Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Д- н шүүгчийн бүрэн эрхийг  түдгэлзүүлэх саналыг Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс Монгол улсын Ерөнхийлөгчид 2019 оны 03-р сарын 07-ны өдөр  өргөн мэдүүлсэн байна.

Үүний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний 44 дугаар зарлигаар шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн байна.

Учир нь тэрбээр хахуулийн хэрэгт холбогджээ. Тодруулбал,  П.Д нь Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан “Шүүгч шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ аливаа этгээдээс хараат бус байж, гагцхүү Монгол улсын үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн бусад хууль, Монгол улсын олон улсын гэрээнд захирагдана”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.17 дахь хэсэгт заасан “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах”, 27.1.18 дахь хэсэгт “шүүгч нь хэргийн оролцогч болон бусад этгээдтэй харилцахдаа шүүхийн нэр хүнд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох хувийн харилцаа тогтоох”, 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан “Шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол оролцохоос татгалзах, эсхүл уг болзошгүй нөхцөл байдал үүсэж болохыг шүүх ажиллагаанд оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг татгалзан гаргах санал тавих боломжийг хангах үүрэгтэй” гэх заалтыг тус тус зөрчиж иргэн Б.Б-ийн нэхэмжлэлтэй Өмнөговь аймаг дахь Сум дундын 15 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1051 дугаартай иргэний хэргийн хариуцагч П.О-ы ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд 20.000.000 /хорин сая/ төгрөгийн хахууль өгөхийг шаардсан, улмаар П.О-оос 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хамаатан болох А.Н-ээр дамжуулан 1,000,000 /нэг сая/ төгрөг авсан аж.

Энэ хэргийн талаар хахууль өгсөн гэх  П.О гэгч “...Би сандраад машинд нь орсон. Машин дотор 2 цаг гаруй бүхий л амьдралаа ярьсан. Яг үнэндээ Д шүүгч намайг залхаан цээрлүүлж, хясан боогдуулж, дарамт шахалт үзүүлсэн. Би Д-тай уулзахаас айж байсан. Тэрээр 2 цаг гаруй ярьсныхаа дараа “чи надад тусал, чиний ч амьдрал, миний ч амьдрал”, надад 20,000,000-30,000,000 төгрөгийг зээл” гэсэн утгатай зүйл ярьсан. Би Эрдэнэтэд ном бичсэн тэрний мөнгө орж ирнэ гэж хэлсэн. Би тэр талаар мэдэхгүй. Надаас 20,000,000-30,000,000 төгрөг нэхсэн. Дараа нь “Надад аяга таваг хэрэгтэй байна. Манай ах дүү нар ирэх гээд байна. Түрээсийн байр хэрэгтэй” гэж хэлсэн. Надаас 20-30 сая төгрөг нэхэхдээ “Чиний ч амьдрал, миний ч амьдрал. Чи надад тус бол, би чамд тус болъё. Хэргийг чинь аргалж өгнө. Э шүүгч өглөө болгон над дээр орж ирж хэргээ асуудаг” гэж хэлж байсан. Ерөөсөө “Авна, авна. Өг, өг” гэж нэхэж шаардаж байсан. Үнэхээр аймшигтай. Шүүгч хүнд байж боломгүй ёс зүйг гаргасан. Би үнэхээр гайхаад сууж байсан. Миний байрыг очиж үзэхээр болоод тэндээсээ хөдлөхөөсөө өмнө “чи надад 1,000,000 төгрөг өгчих“ гэж хэлсэн. Би үнэхээр шокт орсон. Би гайхаж байгаад “та надад дансаа өгөх үү” гэж асуухад Д “Чи намайг хоолноос минь салгах нь уу “ гэж хэлээд инээсэн. Та тэгээд мөнгөө яаж авах юм бэ гэхэд “маргааш дүүгээ явуулаад авхуулъя” гэж хэлсэн. Тэндээс хөдлөөд явж байхад цагдаа нар зогсоосон. Тэр үед Д маш омголон, давилуун байсан. Би хэргийг үнэн зөвөөр нь шийднэ гэж найдаж байсан. Тэрнээс биш би Д-д мөнгө төгрөг өгье гэсэн бодол огтоос байгаагүй. Маргааш өглөө нь намайг сэрээд босчихоод байж байхад миний утас дуугарсан. Би утсыг нь авч чадахгүй байсан. Яагаад гэвэл би солонгосоос ирэхдээ 2 сая төгрөгтэй ирсэн. Би хүүхдийнхээ төлбөрийг өгмөөр байдаг. Надаас 1,000,000 төгрөг нэхээд байсан. Би үнэндээ өгмөөргүй байсан. Би энэ талаараа ээждээ хэлсэн. Миний ээж “шүүгч нар өндөр хангамжтай баймаар юм, яасан ханаж цаддаггүй юм бэ” гэж хэлсэн. Над руу дахиж залгасан. Би утсаа авахгүй байхын аргагүй байсан учраас утсаа авсан. Тэгээд утсаа авахад “дүүгээ явууллаа, мөнгөө өгөөд явуулчих” гэж хэлсэн. 2016 оны 02 дугаар сарын 27-ны орой төөрсөөр байгаад бүрэнхий болж байхад дүү нь ирсэн. Би тэр хүүхдэд мөнгөө өгөөд тоолж аваарай гээд өгөөд явуулсан. Д хүүхдийнхээ утсаар над руу өдөр залгаад байсан. Орой нь өөр утаснаас залгасан байж магадгүй. Д эгч намайг явууллаа гэхээр нь би мөнгийг өгч явуулсан. Хаан банк болон Хас банкны урд талд саад байдаг. Би саадан дотор зогсож байсан. Охин ирээд мөнгийг аваад явсан. Би өөр шүүгчтэй мөнгөний асуудал огтоосоо байхгүй. Би өс хонзонгийн сэдэлтээр гомдол гаргаж, гүтгэсэн зүйл байхгүй. Би шүүгчийн ёс зүйгүй байдалд Ёс зүйн хороонд гомдол гаргасан. Ийм ёс зүйтэй хүн олон хүнийг хохирооно. Би хохирол гэдгийг өөрийн биеэрээ үзэж байна. Мөнгө дамжуулан өгсөн хүүхдийг би өмнө нь танихгүй...” гэж мэдүүлсэн байна.

