2019 оны наймдугаар сараас эхлэн  Монгол Улсад жуулчны визээр орж ирсэн БНХАУ-ын иргэд  хууль зөрчиж ажил хөдөлмөр эрхэлсэн, цахим мөнгө угаах үйл ажиллагаа явуулж байсан байж болзошгүй хэмээж өнгөрөгч сарын 29-нээс 30-нд шилжих шөнө баривчлаад байсан билээ. Тэгвэл тэднийг яг одоо албадан гаргах үйл ажиллагаа явагдаж байна.

Энэхүү ажиллагаан дээр Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын ажлын хэсэг болон Гадаадын иргэд харьяатын асуудал эрхлэх газар, Гаалийн ерөнхий газар зэрэг хуулийн хүчний байгууллага хамтран ажиллаж байна.

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Баатархүү “Нэр бүхий зочид буудалд шалгалт хийж, хуяглан төмөр замд хүргэж, холбогдох байгууллага хамтран ажиллаж байна. Тухайн улсын хуулийн байгууллагад  цагдаагийн байгууллагын өндөржүүлсэн хамгаалалт дор Замын-Үүд боомтоор хүлээлгэн өгнө. Замдаа ямар нэг зогсолт байхгүй, тусгайлан вагон шууд Замын-Үүд боомтоор гаргана” гэсэн тайлбарыг өглөө.