж эхлээд байна. 

Их Британи: XX зууны дунд үе. 1952 оны арванхоёрдугаар сард эрс хүйтэрсний улмаас Лондон хотын иргэд нүүрсийг их хэмжээгээр түлж эхэлжээ. Хүйтэн хэр нь салхигүй цаг агаарт хүйтэн агаар дулаан агаарын давхаргад үлдэж, зуухнаас гарах нүүрс, хийн утаа нийслэлийг тэр чигт нь бүрхжээ. Лондонд манан гэдэг энгийн нэгэн үзэгдэл болохоор хэн ч уг асуудалд онцгой ач холбогдол өгсөнгүй.

Гэтэл хэдхэн долоо хоногийн дараа амьсгалын замын өвчлөл эрс нэмэгдэж, 4,000 гаруй хүн нас барсан байна. Хожим нь судалгаагаар утаанаас болж амиа алдсан хүмүүсийн тоо 12,000-д хүрсэн гэсэн баримт гарчээ. Түүхэнд энэ тохиолдлыг Агуу их утаа гэж нэрлэдэг. Утааны зовлонг гашуун туршлагаараа мэдэрсэн лондончууд ч нэлээд хэдэн арга хэмжээ авчээ. Тортог үүсгэгч хийг хориглож, бохир түлшийг хязгаарлаж, нүүрсний оронд хийн зуух хэрэглэхэд хүн амаа санхүүгээр дэмжсэний хүчинд утаанаасаа салжээ.

Франц: 2015 оны хавар Парис хотын иргэд нийслэлийнхээ агаарын чанарыг муудсан тухай гомдол тавьж эхэлжээ. Эйфелийн цамхаг зэрэг дурсгалт газрууд утаанд харагдахаа больжээ. 2014 онд гаргасан судалгаагаар Парисын иргэд, гаднаас ирсэн зочид, жуулчдыг амьсгалах бүрд уушгинд нь зургаан сая хатуу тоосонцор ордог гэжээ. Энэ нь нэгэн зэрэг найман тамхичны гаргасан утаагаар амьсгалж байгаатай ижил юм. Хотын захиргаанаас ч нэн даруй арга хэмжээ авсан аж.

Хотын төвөөр болон ойролцоох хотуудаар гурваас дээш зорчигчтой автомашинуудыг тэгш, сондгой дугаараар нь явуулж, 20 км/цагаас илүү хурдтай явахыг хориглосон байна. Энэ журмыг зөрчсөн хүмүүсийг газар дээр нь торгож, хүмүүсийг машинаа гэртээ үлдээхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор нийтийн тээврээр үнэгүй зорчуулж, гэрийнх нь ойролцоо үнэгүй зогсоол барьж өгчээ. Эдгээр арга хэмжээний үр дүнд замын түгжрэл 40 хувиар буурсан байна.

Грек: Афин хот гурван талаараа уулсаар хүрээлүүлсэн бөгөөд үе үе салхигүй, тогтонги цаг агаартай байдаг. Грекийн нийслэлийн иргэд ч ил зуух, халаагуур зуух хэрэглэдэг болохоор хууль бусаар мод огтолж, агаарын чанарт нөлөөлдөг байна. Тиймээс агаар дахь тоосонцрын агууламж нэг шоо метрт 150 микрограммаас хэтэрч (дашрамд дурдахад өчигдөр 100 айл орчимд 14 цагийн байдлаар 815 мкг байлаа), хэт мэдрэг хүмүүс гадаа гарах боломжгүй болох үед сургууль, цэцэрлэгүүдийг хааж, иргэдийг галлагаагаа зогсоохыг зөвлөдөг.

Хүн амын ядуу давхаргынхан утааны улиралд цахилгааныхаа төлбөрийг төлж чадахгүй гэдгийг төр засгаас ойлгож, зуух, ил зуухны оронд цахилгаан халаагуур хэрэглэсэн нөхцөлд тарифыг 70 хувиар хөнгөлдөг аж. Афинд тэгш тоотой дугаартай автомашинууд тэгш тоотой өдөр, сондгой тоотой нь сондгой өдрүүдэд хотын төв рүү орох эрхтэй.

 

Герман: Европын холбооноос 1999 онд агаар дахь нүүрсхүчлийн хий (С02), тортгийн дээд хэмжээг тогтоосон баримт гаргаж байжээ. Нүүрсхүчлийн хий нь хүлэмжийн хийн ялгаруулалтыг нэмэгдүүлдэг бол дизель автомашинаас гарсан хөө тортог нь хорт хавдрын өвчин үүсэхэд нөлөөлдөг байна. Тиймээс автомашинуудыг заагдсан хэм хэмжээнд нийцэж байгааг шалгаж, шилэн дээр нь экологид хэр хор хохирол учруулахаас хамааран ногоон, шар, улаан өнгийн наалт наадаг аж.

Хотын бүсэд мөн өнгийн тэмдэг байршуулжээ. Тухайлбал, Мюнхений төвийн хэсэг нь ногоон бүс учраас үүгээр зөвхөн ногоон наалт бүхий машин л зорчино. Дүрэм зөрчсөн жолооч нарт хатуу торгууль ногдуулдаг байна.

sonin.mn