Харин хахууль авсан байж болзошгүй шүүгчээр ажиллаж байсан П.Д энэ хэргийн талаар:

“....Нийслэлийн прокурорын газраас үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтэд үндэслэн мэдүүлгээ өгнө. Яагаад гэвэл яллах дүгнэлтийг анхнаасаа зөвшөөрөөгүй. Энэ утгаараа энэ гэмт хэргийг үйлдээгүй гэсэн байртай суурьтай оролцож байна. 2014 оны 6 дугаар сард Өмнөговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдон очсон. Шүүгдэгч П.О-ы гаргасан гомдлын хувьд Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаанд 2015 оны сүүлчээр буюу Б-ийн нэхэмжлэлтэй О-д холбогдох хэрэг ирээд 01 дүгээр сард буцсан. 2016 оны 04 дүгээр сарын 12-ны надад тэр хэрэг дахин ирсэн. Болсон үйл явдлын хувьд О-ы гомдол шалгагдаад яллах дүгнэлтэд бичигдсэн үйл баримт, эхлээд 1,000,000 төгрөгийг авсан, зээлсэн, авлига өгсөн гэж мөрдөн байцаалтын шатанд өөрчлөгдөж байсан. Одоо яллах дүгнэлтэд 1,000,000 төгрөгийг авсан гэж бичсэн байна. 20,000,000 төгрөг нэхсэн гэх асуудал байсан. Өнөөдрийн яллах дүгнэлтэд авлигад 20,000,000 төгрөгийг шаардсан гэж орж ирж байна. Ийм асуудал огтоосоо байхгүй. Би 20,000,000 төгрөгийг нэхээгүй. Ямар нотлох баримтаар үүнийг тогтоогоод намайг яллаад байгааг ойлгохгүй байна. Би О-той нэг зүйл дээр санал нэг байна. Энэ хэрэг дээр 3 жил явсан. Үнэндээ залхаж байна. Мөн л энэ хэргийг шударга шийдэх байх гэсэн хүсэл мөрөөдөлтэй явж байгаа. 1,000,000 төгрөгтэй холбоотойгоор өгсөн гэрчийн мэдүүлэг, О-ы мэдүүлэг, Г, С нарын мэдүүлгүүдийг дүгнээд үзэх юм бол үнэндээ хоорондоо зөрөөтэй. О-ы 5 удаагийн мэдүүлэг байдаг. Энэ тухай үгүйсгэсэн мэдүүлэг хүртэл байдаг. Мэдүүлэгтээ 1,000,000 төгрөгийг миний дүү Нандинцэцэгт өгсөн тухайгаа ярьдаг. Нандинцэцэг нь “Амралтын өдөр байсан. Өглөөний цайны дараа Д эгч яваад ир гэсэн. Д эгч ангийнхаа хүүхдээс зээлдүүлсэн мөнгө аваад ир” гэж мэдүүлсэн. Гэрч Б нь “Д эгч ангийнхаа хүүхдээс зээлдүүлсэн мөнгө аваад ир гэсэн, тэрийг би мэдүүллээ” гэсэн мэдүүлэг өгдөг. Энэ юунаас эхлэлтэй вэ гэхээр шүүхийн ёс зүйн хорооны ажилтан Х анх шалгасан байдаг. Шалгалт хийсэн тэмдэглэлийн хувьд бол тэр хүүхдийг утасны цаанаас “худал мэдүүлсэн бол” гэсэн асуудал яригддаг. Би үүгээр гомдол гаргахад шүүхийн ёс зүйн хороо авч хэлэлцээгүй. Анхнаасаа Х энэ ажиллагааг хийхдээ мэдүүлгийн эх сурвалж гэж үзээд байгаа яллах дүгнэлт бол хуульд нийцээгүй үйл ажиллагаа болсон. Тэгээд 1,000,000 төгрөгийг авахдаа Н “өглөө байсан” гэж тогтвортой мэдүүлдэг. Харин О дандаа “орой” гэж мэдүүлдэг. Намайг орой залгасан эсэхийг шалгахын тулд утасны биллийг хараад үзээрэй. Намайг олон удаа залгасан гэж мэдүүлсэн. Гэтэл утасны биллд тийм зүйл байхгүй. Би О-ы мэдүүлгийг 3 жил сонсож байна. О юу гэж ч хэлж болно. Гагцхүү хуульд заасны дагуу авагдсан нотлох баримтууд нь хууль ёсны байх ёстой гэж бодож байна. Яллах дүгнэлтийг аваад үзэхээр шүүгчийн эрх зүйн байдлыг тодорхойлсон, нарийвчлан зохицуулсан хуулийн 4 заалтыг намайг зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт бланкетны акт буюу тусгайлан нарийвчлан зохицуулсан актыг зөрчсөн гэсэн үг үсэг ерөөсөө байхгүй. Тиймээс үүнийг би хүлээн зөвшөөрч чадахгүй. Энэ 4 заалтаар шүүгчийн ёс зүйн хорооноос надад шийтгэл ногдуулчихсан. Би өнөөдрийг хүртэл шүүхийн 61 дүгээр магадлалыг хэзээ ч хүлээн зөвшөөрч чаддаггүй. Энэ үйл явдал энэ хэрэгтээ хамааралгүй явсан гэдгийг Өмнөговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн бүртгэл мэдээлэл, цахим бүхий л баримтаар нотлогддог. Би О-оос аяга, шанаг авч хэрэглэсэн нь миний буруу болсон. Гэхдээ хэргийн үйл баримтад ямар ч хамааралгүй. Хамаатуулаад шийдсэнд нь гомддог. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн тухайлсан 4 заалтаар дахин ял шийтгэл хүлээх үндэслэл надад байхгүй. Би давхар шийтгэл хүлээмээргүй байна. Би Орхонтой 2 удаа уулзсан. Анх “Хайрхан” гэх дэлгүүр дээр уулзсан. Миний төрсөн ах Бямбаа гэх хүнтэй Орхоны аав нь найзууд болж  таарсан. Бид хоёр Б ахын тухай л ярьсан. Тэр үед Б ах хүнд байдалтай зүрхний хагалгаанд орсон байсан. Би 2016 оны 02 дугаар сарын 22-ноос 26-ны хооронд чөлөө авсан байсан. 02 дугаар сарын 26-ны өдөр О-той тааралдсан. Тухайн үед О-той ганцаарчлаад уулзсан уу, энэ асуудлын тухай ярьсан эсэхийг нотлох баримтаар нотлох байх аа гэж бодож байна.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн 27.1.18 дахь хэсэгт “шүүгч хэргийн оролцогч этгээдтэй харилцахдаа” гэсэн заалтаар би шийтгүүлчихсэн. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн адил шийтгүүлсэн. Иргэний шүүх хуралд Орхоныг хүнд байдалд оруулаагүй, шүүгч тийм үйлдэл гаргаагүй байна гэж дүгнэчихсэн. Шүүгч шударгаар ажиллаагүй байна гэдэг дээр би нэг хариулт өгмөөр байна. Хавтаст хэрэгт авагдсан байгаа магадлал, улсын дээд шүүхийн шинээр илэрсэн нөхцөлөөс хяналтын шатны гомдол хэлэлцсэн 2 тогтоол авагдсан байгаа. До даргалж, илтгэсэн Н, О нарын бүрэлдэхүүнтэй шийдсэн магадлал анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийн эсрэг шийдвэрийг гаргасан. Мөнгийг хүүтэй зээлж байгаа тохиолдолд бичгээр гэрээ байгуулдаг хуулийн заалтыг өөрөө зөрчөөд нөгөө хүнээс үндэслэлгүйгээр мөнгө авсных нь төлөө үндэслэлгүй хөрөнгөжсөн байна энэ мөнгийг гаргуулах ёстой гээд шийдээд үүн дээр Улсын дээд шүүх тогтоолоороо нэмээд гаргасан. Түүн дээр хууль хэрэглээний талаар алдаатай байна гэсэн зүйлийг яриагүй. Тооцоон дээр алдсан байна гээд нэмсэн. Энэ нь Д шүүгч давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэн нэгний нөлөөнд авталгүйгээр шийдвэрээ гаргасан гэдгийн нэг том нотлох баримт байна гэж үзэж байна.

Дараагийн асуудалд О бид хоёр өнөөдөр шүүгдэгчээр зэрэгцээд сууж байна. Яллах дүгнэлтэд О-ы гэрчийн мэдүүлгийг оруулсан. Тэгвэл миний гэрчийн мэдүүлэг хаана байна вэ. Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим үндсэндээ 2017 оноос буюу Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсанаас хойш үнэндээ аймшигтай зөрчиж байгаа. Би өнөөдрийг хүртэл дугараагүй явж байна. Авлигатай тэмцэх газар өмгөөлөгчгүй ороход үнэхээр аймшигтай. Гэрч хуульд зааснаар үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. О-ы мэдүүлгийг үнэн зөв гэж үзэж байгаа эсэхийг мэдэхгүй байна. Гэрч Г нь миний туслахаар ажиллаж байсан. Энэ хүний мэдүүлэг бол бичигдсэн байдлаасаа эхлээд буруу явж байна...  Би 03 дугаар сарын 03-ны өдөр ярихад “орой ирээд авчих“ гэж ярьсан. Би очиж авах гэж утсаар ярьсан. Очиж авсан, хэрэглэсэн, 03 дугаар сарын 07-ны өдөр буцааж өгсөн. Буцааж өгөх гэж ярьсан яриа нь байгаа. Ийм учраас гэрчүүдийн мэдүүлгийг үгүйсгэж байна. Мөн яллах дүгнэлтэд Шүүхийн ёс зүйн хороон дээр үнэлэгдсэн асуудлаар дахин намайг яллаж байна гэж би ойлгож байна. О-той 6 удаагийн ярьсан асуудал, юнителийн ярианы дэлгэрэнгүй хуулгатай холбоотой асуудлууд бүгд хэлэлцэгдсэн. Яллах дүгнэлтийн хавсралтын 10 дугаарт: 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 2 дугаар магадлалаар намайг огцруулсан шийдвэрийг оруулж ирсэн байна. Энэ шийдвэр хүчингүй болчихсон. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд намайг огцруулсан шийдвэрийг хэлэлцээд шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлээд 6 сарын хугацаагаар цалингийн 30 хувиар хасаж шийдсэн. О энэ асуудалд гомдол гаргаад дахин хяналтын шатны шүүхэд очсон. Хяналтын шатны шүүх ёс зүйн хороо руу хүчингүй болгож буцаагаад хамгийн сүүлийн шийдвэр 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 61 дүгээр магадлал гарч би 6 сарын хугацаагаар цалингийн 30 хувиар хасуулсан. Тийм байхад хүчингүй болсон эрх зүйн актыг үндэслэж байгаад миний эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзэж байна...” гэж мэдүүлсэн байна.

П.Д-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаал эрхлэх эрхийг хоёр жил арван сарын хугацаагаар хасаж нэг жил таван сарын хугацаагаар хорих ял оноосон. Харин шүүгчид хахууль өгсөн П.О-д 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял тус бүр шийтгэсэн байна.  Шүүгчид оноосон хорих ялыг хоёр жилээр тэнсэн харгалзсан юм.